| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/245 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/245
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Хохирогчийн өмгөөлөгч С.Н-,
Хохирогч М.Ж-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын А-т холбогдох эрүүгийн 2513000000082 дугаар хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, компьютер программ хангамж мэргэжилтэй, ........ ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр /Бүкит/ багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Б-ын А-, регистрийн дугаартай: БИ...............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0165 дугаар ангийн спорт зааланд бөмбөг залж гүйж байхад араас түлхсэн гэх шалтгаанаар хохирогч М.Ж-гийн цавь орчим руу өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн талын цавинд 3 см орчим диаметртэй гематом гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдааны материалд үндэслэн тогтоосноор, байгууллагын спорт зааланд сагсан бөмбөг тоглож байх явцад шүүгдэгч Б.А- хохирогч М.Ж-гийн цавь орчим руу түлхэж, өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч шүүх хуралдааны үед маргалдсан тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд дээрх нөхцөл байдал хэвээр батлагдсан. Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоож, гэм буруутайд тооцох дүгнэлт гаргасан байна. Хохирол, хор уршгийн талаар өнөөдрийн байдлаар шүүгдэгч, хохирогч аль аль нь өмгөөлөгчтэй оролцож, нотлох баримтаар гаргасан хохирлын төлбөрийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч Б.А-аас нийт 6,517,321 төгрөг гаргуулах санал гаргаж байна. Үүнд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол 2,675,118 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,293,400 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан үлдэгдэл хохирол 538,803 төгрөг гэсэн дүнг тус тус төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй” гэв.
2. Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг түлхсэнээс болж ийм зүйл болсон тул хохирогчоос уучлалт гуйж байна. Гэхдээ санаатайгаар өшиглөнө гэж бодоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг шууд төлж өгөх болно” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Хохирлын хувьд маргаантай асуудал үгүй бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа холбогдох нотлох баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоох ба бид уг шийдвэрт татгалзахгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
4. Хохирогч М.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Өмнө нь 1,700,000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд үүн дээр 897,000 төгрөг нэмэгдэж байна” гэв.
5. Хохирогчийн өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч талын зүгээс хохирлыг нөхөн төлөх тохиолдолд ямар нэгэн эсэргүүцэл, санал гаргахгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000082 дугаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, улсын яллагчаас:
6. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
7. Хохирогч М.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 03, 57 дахь тал/,
8. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алах шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
11. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
12. Хохирогч М.Ж-гээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 63-75 дахь тал/,
13. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ болон нэмэлт ажиллагаа хийснээс хойших нотлох баримтуудыг,
14. Хохирогчийн өмгөөлөгч С.Н-аас: “Шүүх хуралдаанд гаргаж өгсөн 15 хуудас нотлох баримт” болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
15. Шүүгдэгч Б.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-, хохирогч М.Ж- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
16.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
17. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
18. Шүүгдэгч Б.А- нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0165 дугаар ангийн спорт зааланд бөмбөг залж гүйж байхад араас түлхсэн гэх шалтгаанаар хохирогч М.Ж-гийн цавь орчим руу өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн талын цавинд 3 см орчим диаметртэй гематом гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
19. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
20. Хохирогч М.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 0165 дугаар ангийн спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээн болсон. 14 цагт “Нөхөрлөл” баг тоглож байсан ба Б.А- гэдэг эмэгтэй миний урд бөмбөг залж гүйж байгаад унасан. Тэгээд босч ирээд шууд миний үснээс зулгааж, нэг удаа алгадсан. Би чи яаж байна гэхэд миний цавь орчимд нэг удаа өшиглөсөн. Би доош хараад хөдөлж чадахааргүй сууж байгаад Б-, Е- нар намайг түшиж заалнаас гаргасан. Манай ажлын эмч ирж үзээд эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд эмнэлэгт ирээд эмчид үзүүлэхэд цавь орчим хөхрөлт үүссэн байсан. Гэртээ очоод шөнөжин өвдөөд хоносон. Өглөө босоод эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд цавь орчим зөөлөн эдийн няцрал үүссэн байна, хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн...”, “...Тус өдөр манай ажил буюу хилийн цэргийн 0165 дугаар ангид спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээн болсон юм. Би 5 дугаар нөхөрлөл гэх багт, Б.А- 6 дугаар нөхөрлөл гэх багт сагс тоглож байсан ба манай хоёр баг учраа тааран тоглосон юм. Тоглолт болж байх явцад Б.А-ын багийн шийдийн доор бид хоёр мөргөлдөж улмаар Б.А- шийдийн доор паар очиж мөргөж унасан юм. Б.А- миний үснээс зулгааж, үргэлжлүүлэн алгадсан тул би зөрүүлж Б.А-ын нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа түлхэхэд Б.А- миний зүүн талын гуяны цавь хэсэгт 1 удаа өшиглөсөн. Б.А-т өшиглүүлсний дараа доошоо шингэн юм алдаж маш ихээр өвдөж эхэлсэн тул би газарт хэвтсэн ба хамт ажилладаг хоёр эмэгтэй намайг түшиж ариун цэврийн өрөөнд оруулж өгсөн. Ариун цэврийн өрөөнд ороход доошоо өнгөгүй их юм алдаж, дотуур хувцас өмд гэх зүйл маш ихээр норсон байсан тул гэрт хүргүүлж хувцсаа солиод аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн юм.” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 03, 57 дахь тал/,
21. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..манай ажлын зааланд нөхөрлөлийн сагсан бөмбөгийн тэмцээн болж байсан. Тэгээд Б.А-. М.Ж- нар шидсэн бөмбөг рүү хамт үсэрсэн ба Б.А- буухдаа хананд байсан паарыг мөргөсөн. Тэгээд уурлаад М.Ж- чи намайг түлхлээ гээд алгадсан. М.Ж- “чи яаж байгаа юм бэ” гэхэд Б.А- шууд цавь орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгээд М.Ж- гэдсээ бариад доош суучихсан Би М.Ж- дээр очиж Е-ийн хамт М.Ж-г сугадаж бариад заалнаас гаргаад өрөөнд нь хүргэсэн. Тэгээд би тоглож байсан болохоор буцаад заал руу явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дахь тал/,
22. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алах шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаартай “Иргэн М.Ж-гийн биед умдагны дээд хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэгт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
23. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаартай “...Иргэн М.Ж-гийн биед зүүн талын цавинд 3 см орчим диаметртэй гематом гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
24. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн мэргэжилтнээр ажилладаг танай байгууллагаас ирүүлсэн албан тоотын хүрээнд иргэн М.Ж- нь 2025 оны 02 сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 538,803 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаах шаардлагатай. Дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх үедээ гүйлгээний утга дээр хохирогчийн регистрийн дугаарыг бичиж байх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
25. Хохирогч М.Ж-гээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 63-75 дахь тал/,
26. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Хилийн цэргийн 0165-р ангид соён гэгээрүүлэх тасгийн хөгжимчнөөр ажилладаг ба ахлах ахлагч цолтой. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 1 дүгээр багт байрлах ажлын газрын зааланд сагсны тэмцээн болсон юм. Би 6-р нөхөрлөл гэх багт тоглож байсан харин М.Ж- 5-р нөхөрлөл гэх багт тоглож байсан ба манай хоёр учраа таарч тоглосон юм. Тоглолт болж байх явцад би эсрэг багийн шийдийн доор бөмбөг шийдэх гэж байхад М.Ж- миний араас хоёр гараараа ардаас түлхэж, би шийдийн доор байрлах паарыг мөргөж газарт унасан ба газраас босох гэхэд М.Ж- миний хажууд ирсэн байсан тул үснээс нь санамсаргүй зулгаасан, тэгээд босоод явах гэж байхад М.Ж- миний хойноос түлхээд “яах гээд юм бэ авгай минь” гэж хэлсэн тул би эргэж хараад түүний цавь хэсэгт нь өшиглөсөн байж магадгүй. Улмаар би тэмцээн шүүж байсан шүүгчид болон штабын дарга Мягмарсүрэн хоёр "М.Ж- намайг түлхэж паар мөргүүлсэн" гэж хэлсэн, М.Ж- бид хоёрт техникийн алдаа өгч талбайг чөлөөлүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
27. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХОВ0525/023 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хохирогч М.Ж-гийн амбулаторийн картын хуулбар 6 хуудас, ЭХО 88 үйл оношны клиникийн дүрс оношилгооны эмчийн зөөлөн эдийн эхоны дүгнэлтийн хуулбар 1 хуудас, рентген зургийн хуулбар 1 хуудас, мөн шинжээч эмч Х.Е-ын №199 дугаартай анхны дүгнэлтийн хуулбар 2 хуудас, мөн шинжээчийн №236 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтийн хуулбар 2 хуудас нь шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч М.Ж-гийн биед зүүн талын цавь хэсгийн зөөлөн эдийн цусан хураа, умдагны дээд хэсэг болон зүүн гуяны дотор дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хохирогч М.Ж-гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хохирогч М.Ж-гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хохирогч М.Ж-гийн биед учирсан дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е-ын гаргасан №199 дугаартай анхны дүгнэлт нь тухайн үеийн үзлэгээр үндэслэлтэй байна. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е-ын гаргасан №236 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтэд бичигдсэн 2025.02.21 -ний өдрийн зөөлөн эдийн эход: зүүн цавьны цусан хураа гэмтэл илэрсэн учир уг дүгнэлт үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
28. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
29. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
30. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
31. Шүүгдэгч Б.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
32. Шүүгдэгч Б.А-ын үйлдлийн улмаас хохирогч М.Ж-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд үүссэн хохирлын зэрэг тогтоолгох” журмын 3.1.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 3.1.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
33. Шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцов.
34. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
35. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
36. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна
37. Хохирогч М.Ж- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт баримтаар нийт 2,678,118 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.А- нь төлж өгөхөө илэрхийлсэн, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,678,118 төгрөг гаргуулж, хохирогч М.Ж-д олгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
38. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж, 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заажээ.
39. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ХОВ0525/084 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хохирогч М.Ж-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нэгдүгээр зэрэглэлд хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу прокурорын “сэтгэл санааны хохиролд 3,293,400 төгрөг гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг /тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.
40. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 538,803 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
41.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдэлд хандаж буй хандлага, гэмшлийн байдалд эргэлзээ төрүүлж байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн холбогдох заалтаар торгуулийн ял оногдуулах боломжтой ч доод хэмжээний торгуулийг оногдуулах боломжгүй гэж дүгнэв. Иймээс шүүгдэгчид 1000 нэгжийн торгуулийг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
42. Хохирогчийн өмгөөлөгч С.Н-аас: “Эрүүгийн хариуцлагын хувьд хохирогч тал ямар нэгэн санал гомдолгүй” гэх тайлбарыг,
43. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс: “....торгуулийг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
44. Шүүгдэгч Б.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
46. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
47. Шүүгдэгч Б.А- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
48. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
50. Шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
51. Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
52. Шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,678,118 /хоёр сая зургаан зуун далан найман мянган нэг зуун арван нэгэн/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 3,293,400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянган дөрвөн зуун/ төгрөг тус тус гаргуулж хохирогч М.Ж-д олгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 538,803 /таван зуун гучин найман мянган найман зуун гурван/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК