Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 110

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: С.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оодой овогт Самбуугийн Бямбасүрэнд холбогдох 201715000109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 42 настай, халх, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, 4 хүүхэд, хадам эхийн хамт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг Бургас 10-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Оодой овогт Самбуугийн Бямбасүрэн /РД: ЙЖ75082912/  
Шүүгдэгч С.Бямбасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бургастын 10 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх өөрийн эзэмшлийн 5 ханатай Монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатааж, уг гэрт байсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг устгаж, хохирогч О.Хашчулуунд 2780000 төгрөгийн, хохирогч Ц.Отгонд 401000 төгрөгийн, бусдад нийт 3181000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч С.Бямбасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би хэрэг гардаг өдөр хүний мотоцикль засчихаад хөдөөнөөс гэртээ ирэхэд Санчир, Энхтайван хоёр манай эхнэртэй архи хувааж уугаад байж байсан. Тэгээд байж байтал Чүлтэм орж ирээд надад мотоцикль янзлаад өгөөч гэж хэлэхээр нь би гараад мотоциклийг нь засаж өгөөд гэртээ орж иртэл тэр гурав дахин архи аваад хувааж уугаад сууж байсан. Тэгэхээр нь би одоо боль гэж хэлтэл манай эхнэр миний урдаас би найз нартайгаа ууж байна, чи гарч мотоциклио л янзал гэж хэлэхээр нь би гараад хөх өнгийн эксель машинд орж шөнө болтол суусан. Эхнэр нөгөө хүмүүстэйгээ дуулж хуурдаад, идэж уугаад л байсан. Тэгж байтал шөнө 1-2 цагийн үед Энхтайван гарч ирээд та гэртээ ор, гэрийн эзэн байхгүй болохоор эвгүй байна гэхээр нь би орохгүй гэж хэлтэл тэр буцаад орсон. Тэгснээ буцаж гарч  ирээд миний сууж байсан машины хаалгыг онгойлгоод намайг татаж буулгаад гэрт оруулсан. Намайг ороход нэг шилтэй архи хугас болчихсон, 2 пиво бүтэн байсан. Тэгээд намайг уу гээд байхаар нь би уусан. Тэгээд тэд нар шөнийн 03 цагийн үед гарч пиво авчирсан. Тэгээд бид ууцгаасан. Тэнд байсан хүмүүс тасраад 04-05 цагийн үед унтацгаасан. Би эхнэрийнхээ хажуугаар ороод хэвттэл намайг чимхээд өшигчөөд байхаар нь би хөлд нь хэвтсэн. Тэгж байгаад 06 цагийн үед даараад байхаар нь босч галлаад цай чанасан. Тэр үед Төрөө гэдэг залуу гаднаас орж ирээд шараа тайлмаар байна, гадаа үүдэнд мотоцикль байгаа, та яваад пиво аваад ирээч, надад дэлгүүрүүд өгөхгүй байна гэж хэлээд надад 5000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би яваад пиво авчирч өгсөн. Тэгтэл тэд бантан хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би мах гаргаад бантан хийж өгсөн. Тэгээд байж байтал Чүлтэм мотоцикль янзлуулсан юм чинь гээд нэг ширхэг пивотой орж ирсэн. Тэгэхэд нь би одоо болно, болъё гэж хэлсэн чинь манайд байсан хүмүүсээс хоёр хүн гарч яваад кроп пиво, нэг шил архи авчирсан. Авчирсан архи, пивоо ууж байтал манайд дахиад хүмүүс нэмэгдээд байхаар нь би одоо больцгооё гэтэл хүмүүс уурлаад байсан. Тэгээд би цагдаа руу мотоциклиороо очоод Одбаяр цагдаад манайд хүмүүс архидаад явцгаахгүй байна, очиж арга хэмжээ авч өг гэж хэлсэн. Бид хоёрыг ирэхэд хүмүүс тасраад манайхаар дүүрэн архи пивоны лааз дүүрчихсэн байсан. Тэгээд Санчирыг цагдаа аваад явахаар нь би мотоциклио авах гээд дагаад явсан. Цагдаагийн байранд байхад эхнэр миний утас руу залгаад байхаар нь би Одбаяр цагдаад утсаа өгсөн. Одбаяр цагдаа манай эхнэртэй ярьсан. Одбаяр цагдаа Санчир бид хоёрыг яв яв, одоо дахиж битгий архи уугаарай гэж хэлсэн. Тэгээд буцаад очтол архиа ууцгааж байсан тул би уурлаад та нар хоёр өдөр уулаа, одоо больцгоо гэж хэлтэл манай эхнэр урдаас “чи хөндий гэрээ аваад зайл, би найз нартайгаа ууж байна” гэж хэлсэн. Тэгтэл хадам ээж гаднаас орж ирээд “чамайг амаар чинь шороо үмхүүлнэ, зайл чи” гэж хэлэхээр нь миний уур хүрээд гэрээс асаагуур аваад гадаа гарсан. Тэгээд яая даа байз гэж бодоод хураалттай 5 өвсний хажууд зогсч байсан. Тэр үед эхнэр жорлонгоос гарч ирсэн. Санчир тэр үед үүдэнд мотоцикль дээрээ байсан. Тэгээд би давхарлаж тавьсан өвсний хамгийн дээд талын өвсөнд гал тавьчихаад эхнэртээ өвс шатаачихлаа гэж хэлтэл эхнэр яадаг мангар вэ гэж хэлээд шатсан өвсийг аваад чулуудчихсан чинь өвсний боодол задраад зам татаад шатсан. Тэгтэл эхнэр гэр рүү орсон. Санчир гэрээс ус авчирч цацахад өвс улам асч шатсан. Тэгэхэд нь би модоор хойд талаас нь зайлуулсан. Тэгтэл Энхтайван гарч ирээд шатсан өвсийг гишгэчиж тараасан. Тэгж байтал Чүлтэм гарч ирээд нэмнээ аваад унтраах гээд савсан. Тэгээд гэрт байсан хүмүүс ар араасаа гарч ирцгээсэн. Эхнэрийг гарч ирэхэд манайх хатавчнаасаа шатаж эхэлж байсан. Тэнд байсан хүмүүс согтуу байсан учраас гал унтрааж чадаагүй. Салхи эргээд өвс гэр рүү хийсээд шатсан тул ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Гал нь дийлдэхгүй байсаар гэр ч шатчихсан. Эхнэр шатаж байсан өвсийг шидээгүй бол өвсийг урагш нь зайлуулчихаж болохоор байсан. Хашаанд 5 боодолтой өвс байсан. Худалдаж аваад 14 хонож байсан. Өвсийг Санчирын асаагуурыг гэрээс авч шатаасан. Хүмүүс хоёр өдөр манайд архидаад цагдаа ч арга хэмжээ авч өгөхгүй байхаар нь айлгах гээд өвс шатаасан. Өвсийг шатаачихвал хүмүүс манайхаас явцгаах байх гэж бодсон. Гэрийн зүүн талд тулгаад тавьчихсан өвсийг шатаахаар гэр шатах боломжтой гэдгийг ойлгож байсан. Би өвс шатаасан буруутай, өвс шатааснаас болж гэр шатсан, энэ буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрт хадам ээжид 401000 төгрөг төлсөн гэв.  
Хохирогч О.Хашчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас Санчир танихгүй хүнтэй 2-уул мотоцикльтой ирэхээр нь Санчирыг таньдаг тул гэртээ оруулсан. Санчир болон хамт явж байгаа хүн нь согтуу байсан. Манай нөхөр Бямбасүрэн Түмээгийн дэлгүүрээс 50 гаруй мянган төгрөгөөр жижиг 0.5 литрийн лаазтай Касс нэртэй пиво 22 ширхэгийг авч ирсэн. Би нэг ширхэгийг уусан. Санчир, Санчиртай хамт явсан хүн болон манай нөхөр 3-уул пивыг хувааж уусан. Пивоо ууж дуусаад манай нөхөр ганцаараа гарч яваад сумын хэсгийн төлөөлөгчийг утсаар дуудаад дагуулж орж ирээд Санчирыг хүмүүс уруу татаж архидаад байна гэхэд хэсгийн төлөөлөгч Санчир, манай нөхөр 2-ыг хэсэг рүү аваад явсан. Удалгүй 30-40 минутын дараа би өөрийн 88994631 дугаарын утсаар нөхрийнхөө 89909328 дугаарын утас руу залгаж ярихад утсыг нь хэсгийн төлөөлөгч авсан. Тэгэхээр нь наад 2 хүнээ тавиад явуулчих гэхэд ойролцоогоор 40 минутын дараа буюу 14 цаг өнгөрч байхад манай нөхөр Санчиртай хамт ирсэн. Намайг бие засчихаад гэр рүүгээ орох гээд явж байтал гэрийн зүүн талын хатавчинд тулгаж хураасан байсан 5 ширхэг боодолтой өвсийг манай нөхөр шүдэнз хавирлаа гээд бахираад байсан. Би яаж байгаа юм бэ, мангар юм уу гээд шатаж байсан боодолтой өвсийг аваад гэрийн зүүн тал руу шидсэн. Гэртээ орчихоод гараад иртэл гэрийн зүүн талын хатавчнаас гал гарч байсан. Галыг унтраах гэж гэрт байсан хүмүүс оролдсон боловч галыг унтрааж чадаагүй...” гэсэн тайлбар /хх-ийн 12-13 хуудас/,  
Гэрч Н.Чүлтэмгямцайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би 17 цаг өнгөрч байхад би хөдөөнөөс ирээд сумын төв дээр мотоцикль янзалдаг Бямбасүрэнгийнд мотоциклио янзлуулах гэж ороход гэрт нь Төгрөг сумаас ирсэн 2 хүн, Бямбасүрэнгийн хадам ээж нь, эхнэр, 3 хүүхэд болон эхнэрийнх нь эгчийн охин болох Пагмаа хүүхэдтэйгээ байсан. Би Бямбасүрэн ахад мотоциклио янзлуулах гэж байгаа талаараа хэлэхэд тэгье гэж хэлээд гэрээс гарсан. Ойролцоогоор 2-3 минутын дараа гэрийн зүүн талд байсан өвсийг аав шатаачихлаа гэж Наранзул гэдэг хүүхэд нь гаднаас орж ирэхдээ хэлэхээр нь гэрт байсан хүмүүс гүйж гараад шатаж байсан өвсийг авч шидсэн. Өвсийг боосон байсан мяндас нь тасарчихаад дийлдэхгүй байсан. Гарт таарсан хэмжээгээрээ аваад галыг нь унтраах гэж оролдсон боловч дийлдэхгүй гэр нь шатаж дууссан. Бямбасүрэн шатаж байгаа гэр рүүгээ орох гээд байхаар нь би оруулахгүй гэж 2-3 удаа хорьсон. Бямбасүрэн согтуудаа гэрийнхээ зүүн талын хатавчинд байсан хураалттай өвсийг шатааснаас болж гэр нь шатсан...” гэсэн тайлбар /хх-ийн 20 хуудас/,  
Хохирогч О.Хашчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Бямбасүрэн гэрт сууж байгаад 14 цаг өнгөрч байхад ганцаараа гарсан. Би араас нь бие засах гээд гарсан. Намайг бие засчихаад гараад иртэл гэрийн зүүн талд С.Бямбасүрэн боодолтой өвсийг тулгаад тавьчихсан шатаачихсан зогсож байсан. Би боодолтой нэг өвсийг аваад гэрийн зүүн тал руу шидсэн. Гэрт ороод эргээд иртэл өвс нэлээн шатчихсан гэрийн зүүн талын хатавч шатаж байсан. Чүлтэм бид 2 галыг унтраах гэсэн боловч унтрааж чадаагүй. Гэр шатаад дууссан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-43 хуудас/,  
Хохирогч Ц.Отгоны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бямбасүрэн согтуу гэрээс гараад явсан. Бямбасүрэн гэрийн зүүн талын хатавчинд байсан өвсийг шатаагаад гал тавьчихлаа гэж Төгрөг сумаас ирсэн нэг залуу хэлэхээр нь гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Би гэрээс гарахдаа цүнхтэй хувцсаа аваад гарсан. Галыг унтрааж чадалгүй гэр шатаж дууссан. Бямбасүрэнгээс 401.000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-47 хуудас/,  
Гэрч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 07 цаг өнгөрч байхад Санчиртай хамт Гучин-Ус сумын төв дээр байдаг Заяатай уулзахаар ирсэн боловч байхгүй байсан тул Санчир нь Бямбасүрэн гэдэг айлд өглөөний 07 цаг өнгөрч байхад гэрт нь ороход гэрийн эзэн нь эзгүй, хадам ээж, эхнэр, бас нэг хүүхэн, хүүхдүүд байсан. Бямбасүрэнгийн эхнэр 0.5 литрийн “Ерөөл” архи гаргаж өгөхөөр нь Санчир бид хоёр хоёулаа хувааж уучихаад тэднийд 14 цаг өнгөртөл унтаж байгаад Гучин-Ус сумын төв дээр байдаг Бямбасүрэнгийн эхнэрийн дүү болох Төртогтохынд очиход Төртогтох нь аймаг руу явчихсан гэж эхнэр нь ярьж байсан. Төртогтохынд байж байгаад Бямбасүрэнгийнд 18 цаг өнгөрч байхад Санчиртай хамт очиход Бямбасүрэн гэртээ ирчихсэн мотоцикль янзлаад байж байхаар нь мэнд мэдчихээд Бямбасүрэнгийнд Санчир бид хоёр ороод унтаж байтал аймгаас орой 20 цаг өнгөрч байхад Төртогтох ирсэн гээд Бямбасүрэнгийнд орж ирээд юм яриад байж байтал Гучин-Ус сумын залуу Санчирын найз Заяа нь Бямбасүрэнгийнд 3 ширхэг 2 литрийн “Соёолж”  пивотой ирэхээр нь пивыг нь Заяа, Төртогтох, Санчир, Бямбасүрэн бид нар хувааж уусан. Пиво ууж эхлэхэд 22 цаг өнгөрч байсан. Пиво уугаад дуусахад хэдэн цаг болж байсныг  анзаараагүй. Заяа тэр шөнөдөө ажилтай гээд яваад өгсөн байсан. Бямбасүрэнгийнд би Санчир, Төртогтох бид нар хоносон. Үлдсэн хүмүүс нь гэрийнх нь хүмүүс байсан. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 08 цагийн орчимд намайг сэрэхэд Бямбасүрэн хашаандаа нэг хүнтэй уулзаж байгаад уулзсан хүн нь нэг ширхэг 2 литрийн пиво олж ирээд өгсөн. Тэгтэл Чүлтэм гэдэг залуу Бямбасүрэнгийнд ирэхдээ 2 ширхэг 2 литрийн пивотой ирсэн. Гурван пивыг би, Төртогтох, Санчир, Чүлтэм, Бямбасүрэн бид нар хувааж уусан. Бямбасүрэн, Төртогтох хоёр мотоцикльтой яваад хэдийг мэдэхгүй олон лаазтай пиво олоод ирсэн. Пивыг би, Бямбасүрэн, Төртогтох, Санчир, Чүлтэм гэх залуу бид нар хувааж уугаад  дуустал Бямбасүрэн сумынхаа хэсгийн төлөөлөгч Одбаярт өөрөө очиж дуудлага өгсөн гээд дагуулаад ирсэн. Одбаяр цагдаа Бямбасүрэн, Санчир хоёрыг кабон байр руу аваад явсан. Тэгтэл Санчир, Бямбасүрэн 2 удалгүй буцаад хүрээд ирсэн. Бямбасүрэнгийн эхнэр бид нарт хоол хийж өгөхөөр нь идсэн. Бямбасүрэн гэрээсээ орж гараад байсан. Санчир надаас түрүүлж гарсан. Ойролцоогоор 1-2 минутын дараа Бямбасүрэнгийн гэрт Санчир орж ирээд гэр шатаж байна, бүгдээрээ гараарай гэхээр нь бид нар гарсан. Гэрийн зүүн хатавчинд тулгаад тавьчихсан байсан боодолтой өвс шатаад гэрийн зүүн тал нь шатаж байсан. Тэнд байсан хүмүүсийг холдуулах гэхэд мяндсан уяа нь тасарч унаад галыг унтраах гэсэн боловч чадахгүй байсаар байгаад гэр бүрэн шатсан. Гэрээс гарч ирэхэд Бямбасүрэн шатаж байгаа гэрийн зүүн хаяаны ойролцоо ганцаараа зогсож байсан. Гэрт байсан хүмүүс яагаад Бямбасүрэнг гэрээ шатааж байгаа юм бэ гэж хэлээд л галыг унтраах гэсэн боловч галыг унтрааж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,   
Гэрч Т.Пагамаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би хүргэн ах Бямбасүрэнгийнд охинтойгоо 13 цагийн орчимд ороход хүргэн Бямбасүрэн, Төгрөг сумаас ирсэн хоёр танихгүй залуу, Хашчулуун эгч, ээж Отгон, хүүхдүүд, мотоцикль засуулах гэж явсан манай нутгийн Чүлтэм нар байсан. Бямбасүрэн ах эхнэр Хашчулууныг Төгрөг сумаас ирсэн хоёр залуутай хардаад муухай харчихаад согтуурхаад байсан. Бямбасүрэн ах гэрээс гараад хэсэг алга болчихсон чинь Одбаяр цагдааг дагуулаад хамт орж ирсэн. Одбаяр цагдаа Бямбасүрэн ахыг Төгрөг сумаас ирсэн Санчир гэдэг залуутай хамт дагуулаад хэсгийн байр руу аваад явсан. Хашчулуун эгч Бямбасүрэн ахыг хүмүүс зүгээр байхад цагдаа дуудлаа гээд загнаад байсан. Хашчулуун эгч Бямбасүрэнгийн гар утас руу залгахад Одбаяр цагдаа утсыг аваад хоорондоо утсаар ярихдаа наад хоёр хүнээ явуулчих гэж хэлсэн. Удаагүй Бямбасүрэн, Санчир нарыг Одбаяр цагдаа явуулсан байсан. Бямбасүрэн ах гэртээ орж ирээд чимээгүй сууж байгаад гэнэт ганцаараа гараад явсан. Хашчулуун эгч бие засах гээд гарсан. Хашчулуун эгч гэрийн зүүн талаас гал гарч байна гэхэд гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Гэрээс гараад харахад гэрийн зүүн талын хатавчинд хураалттай байсан боодолтой өвснүүд шатаж байсан. Галыг унтраах гэж оролдсон боловч галыг унтрааж чадахгүй байсан. Би хүүхдээ гэрт орхисноо санаад гэрээс хүүхдээ авсан. Гэр бүрэн шатаж дууссан. Хашчулуун эгч нөхрөөсөө өөр нэг хүнтэй уулздагийг Бямбасүрэн ах мэдсэнээс болж энэ жил гэр бүлийн маргаантай байгаа. Гэр шатахын өмнөх өдрүүдэд Бямбасүрэн ахын гэрт Төгрөг сумаас ирсэн хоёр залуутай эхнэрийгээ хардсанаас болж гэрээ шатаасан байх гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,   
Гэрч О.Одбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал 12 цагийн орчимд Бямбасүрэн ганцаараа ирэхдээ нэлээн согтчихсон манай гэрт хүмүүс архи уугаад явахгүй байна, хамт очъё гэхээр нь гэрт нь Бямбасүрэнгийн хамт очиход хадам ээж Отгон, эхнэр Хашчулуун, 2 бага хүүхэд нь болон Төгрөг сумаас ирсэн 2 залуу нар пиво уугаад дуусчихсан байсан. Төгрөг сумын 2 залуугийн ярьснаар ууж байсан пивоо дуусаад Бямбасүрэн ахиж пиво олж ирнэ гэж яваад цагдаатай ирлээ гээд ярьж байсан. Төгрөг сумын 2 залуу болон Бямбасүрэн нарыг кобан байран дээр 1 цаг орчим саатуулахад Бямбасүрэнгийн эхнэр Хашчулуун надтай утсаар ярихдаа гэрт зүгээр архи ууж байсан хүмүүсийг саатууллаа, наад хүмүүс чинь гэмт хэрэг хийгээгүй гэж ярьсан. Бямбасүрэнгээс өөрөөс нь санал хүсэлтийг нь авахад ямар нэгэн асуудал байхгүй, бид гурав манайд очоод унтлаа гэхээр нь тэр гурвыг 14 цаг өнгөрч байхад явуулсан. Орой 18 цагийн орчимд Бямбасүрэн гэрээ шатаачихлаа гэж Гансүхийн эхнэр утсаар хэлэхээр нь Бямбасүрэнгийн хашааны хаалгаар ороход гэрийн зүүн талын хатавчинд тулгаад 2 боодол өвс тавиад шатаачихсан, гэрийн зүүн талын хана, эсгий бүрээс нь шатаж байсан. Би Бямбасүрэнг гавлаад машиндаа суулгасан. Бямбасүрэнгийн эхнэр Хашчулуун согтуу орилоод шатаж байсан гэр рүүгээ орох гээд байхаар нь хориод ээж Отгонтой нь хамт сумын эмнэлэгт хүргэж өгч тайвшруулсан. Аймгийн цагдаад дуудлага өгсөн. Бямбасүрэн миний гэр юм чинь яадаг юм бэ. Би эхнэртэйгээ маргалдсан. Та нарын гэр биш гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5253 хуудас/,   
Гэрч Г.Санчирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 07 цаг өнгөрч байхад Энхтайвантай хамт Гучин-Ус сумын төв дээр байдаг хүнтэй уулзахаар ирсэн боловч Энхтайвантай уулзах хүн нь байхгүй байсан тул Бямбасүрэнгийнд 07 цаг өнгөрч байхад гэрт нь ороход хадам ээж нь, эхнэр нь, бас нэг хүүхэн, хүүхдүүд байсан. Бямбасүрэн гэртээ байгаагүй. Бямбасүрэнгийн эхнэр 0.5 литрийн Ерөөл архи гаргаж өгөхөөр нь Энхтайван бид хоёр хоёулаа хувааж уучихаад тэднийд 14 цаг өнгөртөл унтаж байгаад Гучин-Ус сумын төв дээр байдаг Бямбасүрэнгийн эхнэрийн дүү болох Төртогтохынд очиход аймаг руу явчихсан гэж эхнэр нь ярьж байсан. Төртогтохынд байж байгаад Бямбасүрэнгийнд 18 цаг өнгөрч байхад Энхтайвантай хамт очиход Бямбасүрэн гэртээ ирчихсэн мотоцикль янзлаад байж байхаар нь мэнд мэдчихээд Бямбасүрэнгийнд ороод бид хоёр унтаж байтал аймгаас орой 20 цаг өнгөрч байхад Төртогтох ирсэн гээд Бямбасүрэнгийнд орж ирээд юм яриад байж байтал Гучин-Ус сумын найз Заяад өдөр нь суманд ирчихсэн талаараа утсаар хэлчихсэн байсан чинь Бямбасүрэнгийнд Заяа 3 ширхэг 2 литрийн Соёолж нэртэй пивотой ирэхээр нь пивыг нь Заяа, Төртогтох, Энхтайван, Бямбасүрэн бид нар уусан. Пиво ууж эхлэхэд 22 цаг өнгөрч байсан. Пиво уугаад дуусахад хэдэн цаг болж байсныг анзаараагүй. Заяа тэр шөнөдөө ажилтай гээд явсан байсан. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 09 цагийн орчимд Бямбасүрэн дэлгүүр ороод 2 том пиво олж ирсэн юм шиг байна лээ. Намайг сэрэхээс өмнө Энхтайван, Төртогтох, Бямбасүрэн гурав 1 ширхэг 2 литрийн пивыг уучихсан байхаар нь үлдсэн пивоноос би тэр гуравтай хувааж уусан. Бямбасүрэн Төртогтох хоёр мотоцикльтой яваад хэдийг мэдэхгүй олон лаазтай пиво олоод ирсэн. Пивыг Бямбасүрэн, би, Төртогтох, Энхтайван, Бямбасүрэнгийн эхнэр, Чүлтэм гэх залуу бид нар хувааж уугаад дуустал Бямбасүрэн сумынхаа хэсгийн төлөөлөгч Одбаярт өөрөө очиж дуудлага өгөөд дагуулаад ирсэн. Одбаяр цагдаа Бямбасүрэн бид хоёрыг кабон байран дээр байлгаж байхад Бямбасүрэнгийн эхнэр Одбаяр цагдаатай утсаар ярьж байгаад Бямбасүрэн бид хоёрыг явуулсан. Би Бямбасүрэнтэй хамт гэрт очтол эхнэр нь Бямбасүрэнг чи яах гэж цагдаад дуудлага өгсөн юм бэ? гэж ярьж байсан. Бямбасүрэн эхнэртээ юм хэлэлгүйгээр гэрээсээ ганцаараа гарсан. Би удаагүй араас нь ганцаараа гараад мотоцикль дээрээ сууж байтал Бямбасүрэнгийн гэрийн зүүн талд байсан боодолтой 4-5 ширхэг өвсийг Бямбасүрэн шатаачихсан ганцаараа дэргэд нь зогсож байхаар нь би гэрт нь ороод дотор байсан хүмүүст гарцгаагаарай, гэр шатаж байна гэж хэлсэн. Гэр дотор Бямбасүрэнгийн эхнэр, хүүхдүүд, эхнэрийнх нь дүү хүүхэдтэйгээ, хадам ээж нь болон Энхтайван, Чүлтэм, Төртогтох нар байсан. Гэрээс бүх хүмүүс гарч ирэхээр нь Чүлтэм бид хоёр шатаж байгаа өвсийг гэрээс холдуулж шидэж галыг унтраах гэж гэрт нь байсан ус цацсан боловч гал унтрахгүй байсан. Би худаг руу мотоцикльтой явж ус олж ирэхэд гэрийн тал хэсэг нь шатчихсан байсан. Галыг унтрааж чадахгүй байсаар байгаад гэр бүрэн шатаж дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,   
Гэрч Б.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бямбасүрэн нь эхээс 4-үүлээ, айлын хамгийн бага хүүхэд. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй. Ах нь өвчнөөр нас барчихсан. Хоёр эгч нь Өвөрхангай аймгийн Богд, Баруунбаян-Улаан сумуудад байдаг. Бямбасүрэн нь ааш зангийн хувьд даруухан хүн. Бямбасүрэн эхнэр, 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Бямбасүрэн нь өөрийн ээжийн эгчийнхээ хүүхэд болох Хашчулуунтай гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдардаг. Хамт амьдраад 10 гаран жил болж байгаа. Эд хөрөнгийн хувьд сайн мэдэхгүй. Гэрт нь очоод байдаггүй. Бямбасүрэнгийн аав нь бага байхад нь өвчнөөр нас барсан. Ээж ах, хоёртой хамт хөдөө амьдарч байгаад ах нь 1995 онд гэр бүл болоод тусдаа гарсан. Би Бямбасүрэнгийн ахынх эхнэр байсан. Манай нөхөр 2000 онд өвчнөөр нас барсан. 1995 оноос хойш Бямбасүрэн ээжтэйгээ хамт хоёулаа 5 ханатай гэртээ хамтран амьдарч байгаад 2002 онд Хашчулуунтай хамтран амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй. Учир нь эгч дүүсийн хүүхдүүд хоорондоо гэр бүл болсон. Бямбасүрэнгийн ээж амьд байхдаа бүрэн тавилгатай, шалтай, 5 ханатай гэрийг Бямбасүрэнд өгч байсан. 2000 онд манай нөхөр Гучин-Ус суманд нас барснаас хойш Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гэр бүлээрээ шилжиж ирсэн. Тэрнээс хойш гэрт нь очиж байгаагүй тул гэртээ ямархуу тавилгатай байдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,   
 Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11ний өдрийн 137/07 дугаартай: “...1. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг Бургастын 10-02   тоотод оршин суух иргэн С.Бямбасүрэнгийн 5 ханатай гэр шатсан байна. 2. Гал түймэр нь гэрийн зүүн талаас үүсвэрлэн гарсан /гэрчүүдийн тайлбараар/ байна. 3. Иргэн С.Бямбасүрэн нь гэрийн ойролцоо байсан өвсийг санаатай /гэрч нарын тайлбараар/ шатаасны улмаас 5 ханатай гэр эд хогшлийн хамт шатсан байна. 4. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг Бургастын 10-02 тоотод оршин суух иргэн С.Бямбасүрэнгийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатсан гал түймэр нь С.Бямбасүрэнгийн буруутай үйлдлээс үүсвэрлэн гарсан байна гэж дүгнэлээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67 хуудас/,    
Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №16 дугаартай: “...Үзүүлэгч С.Бямбасүрэн нь сэтгэцийн төрөлхийн болон олдмол өвчин эмгэггүй. Үзүүлэгч С.Бямбасүрэн нь урьд өмнө нь сэтгэцийн эмчид үзүүлж байгаагүй. Үзүүлэгч С.Бямбасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны 16 00 цагийн орчим буюу хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд эрүүл байсан. Үзүүлэгч С.Бямбасүрэн нь болсон үйл явдлыг зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч С.Бямбасүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэсэн сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 74 хуудас/,  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3745 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Бямбасүрэн 42/эр” гэж хаягласан цусанд 2,9 промилли спиртийн агууламж илрэв. 2. Цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79 хуудас/,  
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ний 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №04/11, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №06/40 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирогч Ц.Отгоны хүсэлт, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн тайлбар /хх-ийн 3-7, 17, 59-62, 102-107 хуудас/   Шүүгдэгч С.Бямбасүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ГучинУс сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 55, 64, 65 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123, 130, 132, 140 хуудас/,  
Шүүгдэгч С.Бямбасүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 хуудас/ зэрэг болно.  Шүүгдэгч С.Бямбасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг Бургастын 10-02 тоотод байх өөрийн эзэмшлийн 5 ханатай Монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаасны улмаас уг гэрт байсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг устгаж, хохирогч О.Хашчулуунд 2780000 төгрөгийн, хохирогч Ц.Отгонд 401000 төгрөгийн нийт 3181000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бямбасүрэнгийн “...Би манайд архидаад байсан хүмүүсийг айлгах гээд гэрийн зүүн талд гэр рүү тулгаад давхарлаж тавьсан өвсний хамгийн дээд талын өвсөнд гал тавьсан. Тэнд байсан хүмүүс согтуу байсан учраас гал унтрааж чадаагүй. Салхи эргээд өвс гэр рүү хийсээд шатсан тул ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Гал нь дийлдэхгүй байсаар гэр ч шатчихсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.Хашчулууны “...намайг бие засчихаад гэр рүүгээ орох гээд явж байтал гэрийн зүүн талын хатавчинд тулгаж хураасан байсан 5 ширхэг боодолтой өвсийг манай нөхөр шүдэнз хавирлаа гээд бахираад байсан. Би яаж байгаа юм бэ, мангар юм уу гээд шатаж байсан боодолтой өвсийг аваад гэрийн зүүн тал руу шидсэн. Гэртээ орчихоод гараад иртэл гэрийн зүүн талын хатавчнаас гал гарч байсан. 
Галыг унтраах гэж гэрт байсан хүмүүс оролдсон боловч галыг унтрааж чадаагүй...” /хх-ийн 12-13 хуудас/, Гэрч Н.Чүлтэмгямцайн “...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бямбасүрэн согтуудаа гэрийнхээ зүүн талын хатавчинд байсан хураалттай өвсийг шатааснаас болж гэр нь шатсан...” /хх-ийн 20 хуудас/ гэх тайлбарууд, Хохирогч О.Хашчулууны “...С.Бямбасүрэн боолттой өвсийг тулгаад тавьчихсан шатаачихсан зогсож байсан. Галыг унтраах гэсэн боловч унтрааж чадаагүй. Гэр шатаад дууссан...” /хх-ийн 40-43 хуудас/, Хохирогч Ц.Отгоны “...Бямбасүрэн гэрийн зүүн талын хатавчинд байсан өвсийг шатаагаад гал тавьчихлаа гэж Төгрөг сумаас ирсэн нэг залуу хэлэхээр нь гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Галыг унтрааж чадалгүй гэр шатаж дууссан...” /хх-ийн 45-47 хуудас/, Гэрч М.Энхтайваны “...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бямбасүрэнгийн гэрт Санчир орж ирээд гэр шатаж байна, бүгдээрээ гараарай гэхээр нь бид нар гарсан. Гэрийн зүүн хатавчинд тулгаад тавьчихсан байсан боодолтой өвс шатаад гэрийн зүүн тал нь шатаж байсан. Гэрээс гарч ирэхэд Бямбасүрэн шатаж байгаа гэрийн зүүн хаяаны ойролцоо ганцаараа зогсож байсан. Гэрт байсан хүмүүс Бямбасүрэнг яагаад гэрээ шатааж байгаа юм бэ гэж хэлээд л галыг унтраах гэсэн боловч галыг унтрааж чадаагүй...” /хх-ийн 48-49 хуудас/, Гэрч Т.Пагамаагийн “...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хашчулуун эгч бие засах гээд гарсан. Хашчулуун эгч гэрийн зүүн талаас гал гарч байна гэхэд гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Гэрээс гараад харахад гэрийн зүүн талын хатавчинд хураалттай байсан боодолтой өвснүүд шатаж байсан...” /хх-ийн 50-51 хуудас/, Гэрч О.Одбаярын “...Бямбасүрэн гэрээ шатаачихлаа гэж Гансүхийн эхнэр утсаар хэлэхээр нь Бямбасүрэнгийн хашааны хаалгаар ороход гэрийн зүүн талын хатавчинд тулгаад 2 боодол өвс тавиад шатаачихсан, гэрийн зүүн талын хана, эсгий бүрээс нь шатаж байсан...” /хх-ийн 52-53 хуудас/, Гэрч Г.Санчирын “...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би Бямбасүрэнгийн гэрийн гадаа мотоцикль дээрээ сууж байтал Бямбасүрэнгийн гэрийн зүүн талд байсан боодолтой 4-5 ширхэг өвсийг Бямбасүрэн шатаачихсан ганцаараа дэргэд нь зогсож байсан...” /хх-ийн 54-55 хуудас/, Гэрч Б.Ичинхорлоогийн “...Бямбасүрэн нь эхээс 4-үүлээ, айлын хамгийн бага хүүхэд. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй. Бямбасүрэн нь өөрийн ээжийн эгчийнхээ хүүхэд болох Хашчулуунтай гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдардаг. Хамт амьдраад 10 гаран жил болж байгаа. Бямбасүрэнгийн ээж амьд байхдаа бүрэн тавилгатай, шалтай, 5 ханатай гэрийг Бямбасүрэнд өгч байсан...” /хх-ийн 57 хуудас/ гэх мэдүүлгүүд,  ...Гал түймэр нь гэрийн зүүн талаас үүсвэрлэн гарсан, ....2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг Бургастын 10-02 тоотод оршин суух иргэн С.Бямбасүрэнгийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатсан гал түймэр нь С.Бямбасүрэнгийн буруутай үйлдлээс үүсвэрлэн гарсан болохыг тогтоосон Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 137/07 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №16 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 74 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3745 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79 хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”ний 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №04/11, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №06/40 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирогч Ц.Отгоны хүсэлт, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн тайлбар /хх-ийн 3-7, 17, 59-62, 102-107 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.  
Шүүгдэгч С.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Б.Хандмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бямбасүрэнг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдээгүй, энэ галыг өөрийн болгоомжгүй үйлдлээр тавьсан” гэж тайлбарлаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилан заасан байх бөгөөд шүүгдэгч С.Бямбасүрэн нь өвсийг шатаахдаа тухайн өвс гэрийн зүүн талд байсан, гэрийн зүүн талаас салхитай байсныг болон өвс шатвал гэр рүү орж гэр шатаах хор уршиг учрахыг урьдчилан мэдэж байсан, шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.   
Шүүгдэгч С.Бямбасүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  
Шүүгдэгч С.Бямбасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “өвс шатаасан буруутай, өвс шатааснаас болж гэр шатсан, энэ буруугаа хүлээж байна” гэж мэдүүлж байгаа нь гэм буруугаа хүлээж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан болно. Мөн дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бямбасүрэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   
Шүүгдэгч С.Бямбасүрэн нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэмт хэргийг үйлдэхдээ олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатааж үйлдсэн байх бөгөөд энэхүү галдан шатаах арга нь нийтэд аюултай аргад хамаардаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангид энэ гэмт хэргийн шинж болгон заасан байна гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.   
Шүүгдэгч С.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Отгонд 410000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,   
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн, бичиг нь арилсан, хуучин асаагуур 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн, DY-150 мотортой “Хонгор-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бямбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,   Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бямбасүрэнд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
 1.Шүүгдэгч Хөх оодой овогт Самбуугийн Бямбасүрэнг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Хөх оодой овогт Самбуугийн Бямбасүрэнг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бямбасүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.     
4.Шүүгдэгч С.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Отгонд 410000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн, бичиг нь арилсан, хуучин асаагуур 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн, DY-150 мотортой “Хонгор-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 11ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бямбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бямбасүрэнд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР