Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/657

 

 

 

 

 

   2021             7              6                                           2021/ДШМ/657

                                                       

 

Ю.Над холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:      

прокурор Н.Уранбайгаль,

бага насны хохирогчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

шүүгдэгч Ю.Нын өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Нын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ю.Над холбогдох эрүүгийн 2003000000407 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ч овгийн Югийн Н, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Золуба” ХХК-д онлайн борлуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 104 дүгээр байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Ю.Н нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 38 дугаар дунд сургуулийн урд замд Д.Хын эзэмшлийн “Toyota Prius” загварын -УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай, эрэгтэй О.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Ю.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч овогт Югийн Ныг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ю.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ю.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 2.554.535 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Наас 7.586.380 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Од олгож, бага насны хохирогч О. Оын цаашид гаргах эмчилгээтэй холбогдох зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн түүний хууль ёсны төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ю.Нын өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын тогтоолыг зөрчиж гэрээр хүүхдэд хичээл заалгах, багшлах боломжгүй үед хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн гэх нотлох баримт нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тусгай мэргэшсэн багш заадаг хичээлийг хүртэл нэг багш дангаар заах боломжгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11847 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...О.Оын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэжээ. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан хөлийн гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаас гадна толгой тархи, хамар хоолой, бөөрний эм тариа болон насанд хүрсэн хүний тунгаар антибиотик гэх мэт хамааралгүй нотлох баримтыг үнэлж, эмчилгээтэй холбогдох зардалд 5.423.380 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах гол нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөлийн гэмтэлтэй холбоотой эмчилгээ, эм, тариаг эмчийн бичсэн зааврын дагуу эмчлүүлэгчийн картад дурдсанаар авч хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх байтал эцэг, эхийн төлбөрийн карт уншуулсан болон бэлнээр төлсөн гэх амаар тайлбарласны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс шүүгдэгч Ю.Наас 7.586.380 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Од олгохоор шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих буюу иргэний хариуцагчаар Д.Хыг тогтоосон байх тул Ю.Нурмаабудаас иргэний нэхэмжлэл гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан журмын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Бага насны хохирогчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас гэмт хэргийн улмаас 6 настай, бага насны хохирогч О.Оын эрүүл мэндэд хохирол учирсан байх цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хоцрогдсон болон нөхөн үзэх хичээлийг гэрийн багш хөлсөлсөний төлбөр 3.036.000 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн байна. О.О нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон бөгөөд сургуульд орсноос хойш удаагүй 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ю.Н нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин, хүүхдэд “зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл” учруулснаас /ШД №11847, 1хх 101-102/ гэмтлийн дараах хагалгаанд орж, хөлдөө хадаас тавиулсан, эмчилгээ сувилгаа хийлгэсэн зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл лабораториор болон гэрийн нөхцөлд байнгын хэвтрийн дэглэмтэй байсан. Үүнээс хойш таягтай, хүний тусламжтайгаар босч суудаг болсон. Энэ хичээлийн жилд осол болсон өдрөөс хойш улсын сургуулийн төлбөргүй сургалтыг нэг ч өдөр авч чадаагүй. О нь 2020-2021 оны хичээлийн жилд хөл хорио тавихаас өмнө болон хөл хорьсны дараа ч анги нийтийн хичээлдээ сууж чадаагүй. Учир нь, анх үсэг үзэж эхлээд, хичээл нь бүтэн сараар завсарласан. Улсын сургуулийн нэг онцлог нь багш нь зөвхөн нийт сурагчдад заах хөтөлбөртэй байдаг тул зөвхөн нэг сурагчид ганцаарчлан нөхөж заах боломжгүй. Хүүхдийн боловсролын хамгийн чухал цаг үе нь 1 дүгээр ангид шинээр элсэн орж, суурь боловсролоо олж авахад байдаг. Гэтэл шүүгдэгч Нын болгоомжгүй үйлдлийн улмаас түүний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан үндсэн эрхийг ноцтой зөрчсөн. О.Оын сурч боловсрох боломжийг нь хааж, төлбөргүй авах боломжтой байсан сургуулиас нь хоцрогдуулсан нь Ю.Нын буруутай үйлдлээс болсон байхад үр хүүхдийнхээ сурах эрхийг сэргээх, хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгах, нөхөх зэргээр өөрсдийн боломжит байдлаар хувиараа ганцаарчилсан сургалтын төлбөр төлсөн нь хохирогч талын буруу биш юм. Харин ч Ю.Наас төлбөр төлж, сургаж өгөхийг шаардалгүй, цаг алдалгүй 2021 оны 11 дүгээр сараас хүүхдэдээ сургалт авсан нь буруутгах үндэслэлгүй. Тухайн ганцаарчилсан хэлбэртэй сургалтын багшид төлсөн хөлсийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, төрсөн ээж Г.О нь багшийн данс руу төлсөн банкны бэлэн мөнгөний гуйвуулгын 2 ширхэг баримт хэрэгт авагдсаныг шүүхээс хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан энэ бодит зардал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын ойлголтод шууд хамаарна. Мөн бага ангийн хүүхдүүд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс улс орон даяар хөл хорио тогтоосноос болж, зөвхөн “тв хичээл” нь хөтөлбөрийн хувьд анги хүүхэд бүрт хүртээмжгүй, зөрүүтэй зэрэг асуудлаас болж, google meet, zoom, class room зэрэг сургалтын онлайн ганцаарчилсан болон нийтээр хамрагдах боломжтой сургалтын аргуудыг ашиглаж, хөтөлбөрийн дагуу 7 хоногийн 5-н өдөр хичээл орж байсан. Оын тухайд ослоос учирсан гэмтлийн улмаас хичээл нь бүтэн сараар хоцорсон шинэ үсэг олныг нөхөж үзэх нэн шаардлага үүсэн учир зайлшгүй багш хөлслөхөөс өөр аргагүй учир хохирогч Оын сургалтад зарцуулсан төлбөр зардлыг хасах үндэсгүй юм. Мөн бага ангийн багш нь дуу хөгжим, биеийн тамир, дүрслэх урлаг зэрэг нарийн мэргэжлийн багш заадгаас бусад зайлшгүй нөхөж үзэх шаардлагатай Монгол хэл, Тоо бодлого, Хүн орчин, Иргэний боловсрол зэрэг хичээлийн бага ангийн нэг багш дагнан заадаг учир шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдол үнэнд нийцэхгүй байна. Мөн Ю.Н нь өөрийн үр шиг балчир хүүхдийн сурч боловсрох бүх эрхийг нь хязгаарласан буруутай үйлдэлдээ гэмших нь бүү хэл ганцаарчилсан онлайн хичээл авсан төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа нь түүнд анхан шатны шүүхээс өгсөн ял хэт хөнгөдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс О.Оын эмчилгээтэй холбогдох зардалд 5.423.380 төгрөг шийдвэрлэснийг эс зөвшөөрчээ. Хохирогч талаас бүх зардал хохиролд нийт 11.240.915 төгрөг, үүнээс 7.699.915 төгрөгийг эмчилгээнд хамаарах зардал гэж нэхсэн боловч 2.276.535 төгрөгийг шүүхээс түлш, хүнс, дансны хуулга баримтууд учир хэрэгт хамаарахгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгож, үлдэх 5.423.380 төгрөгийг доорх байдлаар үнэлж, дүгнэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь “О нь ослоос зөвхөн хөлийн гэмтэл авсан байхад тархи, хамар, хоолой, бөөр, насанд хүрсэн хүний эм тариа зэрэг картад бичилтгүй, гэмтэлд хамааралгүй эм эмчилгээний зардлын мөнгийг шүүхээс хангасан гэж гомджээ. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан хугацаанд маш түргэн шуурхай хийгдсэн боловч шүүхийн шатанд эмчилгээний зардлын баримт дээр маргаан үүсч, хэрэг эцэслэн шалгагдахад маш их хугацаа орсон. Хохирогч талаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх эмчилгээ хийлгэж байгаа нийт 5 ширхэг эмчлүүлэгчийн карт хуралдаан дээр гаргаж судлуулсан. Хохирогчийн өмгөөлөгч би хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн олон хуудас баримтыг ширхэг бүрээр шүүж, хэрэгт хамааралтай хамааралгүйгээр нь нэг бүрчлэн ялгаж, баримтын тооцооллын жагсаалт хүснэгт гаргаж өгсөн. Үүнд намайг өмгөөлөгчөөр авахаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэгт хамааралгүй хүнсний баримтууд гаргаж өгсөн байсныг би бүгдийг хасаж жагсаалт гаргасан. Шүүхээс баримтуудыг шалгахдаа дараах хуульд заасан арга хэрэгслээр тогтоосныг шүүх хуралдааны дүрс бичлэг болон тэмдэглэлд бэхжиж үлдсэн. Үүнд:

            Эмчлүүлэгчийн картуудыг эх хувиар авч, нэг бүрчлэн үзлэг хийж, эмийн баримтууд дахь нэр, жортой тулгасан. Үүнд хохирогч нь зөвхөн нэг хөл нь хугарсан учир тэр хөлдөө эм уух ёстой гэдэг нь хэт шинжлэх ухаанч биш мэдлэггүй, муйхар тайлбар. Бүтэн 5-6 сарын турш байнгын хэвтрийн дэглэмтэй, хүний асаргаанд хөлдөө хадаастай хэвтэж байгаа 6 настай хүүхдийн хувьд биеийн ерөнхий дархлаа бүхэлдээ суларч унах, хэвтээ байрлалаас хамаарч хоолой үрэвсэх, хамар битүүрч, үрэвсэх, антибиотикуудын сөрөг нөлөөнөөс дотор эрхтэн ходоод, элэг бөөр үрэвсэх, машинд мөргүүлэн хол шидэгдсэн учир байнгын толгой өвдөх, биедээ хадаас, төмөртэй учир маш хүчтэй үрэвслийн эсрэг антибиотикуудыг эмчийн заавраар, өндөр дозоор тогтмол хэрэглэх, хүчтэй өндөр дозтой антибиотикууд нь бага хүүхдийн гэдэсний ашигтай бактерийг устгах, шингэн алдах, мөөгөнцөртөх зэрэг олон сөрөг хор хөнөөлтэй эмийн бүтээгдэхүүн юм. Энэ бүх сөрөг нөхцөл байдлаас хамгаалж, эмнэлгийн карт дээр эмчийн урьдчилан сэргийлэх, хамгаалах, биеийн ерөнхий дархлааг дэмжих зорилгоор бичиж өгсөн бүх эмчилгээг цаг даруй эцэг, эхийн зүгээс өөрсдөөсөө зардал гаргаж, хүүхдээ хурдан эдгээж тэнхрүүлэхийн тулд маш сайн асарч, эмчилж, хөл дээр нь босгосон. Шүүгдэгч талаас ямар ч сэтгэлийн болон эд хөрөнгийн тусламж, үзүүлээгүй өнөөдрийг хүрсэн атлаа хүүхдэд зарцуулсан эм эмчилгээний мөнгийг төлөхгүй гэж маргаж байгаа нь хүн ёсны хувьд хэт увайгүй зан юм. Шүүх хуралдааны явцад эмчлүүлэгчийн карт, хавтас хэрэгт авагдсан эмчилгээний баримт, хохирогч талаас гаргаж өгсөн баримтын жагсаалт тайлбар гэх нотолгоонуудыг шүүгч нэг ширхэг ч баримт алгасч, үлдээлгүй шүүж, судалсан. Мөн хуралдаан дээр улсын яллагч нь хохирогчийн аав, ээжийн банкны картуудыг бодитоор өөртөө авч, шүүгчийн уншсан баримт бүрийн пос машинд уншуулсан хэрэглэгчийн картын дугаартай тулгаж шалгасан. Энэ тулгалтын үед өөр хүний карт буюу ах, дүү нарын уншуулсан бүх баримтыг хассан. Өөр ямар нэг алдаа зөрчил гараагүй шүүж дуусгасан. Бэлнээр төлсөн гэх баримтуудыг эмчлүүлэгчийн карт дахь эмийн жагсаалттай тулгаж, хохирогчийн хуул ёсны төлөөлөгчөөс давхар тайлбар авч шүүсэн. Үүнд картад бичигдээгүй нэг ширхэг ч эм тариа ороогүй, баримтгүй нэг төгрөг ч хууль бусаар нэмээгүй, өөр хүнд эсхүл насанд хүрсэн хүнд зориулж худалдан авсан ямар ч эмийн үнийг нэмээгүй, маш олон цаг шүүх бүрэлдэхүүн уйгагүй, шударгаар шүүж тогтоон, хохирлын баримтуудыг хууль ёсоор үнэлсэн болно. Харин шүүхээс нотолгооны шаардлага хангаагүй гэж баримтгүй дансаар шилжүүлсэн зарлагадсан болон эмнэлэгт хэвтэх үеийн хүүхдэд авсан хүнс, дархлаа дэмжсэн витамин, түлшний баримтуудыг хэрэгсэхгүй болгосон. Магадгүй дээрх бүх үйл ажиллагаанд шүүхээс шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь шийдвэрлэсэн нийт хэдэн төгрөгөөс хэдэн төгрөг нь хууль бусаар шийдсэн, хүүхдийн эмчилгээнд хэдийг төлөхийг зөвшөөрсөн, ямар ажиллагааг хууль бус гэж маргаж байгаа талаар тодорхой ойлгомжтой гомдол гаргах учиртай. Тэдний гаргасан гомдолд ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй зүйл огт байхгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн 7.586.380 төгрөгийг Ю.Над хариуцуулан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ю.Н нь анхан шатны шүүхээр гэм буруу нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан субъектэд хамаарна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын 3 дахь хэсэг мөн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ю.Н нь хэдийгээр осол гаргасан үйлдэлдээ маргаагүй ч хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатуудад хохирогчийг хохироосондоо гэмшээгүй, түүнд учруулсан эрүүл мэндийн хохирлыг арилгах, нөхөн сэргээхэд чин сэтгэл гаргаж анхаараагүй, бодит үйлдэл огт хийгээгүй, зөвхөн өөрийгөө хамгаалж, эсэргүүцсэн байр суурьтай оролцсоор өнөөдрийг хүрсэн, өөрийнх нь өмнөөс үр хүүхдээ анхаарч эмчлүүлсэн эцэг, эхийн хөдөлмөр, зарцуулсан зардлыг үнэлээгүй, хуульд заасан журмаар авагдсан бүхий л баримт нотолгоог эсэргүүцэж буй эдгээр үйлдэлд нь хохирогч талаас маш их гомдолтой байна. ...” гэв.

            Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд талууд бүгд хохиролтой холбоотой баримтыг эцэг, эхийн банкны карттай тулгалт хийж шийтгэх тогтоолд дурдсан баримтыг гаргаж ирсэн. Анхан шатны шүүх хохиролд 8.686.380 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн гэрээр хүүхдийн хичээл заалгасан, хоцрогдол арилгах 3.036.000 төгрөгийг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн ямар багшаар хичээл заалгасан зэрэг баримт дутуу байсан тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 3.036.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Д.Хыг иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан. Гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр хүмүүс учир Ю.Наас 100 хувь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Ю.Н нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар дунд сургуулийн урд замд Д.Хын эзэмшлийн “Toyota Prius” загварын -УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай, эрэгтэй О.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            бага насны хохирогч О.Оын хууль ёсны төлөөлөгч Г.Огийн “...38 дугаар сургуулиас 2 хүүхдээ авчихаад ... хүүхдүүдээ хөтлөөд явж байхдаа үүрсэн цүнхээ дээш нь татахдаа хүү Оыг гараасаа тавихад зам руу нэг алхам орчим урагшаа явахад нь зүүн талаас ирж байсан цагаан өнгийн “Toyota Prius” загварын автомашин баруун урд крыло хэсгээр мөргөх үед 1-2 метр орчим газар арагшаа савж унахдаа зүүн шанаа хэсгээрээ газар мөргөж унасан. Тэр үед ... нэг ах манай хүүхдийг өргөж машинд суулгаж өгөөд “шууд эмнэлэг яв” гэхээр нь хамт суугаад Гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Тэгээд хүүхдээ үзүүлэхэд “зүүн хөл, хацар, шанаа, гар хэсгүүд халцарч хөхөрсөн, зүүн хөлийн шилбэний яс 2-3 газраараа хугарч үйрсэн байна” гээд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яс хадаж эвлүүлэх хагалгаанд орж байгаа. ...Хүүхэд гэмтээчихээд санаа тавихгүй, яаж байна гэж асуухгүй байгаад нь гомдолтой байна. ...” /1хх 14-15, 142/,

            иргэний хариуцагч Д.Хын “...Би 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр уг автомашиныг худалдаж авсан. Манай эхнэр бид хоёр дундаа хэрэглэдэг юм. Тийм болохоор осолтой холбоотой бодит төлбөр, зардлыг бид хоёр боломжоороо төлж барагдуулна. ...” /1хх 28-29/,

            шинжээч Н.Туяагийн “...О.Оын гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүнд зэрэг хамаарах заалт байхгүй. Хүнд зэрэгт орохгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 109.1 дэх заалтад тусгагдсан хуурамч үе үүсэх заалтад тусгагдсан хуурамч үе үүсэх заалтад одоогоор орохгүй. Удаан хугацаанд уг хугарал эмчлэгдэхгүй бүрэн бороололт үүсэхгүй, улмаар хуурамч үе үүссэн тохиолдолд хүнд зэрэгт хамаарах боломжтой юм. ...” /1хх 140-141/,

            Ю.Нын яллагдагчаар өгсөн “...Хоёр хүүхэд дагуулсан нэгийг нь хөтөлсөн нөгөөг нь хөтлөөгүй эмэгтэй хүн зогсож байхаар нь би зам гарах болов уу гэж бодтол нөгөө эмэгтэй хүүхдийнхээ цүнхийг аваад зүүн гартаа хийхээр нь би зам гарахгүй юм байна гэж бодоод урагшаа явтал нөгөө эмэгтэйн гараас хөтлөөгүй байсан хүүхэд нь гэнэт гүйж орж ирээд автомашины баруун урд крыло хэсэгт мөргүүлээд хойшоо саваад зүүн талынхаа шанаа хэсгээр газарт шургаад уначихсан. Би буугаад очтол зүүн хөлөө бариад уйлаад байсан. Хүүхэд тэр өдрөө Гэмтлийн эмнэлэгт хэвтээд маргааш нь хагалгаанд орсон. ...” /1хх 129-130/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11847 дугаартай шинжээчийн “...О.Оын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” /1хх 101-102/ гэсэн дүгнэлт, 

            мөрдөгчийн магадлагаа “...”Toyota Prius” загварын -УНХ улсын дугаартай автомашины жолооч Ю.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д заасан “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзан явахдаа өөрөөсөө салгахгүй авч явна.” гэсэн заалтыг зөрчсөн. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” /1хх 105-107/ гэсэн магадлагаа,

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эмчийн “...Зүүн хөлийн шилбэ хэсгээр хаван хавдар ихтэй, эмгэг хөдөлгөөнтэй ясны хавиралдах чимээтэй гипс тавив. ...” гэсэн /1хх 19-20/ үзлэг, өвчний түүх,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-4/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, “Хос стандарт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 166-167, 227/, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-9/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэс заслын тэмдэглэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх 111/, төрсний гэрчилгээний хуулбар /1хх 17/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ю.Н нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Ю.Нын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 38 дугаар дунд сургуулийн урд замд Д.Хын эзэмшлийн “Toyota Prius” загварын -УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны хохирогч О.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүхээс шүүгдэгч Ю.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

            Шүүгдэгч Ю.Нын өмгөөлөгч Д.Баасансүрэн “...Мэргэшсэн багш заадаг хичээлийг хүртэл нэг багш дангаар заах боломжгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан хөлийн гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаас гадна толгой тархи, хамар хоолой, бөөрний эм тариа болон насанд хүрсэн хүний тунгаар антибиотик гэх мэт хамааралгүй нотлох баримтыг үнэлж, эмчилгээтэй холбогдох зардалд 5.423.380 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих буюу иргэний хариуцагчаар Д.Хыг тогтоосон байх тул Ю.Нурмаабудаас иргэний нэхэмжлэл гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан журмын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хавтас хэрэгт авагдаж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ю.Н, иргэний хариуцагч Д.Х нар нь гэр бүл болох нь гэрлэлтийн бүртгэлийн “Тугтан овгийн Данаагийн Х, Ч овгийн Югийн Нүрмаабүд нарын гэрлэлтийн бүртгэлийн байгаа тул лавлагаа олгов.” гэсэн /1хх 111/ лавлагаа, Иргэний хариуцагч Л.Хын “Би 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр уг автомашиныг худалдаж авсан, манай эхнэр бид хоёр дундаа хэрэглэдэг юм. Тийм болохоор осолтой холбоотой бодит төлбөр зардлыг бид хоёр боломжоороо төлж барагдуулах болно. ...” /1хх 28-29/, Ю.Н яллагдагчаар өгсөн “... “Toyota Prius 20” загварын -УНХ дугаарын манай нөхөр Хын нэр дээр байдаг автомашиныг унаад ... цэцэрлэгээс хүүхдээ авах гээд ... 38 дугаар сургуулийн урд замаар явж байтал ...” гэсэн /1хх 129-130/ мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “ “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгоно.” гэж заажээ.

            Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “гэр бүлийн хөрөнгө” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.3.-т зааснаар гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр, эхнэрийн, мөн зүйлийн 3.1.4., 3.1.5., 3.1.6.-д заасан гэрлэгчидтэй хамт амьдардаг гэрлэгчдийн төрсөн, үрчилсэн, дагавар хүүхэд, төрөл, садангийн хүмүүсийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг хамааруулан ойлгоно.

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах хөрөнгийг заажээ.

            Иргэний хуулийн 126.2.4.-т заасан “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д зааснаар гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон, мөн зүйлийн 126.2.1.-126.2.3-т зааснаас бусад, хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасан хуваарьт хөрөнгөд хамаарахгүй, өмчлөх, эсхүл зөвхөн эзэмших, ашиглах эрх нь гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн эд юмс, оюуны үнэт зүйлс, эрхийг хамааруулахаар хуульчилжээ.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, “Toyota Prius 20” загварын -УНХ улсын дугаартай автомашин нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө буюу гэрлэснээс хойш бий болсон нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх 111/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 13/ зэргээр тогтоогдож байх бөгөөд автомашиныг гэр бүлийн гишүүдэд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүссэн байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Ю.Нурмаабудаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

            Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж заажээ.

            Өөрөөр хэлбэл, бага насны хохирогчийн сурч боловсрохтой холбоотой зардлыг Иргэний хуульд зааснаар түүний хууль ёсны төлөөлөгч шаардах эрхтэй бөгөөд түлш болон хүнсний холбогдолтой баримт нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь нотлогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хамаарахгүй.

            Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нийт 11.240.915 төгрөгийн нэхэмжлэлээс 2.554.535 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 8.686.380 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, үүнээс хохиролд Ю.Нын төлсөн 1.100.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 7.586.380 төгрөгийг шүүгдэгч Ю.Наас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Түүнчлэн шүүгдэгч Ю.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хэргүүдэд хамаарах боловч тус хуулийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ю.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй, улмаар хохирол төлбөр дээр маргаж байгаа тул түүнийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Нын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/302 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Нын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ