2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

Улсын яллагч Б.Манлайбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Болортуяа,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507 00153 0162 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, *******, *******ын ******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэхдээ М.*******ын мартаж 1,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж завшиж, өөрийн хууль бус өмчлөлдөө шилжүүлж хохирогч М.*******д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүүхдийн мөнгө авах гээд атм дээр очсон. Мөнгө байхаар нь авчихсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-10 дахь тал/,

Хохирогч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-р төрсөн аавын Хаан банкны дугаартай данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай данс руу 1,000,000 шилжүүлэх гэж байхдаа утсаар ярьж байхдаа анхаарал сарниад бэлэн мөнгө авах дарчихсан тэгээд данс руу шилжүүлчихлээ гэж бодоод шууд гараад явчихсан. Тэгээд шатахуун түгээх станцаас бензин хийх гээд очсон чинь дансанд мөнгө байхгүй гэхээр нь гайхаад аавыгаа хамт дагуулж Хаан банк ороод асуутал та бэлнээр мөнгө гаргачихсан байна. Тэгээд банкны ажилчдаар хяналтын камерыг нь шүүлгэтэл нэг хүүхэдтэй эмэгтэй хүн таны мөнгийг халаасандаа хийгээд гарч байна гэж хэлсэн. Тухайн үеийн хяналтын камерын зураг бичлэгийг өгөөгүй бөгөөд зөвшөөрөл гаргаж байж өгнө гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...Би АТМ машины дугаарыг бол анзаараагүй. Ойролцоогоор 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн орчим үйлчлүүлсэн ” гэх мэдүүлэг /хх-12-15 дахь тал/,

Шүүгдэгч С.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...Хаан банкны төлбөр тооцооны ажилтантай уулзаад байж байтал миний хажуу талын АТМ машинаас мөнгө гараад ирэхээр нь авчихсан. Тэгээд гадаа таксинд хүүхдээ үлдээчихсэн байсан болохоор шууд гараад явсан. Тэгээд тухайн мөнгөө цагаан сар болж байсан болохоор ойр зуурын хэрэглээндээ үрээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-21-22 дахь тал/

Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн депозит дансны хуулга /хх-36 дахь тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-01 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ы холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******д  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцуулах,...гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...С.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлтэй маргахгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч С.******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэхдээ М.*******ын мартаж 1,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж завшиж, өөрийн хууль бус өмчлөлдөө шилжүүлж хохирогч М.*******д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 500,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчээс үлдэх хохирол төлбөр 500,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид төлөх төлбөртэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удахгүй төрөх учир чөлөөтэй зорчих эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч С.*******аас 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.*******д олгосугай.

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД