| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/01053/И |
| Дугаар | 130/ШШ2023/00030 |
| Огноо | 2023-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2023/00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д хот, Л дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод үйл ажиллагаа явуулдаг С (гүйцэтгэх захиал Ө.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Д салбарын захирал Д.Р , тооцооны төв хариуцсан менежер Х.Б , харилцааны ахлах менежер С.Х),
Хариуцагч: Д аймгийн У сумын 1-р баг, “Ямаат”-д оршин суудаг, А овогт Х.Ж,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Х.Ж-ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийтдээ 7,847,644.41 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х,
Хариуцагч Х.Ж ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж ,
Хариуцагчийн өмгөөлөгч А.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ийг төлөөлөн тус банкны Д салбар нь хариуцагч Х.Ж , Х.Ж нарт холбогдуулан хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийтдээ 7,847,644.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч (хамтран зээлдэгч) Х.Ж-ыг хариуцагчаас хасаж, дээрх зээлийн төлбөрийг Х.Ж-ээс гаргуулахыг хүссэн байна.
Шүүхээс иргэний хэрэг хянагдаж явцад нэхэмжлэгч С-ны Д салбар нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4х/763 дугаартай албан бичгээр хариуцагч Х.Ж , Х.Ж нарт холбогдуулан хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийтдээ 7,847,644.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хамтран зээлдэгч Х.Ж-ыг хасаж зээлийн төлбөрийг бүхэлд нь үндсэн зээлдэгч Х.Жээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодорхойлсон болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Х.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай банктай 290900160742 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг сарын 2 хувийн жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар “малчны зээл”-ийн зориулалтаар зээлдэж авсан.
1.2.Зээлдэгч Х.Ж нь зээлийн гэрээний 6.2.5 дахь заалтын дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зээлдэгч болон хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзаж 3.2.1 дэх заалтын дагуу үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээл төлөх сонирхолгүйгээс зээл, зээлийн хүүг төлөөгүй өнөөдрийг хүрлээ.
1.3.Иймд зээлдэгч Х.Ж нь банктай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний 6.2.1 дэх заалтуудыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, доор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,570,631,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 277,013.01 төгрөг нийтдээ 7,847,644.41 (долоон сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг, дөчин нэгэн мөнгө) төгрөг байна.
2.Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Хариуцагч Х.Ж би нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийг огт авч байгаагүй. Тодруулбал, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж нь С ны У сум дахь тооцооны төвийн менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, тус сумын иргэд болох Х.Ж ...нараас хэд хэдэн хүмүүсийн нэр дээр мөнгө төгрөг гаргаж авч завшсан асуудал гарсан С наас уг асуудлыг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандаж гомдол гаргаснаар энэхүү гэмт хэрэг илэрсэн.
2.2.Өөрөөр хэлбэл, Д аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “эрүүгийн 1913003630255 дугаар хэрэг үүсгэх, А.Ж-ыг яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол гарахад Х.Ж нь гэрчээр мэдүүлэгтээ уг мөнгийг аваагүй гэж хэлсэн байдаг. Дараа нь яллагдагч А.Ж тухайн хуурамч зээлийн гэрээг ашиглаж авсан мөнгийг буюу 10 сая төгрөгийн хохирлыг буцаагаад С анд төлсөн.
2.3.Эрүүгийн 1913003630255 дугаар хэрэгт хохирогчоор оролцож байсан С нь хэрэгт авагдсан зээлийн гэрээг анхнаасаа хуурамч, хүчин төгөлдөр бус байсныг мэдэж байгаа мөртлөө гэмт хэргийн улмаас учирсан 10 сая төгрөгийн хохирлыг зээлийн гэрээний үүрэг мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.
2.4.Иргэний хуулийн 195 дугаар зүйлд гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл байдлыг журамласан. Иргэний хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд хэлцлийн хэлбэрийг ерөнхий байдлаар хуульчилж өгсөн. Хэлбэрийн шаардлага, хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ гэж үзвэл энэ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах бус Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол гэм буруутай этгээдээс нэхэмжлэх ёстой байсан.
2.5.Мөн А.Ж-ы С анд учруулсан хохирлоос хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 8,667,940 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоогийн байдлаар үлдсэн хохирол 1,110,000 төгрөг байгаа. Уг хохирлыг С-ны зүгээс гэм хорын хохирол гэж нэхэмжлэх нь зүйтэй. Түүнээс биш зээлийн эргэн төлөлт төлөгдөөгүй гэх байдлаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч С наас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус банканд 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 9016001018 дугаартай “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, С наас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/6441 дугаартай албан бичгээр олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №290900160742 “Барьцаат зээлийн гэрээ”, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “Зээлийн дансны харилцагчийн хуулга”, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 47/762 дугаартай албан бичгээр олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 01/1161 дугаартай албан бичгээр олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47/763 дугаартай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 47/19 дугаартай албан бичгээр олгосон “Итгэмжлэл” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас А.Ж д хариуцагчийн шүүхэд төлөөлөх эрхийг шилжүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Итгэмжлэл”, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №290900160742 “Барьцаат зээлийн гэрээ”, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С ны “Мемориалын баримт”-ууд, “Зарлагын мэдүүлэг”, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182909062110158 дугаартай “Даатгалын баталгаа”, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Мемориалын баримт”, С ны Д салбарын харьяа У тооцооны төвд хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлан, шалгалтын удирдамж, Д аймаг дахь Цагдаагийн газрын Ногооннуур сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Х-ын гэрч Б.Т-с 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, С наас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан 05/562 дугаартай хүсэлт, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Ө-ийн гэрч С.Ж-аас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Х.Ж-ээс мөн оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл, Д аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2013000070068 дугаартай прокурорын тогтоол, тус аймгийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 5/05 дугаартай прокурорын тогтоол, С-ны Д салбараас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Зээлийн төлбөр нэхэмжлэл тухай” нэхэмжлэл, тус банкны Д салбарын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 47/569 тоот албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой иргэн Х.Ж ийн малчны зээлд төлөгдсөн төлбөрийн мэдээлэл, иргэн Х.Ж-ээс нэхэмжилсэн зээлийн хүүгийн төлбөрийн тооцоолол, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2020/03583 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: ... Зээлдэгч Х.Ж нь зээлийн гэрээний 6.2.5 дахь заалтын дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зээлдэгч болон хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзаж 3.2.1 дэх заалтын дагуу үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээл төлөх сонирхолгүйгээс зээл, зээлийн хүүг төлөөгүй, банктай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан.
3.Хариуцагч Х.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийг огт авч байгаагүй, С-ны Д салбарын харьяа У тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан А.Ж албан тушаалын байдлаа ашиглан хуурамч зээлийн гэрээ үйлдэж, миний нэр дээр мөнгө төгрөг гарган авч завшсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг прокурорын байгууллагаас шалгаж тогтоосноор уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болох нь нотлогдсон. Иймд нэхэмжлэгч С-ны зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 7,847,644.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Урьд нь С-ны Д салбараас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Х.Ж-ээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хамт нийт 5879907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2020/03583 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар С-ны Д салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ж т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.2.Улмаар 2 жилийн дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С-наас хариуцагч Х.Ж т холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийтдээ 7,847,644.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
4.2.Нэхэмжлэгч С-ны Д салбарын У тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №290900160742 тоот зээлийн гэрээг хариуцагч Х.Ж-тэй байгуулан 10,000,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан гэж уг гэрээг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байна.
4.3.Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С-ны “Мемориалын баримт”-ууд болон 12 дугаар сарын 14-ний өдрийн “Зарлагын мэдүүлэг”-ээр хариуцагч Х.Ж т “Малчны зээл” гэсэн гүйлгээний утгаар 10000000 төгрөгийг олгож, зээл олголтын шимтгэлд зээлийн 1 хувь буюу 100000 төгрөг суутгасан нь тогтоогдож байна.
4.4.С-ны Д салбарын У тооцооны төвөөс малчны зориулалтаар нэхэмжлэгч (зээлдэгч) Х.Ж т 10,000,000 төгрөг олгосон тухай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №290900160742 тоот зээлийн гэрээг тус банкны Д салбарын У тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан А.Ж нь албан тушаалын байдлаа ашиглан хуурамчаар үйлдэж мөнгө завшин залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг С-ны Д салбарын харьяа У тооцооны төвд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хийсэн ээлжит иж бүрэн шалгалтаар илрүүлэн тус банкнаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05/562 дугаартай албан бичгээр аймгийн Цагдаагийн газарт хүсэлт гаргасан байна.
Үүний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс гэрч С.Ж-аас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад “...С-ны У сум дахь тооцооны төвөөс иргэн Х овогтой Х.Ж-т олгосон гэх 10.000.000 төгрөгийн зээл 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөгдөхгүй олон хоногоор хугацаа хэтэрсэн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр банкны ажилтнууд тус зээлдэгчийн гэрт нь очин уулзаж шалтгааныг нь тодруулахад Х.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С-ны харилцааны менежерээр ажиллаж байсан А.Ж нь 10.000.000 төгрөгийн зээл гаргаж, үүнээс 700.000 төгрөгийг Х.Ж-т өгч, 9.300.000 төгрөгийн зээлийг өөрөө авсан нь тогтоогдсон. Мөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Х.Ж ийн эхнэр Х.Ж гарын үсэг зураагүй гэх тайлбар хэлсэн. Ж нь Ж гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байна. Иймд тус банкны У сум дахь тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан А.Ж-ыг хуулийн дагуу шалгаж, зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна” гэсэн байна;
Мөн гэрч Х.Ж ээс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад “...2018 оны 12 дугаар сард У сумын С ны эдийн засагч А.Ж манайд ирж, надад мөнгөний хэрэгцээ гараад 10000000 төгрөгийн бичиг баримтыг бүрдүүлсэн байгаа. Та сумын төв ирж зээлийн материалд гарын үсэг зурж өгөөрэй гэсэн. Би татгалзсан болов та санаа зовох шаардлагагүй зээлийг би өөрөө төлнө гэхээр би зээлийн материалд гарын үсэг зурсан. 10000000 төгрөгөөс 700000 төгрөгийг надад өгсөн ба үлдсэн мөнгийг А.Ж авсан. Харин зээлийн гэрээнд миний эхнэр Х.Ж гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэж тус тус мэдүүлсэн байна.
4.5.Д аймгийн У сумын 5 дугаар багийн иргэн А.Ж ы С ны Д салбарын харьяа У тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус сумын иргэн Х.Ж ...нарт малчны зээл авахыг санал болгож, Х.Ж ийн нэр дээр 10000000 төгрөг гаргуулж авахдаа хамтран зээлдэгч (зээлдэгч Х.Ж ийн эхнэр) Х.Ж-ы гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь Д аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2013000070068 дугаартай прокурорын тогтоолоор,
Нэхэмжлэгч (яллагдагч) А.Ж ы хуурамч баримт бичиг үйлдсэн үйлдэл нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул А.Ж д холбогдох 1913003630255 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус аймгийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 5/05 дугаартай прокурорын тогтоолоор тус тус нотлогдож байна.
4.6.Дээрх үйл баримтаар С болон хариуцагч Х.Ж нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №290900160742 тоот зээлийн гэрээ байгуулагдаагүй, уг гэрээг тус банкны У тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан А.Ж хуурамчаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримуудаар тогтоогджээ.
4.7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч Х.Ж-ээс дээрх гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,570,631,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 277,013.01 төгрөг буюу нийтдээ 7,847,644.41 төгрөг шаардах эрхгүй байна.
4.8.С-ны У тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан А.Ж нь хуурамч бичиг баримт үйлдэж тус банкнаас авсан 10000000 төгрөгийн 4000000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн болох нь С ны 10 дугаар сарын 30-ны өдрийн №20191030724200323856-0 “Мемориалын баримт”-аар нотлогдож байна.
4.9.Хэрэв У тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан А.Ж зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэний улмаас банканд эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзвэл нэхэмжлэгч С нь учруулсан гэм хорыг арилгах буюу нөхөн төлүүлэхээр буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
5.Эдгээр хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгч С болон хариуцагч Х.Ж нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч С-ны хариуцагч Х.Ж ээс 7,847,644.41 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140512 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Ж-ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийтдээ 7,847,644.41 (долоон сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг, дөчин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140512 (нэг зуун дөчин мянга таван зуун арван хоёр) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК