Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/00202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч С.Т- ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч Ш.Э-,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч С.Э- нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,920,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Т-,

Хариуцагч Ш.Э-,

Хариуцагч С.Э-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч Ш.Э-, С.Э- нарт холбогдуулан үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 1,280,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг нийт 4,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч С.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Э-, С.Э- нарт 2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөр 1,280,000 төгрөг болсон. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Алданги 1,640,000 төгрөг бөгөөд нийт 4,920,000 төгрөгийг Ш.Э-, С.Э- нараас гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Ш.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Т- гэдэг хүнээс 2,000,000 төгрөгийн зээл аваад өмнөх зээлийн үлдэгдэл 180,000 төгрөгийг суутгаад 1,820,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би охин И-ийн данс руу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,820,000 төгрөгийг шилжүүлсэн. Би зээлийн төлбөрөө өдөр бүр бэлнээр төлдөг байсныг хар дэвтэртээ тэмдэглэдэг байсан гэв.

 

3.Хариуцагч С.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Т-аас 2,000,000 төгрөгийн зээл аваагүй. Би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш, хадам ээж Ш.Э- зээл авсан гэв.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг, хариуцагч нараас хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. Хариуцагч С.Э-ийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч Ш.Э-, С.Э- нарт холбогдуулан үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,280,000 төгрөг алданги 1,640,000 төгрөг нийт 4,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч Ш.Э- 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр авсан 1,820,000 төгрөгийг охин И-ийн данс руу  шилжүүлсэн. Зээлээ төлсөн гэж маргаж байна.

 

7.Хариуцагч С.Э- нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Т-аас 2,000,000 төгрөгийн зээл аваагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш гэж маргажээ.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

9.Талууд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Э-, С.Э- нарт 2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

10.Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар С.Т- нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,820,000 төгрөгийг зээлдэгч Ш.Э-гийн ХААН банкны 50*** тоот дансанд шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч Ш.Э- нь 2,000,000 төгрөгийн зээл аваад өмнөх зээлийн үлдэгдэл 180,000 төгрөгийг суутгаад 1,820,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн тухайд маргахгүй гэж тайлбарлав. /хавтаст хэргийн 81 дэх тал/

 

11.Хариуцагч С.Э- зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргасан бөгөөд шүүх түүний хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШЗ2022/14311 дүгээр шүүгчийн захирамжаар шинжээч томилсон байна.

 

12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3490 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэсэн гарчигтай гар бичмэл бүхий баримтын доод хэсэгт “С.Э-” гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Э-ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна” гэх дүгнэлтийг ирүүлсэн. /хавтаст хэргийн 90-98 дахь тал/

 

13.Нэхэмжлэгч С.Т- нь  2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдэгч Ш.Э-, С.Э- нар гарын үсэг зурсан тул хамтран зээлдэгч нараас гэрээний үүргээ шаардана гэж мэтгэлцэж байгаа нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дахь хэсэгт заасан “хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна” гэх зохицуулалтанд нийцсэн гэж үзнэ.

 

14.Зээлдэгч нар үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,280,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд заасан 0,5 хувиар  1,640,000 төгрөгийн алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчөөгүй байна.

 

15.Хариуцагч Ш.Э-, С.Э- нараас үндсэн зээлийн төлбөрт үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,280,000 төгрөг алданги 1,640,000 төгрөг нийт 4,920,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзнэ.

 

16.Хариуцагч Ш.Э-  шүүх хуралдааны үед 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээл авсан тухайд маргахгүй, охин И-гийн дансанд 1,820,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд охин бид хоёр өөрсдөө зээлийг төлж байсан гэж маргаж байгаа боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадахгүй байна.

 

17.Харин зээлдүүлэгч С.Т- нь И- өөр зээл авсан бөгөөд “Хар дэвтэр” байхгүй гэж тайлбарлаж мэтгэлцэв.

 

18.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э-, С.Э- нараас 93,700  төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, С.Э- нараас 4,920,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э-, С.Э- нараас 93,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ