| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2022/00242/И |
| Дугаар | 150/шш2023/00003 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2023/00003
| 2023 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 150/ШШ2023/00003 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1-р баг, Ивэнгийн хөдөөд оршин суух хаягтай, ******* овогт ******* *******(РД:*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум 1-р баг Ивэнгийн хөдөөд оршин суух хаягтай, ******* овогт (РД:)-т холбогдох эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нийт 6,857,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Г., иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь Г.т холбогдуулан гэм хорын хохирол 6,857,310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов Үүнд:
Нэхэмжлэгч Т.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхад нь Г. нь “Бонго” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Т.*******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд болон дотор нь зорчиж явсан гэр бүлийн хүмүүсийнх нь бие махбодод гэмтэл учруулсны гэм хорын хохирол 6.857.310 төгрөгийг хариуцагч Г.аас шаарджээ.
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 09 сарын 18-ны орой 7, 8 цагийн үед *******аас Хөтөл хүүхдээ хүргэх гээд уруудаад явж байхад өөдөөс 2, 3 машин гарч ирсэн. Тэр машинуудтай зөрөөд явж байтал гэв гэнэт урдаас өрөөсөн гэрэлтэй мотоцикл шиг юм гарч ирсэн. Би тэгээд мотоцикл юм болов уу гээд хартал цэнхэр машин байсан. Тэгээд маш хурдтай урсгал сөрж давхиж ирээд шууд мөргөсөн. Тэгээд би согтуу юм болов уу гээд хаалгаа онгойлгох гэсэн чинь онгойдоггүй. Хаалгаа онгойлгох гэж ноцолдоод хажууд эхнэр хүүхэд уйлаад арай гэж нэг юм хаалгаа онгойлгоод буугаад гүйгээд иртэл энэ ах байж байсан. Энэ ахыг яаж байгаа юм гэсэн юм дугараагүй. Тэгээд чи яаж байгаа юм гэсэн тэгэхээр нь би урсгалаараа явж байтал өөдөөс та ирээд машин мөргөлөө гэхэд ах нь ёстой анзаарсангүй гэсэн. Тохиръё тохиръё гэхээр нь би цагдаа дуудъя гээд нэлээн удаж байгаад цагдаа ирээд тэгээд хэмжээд араас Хөтөл рүү хүрээд ир гээд бид нарыг үлдээгээд явсан. Араас нь явах гэсэн машины үрүүл ямар ч ажиллагаа байхгүй байхаар нь луу ярьсан. Машин жолоодлого байхгүй, үрүүл нь байхгүй тасарсан юм шиг байна. Ямар ч авч явах арга байхгүй байна. Цагаантолгойн цагдаа дээр аргалаад тавьчих боломж байна уу гэхэд тэгвэл тэндээ тавиад хүрээд ир гэсэн. Тэгээд бид нар зөндөө ноцолдоод авч явж чаддаггүй арай гэж нэг юм машин дээр ачаад тэгээд Цагаантолгойн төв рүү оруулаад цагдаа дээр аваачаад Хөтөл рүү явсан. Шөнө 1 өнгөрч 2 болж байхад очоод үлээлгэхэд архи байхгүй, зүгээр байна. Маргааш өглөө хүрээд ир гээд тэгээд маргааш нь очсон. Тэгээд хүн амьтан бие хаа гайгүй юу үзүүл гээд эхнэр хүүхдээ аваад Эрдэнэтэд очиж үзүүлсэн. Өөрөө ч үзүүлсэн. Хэд хоногийн дараа ирсэн. Бие нь гайгүй. Эхнэрийг Эрдэнэтэд үзүүлэхэд 2 хавирга хугарсан байна гэсэн. Дарханд очоод үзүүлэхэд 3 хавирга хугарсан байна гэсэн. Эмчид үзүүлсэн баримт, материалаа хавсаргаж өгсөн. Хүүхэд гайгүй. Миний толгой тархи гайгүй. Ийм л юм болсон. Цагдаа үнэлгээ тогтоодог газар очоод үнэлгээгээ тогтоолго гэсэн. Эхний өдөр энэ ах бид хоёр цуг явсан. Тэгээд үнэлгээгээ тогтоолгох гэсэн хагас сайн амралтын өдөр ажилладаггүй гээд үнэлгээ тогтоолгож чадаагүй. Ачилтын машинд машин ачих гээд тэр өдөр оройтож очоод үнэлгээ тогтоолгож чадаагүй. Маргааш нь дуудсан. Үнэлгээ тогтоолгож чадсан уу гээд чадаагүй гээд хэлсэн. Дахиад нэг дэх өдөр нь энэ ах руу залгасан чинь утсаа авахгүй. гуайд энэ хүн утсаа авахгүй байна гэсэн чинь яваад үнэлгээгээ тогтоолгоод ир гэсэн. Тэгээд би Дархан луу ганцаараа яваад үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтоолгочхоод зургийг нь авхуулсны дараа намайг явж бай, цагдаагийн газар луу үнэлгээг нь явуулдаг гэсэн. Машинаа айлын хашаанд буулгасан. 2, 3 хоногийн дараа үнэлгээ ирдэг гэсэн. Машины эвдрэлийн мөнгө, ажлын хөлс ороод 5,083,000 төгрөг. Энэ дээр “Ачит билгүүн” ХХК үнэлгээ тогтоосон нь 316,000 төгрөг. Машин ачилтын зардал нь 350,000 төгрөг. Машины үнэлгээ тогтоолгосны “Андын хүлэг” ХХК 50,000 төгрөгийн баримт байна. 3 ширхэг баримт байна. Бүгд нийт 6,875,310 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 716,000 төгрөг нь үнэлгээ тогтоосны зардал. 2022 оны 09 сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1-р багаас эхнэр хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн 0000 СЭҮ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээ жолоодож явж байхад Г. нь 0000 СЭА улсын дугаартай бонго загварын машин жолоодож явахдаа замын урсгал сөрж миний өөдөөс ирж мөргөж зам тээврийн осол гарсан. Уг ослын талаар Хөтөлийн цагдаагийн хэлтсийн байцаагч газар дээр нь ирж үзлэг хийж хэмжилт хийсэн. Ослын улмаас миний машин эвдэрч хохирол учирсан нь “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээгээр 2022 оны 09 сарын 29-ний өдөр 2054 дугаартай машины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ тайлангаар ослын улмаас эхнэр, хүүхэд болон миний биед гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 09 сарын 28-ны өдөр шинжилгээ. 938, 939, 940 дугаартай дүгнэлтээр зам тээврийн жолооч ослын буруутай үйлдлийн улмаас гарсан хохирлыг 2022 оны 10 сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар тус тус тогтоосон бөгөөд үнэлгээгээр нь буруутай нь тогтоогдож зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан. Иймд замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгө эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай нь тогтоогдсон хариуцагч Г.аас эмчилгээний зардал 516,850 төгрөг, машинд гарсан зардал 716,000 төгрөг, шатахууны үнэ 541,460 төгрөг, 0000 СЭY тээврийн хэрэгсэлд учирсан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5,083,000 төгрөг, нийт 6,857,310 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч Г. нь хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Т.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Т.*******ын жолоодож явсан машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсан нь үнэн. Тухайн зам тээврийн осол нь дан ганц миний буруутай үйлдлээс шалтгаалж үйлдэгдээгүй юм. Намайг замын хонхорхойг тойрохын тулд эсрэг урсгал руу ороод тойрон гарч өөрийн зорчиж явсан урсгал руу орох гэж байх мөчид Т.******* урдаас гарч ирсэн, гэрэл шилжүүлээгүй учир би гялбаанд орж уг зам тээврийн осол гарсан учир Т.******* ч гэсэн замын хөдөлгөөний журам зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Би уг хэргийг замын цагдаагийн байцаагч шалгах үед энэ талаар хэлж мэдүүлж байсан боловч дан ганц намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Замын цагдаагийн гаргасан дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байсан хэдий ч тухайн үед өөрийн хууль эрх зүйн мэдлэг муутай байдлаасаа шалтгаалж дахин дүгнэлт гаргуулах эрхээ эдлээгүйгээс намайг дангаараа буруутайд гэж дүгнэсэн ба тухайн үед гарын үсэг зурахгүй байх эрхээ ч мэдэхгүйн улмаас гарын үсгээ зурсан болно. Мөн *******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг тодорхойлж гаргасан дүгнэлт болон хохирлыг үнэлсэн үнэлгээг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээг зах зээлийн үнээс харьцангуй өндрөөр үнэлсэн ба 20 орчим жилийн насжилттай, эдэлгээний норм дууссан машинд элэгдэл хорогдол огт тооцоогүй байна. Машинд үзлэгийг дахин хийлгэж сэлбэг материалын үнэлгээг гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Намайг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгахдаа надад өмгөөлөгч авах эрхийг ойлгомжтой тайлбарлаж өгөөгүйгээс би өөрийн эрхээ хамгаалж чадаагүй тул гомдолтой байна. Тухайн үед миний машинд ч мөн гэмтэл учирсан би үнэлгээ гаргуулаагүй. ******* аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан зам тээврийн осолд Т.******* ч гэсэн гэрэл шилжүүлээгүй буруутай тул би хохирлыг 100 хувь төлөхгүй, харин харилцан тохиролцож хохирлын тодорхой хувийг төлөх хүсэлтэй байна...” гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 09 сарын 18-ны орой 9 цагийн үед явж байсан. Наад польны зах руу эргэнэ гэж бодсон чинь арай дутуу эргэсэн юм билээ. Тэгээд явж байгаад 2 машин өнгөрөөд гурав дахь дээрээс нь Т.******* ирсэн. Энэ хүрч ирээд, 2 машиныхаа буруу талаар мөргөлдсөн. Тийм юм боллоо гээд машинаасаа буугаад ирсэн. Энэ эхнэр 2 хүүхэдтэйгээ дөрвүүлээ явж байсан. Хүүхдийнх нь толгой хагарлаа гээд би Цагаантолгойгоос машин дуудуулаад хүргүүлээд байж байх хооронд манай сумын 2 цагдаа ирсэн. Манай сумын 2 цагдаа ирээд юу болов гээд гэрэл гялбуулаад ийм юм боллоо би уул нь эргэх гэж байсан юм гээд үнэнээ хэлсэн. Цагдаа машины хаалга онгойлгоод түлхүүр түлхээд миний гэрлийг харсан дараа нь Т.*******ын машин дээр очоод гэрлийг нь шалгасан. Энэний машины гэрэл хол дээрээ байсан. Тэгээд сумын цагдаа Т.*******ыг дуудаад машин мөргөлдөж байхад чиний гэрэл яахаараа хол дээрээ байдаг юм бэ? гэсэн чинь энэ өөдөөс нь хүүхэд шуухад гэнэ үү машинаа тойроод явсан. 2 цагдаа тэрийг гэрчилнэ. Машиныг нь ачаад явсан. Манай сумын 2 цагдаа та хоёр хэн хэнийх нь буруу юм чинь тохирчих гэсэн. Эдний хамаатан юм уу нэг хүүхэд Хөтөл рүү дуудна гээд Мянгаа ирсэн. Яав гэсэн гэрэлд цохиуллаа гэсэн. Тэгээд газар дээр нь ирж үзээд 100% таны буруу гэсэн. Би бол урсгал сөрөөд орсон байсан эсрэг замын тал руугаа орсон. Гэрэл дохиогоо өгсөн байсан. Энэ бол машинаа ачуулаад явж байхад нь ярьж байсан. Би тэрийг чинь мотоцикл байна гэж харсан чинь дөхөөд ирсэн чинь цэнхэр машин байсан гэсэн. Дархан яваад үнэлгээ хийлгэе гээд Дарханаас машин ачдаг машин дуудаад ирсэн юм билээ. Энэний машиныг миний машин дээр ачсан байсныг кран дуудаж буулгуулаад машиныг нь ачуулаад Дархан орсон. Дархан орсон чинь та машин ачилтын мөнгө төлнө гэсэн. Тэгэхээр нь би төлөхгүй гэсэн. Тэгээд бид хоёр машин буулгана гээд буулгаад энэ нэг машин ачилтын бичиг авна гээд зах дээр очоод энэ ороод би гадаа нь зогсож байсан. Тэгээд Дархан-2-ын тэнд явж байхад утас нь дугарсан. Үнэлгээний газраас та хоёр үнэлгээ хийлгэнэ гэсэн та хоёр хаана байна. Үнэлгээг чинь хийгээд өгье гээд нэг хүүхэн утасдсан. Тэгэхээр нь би чи зам тавиад зогсчих үнэлгээгээ хийлгэе гэсэн. Т.******* нь зогсохгүй явсаар байгаад утсаа салгасан. Би болохоор машины үнэлгээ хийлгэвэл ачиж яваад хийлгэчхээрэй бензинийг нь би компаниасаа гаргаад өгье гэсэн. Тэгээд намайг авчраад Цагаантолгойд буулгасан. Маргааш нь өнжөөд нөгөөдөр өшлөө 7 цагийн үед ерэн хэдтэй дугаар залгаад машины чинь төлбөр гарлаа 5 сая хэдэн зуу гарлаа гэсэн. Бүтэн машины төлбөр гарч байгаа юм уу гэсэн чинь утсаа тасалсан. Тийм юм болж байгаа юм байна гэж бодоод 9 цагийн үед нэг утасдсан. Тэгээд би утсыг нь тэмдэглэж авъя гэж бодож байгаад чадаагүй. Тэгээд 2, 3 хоногийн дараа Мянгаа энэ бид 3 ярьсан. Баахан зураг байсан. Би танилцаж болох уу гэсэн чинь чи үхсэндээ яараад байгаа юм хэрэг хийчхээд танилцуулна ш дээ гэсэн. Тэгээд Мянгаа яваад өгсөн. Мянгаа дуудаад яваад очсон чинь надаас мэдүүлэг аваад би хэлсэн. Би гэрэлд цохиулсан. Чи намайг буруутгаад байна гэж хэлсэн. Мянгаа, ******* нарыг байхад ч хэлсэн. Юм үнэнээрээ л байх ёстой. Та хоёр над дээр юу л хийгээд байна даа гэж хэлээд гар гэхэд нь би гараад явсан. ******* гарахгүй суугаад үлдсэн. Араас арваад минутын дараа гарч ирсэн. Хэд хоногийн дараа машин 5 сая төгрөг боллоо гэсэн. Эмчилгээний зардлыг бол би төлж болно тэр дээр миний ч буруу байгаа энэ хүний гэрлээ шилжүүлээгүй буруу ч байгаа гэсэн. Эмчилгээний зардал 500 мянган төгрөгийг төлье гэж хэлсэн. Мянгаа надад танилцуулахгүй байж байгаад та энэ нь дээр гарын үсэг зурчих гээд би мэдэхгүй зурсан. Бүхэл бүтэн машины юм болоод байна. Мянгаа надаас авсан мэдүүлэг дээрээ сумын 2 цагдаа гэрлээ шилжүүлээгүйг бичээгүй байна. Энэ хүн өөрөө гэрчилнэ. Хамаатных нь арваад хүн байсан. Тэд нар ч гэрчилнэ. Машинаасаа махаа авъя гэж байхад нь гарал үүслийнх нь бичиг байгаа юм уу гэж цагдаа хүртэл хэлж байсан. Би эмчилгээний зардал гэж байгааг би бүрэн төлж болно. Машиныг төлж чадахгүй. Хориод жил ажилласан машин. Зөвхөн кабины юм байхад 5 сая төгрөг нэхэж байна. Би 1970-аад оноос хойш техниктэй харьцаж байгаа техник гадарлана...” гэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Т.*******аас гаргаж өгсөн
-2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ын “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 7, 10-11 хуудас/
-Ашид билгүүн ХХК-ын үнэлгээний тайлан гаргасны үйлчилгээний хураамж 316.000 төгрөг /хх-8 хуудас/
-Дархан-Авто ачилтын компанийн зарлагын баримт 350.000 төгрөг /хх-ийн 9 хуудас/
-Андын хүлэгийн “Моторт машины ашиглалт засвар үйлчилгээний хураамж” 50.000 төгрөг /хх-ийн 9 хуудас/
- дүрс оношилгооны шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19 хуудас/
-Шатахууны баримт /хх-ийн 20 хуудас/
-эмчилгээний баримт /хх-ийн 21 хуудас/
-Зөрчлийн хэргийн материал /хх-ийн 22-36 хуудас/
-Т.*******ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 38 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.
Хариуцагч Г. нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлтэй Г.т холбогдох эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6,857,310 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.******* гэм хорын хохиролд 6,857,310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан
Хариуцагч Г. нь машины хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй, эмчилгээний зардлыг төлнө гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
******* аймгийн ******* сумын 0-р багийн нутаг багийн нутагт 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Г. нь 0000 СЭА улсын дугаартай “Бонго” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Т.*******ын жолоодож явсан 0000 СЭҮ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зөрчил гаргасныг эрх бүхий албан тушаалтан шалган Г.ийг “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 -т заасныг зөрчсөн” гэж магадалгаа гаргасан байна.
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Г.ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар 100 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгож, хохирогч Т.*******т машинд учирсан хохирлын үнэлгээний дагуу 5.083.000 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд шийтгэлийн хуудсаар ногдуулсан 100,000 төгрөгийг Г. зөрчил үйлдсэн өдөртөө төлсөн байна. /хх-ийн 31-32 хуудас/
Уг ослын улмаас Т.*******ын жолоодож явсан “Портер” маркийн 0000 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр 5.083.000 төгрөг учирсан, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эхнэр бие махбодод шинжээчийн дүгнэлтээр хөнгөн, хүү бие махбодод хөнгөн, Т.*******ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 938, 939, 940 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон нь Зөрчлийн хэрэгт авагдсан байна. /хх-ийн 7, 10-11, 27-31 хуудас/
Дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг зөрчил гаргагч Г. нь хүлээж аваад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаагүйгээс хүчин төгөлдөр болжээ.
Иймд шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт хариуцагчийн гэм буруугийн талаар 5.083.000 төгрөгт холбогдох хэсэгт хүчин төгөлдөр шийдвэртэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй тул машины эвдрэл хохирлын үнэлгээ 5.083.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
Хариуцагч Г. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд Машины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 5.083.000 төгрөг /хх-ийн 7 хуудас/
-Цагдаагийн газар мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, машинд үнэлгээ хийлгүүлэх, Эрдэнэт рүү эмнэлэгт үзүүлэх зэрэгт явахдаа машинд хийсэн шатахууны зардал 541.460 төгрөг /хх-ийн 20 хуудас/
-Ашид билгүүн ХХК-д үнэлгээ тогтоолгоход 316.000, Машин ачуулсан 350.000 төгрөг, “Андын хүлэг” Засварын газарт мотор, машины ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 50.000 төгрөг нийт 716.000 төгрөг /хх-ийн 8-9 хуудас/
- Т.*******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Рентген зураг авхуулсны төлбөр 36.000 төгрөг нийт 6.376.460 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж Т.*******т олгож, хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан Г.аас эмнэлэгт үзүүлсэн 415.000 төгрөг, эмийн сангаас эм авсан 65.850 төгрөг нь хэний эмчилгээний баримт болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480.850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр , хүүхэд нарыг төлөөлөн эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг хуульд заасны дагуу аваагүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Зөрчлийн хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол хүлээсэн хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн талаарх гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэн авах эрхтэй болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 116,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Г.аас 6,376,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 116,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
А.НАРАНТУЯА