| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/03041/И |
| Дугаар | 183/шш2022/03431 |
| Огноо | 2022-11-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 183/шш2022/03431
| 2022 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2022/03431 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гэрч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч Ншшгг-т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/001087 дугаар тогтоолоор миний бие Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоогдсон ба ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11.308.852 төгрөг авах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулсан. Энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас биелүүлээгүй учир миний бие шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасны үндсэн дээр тус шүүхийн шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудас бичигдсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Г 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай тогтоолоор татан буугдаж, шинээр Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн. Энэхүү Засгийн газрын тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн 137 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч байгууллага өөрчлөн байгуулагдсаны улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учраад байна, шүүхийн шийдвэр биелэгдэхийн тулд эрх залгамжлах харилцаа явагдах ёстой, эрх залгамжлах хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах шаардлагатай, тухайн ажиллагаа явуулж дууссаны дараа ажиллагааг сэргээж явуулна, энэ нь таны эрх ашгийг хохироохгүй тул та хүсэлтээ бичиж өг гэсэн. Би үүний дагуу итгээд бичиж өгсөн. Энэхүү хүсэлтийг бичүүлж авахдаа шийдвэр гүйцэтгэгч надад тулгаж, өөрөө яг ямар агуулгатай хүсэлт бичихийг хэлж өгөөд бичүүлсэн. Ингээд тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг үндэслэсэн байсан. Уг тогтоолтой холбоотой холбогдох албан тушаалтнуудад удаа дараа миний бие гомдол гаргасан боловч хүлээн аваагүй бөгөөд ядаж уг тогтоолд баримталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 гэснийг 29.1.8 болгож өөрчлөхийг хүсэхэд хүлээн аваагүй. Хэрэв 29.1.8-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бол эргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэх боломжтой байсан. Гэвч Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрыг эргүүлэн Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон ба дахин Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү Засгийн газрын тогтоолоор Биокомбинат олон удаа өөрчлөгдөн, зохион байгуулагдсан боловч миний бие хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдох хүсэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад хүчээр надаар хүсэлт бичүүлээд ажиллагааг хаасан ба хаасныхаа дараа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгож, хууль зөрчсөн, мөн одоо хүртэл миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгдээгүй байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01087 дугаар тогтоолоор М.Ч Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11.308.852 төгрөг гаргуулж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар руу шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлэх гэхэд тухайн үедээ тус байгууллага нь Засгийн газрын тогтоолоор татан буугдсан байх тул эрх хүлээн авагчаар томилогдсон, ажлын хэсгийн гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Ц гардуулан өгсөн. Мөн түүнээс тайлбар авахад Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь татан буугдаж байгаа тул 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс бүх ажилчдыг чөлөөлж байгаа. Иймд М.Ч ажилд томилох боломжгүй, харин шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн байдаг. Энэ талаар М.Ч мэдэгдэхэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөр хүлээн авах хүсэлт болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтээ гаргасан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М.Ч Хаан банк дахь 5082038589 тоот дансанд төлбөрийг шилжүүлж, мөн өдрөө 10/86 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хх-5-6/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/341 дүгээр хариу мэдэгдэх хуудас /хх-7/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09/1401 дүгээр хариу албан бичиг /хх-8/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01087 тоот тогтоолын хуулбар /хх-10-14/, М.Ч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-15/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдол /хх-17-18/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 4/166 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-19/, М.Ч Б.Н олгосон итгэмжлэл /хх-20/, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын хуулбар /хх-21-23/, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолын хуулбар /хх-24-25/, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын хуулбар /хх-26-27/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я оролцуулах тухай хүсэлт /хх-59/, нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны өдөр хүртэл хугацааны хуулга /хх-66/, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлт /хх-68-70/, М.Ч эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хууобар /хх-79/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 731 дүгээр албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн лавлагаа /хх-80-81/, М.Ч Б.У олгосон итгэмжлэл /хх-117/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.З олгосон итгэмжлэл /хх-30/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар /хх-37/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ГХ2018/00856 дугаар гүйцэтгэх хуудас /хх-38/, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2018/09186 дугаар захирамжийн хуулбар /хх-39/, тус шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00097 дугаар шийдвэрийн хуулбар /хх-40-43/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 680 дугаар магадлалын хуулбар /хх-44-46/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01087 тоот тогтоолын хуулбар /хх-47-49/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх-50/, М.Ч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус газарт гаргасан хүсэлт /хх-51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/17162 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-52/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-53/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах нягтлан бодогч Я.М тодорхойлолт /хх-54/, М.Ч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-55/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-56/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-57/ зэргийг ирүүлсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу ирсэн Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/395 дугаар албан бичиг /хх-82/, Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалын хуулбар, хавсралтын хамт /хх-88-102/, Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тоот тушаал, хавсралтын хамт /хх-103-108/, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаал, хавсралтын хамт /хх-109-114/ зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргээс үзэхэд тус газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/17162 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүргүүлсэн байх ба тухайн өдрөө шийдвэр гүйцэтгэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Ц уулзаж, тэмдэглэл хөтөлжээ.
Уг тэмдэглэлээс үзэхэд тус Хуулийн хэлтсийн мэргэжилтэн нь шийдвэр гүйцэтгэгчид өгсөн тайлбартаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүх ажилчдыг чөлөөлж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь томилох боломжгүй, харин төлбөрийг нь төлж барагдуулна гэсэн тайлбар авсан байна.
Ингээд энэхүү мэргэжилтний тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч М.Ч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт бичүүлж авахдаа шийдвэр гүйцэтгэгч нь урд орой нь нэхэмжлэгч рүү утсаар залгаж, ирж хүсэлт бичиж өгөхийг шаардсан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар болон гэрч М.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдлоо.
Гэрч М.А нь Манай ахыг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой шийдвэр гүйцэтгэгч н.М М.Ч руу утсаар яриад Таны хэрэг хаагдаж байгаа, маргааш ирж хүсэлт бичиж өг гэж хэлсэн. Ах маань цаашид ямар ажиллагаа хийгдэх талаар тодруулахад Ажилд томилох боломжгүй, харин цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгдэнэ. Байгууллагын статус өөрчлөгдсөн тул ажилд томилохгүй, дахин шүүхэд ханд гэж хэлсэн. Ах маань утасны яриаг чанга яригч дээрээ тавьсан учир би тэдний яриаг сонссон. Ингээд маргааш нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж хүсэлтээ бичиж өгсөн байсан ба эхлээд бичиж өгсөн хүсэлтийг нь шийдвэр гүйцэтгэгч урж хаяад өөрөө дуудан хүсэлт бичүүлж авсан гэж ах маань надад ирээд ярьсан гэж мэдүүлсэн.
Мөн нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн хүссэн агуулгатай хүсэлт бичихийг тулган шаардаж, өөрөө ямар агуулгатай хүсэлт бичихийг хэлж өгсөн хэмээн тайлбарласан ба энэ нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдлоо.
Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн төрийн байгууллагад гаргаж байгаа хүсэлт, гомдол нь өөрийнх нь хүсэл зоригийн дагуу байх ёстой бөгөөд үүнийг түүнд зааж, тулгаж, шаардах хэлбэрээр хэн нэг нь хөндлөнгөөс оролцох эрхгүй, нөгөө талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох, албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хууль бусаар ашиглах, зохих зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглоно гэж заасан байна.
Ажил олгогч буюу төлбөр төлөгч Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор татан буугдаж, улсын төсөвт үйлдвэрийн газар болон өөрчлөн зохион байгуулагдсан боловч тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед энэхүү байгууллагын татан буугдах процесс үргэлжилж байсан нь хэргийн 88-114 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагыг бүрэн татан буулгаагүй, харин өөрчлөн зохион байгуулж, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байсныг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон буюу Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д зааснаар уг хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар зохион байгуулагдсан гэж үзнэ.
Улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 254 байхаар баталж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн татан буулгах ажлын хэсгийн анхлагчийн шийдвэрээр 236 ажилчдыг ажлаас чөлөөлж, дахин 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын Б/01 тоот тушаалаар ажилчдыг буцаан томилжээ.
Ингэхдээ тухайн байгууллагын батлагдсан орон тоо 254 байхаас 236 ажилчдыг ажлаас чөлөөлж, буцаан 209 хүнийг ажилд томилосон байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч М.Ч ажилд нь эгүүлэн тогтоох боломжтой байсан.
Гэтэл тухайн байгууллагыг татан буулгах ажлын хэсэгт орж ажилласан эсэх нь тодорхойгүй, яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтнээс байгууллага татан буугдаж байгаа талаарх мэдээллийг тэмдэглэн аваад үүнийг үндэслэн нэхэмжлэгч М.Ч өөрийнх нь хүсэл зоригийнх нь эсрэг хүсэлт бичүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь байгууллагын татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотой ямар нэгэн нотлох баримтыг бүрдүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болох ямар нөхцөл байдал үүссэн болохыг тогтоогоогүй, гагцхүү төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн, биелэгдээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн хийгээгүй, цалин, нөхөн олговрыг олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлээгүй, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийгээгүй байхдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хэргийн 66 дугаар талд авагдсан М.Ч Хаан банк дахь дансны хуулга, 79 дүгээр талд авагдсан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбараар ноглогдлоо.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.4, 103.5-д заасан буюу шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлэх, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу албадан гүйцэтгэх, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүхэд буцаах, мөн ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэснийг биелүүлээгүй, энэ талаарх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийгээгүй болох нь хувийн хэргийн хуулбараас тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар төлбөр бүрэн төлөгдсөн буюу шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохоор зохицуулсан байх ба энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үндэслэл нь нотлогдоогүй, шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан чиг үүргээ бүрэн биелүүлж, хэрэгжүүлээгүй, төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 103 дугаар зүйл, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгож шийдвэрлэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ч олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 103 дугаар зүйл, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/86 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА