Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/04923

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 22 101/ШШ2022/04923

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Г банкны төв байр, РД:, Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  тоот хаягт оршин суух, РД:, Б  овогтой Б,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  тоот хаягт оршин суух, РД:, Б  овогтой Я нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34,319,587.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , Г.Б ,

Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Я нартай 2021-09-28-ны өдөр ЗГ  тоот зээлийн гэрээ байгуулж 29,046,358.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 315 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2022-09-05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 28,523,366.18 төгрөг, хүү 5,632,006.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,214.89 төгрөг, нийт 34,319,587.86 төгрөг төлөөгүй. Иймд зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр зээлдэгч Б.Б, Б.Я нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 34,319,587.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Бийн эхнэр Г.О-ийн 15 сая төгрөгний картны зээлийг хэрэглээний зээл авч төлбөрийг төлсөн хэдий ч өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж хэрэглээний зээл авсан, зээлийг бид олгосон тул шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч, хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Г банкнаас ямар ч зээл аваагүй бөгөөд Б.Б-ийн эхнэр Г.О  нь Г банкнаас 2019 онд 10,000,000 төгрөгийн /картын/ зээл аваад 2020 оны 5 сарын 26-нд нас барсан. Гэтэл 2021-09-28-ны өдөр Г банкнаас биднийг дуудаж уулзаад зээлийн хүү нь яваад байна яаралтай төл гэж шаардаж, төлөх боломжгүй байгаа бол банкны зүгээс хүү багатай хэрэглээний зээл рүү шилжүүлж өгье" гээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Г банкинд 2021-09-28-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Би зээлийн гэрээнд биш, кредит картын төлбөрийг хэрэглээний зээл рүү шилжүүлэх боломжтой гэсэн тул гарын үсэг зурсан. Гол нь энэхүү өндөр зээлийн хүүг төлж чадахгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчид зээлийн данс нээж зээл олгохоор, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэнээр зээл олгосонд тооцохоор тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2021-09-28-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8-10 тал/, хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 11 тал/, зээлийн дансны хуулга /хх-ийн 34-35 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, хариуцагч нараас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.

Шүүхээс Г банк ХХК-ийн Г.О-эй байгуулсан 2019-05-22-ны өдрийн Кредит картын гэрээ /хх-ийн 45-47 тал/, Б.Б-ийн хүсэлт /хх-ийн 48 тал/, Б.Б, Б.Я нарын УБЕГазрын лавлагаа /хх-ийн 49-50 тал/, Кредит картын тооцооллын хүснэгт /хх-ийн 51 тал/ зэргийг баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн хариуцагч Б.Б, Б.Я нараас зээлийн гэрээний үүрэгт 34,319,587.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Б.Б, Б.Я нартай 2021-09-28-ны өдөр ЗГ  тоот зээлийн гэрээ байгуулж 29,046,358.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Зээлийг Б.Б-ийн Г банкны эзэмшдэг дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул үндсэн зээл 28,523,366.18 төгрөг, хүү 5,632,006.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,214.89 төгрөг, нийт 34,319,587.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Б.Б, Б.Я нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Б.Б-ийн эхнэр Г.О нь Г банкнаас 2019 онд 15,000,000 төгрөгийн /картын/ зээл аваад 2020 оны 05 сарын 26-ны өдөр нас барсан ба 2021 оны 09 сарын 28-ны өдөр Г банкнаас биднийг дуудаж уулзаад зээлийн хүү нь яваад байна яаралтай төл гэж шаардаж, төлөх боломжгүй байгаа бол банкны зүгээс хүү багатай хэрэглээний зээл рүү шилжүүлж өгье гээд гэрээнд гарын үсэг зуруулсан хэдий ч бодитоор зээлийг аваагүй тул 34,319,587.86 төгрөгний нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Б.Б, Б.Я нартай 2021-09-28-ны өдөр ЗГ1505174254 тоот зээлийн гэрээг байгуулж, 29,046,358 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгожээ. Нэхэмжлэгч 29,046,358 төгрөгний зээлийг Б.Бийн Г банкны эзэмшдэг дансанд 2021-10-18-ны өдөр зээл олгов утгатай гүйлгээг хийж, 29,050,374.36 төгрөгийг зээлийн төлбөрт суутгав гэх гүйлгээг хийж татан авч, хариуцагч Б.Бийн эхнэр Г.О-ийн кредит картны зээлийг төлсөн гэх үйл баримт дээр талууд маргаагүй, бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Хариуцагч Б.Б, Б.Я нарт 2021-09-28-ны өдөр ЗГ тоот зээлийн гэрээг байгуулж, 29,046,358 төгрөгийг бодитоор авах үндэслэл шаардлага байгаагүй байна. /хх-ийн 34 тал/

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч шаардах эрхгүй.

5. Нэхэмжлэгч Г банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 329,548 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.Я нараас 34,319,587.86 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 329,548 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА