| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/02419/И |
| Дугаар | 182/ШШ2022/03614 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2022/03614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Б.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт байрлах, И ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1,648,326 төгрөг, хуульчийн хөлс болох 50,000 төгрөг, нийт 1,698,326 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, иргэдийн төлөөлөгч болон хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч И ХХК-д холбогдуулж 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1,648,326 төгрөг, хуульчийн хөлс болох 50,000 төгрөг, нийт 1,698,326 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: И ХХК-д Хүний нөөц бичиг хэргийн ажилтнаар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 19/15 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад яаралтай эмчилгээ хийлгүүлэх эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тухайгаа амаар болон имэйлээр мэдэгдсэн. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж 1,648,326 төгрөг авч чадаагүй хохирсон.
Иймд нийгмийн даатгалын санд төлөгдөх ёстой байсан 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, Нийгмийн даатгалын сангаас авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмж 1,648,326 төгрөг, хуульчийн хөлс 50,000 төгрөг нийт 1,698,326 төгрөгийг хариуцагч И ХХК-иас гаргуулна. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бол хуульчаас 50,000 төгрөгөөр зөвлөгөө авч гэм хорын хохирол учрахгүй байсан гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 1/695 тоот албан бичиг, цалин авч байсан дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч И ХХК-д холбогдох нэхэмжлэлээс 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, 1,648,326 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, 50,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч И ХХК-д 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэж ажилгүйдлийн тэтгэмж 1,648,326 төгрөг, хуульчийн хөлс болох 50,000 төгрөг, нийт 1,698,326 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй. Дээрх шимтгэлийг төлсөн бол хуульчаас 50,000 төгрөгөөр зөвлөгөө авч гэм хорын хохирол учрахгүй байсан гэж тайлбарлав.
4.Хариуцагч И ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Чулуунпүрэвийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2022/08806 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд албадан ирүүлж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн болно.
5.Нэхэмжлэгч Б.М- нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр И ХХК-тай Хүний нөөц бичиг хэргийн ажилтан албан тушаалд, үндсэн цалин хөлсийг 1,000,000 төгрөг байхаар тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас гарснаа нэхэмжлэгч тайлбарлаж байх ба хариуцагч байгууллага нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй, дээрх шимтгэлийг төлөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадалгүй хохирсон, хууль зүйн зөвлөгөө авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
6.Нэхэмжлэгч Б.М- нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч И ХХК-д ажилласан нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний цалинд И ХХК-иас мөнгө шилжиж байсан Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийг 70-131 тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авсан атлаа нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Хур мэдээлэл солилцооны системийн тодорхойлолт /хавтаст хэргийг 56 тал/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.М- нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогч И ХХК-д ажлаас халагдах өргөдөл хүсэлтээ амаар болон бичгээр мэдэгдсэн, захирал зөвшөөрсөн боловч ажлаас халсан тушаал гаргаж өгөөгүй тул 30 хоногийн дараа ажлын байраа орхиж явсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байх тул хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцох үндэслэлтэй байна.
7.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: 1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 2/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, 3/ нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах” гэж заасан байх бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан.
8.Компани ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч дээрх хугацааг ажилласанд тооцуулж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байна.
9.Хариуцагч И ХХК-д нэхэмжлэгч Б.М-ийн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, мөн нэхэмжлэгчид учирсан хохирол болох авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 1,648,326 /1,000,000 + 986,025 + 772,727 = 2,758,752 : 3 х 50 % : 21.2 өдөр х 76/ төгрөгийг хариуцагч И ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч И ХХК нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан байгаа хэдий ч нэхэмжлэгчийн хуульчийн хөлсөнд 50,000 төгрөг төлсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
12.Нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж /41,323+70,200/ 111,523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 1,648,326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.М-ийн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч И ХХК-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч И ХХК-иас 111,523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА
Т.ЭНХТУЯА