2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох  эрүүгийн 2507 00000 0209 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Налайх дүүрэг, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь Налайх дүүргийн *******ны замд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн ******* улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолооны эрхээ хасуулсан үедээ 0.76 хувийн согтолттой жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 1,1 промилл, амьсгал дахь спиртийн агууламж нь 0,76% байхдаа Налайх дүүргийн *******ны замд Toyota Prius 30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос 2 найз ирээд шөнийн 00 цагийн үед найзынхаа машинд пиво уугаад найзууд эхнэрээрээ машинаа бариулаад хот руу явахаар нь би дэлгүүрээс гоймон авч гэртээ очиж идэх гээд өөрийнхөө машиныг барьж явахад замд цагдаа зогсоож шалгасан...2025 оны 01 дүгээр сард эрхээ хасуулсан. Цагдаа драгер багажаар үлээлгэж шалгахад 0,76% гарсан...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/5236 дугаартай “Б.******* гэж хаяглан ирүүлсэн цусны дээжээс 1.1 промили спиртийн агууламж илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт,

Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн жолоочийн лавлагаа,

Шүүгдэгч Б.*******т холбогдуулан авсан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ЗШ/60 дугаар шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт үйл баримтын талаар хамааралтай нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гарган өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба  түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд  шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж ял эдлэх орлогын бодит байдлыг уялдуулан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД