| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0327/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/379 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/379
2025 08 25 2025/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Халиунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн /****дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг А19 тоотод өөрийн эзэмшлийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Бгэр бүлийн харилцааны улмаас маргалдаж түүний зүүн нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Б:
“Би тухайн өдөр эхнэртэйгээ муудсан. Тухайн үедээ жаахан муудсан байсан. Бид хоёр хоёулаа уучихсан байсан. Тэгээд цохисон.” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн /****дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг А19 тоотод өөрийн эзэмшлийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Бгэр бүлийн харилцааны улмаас маргалдаж түүний зүүн нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.Бийн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 04 цаг өнгөрч байхад Төв аймгийн Зуунмод сумын 4-р баг а-19 тоотод гэртээ хамтран амьдрагч Ц.Б нь архи уусан үед намайг шалтгаангүйгээр миний зүүнэ талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би Ц.Быг унтуулсан. Тэгээд тухайн өдрийн өглөө 08 цагт манай хамтран амьдрагч Ц.Б нь сэрээд миний утсыг булаагаад гэрээс гараад явсан. тэгээд би араас нь хөөж яваад Номт хүнсний дэлгүүрийн хажуунаас Ц.Боос гар утсаа авч цагдаад дуудлаг өгсөн ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 тал/,
Шүүгдэгч Ц.Бын сэжигтнээр “...Би 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төав аймгийн Зуунмод сумын 4- баг а-19 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Бийн хамт шөнийн 04 цагийн орчимд гэрийнхээ галыг түлэх гээд байж байтал манай хамтран амьдрагч Б.Б нь надад хандаж миний өмнөх эхнэрийг шоронд орсон гэж муугаар яриад байхаар нь би уурандаа Б.Бийн нүүрэн хэсгийн зүүн нүд орчимд гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би тухайн үед унтаад өгсөн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаартай “...Б.Бийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 11-12 тал/,
Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 43-44 тал/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“...Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 4-р баг А-19 тоотод өөрийн эзэмшлийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Бгэр бүлийн харилцааны улмаас маргалдаж түүний зүүн нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Яллагдагч болон хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Б нь хохирогчтой 3 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Гэр бүлийн баталгаагүй болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.Бийн зүгээс хохирлын баримт, эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй талаар 2 удаагийн мэдүүлгээр мэдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Б бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа:
“...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хамтран амьдрагч Б.Бийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй. Иймд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хөнгөрүүлэх байр сууриа дэмжиж оролцож байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Б:
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм асуудал гаргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Б.Халиунаа нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид
заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Ц.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Ц.Б хохирогч Б.Бийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Ц.Б нь хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний зардалтай холбоо баримт гаргаж өгөөгүй, мөн шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хариуг ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.Б бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“...Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Б нь 4 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа:
“...Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хэм хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн эрхэлсэн тодорхой ажилтай, сарын 1,000,000 төгрөгийн цалинтай тул торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Мөн цагдан хоригдсон хоногийг биечлэн эдлэх ялд оруулан тооцох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Б:
“...Хэлэх үг байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.
Бусад асуудал
Эрүүгийн /****дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний зорчих эрхий хязгаарлах ялаас хасч, зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн /****дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН