| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/03076/И |
| Дугаар | 182/ШШ2023/00514 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2023/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Г.Т- ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, Нийслэлийн З газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 55,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Т-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батжаргал,
Хариуцагчийн төлөөлөгч Р.Амарсанаа, Б.Басхүү,
Иргэдийн төлөөлөгч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч Нийслэлийн З газарт холбогдуулан хохиролд 65,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 онд Чингэлтэй дүүргийн 19 дүүргийн хорооны Гудамж * тоот 4х6 хэмжээтэй зуслангийн 2 модон байшин бүхий гурван айлын газрыг худалдаж авсан бөгөөд 2013 онд модон байшингаа буулгаж, 7х9 хэмжээтэй өвлийн мансардтай тоосгон байшин барин амьдарч байсан. 2016 онд манай хашааны баруун талаар шинээр авто зам тавихдаа ус зайлуулах хоолойгүй хийснээс болж, 4.5 км борооны ус шууд манайх руу урсдаг стандартын бус тавьсны улмаас бороо болон үерийн ус, уулын шар устай хамт, зэргэлдээх баруун талын туслах замаар айлуудын жорлон бороо орсон үед хальж урсан тэр чигээрээ манай байшин руу урсан орж ирдэг болсон. Зам хийхдээ манай хойно байсан уулын ус зайлуулдаг том цементэн хоолойг авч хаяад өмнө нь байсан сайжруулсан шороон замыг асфальт тавьж хучихдаа ус зайлуулах яндан хоолойгүй хийснээс бороо орсон үед дээрээс замаа дагаад айлын жорлон, бохир тэр чигээрээ гол шиг урсан ордог байсан. Зам тавихдаа замын зураг, стандарт, чанар, мөн газрын төвшинг харж тогтоогоогүйгээс олон айл өрхийг хохироосон. Би энэ байдлын талаар 2018 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн компанид удаа дараа гомдол гаргаж байсан. МХГ-ын байцаагч газар дээр нь ирж үзсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй. Би 2018 оноос өнөөдрийг хүртэл байшиндаа гарч амьдарч чадахгүй байсаар эцэст нь өөрийн барьсан байшингаа буулгалаа. Энэ байшинг барихын тулд би олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарсан. Ингээд эцэст нь төрийн байгууллага болох Нийслэлийн З газар болон тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж хоёрын алдаатай зураг төсөл, шийдвэрээс болж би байшин ч үгүй, мөнгө ч үгүй болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа олон жил хохирч байна. 2019 онд үep болоход дахин манай байшин руу ус орж байшингийн шалны бетон хагарч, тоосго нь нурж эхэлсэн тул би хүүхдүүдтэйгээ нийлж хашааны гадуур ус оруулахгүйн тулд бетон хамгаалалт цутгаж хашлага хийсэн. Гэвч авто замын буруу стандартаас болж, борооны ус манайх руу урсан орсоор байшиндаа амьдрах аргагүй болгосон. Уг нь намайг анх байсан модон байшин, газраа худалдаж авч байх үед манай хашааны хойно ус зайлуулах хоолой байсан. Гэтэл шинээр зам тавихдаа уг хоолойг авч, өөр газар байрлуулан замын технологи, горим стандартыг алдагдуулснаас би эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш ихээр хохирч үлдлээ. Нийслэлийн авто З газраас өөрийн олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шингэсэн 7х9 хэмжээтэй өвлийн мансардтай тоосгон байшингаа үнэлж байсан 65,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Би нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, 2019 онд Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа 55,000,000 төгрөг гэж үнэлсэн тул энэ үнэлгээгээр шаардана гэв.
2.Хариуцагч Нийслэлийн З газар шүүхэд болон төлөөлөгч Р.Амарсанаа, Б.Басхүү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т- нь 2007 онд Чингэлтэй дүүргийн хорооны Гудамж * тоотод 4х6 хэмжээтэй зуслангийн 2 модон байшин бүхий гурван айлын газрыг худалдаж авсан гэх нотлох баримт нь хавтаст хэрэгт байхгүй. Худалдах худалдан авах гэрээ байхгүй. Түүний 2018 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч газар дээр нь ирж үзсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, өнөөг хүртэл албан бичгээр хариу өгөөгүй, би 2018 оноос өнөөдрийг хүртэл байшиндаа гарч амьдарч чадахгүй байсаар эцэст нь өөрийн барьсан байшингаа буулгалаа гэх, мөн 2019 онд үер болоход дахин манай байшин руу ус орж байшингийн шалны бетон хагарч, тоосго нурж эхэлсэн тул би хүүхдүүдтэйгээ нийлж хашааны гадуур ус оруулахгүйн тулд бетон хамгаалалт цутгаж хийсэн гэж байгаа тайлбарууд эргэлзээтэй байна. Учир нь 2018 онд барьсан байшингаа буулгасан гэх боловч 2019 онд үер болоход манай байшин уруу ус орж байшингийн шалны бетон хагарч, тоосго нурж эхэлсэн гэх зөрүүтэй худал мэдээллээр нэхэмжлэл үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 онд Чингэлтэй дүүргийн хорооны Гудамж * тоот нураасан гэх байшин дээрээ 2019 онд Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас Ү-22** дугаарт бүртгүүлж гэрчилгээ авахдаа тухайн эд хөрөнгийг үнэлүүлсэн гэх материал нэхэмжлэлд хавсаргаагүй байна. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4. нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, 63 дугаар зүйлийн 63.1.6.үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр гаргахаар заасан. Иймд нэхэмжлэгчийн тус газраас нэхэмжилж буй 55,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бордюр дагасан ус зайлуулах хоолой байхгүй байна. Зураг зурсан зургийн компани, баталгаажуулсан компани буруутай” гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Ажил гүйцэтгэх гэрээ, өргөдөл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгосон гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон гэрчилгээ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 02-02/2488 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 02-07-109/403 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хорооны Засаг даргын 1021 тоот тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, Чингэлтэй дүүрэг Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын зураг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрэл зургуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлын АЗБ-2012/05 дугаар гэрээ, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлын С-АЗ-Б 2014-139 дугаар гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014/830 дугаар акт, гэрэл зургуудыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б, Ш.Б, З.Ч нарын гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч Нийслэлийн З газарт холбогдуулан хохиролд 65,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, 55,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2014 онд А ажил хийгдэж 2015-2018 оны хооронд яндан хоолойгүй хийснээс бороо орсон үед дээрээс замаа дагаад айлын жорлон, бохир тэр чигээрээ гол шиг урсан ирж, байшингийн маань тоосго нурж, 2021 оны 10 дугаар сард байшингаа буулгасан тул авто замыг зөв хийгээгүй буюу шар ус зайлуулах хоолой байхгүй, замыг зургийн дагуу тавиагүй буруутай гэж үзэж хариуцагчаас хохиролд 55,000,000 төгрөг гаргуулна. 2019 онд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000696893 дугаар гэрчилгээ авахдаа байшингаа 55,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, хохиролд 55,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлав.
6.Хариуцагч Нийслэлийн З газар нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Нэхэмжлэгч нь 2018 онд барьсан байшингаа буулгасан гэх боловч 2019 онд үер болоход манай байшин уруу ус орж байшингийн шалны бетон хагарч, тоосго нурж эхэлсэн гэх зөрүүтэй худал мэдээллээр нэхэмжлэл гаргасан. Батлагдсан зураг төслийн дагуу замын ажил хийгдэж Улсын комисс хүлээн авсан. Зурагт тусгагдсан ус зайлуулах хоолойг дутуу хийсэн орхигдуулсан зүйл байхгүй тул гэм буруугүй, Харин нэхэмжлэгч өөрөө орц гарц гаргаж усны голдирлыг буруу тийшээ чиглүүлсэн буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ажил гүйцэтгэх гэрээ, өргөдөл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгосон гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон гэрчилгээ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 02-02/2488 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 02-07-109/403 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хорооны Засаг даргын 1021 тоот тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, Чингэлтэй дүүрэг Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын зураг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрэл зургууд, хариуцагчийн хариу тайлбар, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлын АЗБ-2012/05 дугаар гэрээ, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлын С-АЗ-Б 2014-139 дугаар гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014/830 дугаар акт, гэрэл зургууд, Б.Б, Ш.Б, З.Ч нарын гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
8.Хариуцагч Нийслэлийн З газар нь Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлын АЗБ-2012/05 дугаар гэрээг гүйцэтгэгч Жэй Кэй Си ХХК-тай байгуулж, авто замын ажлын АЗБ-2012/05 гэрээг 3,434,204,899 төгрөгөөр гүйцэтгүүлэх, үүнээс Улсын төсвөөс 2012 онд 750,000,000 төгрөг, гүйцэтгэгч нь Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Мөн Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлын С-АЗ-Б 2014-139 дугаар гэрээгээр гүйцэтгэгч нь ажлыг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө ашиглалтад оруулна, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 230 дугаар тогтоолд заасны дагуу ажлын Нийт төсөвт өртөг 3,434,200,000 төгрөг байх бөгөөд үүнээс 1,019,800,000 төгрөгийг санхүүжүүлэгч энэхүү гэрээний дагуу олгоно” гэж тохиролцсон байна. /хавтаст хэргийн 158-203 тал/
9.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014/830 дугаар актаар “Чингэлтэй дүүргийн хороо, Нийслэлийн А газрын захиалгатай Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажил, Ашиглагч аж ахуйн нэгж байгууллага нь Чингэлтэй дүүргийн дэд бүтэц тохижилтын хэлтэс, Ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллага Жэй Кэй Си ХХК, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол шийдвэрээр зохион байгуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс нь уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай захиалагч байгууллагын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1010 дугаар мэдэгдлийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 25-ны өдөрт багтаан шинээр барьсан, өргөтгөл, шинэтгэл, их засварын ажлын чанар, холбогдох акт баримтуудтай танилцаад Чингэлтэй дүүргийн хороо, Нийслэлийн А газрын захиалгатай Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замыг Байнгын ашиглалтад оруулахаар зөвшөөрчээ. /хавтаст хэргийн 206-207 тал/
10.Гэрээг дүгнэсэн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн протоколд Захиалагч Нийслэлийн А газар, гүйцэтгэгч Жэй Кэй Си ХХК, гүйцэтгэгчээс ажил дууссан тухайн мэдэгдэл ирүүлсэн өдөр 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/191, гэрээний биелэлт: 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт гэрээ байгуулсан талууд Нийслэлийн авто З газрын Зам барилгын хяналтын хэлтсийн өрөөнд гэрээ дүгнэсэн. Гүйцэтгэгч байгууллага Жэй Кэй Си ХХК-ний 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/191 тоот албан бичгийн дагуу газар дээр нв очиж танилцахад А ажил бүрэн хийгдэж дууссан байна. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014/830 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар баталгаажуулж хүлээлгэн өгсөн байна. Нийт ажлын явц 100 хувьтай байна. Иймд үлдэгдэл санхүүжилтээс гэрээний дагуу барьцаа хөрөнгө 5 хувийн санхүүжилт буюу 171,596,034 төгрөгийг суутган авч үлдэхээр шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 204-205 тал/
11.Хариуцагчаас 2007 онд Чингэлтэй дүүргийн хорооны Гудамж * тоотод 4х6 хэмжээтэй зуслангийн 2 модон байшин бүхий газрыг худалдаж авсан гэх нотлох баримт нь хавтаст хэрэгт байхгүй гэж маргаж, нэхэмжлэгч Г.Т- нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө Эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч байгаагүй. гэрчилгээг хожим авсан. 2015-2018 оны хооронд манай байшин руу ус орж байшингийн шалны бетон хагарч, тоосго нь нурж эхэлсэн гэж тайлбарлав.
12.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн хороо, Жигжид 23 гудамж, * тоот хаягт байршилтай 133,4 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22* дугаарт бүртгэж улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр олгосон, Чингэлтэй дүүргийн хороо, Жигжид 23 гудамж, * тоот хаягт байршилтай, ** нэгж талбарын дугаартай, 620 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хөрөнгийн өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэж улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон байна. /хавтаст хэргийн 34, 40 тал/
13.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.
14.Нэхэмжлэгч Г.Т- нь 2007 онд Чингэлтэй дүүргийн хорооны Гудамж * тоотод 4х6 хэмжээтэй зуслангийн 2 модон байшин бүхий газрыг худалдаж авч өмчлөх эрхтэй байсан болохоо баримтаар нотлоогүй, мөн хожим буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээ авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.
15.Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаас Нийслэлийн авто З газарт хандан “Тус газарт ирүүлсэн автозамуудын эвдрэлүүдэд дүгнэлт гаргах тухай албан бичгийг газрын дэд захирлын баталсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-02/139 дугаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн хороо, Өвөр гүнтийн авто зам, Жигжид зуслангийн авто зам Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбын уулзвар Япон цэргийн цогцолбор Шадивлангийн уулзваруудын эвдрэлтэй хэсгүүдэд Нийслэлийн авто З газрын Зам засвар ашиглалтын хяналтын хэсгийн ахлах мэргэжилтэн Д.Заансүх, А хяналтын мэргэжилтэн Т.Эрдэнэчимэг нартай хамтран 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигжидийн зуслангийн авто зам нь 1.5 км урт 7 м өргөн хатуу хучилттай зам бөгөөд замын урд талаар өөрийн шуудуутай, авто замд ус зайлуулах хоолой нэг байршилд d=0.5м дан хоолойтой. Гүнтийн авто зам нь 5.0км урт 1.5м өргөн явган хүний замтай тус замууд нь одоогийн байдлаар замын нийт уртад бүтцийн эвдрэлд орсон. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороон нутаг дэвсгэрт байрлах Дамбын уулзвар-Япон цэргийн цогцолбор Шадивлангийн уулзварууд хүртэлх зуслангийн авто зам нь 5.3км урт, 7м өргөнтэй хатуу хучилттай авто зам, өнөөдрийн байдлаар хэсэг, хэсэг газартаа бүтцийн эвдрэлд орсон нь авто замын тухай хуулийн 23.1 дэх авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна. 23.3.1 дэх авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах; 23.3.7 дахь авто замаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү овор, даацтай болон тусгай хамгаалалтгүй гинжит дугуйтай тээврийн хэрэгсэл зорчихоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих; тухай хуулийн заалтууд зөрчигдөж байна. Дээрх байдлаас үндэслэн дүгнэх нь: Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигжидийн зуслангийн авто зам нь 1.5 км урт хатуу хучилттай зам, Гүнтийн чиглэлийн 5.0км урттай хатуу хучилттай авто зам, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороон нутаг дэвсгэрт байрлах Дамбын уулзвар-Япон цэргийн цогцолбор Шадивлангийн уулзварууд хүртэлх зуслангийн авто зам нь 5.3км урт, хатуу хучилттай авто замуудын нийт уртад болон хэсэг хэсэг газартаа бүтцийн эвдрэлд орж авто машины хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхэд осол аваар гарах өндөр эрсдэлтэй тус тус авто замуудыг замын нийт уртад шинэчлэн сайжруулах шаардлагатай” гэх 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-07-109/403 дугаар дүгнэлт гаргажээ. /хавтаст хэргийн 37-38 тал/
16.Хариуцагч Нийслэлийн З газар батлагдсан зураг төслийн дагуу замын ажил хийгдэж Улсын комисс хүлээн авсан. Харин нэхэмжлэгч өөрөө орц гарц гаргаж усны голдирлыг буруу тийшээ чиглүүлсэн буруутай гэж маргаж байна.
17.Нэхэмжлэгч Г.Т- нь Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч нь та ямар арга хэмжээ авсан гэж асуугаад байсан болохоор нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Бтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж шуудуу татаж, хоолой суулгах ажил хийлгэсэн гэх тайлбар нь гэрч Б.Бын “2019 оны наадмын баярын өмнө байшингийн дээрээс орж ирж байгаа усны үндсэн бөөгнөрөл, үерийн тогтдог хэсгийг хамгаалахын тулд хашааны урдуур эхний хэсэгт эсгийгээр бетон ажлыг 2 хүнтэй хамт хийсэн. 2 ширхэг хоолой авч ирээд ухаад булаад замын 2 талаар тоосгон байгууламжтай усны хаялгатай юм хийж өгсөн” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрэл зургууд, хариуцагчаас ирүүлсэн гэрэл зургуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 29-30 тал, 20-28 тал, 153-157 тал/,
18.Нэхэмжлэгч Г.Т- нь дээрх ажлыг гүйцэтгүүлэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, байшингаа буулгаад хураасан гэж тайлбарлаж байх ба өмнө нь ус зайлуулах хоолой байсан болох нь гэрч Д.Батдэлгэрийн “Манай тэнд СОТ-2, 3 амралт руу явдаг сайжруулсан хайрган зам байсан. Ус зайлуулах цагирган кольца байсныг авч хаяад засмал зам тавьсан. Боржуурандаа ус бөөгнөрөөд эдний хашаанд бүр их төвлөрдөг. Ойрхон цагираг руу орохгүй, замын доод айлын хашаа руу ус нь орчихдог, ганц эднийх биш олон айл руу ус ордог” гэх мэдүүлэг, мөн хувийн сууцаа буулгасан тухайд гэрч З.Ч “2021 оны 4 сард ирээд 7 сар хүртэл нурааж буулгасан. Гарааш нь хүртэл салаад явах дөхсөн байсан” гэж мэдүүлсэн. /хавтаст хэргийнх 114-123 тал/
19.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж нэхэмжлэгч үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч зөвшөөрөлгүйгээр өөрөө орц гарц гаргах, шуудуу татаж усны голдирлыг өөрчлөх, хувийн сууцаа буулгах замаар саад болж байгаа үйлдлийг зогсоох нь үндэслэлтэй гэж үзэхээргүй байх ба илүү эдийн засгийн ашигтай аргаар шийдвэрлэх боломжтой байжээ.
20.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардаж, урд нь байсан цементэн хоолойг аваад өөр хоолой суулгасан бол ус орохгүй байсан гэж маргаж, хариуцагч нь ус зайлуулах хоолой 700 метрийн доор байхаар зурагт тусгагдсан бөгөөд тус хоолой хийгдэж Улсын комисс хүлээн авсан гэж мэтгэлцэв.
21.Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
22.Хариуцагч Нийслэлийн З газар нь Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5,0 км авто замын ажлын АЗБ-2012/05 дугаар гэрээг гүйцэтгэгч Жэй Кэй Си ХХК-тай байгуулж, авто замын ажлын АЗБ-2012/05 гэрээ болон батлагдсан зураг төслийн дагуу замын ажил хийгдэж Улсын комисс хүлээн авсан байх ба Зурагт тусгагдсан ус зайлуулах хоолойг дутуу хийсэн, орхигдуулсан гэх хариуцагчийн гэм буруутай үйлдэл, шалтгаант холбоо тогтоогдоогүй тул Нийслэлийн З газарт холбогдох хохиролд 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
23.Иргэдийн төлөөлөгч Д.Гантулга нь шүүх хуралдаанд “А зураг зурсан зургийн компани, зургийг баталгаажуулсан байгууллага буруутай” гэсэн дүгнэлт гаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий гэж үзэв. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Нийслэлийн З газрыг буруутай гэж үзээгүй байна.
24.Тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2022/09695 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх тухай хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 482,950 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг хасч, үлдэх 412,750 төгрөгийг төлөх хугацааг анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Г.Т- нь нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, хохиролд 55,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 362,750 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Нийслэлийн З газарт холбогдох хохиролд 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 362,750 төгрөг нөхөн гаргуулж Улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА
Т.ЭНХТУЯА