| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.******* даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч Г.Ганбагана,
Хохирогч Я.*******,
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тугтан овогт Лхагваагийн ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.******* нь Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр *******д 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэртэй хардсаны улмаас Я.*******ыг түлхэн унагааж цээж хэвлий, нүүр рүү нь цохиж “өвчүү ясны далд гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эхнэртэйгээ ажилдаа гарсан. Машины дугуй хагарчихсан байхаар нь автобусны буудал руу ажилдаа явах гээд явчхаад эргээд ирсэн чинь машинд нь өөр эрэгтэй хүн сууж байхаар нь хардаад ийм зүйл болсон...” гэв.
Хохирогч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Шүүгдэгчийн ярьж байгаа бүгд үнэн. Миний хажуугаар явахад дугуйных нь хий гарчихсан байхаар нь дуудаад дугуй чинь ингэчихсэн байна гээд хэлсэн . Надад 7 хоногийн мөнгө өгсөн. Ажилд яваагүй 15 хоногийн мөнгө 2,250,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна Шинээр нэхэмжлээд байгаа ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримт байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Я.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дэлгүүр орж тамхи авах гээд явж байхад нэг эмэгтэй машин дотор хойд дугуй нь эргэхгүй явж байхаар нь би гараа өргөөд машиныхаа карданыг буулгаарай тэгэхгүй бол болохгүй шүү гэж хэлэхэд баярлалаа гээд явсан. Эргээд нөгөө бүсгүйн хажууд ирэхэд “ахаа танд баярлалаа, та ганц виски татчих” гэхээр нь би өгсөн вискиг нь уугаад зогсож байхад нөхөр нь ирээд “ямар шалтгаантай хүн бэ гэхэд эхнэр нь наад хүн чинь надад тусалсан хүн” гэж хэлээд байхад шууд намайг эрүү, нүүр рүү цохиж зодсон. Тэгээд би зугтаагаад явсан. Миний дээд доод жавж бяцарсан, өвчүүний доод хэсгээр хавирга хугарсан гэмтэлтэй байна... ” гэх мэдүүлэг /хх-10-11 дэх тал/,
Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ Налайхын урд замд машин дотроо сууж байхад ******* гарч ирэхээр нь машины дугуйны хий гарчихсан байна чи янзлаад өгөөч гэхэд би ажил руугаа явлаа гээд явсан. ******* явсны дараа би тэр хавиар явж байсан хүнийг гуйж дугуйгаа янзлуулж байсан чинь гэнэт хаанаас ч юм ******* гүйж гарч ирээд намайг тайлбарлахын учиргүй шууд тэр хүнийг гараас нь татаж газар унагаад хоёр гурван удаа цээж хэсэг рүү цохиод нөгөө хүн нь босоод зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-16-17 дахь тал/,
Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...өглөө би ажилдаа явах гээд гарсан чинь манай эхнэр машин дотроо хаалга нь онгорхой нэг хүн дотор нь сууж байсан. Тэгээд би эхнэрээ тэр хүнтэй хардаад очоод машинаас буулгаад цээж хэсэг рүү нь цохисон. Тэгсэн нөгөө хүн нь босоод шууд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би эхнэртэйгээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-28-29 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн НАЛ0725/322 дугаартай “...Я.*******ын биед өвчүү ясны далд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-20-21 дэх тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-06 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Л.*******ийн хувьд Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр шинэ налайх хорооллын 25 дугаар хороолол 2025 оны 02 дугаар сарын 21- ний өдөр өөрийн эхнэртэй хардсаны улмаас *******ыг түлхэн унагааж цээж хэвлий нүүр лүү нь цохиж өвчүү ясны гар гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт гэрч хохирогч нарын мэдүүлэг мөн яллагдагчийн өөрийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Л.******* нь Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр *******д 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэр Н.*******тай үндэслэлгүй хардсаны улмаас хохирогч Я.*******ыг машинаас түлхэн унагааж цээж хэвлий, нүүр рүү нь цохиж “өвчүү ясны далд гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Я.*******ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдуулан олох байсан орлогоо олж чадаагүй гэж 15 хоногийн ажлын хөлс өдөрт 150000 төгрөг олдог тул 2250000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүх хянаж үзээд хохирогчийн ажил үүрэг, орлогоо нотлохтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн эмчилгээтэй холбоотой шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугтан овогт Лхагваагийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 500000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь 2250000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа шүүгдэгчид холбогдуулан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар дахин эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД