| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0204/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/311 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/311
2025 09 16 2025/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч П.Н*********,
Хохирогч П.Н*********ын өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран,
Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э*********гийн Т*********д холбогдох эрүүгийн 243800********* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч **************** нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах “Ц*********” ХХК-ийн гадна иргэн П.Н*********тай маргалдаж зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6, 12 дугаар багийн замын уулзвар зам дээр иргэн Ч.Н*********ийг зодож зүүн дээд зовхинд шарх, дух, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах “Ц*********” ХХК-ийн гадна иргэн П.Н*********тай маргалдаж зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6, 12 дугаар багийн замын уулзвар зам дээр иргэн Ч.Н*********ийг зодож зүүн дээд зовхинд шарх, дух, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 243800********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад Н********* гээд хүн ирж үйлчлүүлсэн. Тухайн үед надаас өмнөх сарын Нөатын шивэлтийг шалгаад өгөөч гээд асууж байсан юм. Тэрийг шалгах явц нь болохоор өөрийнх нь банкных нь зарлагыг нь байж шалгах боломжтой болохоор түүнийг тайлбарлаж өгсөн. Тэгэхэд өөдөөс шууд намайг ажлаа хийж чадахгүй наанаасаа шалгаад өг гээд ер нь бол нэг дарангуйлсан байдалтай харьцсан. Тэгээд ерөөсөө шаардлага биелүүлээгүй энийг чинь би дараа өгье гээд тэр хүнд хэлсэн чинь яваагүй намайг хэл амаар доромжлоод зогсоод байсан. Тэгээд би түлхсэн чинь намайг шууд цохиод авсан. Тэгээд бид хоёр зууралдаад зууралдах явцдаа хамрынх нь хавьцаа гараараа нударсан чинь хамраас нь цус гоожчихсон. Тэгээд нэг ажлынхаа дүү болох М********г ус хийгээд ир гээд цусыг нь угаалгаад тэгээд тэр хүн гадаа үлдээд би оффис дотроо сууж байсан буцаж орж ирээд явахгүй хэрүүл өдөөд зогсоод байхаар нь би түлхээд оффисоосоо гаргаад хаалга хаах гэсэн чинь намайг Н********* гэдэг хүн шууд цохиод авсан. Тэгээд дахиж маргалдаад байж байсан чинь хамт явж байсан нэг хүн нь дундуур орж ирж бид хоёрыг салгасан юм. ...Тухайн өдөр 11 цагийн үед Номин худалдааны төв орж гэртээ юм авах гээд авто тээврийн товчооны хажууд явж байсан чинь миний машины урд тал руу эсрэг урсгалаас нэг машин гарч ирээд шууд миний урдуур орсон. Харин би машинаа зогсоогоод тухайн машины араас арай ч оролгүй тогтоож авсан. Тэгээд тэр машины ахад хандаж та яаж яваад байгаа юм бэ, аваар хийлээ ш дээ гэсэн чинь тэр ах машинаасаа бууж ирээд намайг ямар сүртэй пизда вэ гэж ирээд миний машины хаалгыг гаднаас нь хөлөөрөө тогтоож байгаад цонхоор миний нүүр хэсэг рүү 3-5 минут орчим намайг цохиод байсан. Би машинаасаа буух гэсэн чинь бууж болохгүй байсан болохоор би машинаа хальт урагш нь болгож байгаад машинаасаа буугаад нөгөө хүн дээр очоод бид хоёр хоорондоо зууралдаад харилцан зодолдоод тэр хүний гадуур өмсөж явсан гэх куртик нь сугараад толгой хэсэгт очиход нь би 2-3 удаа цохисон...Би одоо дахин чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Өөрийн болчимгүй үйлдлээсээ болж хоёр хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Н*********ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би өглөө 09 цаг 30 минутын үед Төмрийн худалдаанаас төмөр авахаар очоод төмөр аваад тооцоогоо хийгээд тэгээд өмнө нь авсан төмрийн НӨАТ-ын баримтыг шивээд өгөөч гэсэн чинь худалдааны менежер хийдэг залуу Т********* гэх залуу миний урдаас чадахгүй гэсэн. Тэгээд би зогсож байгаад зарлагаа шалгах гэсэн чинь намайг шууд заамдаад авсан. Тэгээд заамдаж аваад салсан. Би босож ирээд утасныхаа зарлагаа хараад зогсож байсан чинь миний нүүр рүү нэг удаа цохисон, хамраас цус гарсан. Тэр залуу энэ нэг нөхөрт ус хийгээд өгчих гэж хэлээд байсан. Нүүр гараа угаачхаад тэр залуугийн өрөө рүү орсон чинь зайлаач гэж доромжлоод байсан. Би өрөөнөөс гараад ирсэн чинь араас ирэхээр нь манай хоёр ажилтан О*********, О****** нар тэр залууг барьж авсан чинь тавиач гээл тэгээд тавьсан чинь миний эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн...сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг, эмчилгээний зардалд 3,386,222 төгрөг, шатахууны зардал 1,209,349 төгрөг, буудлын зардал 570,000 төгрөг, бусад зардал 299,300 төгрөг, цалин 4,290,000 төгрөг нийт 18,328,271 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр олох ёстой байсан орлого болох 200,000,000 төгрөгийн нэмж нийт 218,328,271 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Н*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 6, 12-р багийн асфальтан замтай уулзвар дээр явж байтал 3****** ХӨВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус маркийн автомашин зүүн талаар шахаар ороод ирэхээр нь би цонхоо онгойлгоод яасан гэсэн чинь тэр машины жолооч залуу яаж яваад байгаа юм гээд татаж байсан тамхиа цонхоор шидсэн. Тэгэхээр нь би яаж яваад байгаа юм, яагаад байгаа юм чи гээд бууж очиход тэр залуу машиндаа сууж л байсан. Тэгээд би тонгойгоод цонхоор нь чи яаж байгаа юм гэсэн чинь урдаас чи яаж яваад байгаа юм гэж маргалдсан. Маргаан болсон шалтгаан бол би тухайн машиныг наахан талд явахад зайг харж байгаад туслах замаас төв зам руу урдуур нь орчихсон юм. Тэгж байтал намайг машин дотроосоо хоёр гараараа татаад 2-3 удаа нүүр рүү мөргөж гараараа цохисон. Би ч мөн зөрүүлээд 2-3 удаа хацар руу нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 104-р хуудас),
Гэрч Б.О*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа очоод материалд Н*********, О********* бид гурав төмөр худалдаалах газар руу очоод тавь гаран дөрвөлжин төмөр авсан. Тэгээд Н********* тооцоогоо хийхээр болсон. О********* бид 2 машиндаа сууж байхад хэсэг хугацааны дараа Н********* хүнд түлхүүлээд гараад ирэхээр нь харж сууж байгаад очсон. Тэгсэн чинь хамраас цус гарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд тооцоо хийдэг залуу бололтой түлхэж гаргачхаад яваад орсон. Тэгээд бид 3-лаа ороод юу болоод байгаа гэсэн чинь Н********* урьд нь авсан НӨАТ-ын баримтаа авах гэсэн юм шиг байна лээ. Тэгээд маргалдсан юм шиг байсан. Тэр тооцоо хийдэг залуу бид нарыг гар зайл миний эзэмшлийн газраас зайлцгаа гээд гаргасан. Бид гурав гадаа зогсож байтал нөгөө залуу гарч ирээд Н*********ын гуя хэсэг рүү 2 удаа өшиглөхөөр нь бид 2 салгасан боль одоо гээд О********* нөгөө тооцоо хийдэг залууг аваад би Н*********ыг аваад 2 тийшээ болгосон. Тэгсэн чинь нөгөө тооцоо хийдэг залуу дахиж гүйж ирээд төмсөг хавьцаа руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд ирээд зууралдаад дахиад цохиод байсан. Тэгснээ мод бариад та нарыг ална гээд байсан. Бид нар ч яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),
Гэрч М.О*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа очоод материал авахаар Н*********, О********* бид 3 Төмөр худалдаалах газар руу явсан. Очоод 50 ширхэг квадрат төмрөө ачиж дуусгаад Н********* тооцоогоо хийчхээд ирий гээд явсан. О********* бид хоёр машиндаа сууж байхад удалгүй Н********* хүнд түлхүүлээд гараад ирэхээр нь бид хоёр яваад очсон. Н*********ын хамраас цус гарсан харагдаж байсан. Тэгээд та 2 боль гэж хэлсэн чинь менежер бололтой залуу нь болихгүй байхаар нь дундуур нь ороод тэр хоёрыг салгасан чинь манай газраас зайлцгаа та нар гээд орилоод байсан. Тэгснээ нэг мэдсэн чинь Н*********ын баруун талын цавь орчим руу нэг удаа өшиглөсөн. Мөн мод бариад Н********* руу дайраад байсан. Дотор хамар руу нь цохисон юм шиг байна лээ, хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),
Гэрч П.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өглөө би ажил дээрээ байж байтал манай ах П.Н********* Мөрөн сумын 14 дүгээр хороонд байдаг төмрийн худалдааны хашаан дотор хүнд зодуулчихлаа гэж сонсоод би яваад очтол манай ах Н********* бас хамт явж байсан О*********, О********* нартай төмөр худалдан авахаар очоод байгууллагын менежер Т********* гэдэг залуутай маргалдаад нүүрээ цохиулаад, төмсөг рүүгээ өшиглүүлсэн байдалтай байсан. Тэгээд би тэр Т********* гэдэг залуутай юу болсон талаар ярилцах гэтэл тэр залуу мэдрэл мэдрэл юм яриад та нар энэ олноороо цугларч намайг зодох гэж байгаа юм уу бүгдээрээ байшингийн ар руу орох уу нэг нэгээрээ надтай үзэх үү, би та нарыг нэг нэгээр чинь алах уу, би танил тал ихтэй, та нар яваад заргалдаад юм олж долоохыг чинь харъя гээд гартаа турбо төмөр барьчхаад зогсоод байсан. Би өөрийн танил Л*********тэй очиход зүгээр зогсоод байсан. Л********* рүү хүртэл дайраад байсан. Би тэр залууг хүний эмзэг эрхтэн рүү өшиглөж зодчихоод уучлалт гуйгаад гэмших юм байх гэж бодсон чинь ямар ч гэмшсэн шинжгүй байсан болохоор би ганц нэг үг хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),
Гэрч Я.Л*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Н********* ахын барилгын ажлыг хийж байсан юм. Тэгээд барилгын материал дутаад Н********* ах манай хоёр ажилтан болох О*********, О********* нартай хамт төмөр авахаар өглөө явсан. Тэр гурав яваад ирэлгүй нилээн удаад байхаар нь би О********* рүү утсаар залгаад ирж байна уу, яасан удаж байна гэтэл О********* Н********* ахыг нэг залуу зодчихлоо хамраас нь цус гараад байна гэхээр нь би Н********* ахын дүү Б*********а руу утсаар хэлээд би өөрөө очиж үзье гэж бодоод 14-р хороонд байх төмрийн худалдаан дээр очиход тухайн худалдааны менежер Т********* гэдэг залуу Н********* ахын төмсөг рүү өшиглөсөн байдалтай, барилгын хашаан дотроо орилсон хашхирсан байдалтай, та нар яаж гэж байгаа юм, бүгдийг чинь ална шүү амжихгүй шүү, манай газар нутгаас зайл гээд гартаа турбо төмөр барьчихсан хүмүүс рүү орилоод мэдрэл мэдрэл юм яриад байхаар нь Б*********а ах тэр залуутай хэрэлдээд чи яагаад худалдан авагчаа зоддог юм гээд тэр хоёр маргалдсан гэхдээ тэр хоёрын хооронд зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Гэрч А.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ажилдаа очоод гагнуураа хийгээд байж байтал 3 хүн төмөр авахаар ирсэн. Би төмрийг ачиж өгчхөөд ажлын байран дээрээ очоод гагнуураа хийж байтал хүмүүс орилолдоод маргалдаад байхаар нь очоод хартал манай менежер Т********* нөгөө төлбөр тооцоо хийхээр орсон ахтай маргалдаад хэрэлдээд байсан. Тэр ах Т********* рүү орилоод чамайг ална, би хүмүүс дуудчихсан байгаа гээд байсан. Би оффис дотор юу болсныг хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),
Гэрч С.М*********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Салгах үед Т********* ах хөл алдаж унаад унахдаа хөлөө саваад унасан. Тэгэхдээ өшиглөсөн байж магадгүй. Би бол өшиглөхийг нь нүд дагуулан хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...П.Н********* нь 2,015,432 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас),
Шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие Н*********ын биед нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад үндэслэн нэмэлт шинжилгээ хийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57-р хуудас),
Шинжээч Х.Өлзийнарангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн хүний биед үзлэг хийхийн өмнө болон хэргийн товч асуумж биед илэрч байгаа зовуурийн талаар асуухад хамар руу цохисон гэж яриагүй болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 8-9-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай: “...1. П.Н*********ын биед төмсгөнд няцралт, цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журмын 4.5.2-т зааснаар гэмтийн хүнд зэрэгт хамаарна.
3. 2024.10.14-ний өдрийн 519 тоот дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт орсон болно...” гэх дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 76-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 100-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 571 дугаартай: “...1. Ч.Н*********ийн биед зүүн дээд зовхинд шарх, дух, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Ч.Н*********ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 112-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 457 дугаартай: “...1. П*********ын Н********* /РД:РГ********/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.
2. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 151-152-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/640 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд П.Н********* нь 2024.10.09-ны өдөр Урологийн эмчид үзүүлж төмсөг болон төмсөгний дайврын үрэвсэл оношоор төмсөг сойх, хэвтрийн дэглэм, халдварын эсрэг болон өвдөлт, үрэвсэл намдаах эмчилгээ бичүүлж авсан байна. Мөн 2024.10.20-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудсанд бичигдсэнээр 10 сарын 10-нд төмсөг рүүгээ өшиглүүлсэн, хоёр хоногийн дараагаас 2 хоног халуурсан, гэрээр эм тариа хэрэглээгүй байна гэж тэмдэглэгджээ.
2. П.Н*********ын биед хийгдсэн 2024.10.18/11.07-ны өдрийн хэвлийн хөндийн эхо зургууд болон бага аарцгийн хөндийн тодосгогчтой СРТомограммуудад баруун төмсөг зүүнтэй харьцуулахад хэмжээгээр жижгэрсэн, баруун төмсөгт 4 тооны дугуй, зууван хэлбэрийн цус хуралт, үрэвслийн шингэний нягттай ойролцоо нягтрал ихэссэн голомтот өөрчлөлттэй, орчны эдэд тархмал хавантай байна. Өөрөөр хэлбэл гэмтлийн гаралтай төмсөгт няцрал үүсэж, үрэвслийн процесс явагджээ.
3. 2024.10.14-ний өдрийн №519 тоот шинжээчийн дүгнэлт гарах үед П.Н*********ын баруун төмсөгт үхжил үүсэж мэс заслаар авагдаагүй байсан тул тухайн үедээ үндэслэлтэй байжээ. 2024.11.20-ны өдрийн №579 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, баруун төмсөг мэс заслаар авагдсан нь үлдэц уршигт гэмтэлд хамаарах тул хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журмын 4.5.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 167-172-р хуудас),
Хохирогч П.Н*********ын эмчилгээний карт (хх-ийн 173-189-р хуудас),
2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн компьютерт томографийн оношилгоо (хх-ийн 197-р хуудас),
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны 5308*********тоот дансны хуулга,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 116, 120-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 60, 117, 121-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 118-р хуудас), 2022 оны 10 дугаар сарын 08-ний өдөр төрсөн охин Т*********гийн Э*********гийн төрсөний гэрчилгээний хуулбар (хх-ийн 62-р хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 61-р хуудас), дипломын хуулбар (хх-ийн 63-р хуудас), “Ц*********” ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 64-р хуудас), Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 254 дугаар тогтоолын хуулбар (хх-ийн 67-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 119-р хуудас), өвөө Н.Б*********ийн эрүүл мэндийн картын хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргын тодорхойлолт, эмээ П.Ц*********гийн эрүүл мэндийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 243800********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд шүүгдэгч нь 10,439,220 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс сэтгэцэд учирсан гэм хор уршгийн нөхөн төлбөрт 7,920,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************** нь өөрийн хууль бус үйлдлээс үүдэн бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа. Мөн өөрийн үйлдлээс болж бусдад учруулсан хор уршиг, эрүүл мэндээсээ шалтгаалан ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон зэрэг хууль зүйн үр дагаврыг маш сайн ойлгож, ухамсарлаж байгаа. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруугийн тал дээр улсын яллагчийн дүгнэлтийн дагуу гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.
Хохирогч П.Н*********ын өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Түүний эрүүл мэндэд учирсан хохирлоос гадна сэтгэцэд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх нь зүй ёсонд нийцнэ. Шүүх шинжилгээний ерөнхий газраас хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэрэглэл тогтоогдсон гэж дүгнэсэн. Уг гэмт хэрэг үйлдсэн 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Тиймээс 660,000 төгрөгийг 12.99 дахин үржүүлэн тооцож 8,573,400 төгрөгийг сэтгэцэд учирсан хор ургийн нөхөн төлбөрт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...Улсын яллагчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжиж оролцож байна. Олох ёстой байсан орлого 200,000,000 төгрөг, нийт 218,328,271 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 10,439,220 төгрөгийг хасаж тооцно...” гэв.
Шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч **************** нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах “Ц*********” ХХК-ийн гадна иргэн П.Н*********тай маргалдаж зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6, 12 дугаар багийн замын уулзвар зам дээр иргэн Ч.Н*********ийг зодож зүүн дээд зовхинд шарх, дух, дээд уруулд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Н*********ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.О*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас), гэрч М.О*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас), гэрч П.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас), гэрч Я.Л*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас), гэрч А.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас), гэрч С.М*************н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас), шинжээч Х.Өлзийнарангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 59-р хуудас), хохирогч Ч.Н*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 104-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 8-9-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай дүгнэлт (хх-ийн 37-р хуудас), эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 76-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 100-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 571 дугаартай дүгнэлт (хх-ийн 112-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 457 дугаартай дүгнэлт (хх-ийн 151-152-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/640 дугаартай дүгнэлт (хх-ийн 167-172-р хуудас), хохирогч П.Н*********ын эмчилгээний карт (хх-ийн 173-189-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Н*********ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч П.Н*********ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ****************гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирогч Ч.Н*********ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч П.Н*********ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл тус тус учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч **************** нь хохирогч Ч.Н*********ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч П.Н*********ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан байна. Хохирогч Ч.Н********* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч ****************г хохирогч Ч.Н*********ид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч П.Н********* нь сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг, эмчилгээний зардал 3,386,222 төгрөг, шатахууны зардал 1,209,349 төгрөг, буудлын зардал 570,000 төгрөг, бусад зардал 299,300 төгрөг, 3 хүн авч ажиллуулсаны цалин 4,290,000 төгрөг, олох ёстой байсан орлого 200,000,000 төгрөг, нийт 218,328,271 төгрөг нэхэмжилсэн байна.
Хохирогч П.Н*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн дараах: 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тогт Үн Стор ХХК-ийн 39,700 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Си Юү дэлгүүрийн 15,600 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Си Юү дэлгүүрийн 33,600 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Си Юү дэлгүүрийн 400 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Си Юү дэлгүүрийн 10,500 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Си Юү дэлгүүрийн 4,400 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Юуна рестораны 61,100 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Юуна рестораны 65,400 төгрөгийн Е баримт, нийт 230,700 төгрөгийн баримтууд нь эмчилгээнд зарцуулагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар: 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Мед траума ХХК-ийн 570,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн НИК шатахуун түгээх газрын 60,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шунхлай шатахуун түгээх газрын 118,305 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тунамал эмийн сангийн 58,800 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол худалдааны төвийн 4,500 төгрөгийн Е баримт, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тунамал эмийн сангийн 32,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Мөнгөнгүүр эмнэлгийн 320,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Тунамал эмийн сангийн 46,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн НИК шатахуун түгээх газрын 30,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мөнгөнгүүр эмнэлгийн 20,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тунамал эмийн сангийн 18,900 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Тунамал эмийн сангийн 4,480 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар эмнэлгийн 50,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Рашаан тун ХХК-ийн 181,400 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар эмнэлгийн 25,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар эмнэлгийн 11,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 161,087 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үлэмж эмийн сангийн 15,240 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ти Эйч Ти ХХК-ийн 450,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн НИК шатахуун түгээх газрын 129,619 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар эмнэлгийн 14,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн НИК шатахуун түгээх газрын 147,009 төгрөгийн Е баримт, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ПетроСтар ХХК-ийн 130,016 төгрөгийн Е баримт, нийт 2,597,356 төгрөгийн хохирол тогтоогдож байна.
Хохирогч П.Н********* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжилж байх бөгөөд шүүхээс шүүгдэгч ****************гийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,573,400 төгрөгөөр тооцлоо.
Шүүгдэгч Б.Т********* нь шүүхээс тогтоосон гэм хорын хохирол 2,597,356 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол 8,573,400 төгрөг, нийт 11,170,756 төгрөгийн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,015,432 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч П.Н*********ын нэхэмжилсэн бусад зардал 2,867,515 төгрөг, 3 хүн авч ажиллуулсаны цалин 4,290,000 төгрөг, олох ёстой байсан орлого 200,000,000 төгрөг, нийт 207,157,515 төгрөгийн гэм хорын хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч П.Н********* нь 207,157,515 төгрөгийн гэм хорын хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй байна...Шүүгдэгч ****************гийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 11,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хохирогч Н*********ид 1,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Хохирогч П.Н*********ад 11,260,756 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан төлбөр болох 2,015,432 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч **************** нь нийт 14,276,188 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж байна. Шүүхээс оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнд цээрлүүлж, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Тиймээс торгох ялыг оногдуулснаар цаашид хохирогчийн хохирлыг төлж барагдуулах зэрэг хохирогчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээх боломжтой байна. Торгох ялын хэмжээний хувьд ямар нэгэн саналгүй байна. Шүүх өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс бусад орлогыг үндэслэн хэсэгчлэн төлүүлэх боломж олгож өгнө үү, хуульд заасан. Тиймээс торгох ялыг хэсэгчлэн төлөх боломжоор хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хохирогч П.Н*********ын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх байх. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь ам бүл 4, өвөө, эмээ, бага насны хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны охиноо асарч халамжилдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,600,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгалаа.
Эрүүгийн 243800********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М******* овогт Э*********гийн Т*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э*********гийн Т*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11,600 (арван нэгэн мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,600,000 (арван нэгэн сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************д оногдуулсан 11,600 (арван нэгэн мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,600,000 (арван нэгэн сая зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.
7. Эрүүгийн 243800********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Н********* нь 207,157,515 төгрөгийн гэм хорын хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР