Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч Т.Баярмаа,

Шүүгдэгч Ц.Энхсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Иргэний хариуцагч “Эм Жи ӨҮ Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэнджавын Энхсайханд холбогдох 201716010009 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эм-Жи-Өү” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 32-412 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэнджавын Энхсайхан /РД:УХ89051410/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Энхсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны 18 цаг 35 минутын орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг, Гашуун сухайт боомтоос Таван толгойн нүүрсний уурхайн 82 дахь км орчим засмал зам дээр “Эм Жи Өү Транс” ХХК-ийн эзэмшлийн 74-14 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 20-83 УНЛ улсын дугаартай, Фотон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин иргэн У.Мягмардоржийн жолоодож явсан 15-73 ӨМҮ улсын дугаартай Марк-2 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 24 настай Х.Цолмонтуяа, 3 сартай Ц.Саранцэцэг нар нас барж, У.Мягмардоржид хүнд, Б.Насандэлгэрт хөнгөн зэргийн гэмтэл, У.Мягмардоржид 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн, “Эм Жи Өү Транс” ХХК-д 501.600 /таван зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Энхсайхан мэдүүлэхдээ: ”2017 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед БНХАУ-ын Ганц модноос Монголын хилээр гарч Цагаан хаданд ирсэн. Тэндээ байж байгаад өдөр 1 цагийн үед хойшоо Тавантолгойн уурхай руу явсан. Тэр өдөр их хүйтэн, өөдөөс салхитай тэнгэр муухай байсан. Орой 18 цаг 30 минутын үед замын 82-83 км дэх замд цаанаас нэг машин өөдөөс чиглээд ирж явсан. Би түүнийг хурц гэрэлтэй болохоор нь шаланз машин ирж байна, чиргүүлийн гэрэл нь байхгүй юм байна гэж бодож байсан. Ойртоод ирэхэд жижиг тэрэг миний урдаас урсгал сөрөөд ирж байгааг харсан. Би гэрлээрээ дохиод,сигналдаад,тормоз гишгэсэн. Тэгэхэд жижиг тэрэг өөрийн эгнээрүүгээ орсон. Буцаад урсгал сөрөөд гараад ирэхэд нь би баруун тийшээ дарах гэсэн боловч замын баруун тал хэтэрхий өндөр эрэгтэй байсан учраас зүүн гар тал руугаа жолоогоо дараад орсон. Зарим үед том тэрэгнүүд урсгал сөрөөд ороод ирвэл буруу талаараа зөрчихдөг байсан учраас тухайн жижиг машиныг урсгал сөрсөн чигтээ хажуугаар гараад явчих байх гэж бодсон. Цаанаас машин хурдан ирж байсан тул гарч амжаагүй, замын хажуу руу гарсан. Тухайн үед би жижиг тэргийг мөргөсөн байна гэж бодоогүй, бууж ирээд харсан чинь жижиг тэргийг мөргөсөн байсан. Энэ ослоос болж хоёр хүний амь нас эрсэдсэнд би үнэхээр их харамсаж байна. Бас хоёр хүн нь амьд гарсанд баярлаж байна. Хэрвээ би баруун гар талруугаа жолоогоо дарсан бол миний машин том учир жижиг машин дээр гарч 4 хүний амь нас эрсдэх ч аюултай байсан болохыг хэлж мэдэхгүй байна. Боломжтой бол цаг хугацааг ухраагаад ч болсон хэрэг явдлыг гаргахгүй өнгөрөөх юмсан гэж их бодож байна. Энэ хэрэг яаж ч шийдэгдсэн байсан би цаашид хохирогч нартай байнга холбоотой байж, боломжоороо туслаад явна” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүү мэдүүлэхдээ: “Миний зүгээс Энхсайханд гомдол, санал байхгүй. Энхсайхан болон “Эм Жи Өү Транс” ХХК-ний зүгээс бидэнд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Талийгаачийн хүүхдийг үрчлүүлнэ гэж интернетэд тавьсан гэсэн. Талийгаачийн facebook хаягаар танихгүй хүн дураараа орж, өөрийн нэрийн дансан дээр хандив цуглуулах санаатай зар тавьсан байсныг бид 3 хоногийн дараа буюу ажил явдлын дараа олж мэдээд тухайн хаягийг хаалгасан. Би зээ хүүхдээ үрчлүүлэх санал байхгүй, одоо хөгшин бид хоёртой хамт амьдарч байгаа. Харин зээ хүү Б.Сайнбаярт тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүүг гаргуулах хүсэлтэй байна. Осол болдог өдөр талийгаач охинтойгоо холбоо бариагүй, бид нар тусдаа амьдардаг байсан.” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, “...Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг, нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 82-83 дахь км-т хөндлөнгийн гэрчээр Б.Доржхорол, М.Төгөлдөр нарыг оролцуулав...” /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13 дугаар хуудас/

Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Баянхүүгийн хохирогчоор өгсөн:”....Би Х.Цолмонтуяагийн төрсөн аав, Ц.Саранцэцэгийн өвөө нь болох хүн байгаа юм. Охин минь миний эхнэр Ханджаргалаар овоглодог боловч миний төрсөн охин байсан юм. ....Миний охин болохоор 1992 онд Баян-Овоо суманд төрөх тасагт манай дээрээсээ гурав дахь хүүхэд болж мэндэлсэн юм. ..Охин маань сүүлийн үед биднээс тусдаа Даланзадгадад амьдарч байсан бөгөөд Ханбогд руу очиж шүүхээр тэтгэвэр тэтгэмж тогтоолгоно гэж ярьж байсан. Бид охиноо Ханбогд руу тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаа хөөцөлдөхөөр замын унаагаар явж байгаад осолд орсон юм болов уу гэж бодож байна. ...охин маань хөдөө гэрээрээ ойрд ирээгүй байсан. Ээж болон гэрийнхэнтэйгээ утсаар л ярьж холбогддог байсан юм. ..Осолд буруутай хүнд гомдолтой байна. ...Оршуулга болон бусад зардалтай холбоотой зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Баянхүүгийн хохирогчоор дахин өгсөн:”...Би талийгаач охин болон зээ охиноо нутаглуулах, буян ном хуруулах зэрэгт зарцуулсан 2,307,600 төгрөг, бензин шатахуунд 754,620 төгрөг, хүнсний бүтээгдэхүүнд 4,223,798 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг буюу нийт 8,286,018 төгрөгийн баримт гаргаж өгч байна. “Эм Жи Өү транс” ХХК надад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөгийг төрийн банкин дахь миний данс руу шилжүүлж бидэнд өгсөн. Би эхний шилжүүлсэн мөнгийг хоёрын хоёр хүнээ алдсан бидэнд компанийн зүгээс буцалтгүй тусламж болгон өгсөн гэж ойлгож байна. Сүүлийн шилжүүлсэн 8.000.000 төгрөгийг оршуулгын зардалд шилжүүлсэн мөнгө юм байна гэж ойлгосон. Жолооч Энхсайхан ажил явдлын үеэр 500.000 төгрөгийг бидэнд шилжүүлсэн. ...Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй, талийгаач охин, зээ охин хоёр маань ослоор нас барсан хэрэгт холбогдуулан ар гэрийн зүгээс жолооч болон компанид холбогдуулан хэлэх гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Насандэлгэрийн хохирогчоор өгсөн:”....Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв дээр байж байгаад Ханбогд сум руу явах гэж Ханбогд сумын зарын фэйсбүүк группээс Ханбогд сум руу явах унаа үзтэл марк 2 маркийн автомашин явна гэж хэлэхээр нь гэрийн хаягаа өгсөн. Тэгээд удалгүй тоёота марк 2 маркийн 15-73 ӨМҮ улсын дугаартай машин манай хашааны гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Би тэгээд цүнхтэй хувцсаа аваад уг машины арын буруу талын суудал дээр нь суусан. ...тэгээд жолооч бид хоёр аймгийн зүүн талд засмалын хажууд байдаг колонк дээр явж байтал жолоочийн утас нь дуугарсан. Тэгээд жолооч утсаар яриад нэг эмэгтэй хүн явна гэж залгасан байна гэж хэлээд буцаж яваад эмнэлгийн урд талын зогсоол дээр ирээд зогсоход нэг хүүхэдтэй эмэгтэй хүрч ирээд машины буруу талын урд суудалд суусан. Тэгээд Цогтцэций сумын уурхайн наад талын засмал зам руу ороод цаашаа явж байгаад төв замдаа ороод Цогтцэций сумаас урагшаа 80 гаруй км засмал замаар явж байхад хажуугаар нүүрсний том тэргүүд зөрж байгаа харагдаж байсан. Би тухайн үед гар утасныхаа хөгжмийг чихэвчээр сонсоод явж байтал гэнэт л ухаан алдсан. Тэнд яг юу болсныг огт санахгүй байна. Ухаан ороод сэрэхэд машины гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Би тэгээд машин дотор гараараа машины доторх зүйлийг тэмтэрч байхад том машины дугуйны хээ гарт тэмтрэгдэж байхаар нь намайг машинаас гаргаач гэхэд одоохон эмч нар ирж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед жолооч, би, тэгээд тэр хүүхэдтэй хүүхэн бид дөрвүүл явж байсан. Машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Ямар ч байсан эгнээ байрлалаа зөв эзлээд явж байсан. ...тухайн буруутай этгээдээс надад учирсан эмчилгээний зардлыг бүрэн авмаар байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Цаашид хэдэн төгрөгийн хохирол гарахыг мэдэхгүй байна. ..би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцана” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Насандэлгэрийн дахин өгсөн:”...Өнөөдөр “Эм Жи Өү” ХХК нь эмчилгээний зардалд зориулж 3.000.000 төгрөгийг надад өгсөн тул би энэ талаар байцаалт өгч байна. ...би гадагшаа буюу Хөх хот руу эмчилгээнд явах бодолтой байна. Түүнд шаардагдах зардлыг нэмж нэхэмжилнэ. Энэ зардал хэд болохыг одоогоор хэлж мэдэхгүй байгаа тул мөнгөн дүнг одоогоор хэлэх боломжгүй байна. ...би өчигдөр байцаалт өгөхдөө хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй дахин гэмтлээ тогтоолгомоор байна гэж мэдүүлсэн. Би бодож үзээд дахин гэмтлээ тогтоолгох шаардлагагүй юм байна, нэгэнт хөнгөн гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон юм бол үүнтэй холбогдуулж хэлэх санал хүсэлт гээд байх зүйл надад байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

“Эм Жи Өү Транс” ХХК-ийн итгэмжлэл ...хуулийн байгууллагад компанийг төлөөлүүлэхээр Э.Туваандоржийг томилж байна... /хх-ийн 35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Э.Туваандоржийн хохирогчоор өгсөн:”....уг ослын улмаас “Эм Жи Өү Транс” ХХК-ийн эзэмшлийн 20-83 УНЛ улсын дугаартай Фотон маркийн чирэгчийн урд нүүр, радиатор, гупер, их гэрэл, гишгүүр, ба труба, хийн труп зэрэг нь бага зэрэг эвдэрсэн. Хохирлын нийт үнэлгээг 511.600 төгрөгөөр тооцож гаргасан. Энэ хохирлыг манай компани хэн нэгнээс нэхэмжлэхгүй. Тээврийн хэрэгслийн бусад эд ангиудад ослын улмаас ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй.... Манай компанийн зүгээс гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцоно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Э.Туваандоржийн хохирогчоор дахин өгсөн:”...би шинжээчийн дүгнэлт, тогтоолуудтай уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл осолд орсны улмаас хийн трупэнд гэмтэл учирч хийгээ бүрэн хураахгүй, улмаар шөрмөс бүрэн тавихгүй байсан. Тиймээс тормосны эд ангиудыг суллаж заримыг нь тайлж аваад машиныг осол болсон газраас 100 гаруй км зөөвөрлөж Цагаан хаданд аваачсан юм. Машиныг тийм байдалтай цагаан хаданд байхад техникийн шинжээч очиж үзсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буянтогтохын өгсөн:”...Осолд орж гэмтсэн Уламбаярын Мягмардоржийн төрсөн ээж нь би юм. Одоо хүү маань бие дааж ярьж хэлж чадахгүй, ухаан санаа эрүүл биш, хэвтэрт байгаа болохоор энэ ажиллагаанд ар гэрээ төлөөлж хохирогчийн төлөөлөгч, нэхэмжлэгчээр намайг оролцуулахыг түүний эхнэр Наранцацрал болон бусад ах дүү нар маань зөвшөөрсөн юм. Хүү маань өөрийнхөө марк 2 машинаа жолоодож яваад нүүрсний машинтай мөргөлдөж гэмтсэн, машинд сууж явсан хүүхэдтэй эмэгтэй нас барсан, бас нэг эмэгтэй гэмтсэн гэдгийг дуулж мэдсэн. Анхныхаа ухаангүй байсан үеэ бодвол ухаан орсон. Гэхдээ ухамсарт өөрийн ухаангүй, дэмий зүйл хэлж ярьсан, урьдын бүх зүйлүүдээ санахгүй, орон гаран ухаантай, хоол идсэний дараа идсэнээ мэдэхгүй, шээж бааснаа ч мартчихдаг болсон. Тиймээс осол хэргийн талаар болон өөрийн байр суурийг илэрхийлэх, байцаалт өгөх ямар ч чадваргүй байгаад сая Ханбогдод ирээд байна. Энэ болгонд нааш цааш явах эмчилгээ хийлгэх, өндөр үнэтэй зураг авахуулах зэрэгт зардал нэлээд гарсан. ..одоогоор манай гэрт 9 сая орчим төгрөгийн хохирол учирсан. ...хохирлыг бидний ар гэрт нөхөн төлбөл бидний зүгээс өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал гээд байх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Гэрч Ш.Мөнхжаргалын өгсөн:”...би нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг “Эм Жи Өү Транс” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компанийн нэр дээр бүртгэлтэй нүүрс тээврийн машинуудыг урд Хятадад хариуцдаг “Чихаан” компаний тээвэр зохицуулагч Шоган гэдэг хятад хүн машиныг жолооч Ц.Энхсайханд нүүрс тээвэрлүүлэхээр өгч явуулсан юм. Жолооч тэр машинаар Цогтцэций сумын нутагт байх Эрдэнэс таван толгойн уурхайгаас нүүрс ачуулаад Ганц модны боомтод очих ёстой байсан... тэр хүн Шоган гэх хятад хүнтэй амаар тохиролцоод түүнээс цалин авч машиныг нь барьж байсан юм билээ. Манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. ...жолооч Ц.Энхсайханд уртын рэйс хийгээд Таван толгойн уурхайд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анх очиход аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан, түүнээс хойш 2 удаа очиход нь уурхайн ачилтын үед анхаарах талаар зааварчилгаа өгч байсан. Жолооч нар уртын рэйсэнд тэр болгон очдоггүй учир очсон тохиолдол болгонд зааварчилгаа өгдөг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Гэрч Ш.Мөнхжаргалын өгсөн:”...жолооч Ц.Энхсайхан нь манай компанийн эзэмшлийн 74-14 БЧ дугаарын чиргүүлтэй, 20-83 УНЛ улсын дугаартай машиныг жолоодож яваад осолд холбогдсон.... манай компанийн тээврийн хэрэгсэл осолд холбогдсон хүмүүсийн эд хөрөнгө, амь насанд хохирол учирсан тул манай компанийн зүгээс талийгаач Х.Цолмонтуяа, Ц.Саранцэцэг нарын ар гэрт нь нийтдээ 33.000.000 /гучин гурван сая/ төгрөг, суудлын автомашины жолооч У.Мягмардоржийн ар гэрээс эмчилгээний болон машины эвдрэл хохиролд нэхэмжилсэн 8.800.000 /найман сая найман зуун мянга/ төгрөг, зорчигч Насандэлгэрийн эмчилгээний зардалд 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн. Ингээд нийтдээ 44.800.000 /дөчин дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогч нарын ар гэрт олгоод байна. Тухайн тээврийн хэрэгсэл осолд орох үедээ бүрэн бүтэн байсан. Ослын улмаас хийн трупууд тасарч, хий хураах систем хэвийн ажиллах боломжгүй болсон. Осол нь нүүрс тээврийн замд болсон бөгөөд эвдэрсэн тээврийн хэрэгслийг Цагаан хад руу хүргэх шаардлагатай болсон. Хий бүрэн хураагдахгүй байснаас тормос бүрэн тавигдахгүй байсан мөн тээврийн хэрэгслийн 2 дугуй чирэгдэж цоорсон. ...бидний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй. Тухайн үед манай тээврийн хэрэгслийг жолоодож осолд холбогдсон жолооч Ц.Энхсайхан нь өнчин өрөөсөн, амьдралын боломж бололцоо муутай, архи дарс уудаггүй, олон ам бүл тэжээж явж байгаад санамсар болгоомжгүйгээр энэ хэрэгт холбогдсон юм. Тиймээс жолоочид холбогдуулж хэлэх гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/

Гэрч Б.Наранцацралын өгсөн:”...манай нөхөр анх осолд орж гэмтээд ухаангүй Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж эмчлүүлж байгаад эмнэлгээс гарч сая 02 дугаар сарын 09-ний өдөр Ханбогд суманд гэртээ ирчхээд байна. Анхныхаа үеийг бодвол бие нь дээрдсэн боловч одоогоор бие даан ярьж хэлэх чадваргүй, ухаан нь орон гаран дэмий утга авцалдаагүй юм ярьсан байдалтай байж байна. Нөхөр маань болсон осол хэргийн талаар ямар нэгэн юм санахгүй байна лээ. Баяр ёслолын үеэр хааяа архи уудаг байсан. Сүүлийн үед эрхээ хасуулснаас хойш архи дарс уугаагүй. Сая машинаа зарахаар явахдаа аргагүйн эрхээр өөрөө машинаа унаад явсан юм. Нөхөр маань ослоос болж гэмтэн хэргийн талаар болон бусад байдлын талаар байцаалт өгөх боломжгүй байгаа. Ар гэрийнхэн бид ярилцаж байгаад нөхрийн ээж Д.Буянтогтохыг хохирогчийн төлөөлөгчөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар шийдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний алба, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 02 дугаартай:”...Талийгаач нь гавал тархи, гол судасны тасрал, цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн №03 дугаартай”...талийгаач гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба, шинжээч эмч Б.Ганшагайгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны 93 дугаартай “...Б.Насандэлгэрийн биед ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1905 дугаартай шинжээч эмч М.Золжаргалын “...У.Мягмардоржийн биед ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ламчины 1735 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн У.Мягмардорж Ханбогд сум 17/1 гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн Б.Өлзийхүүгийн 02/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 51-01 дугаартай дүгнэлт “...Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ...өнөөгийн зах зээл дээр дунджаар 2.500.000 төгрөгний үнэ ханштай ...” /хх-ийн 89 дүгээр хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн №50/01 дугаартай дүгнэлт “...нийт дүн 501.600 төгрөг” /хх-ийн 90 дүгээр хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын №01 дугаартай “...Цэнджав овогтой Энхсайхан нь Фотон маркийн 20-83 УНЛ улсын дугаартай 74-14 БЧ чиргүүлтэй автомашиныг жолоодож яваад МУ-н ЗХД-ийн 8.2-д заасан ... заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. ...уг осол хэрэг дээр ажилласан Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/

Шинжээч Д.Ганбатын өгсөн “...Тухайн осолд жолооч У.Мягмардорж буруугүй буюу Монгол Улсын ЗХД-ийн заалтыг зөрчөөгүй гэж үзсэн. ...Хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас, мөн замын эвдрэл гэмтлээс шалтгаалж осол гарсан гэж үзэх боломжгүй байсан. Харин жолооч Ц.Энхсайханы буруутай үйлдлээс болж тухайн осол гарсан байна гэж дүгнэлтээ гаргасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Энхсайханы сэжигтнээр өгсөн:”...Би энэ машинаар сүүлийн 2 сар орчим нүүрс тээвэрт ажиллаж байгаа юм. Тэгээд Эрдэнэс таван толгой уурхайгаас нүүрс ачуулахаар 18 цаг 35 минутын үед урдаасаа 155 орчим км-т хатуу хучилттай замаар явж байтал урдаас хурц гэрэлтэй жижиг машин ойртоод ирсэн. Би тэр үед хатуу хучилттай замаар өөрийнхөө эгнээгээр буюу баруун гар талын эгнээгээр явж байсан юм. Тэр машиныг би 100 гаран метрийн зайнаас анх харсан. Тэгэхэд тэр машин урсгал сөрчихсөн миний явж байсан эгнээгээр их хурдтай явж байсан. Тэр үед миний унаж явсан машины гэрэл асаалттай би гэрлээрээ дохиод сигналдсан. Тэр машин өөдөөс тулаад ирэхээр нь би зүүн тал руугаа жолоогоо дараад ертөнцийн зүгээр замын баруун тал руу замаас гараад зогссон. Нөгөө жижиг машиныг би мөргөчихсөн гэж бодоогүй, мөргөөгүй байх, амжаад замаас гарчихлаа гэж би бодоод машинаасаа буугаад хартал нөгөө суудлын автомашин миний машинд мөргүүлээд урд хамар дор орчихсон байсан. Жолоочийг машинаас гаргасны дараа жолоочийн эсрэг талын урд суудал дээр хүүхэдтэй эмэгтэй нас барсан байгааг мэдэцгээсэн. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хэмжилт хийсэн. Тэгээд цогцсыг гаргаад Ханбогд руу ирцгээсэн. Би энэ машиныг 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Хятадын Ганц модонд нэрийг нь сайн мэдэхгүй хятад хүнээс хүлээн авч түүнээс хойш энэ машинаар уртын 10 рэйс богины 10 рэйс хийсэн байсан. Машины гэрчилгээн дээр “Эм Жи Өү Транс” ХХК гэсэн компанийн нэр байдаг юм билээ. ...Тэр өдөр өөдөөс их хүчтэй салхитай байсан. Би машинаа цагт 50 км орчим цагийн хурдтайгаар жолоодож явсан. Би өөрөө ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээгүй, ослын улмаас жоохон шоконд орсон байж байна. Ослын улмаас хүмүүс нас барж гэмтсэн асуудалд харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-112 дугаар хуудас/

Ц.Энхсайханы яллагдагчаар өгсөн:”...Би тэр машиныг 300-400 метрийн зайд байхад нь харсан. Би анх хараад эсрэг урсгалд явааг нь мэдээгүй. Над руу 70-80 метр ойртоход нь харахад эсрэг урсгалд буюу замын зүүн талын эгнээнд явж байсан. ....Гадаа хүйтэн цаг агаартай, хойноос урагш чиглэлд салхи ихтэй байсан. Харин зам дээр машин цөөхөн явж байсан. Биднийг мөргөлдөх үед ойр орчим машин тэрэг хүн амьтан байгаагүй.... Миний машин 50 орчим км цагийн хурдтай явж байсан. Жижиг машиныг хэдэн км цагийн хурдтай явсныг хэлж мэдэхгүй байна. Тэр машин их хурдтай явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Энхсайханы хувийн байдлыг нотлох: иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 116-117 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Энхсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1/129 дугаартай албан тоот,”...Цэнджав овогтой Энхсайханы нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна...” /хх-ийн 124 дүгээр хуудас/

Арилжааны банкуудаас авсан лавлагаа /хх-ийн 128-134 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Автотээврийн төв Тээврийн хэрэгслийн №27, 28 дугаартай лавлагаанууд /хх-ийн 136-137 дугаар хуудас/

Автотээврийн үндэсний төв болон “Эм Жи Өү Транс” ХХК-ийн хооронд байгуулсан Ул хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 144-146 дугаар хуудас/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 118, 125 дугаар хуудас/

Хохирогч У.Мягмардорж, Б.Насандэлгэр нар гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн хуулбар /хх-ийн 253-281 дүгээр хуудас/

Хохирогч Б.Насандэлгэрийн Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 283-299 дүгээр хуудас/

Хохирогч Б.Насандэлгэрийн дахин өгсөн:”...Би эмчилгээний зардлуудыг осолд буруутай талаас нэхэмжлэх талаар өмнөх байцаалтууддаа хэлсэн. “Эм Жи Өү Транс” ХХК-ийн зүгээс миний эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэг удаа бэлнээр өгсн. Мөн жолооч Ц.Энхсайханы зүгээс 1.500.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, мөн “Эм Жи Өү Транс” ХХК-ийн зүгээс 3.500.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр миний эмчилгээний зардалд миний эзэмшдэг Хаан банкны 5590008204 дугаартай данс руу шилжүүлсэн. Одоо надад бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй... жолооч Ц.Энхсайханд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 305 дугаар хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 25/17 дугаартай “...Хохирогч У.Мягмардорж нь сэтгэцийн хувьд тархины гэмтлийн дараах болон өмнөх ойгүйдэл хэмээх сэтгэцийн өвчтэй болно. ...У.Мягмардорж нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 308-310 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Энхсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны 18 цаг 35 минутын орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг Гашуун сухайт боомтоос Таван толгойн нүүрсний уурхайн 82 дахь км орчим засмал зам дээр “Эм Жи Өү Транс” ХХК-ийн эзэмшлийн 74-14 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 20-83 УНЛ улсын дугаартай, фотон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин иргэн У.Мягмардоржийн жолоодож явсан 15-73 ӨМҮ улсын дугаартай марк-2 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 24 настай Х.Цолмонтуяа, 3 сартай Ц.Саранцэцэг нар нас барж, У.Мягмардоржид хүнд, Б.Насандэлгэрт хөнгөн зэргийн гэмтэл, У.Мягмардоржид 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн, “Эм Жи Өү Транс” ХХК-д 501.600 /таван зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд Б.Баянхүүгийн хохирогчоор дахин өгсөн:”...Би талийгаач охин болон зээ охиноо нутаглуулах, буян ном хуруулах зэрэгт зарцуулсан 2.307.600 төгрөг, бензин шатахуунд 754.620 төгрөг, хүнсний бүтээгдэхүүнд 4.223.798 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг буюу нийт 8.286.018 төгрөгийн баримт гаргаж өгч байна. “Эм Жи Өү Транс” ХХК надад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 25.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 8.000.000 төгрөгийг төрийн банкин дахь миний данс руу шилжүүлж бидэнд өгсөн. Би эхний шилжүүлсэн мөнгийг хоёрын хоёр хүнээ алдсан бидэнд компанийн зүгээс буцалтгүй тусламж болгон өгсөн гэж ойлгож байна. Сүүлийн шилжүүлсэн 8.000.000 төгрөгийг оршуулгын зардалд шилжүүлсэн мөнгө юм байна гэж ойлгосон. Жолооч Энхсайхан ажил явдлын үеэр 500.000 төгрөгийг бидэнд шилжүүлсэн. ...Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй, талийгаач охин, зээ охин хоёр маань ослоор нас барсан хэрэгт холбогдуулан ар гэрийн зүгээс жолооч болон компанид холбогдуулан хэлэх гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Насандэлгэрийн хохирогчоор өгсөн:”....Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв дээр байж байгаад Ханбогд сум руу явах гэж Ханбогд сумын зарын фэйсбүүк группээс Ханбогд сум руу явах унаа үзтэл марк 2 маркийн автомашин явна гэж хэлэхээр нь гэрийн хаягаа өгсөн. Тэгээд удалгүй тоёота марк 2 маркийн 15-73 ӨМҮ улсын дугаартай машин манай хашааны гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Би тэгээд цүнхтэй хувцсаа аваад уг машины арын буруу талын арын суудал дээр нь суусан. ...тэгээд жолооч бид хоёр аймгийн зүүн талд засмалын хажууд байдаг колонк дээр явж байтал жолоочийн утас нь дуугарсан. Тэгээд жолооч утсаар яриад нэг эмэгтэй хүн явах гэж залгасан байна гэж хэлээд буцаж яваад эмнэлгийн урд талын зогсоол дээр ирээд зогсоход нэг хүүхэдтэй эмэгтэй хүрч ирээд машины буруу талын урд суусан. Тэгээд Цогтцэций сумын уурхайн наад талын засмал зам руу ороод цаашаа явж байгаад төв замдаа ороод Цогтцэций сумаас урагшаа 80 гаруй км засмал замаар явж байхад хажуугаар нүүрсний том тэргүүд зөрж байгаа харагдаж байсан. Би тухайн үед гар утасныхаа хөгжмийг чихэвчээр сонсоод явж байтал гэнэт л ухаан алдсан. Тэнд яг юу болсныг огт санахгүй байна. Ухаан ороод сэрэхэд машины гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Би тэгээд машин дотор гараараа машины доторх зүйлийг тэмтэрч байхад том машины дугуйны хээ гарт тэмтрэгдэж байхаар нь намайг машинаас гаргаач гэхэд одоохон эмч нар ирж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед жолооч би тэгээд тэр хүүхэдтэй хүүхэн бид дөрвүүл явж байсан. Машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Ямарч байсан эгнээ байрлалаа зөв эзлээд явж байсан. ...тухайн буруутай этгээдэд надад учирсан эмчилгээний зардлаа бүрэн авмаар байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Цаашид хэдэн төгрөгийн хохирол гарахыг мэдэхгүй байна. ..би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцана” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буянтогтохын өгсөн:”...Осолд орж гэмтсэн Уламбаярын Мягмардоржийн төрсөн ээж нь би юм. Одоо хүү маань бие дааж ярьж хэлж чадахгүй, ухаан санаа эрүүл биш, хэвтэрт байгаа болохоор энэ ажиллагаанд ар гэрээ төлөөлж хохирогчийн төлөөлөгч, нэхэмжлэгчээр намайг оролцуулахыг түүний эхнэр Наранцацрал болон бусад ах дүү нар маань зөвшөөрсөн юм. Хүү маань өөрийнхөө марк 2 машинаа жолоодож яваад нүүрсний машинтай мөргөлдөж гэмтсэн, машинд сууж явсан хүүхэдтэй эмэгтэй нас барсан, бас нэг эмэгтэй гэмтсэн гэдгийг дуулж мэдсэн. Анхныхаа ухаангүй байсан үеэ бодвол ухаан орсон. Гэхдээ ухамсарт өөрийн ухаангүй, дэмий зүйл хэлж ярьсан, урьдын бүх зүйлүүдээ санахгүй, орон гаран ухаантай, хоол идсэний дараа идсэнээ мэдэхгүй, шээж бааснаа ч мартчихдаг болсон. Тиймээс осол хэргийн талаар болон өөрийн байр суурийг илэрхийлэх, байцаалт өгөх ямар ч чадваргүй байгаад сая Ханбогдод ирээд байна. Энэ болгонд нааш цааш явах эмчилгээ хийлгэх, өндөр үнэтэй зураг авахуулах зэрэгт зардал нэлээд гарсан. ..одоогоор манай гэрт 9 сая орчим төгрөгийн хохирол учирсан. ...хохирлыг бидний ар гэрт нөхөн төлбөл бидний зүгээс өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал гээд байх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын №01 дугаартай “...Цэнджав овогтой Энхсайхан нь Фотон маркийн 20-83 УНЛ улсын дугаартай 74-14 БЧ чиргүүлтэй автомашиныг жолоодож яваад МУ-н ЗХД-ийн 8.2-д заасан ... заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. ...уг осол хэрэг дээр ажилласан Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/

Шинжээч Д.Ганбатын өгсөн “...Тухайн осолд жолооч У.Мягмардорж буруугүй буюу Монгол Улсын ЗХД-ийн заалтыг зөрчөөгүй гэж үзсэн. ...Хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас, мөн замын эвдрэл гэмтлээс шалтгаалж осол гарсан гэж үзэх боломжгүй байсан. Харин жолооч Ц.Энхсайханы буруутай үйлдлээс болж тухайн осол гарсан байна гэж дүгнэлтээ гаргасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Энхсайханыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Энхсайханд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Энхсайханы хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хавтаст хэргийн материалд шүүгдэгч Ц.Энхсайхан нь Б.Баянхүүд 500,000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Насандэлгэрт 2,070,000 /хоёр сая далан мянга/, хохирогч У.Мягмардоржид 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн, иргэний хариуцагч “Эм Жи Өү Транс” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүүд 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг, хохирогч Б.Насандэлгэрт 3,000,000 /гурван сая/ төгрөг, хохирогч У.Мягмардоржид 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Харин зээ хүү Б.Сайнбаярт тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүүг гаргуулах хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн боловч талийгаач Х.Цолмонтуяа нь зам тээврийн осолд өртөхөөс өмнө ажил, хөдөлмөр эрхэлдэг байсан эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шийдвэр гаргах боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүү нь талийгаач Х.Цолмонтуяагийн хүү Б.Сайнбаярт ногдох хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүүтэй холбогдсон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.

Ц.Энхсайханд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ш.Мөнхжаргал нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...Тухайн тээврийн хэрэгсэл осолд орох үедээ бүрэн бүтэн байсан. Ослын улмаас хийн трупууд тасарч хий хураах систем хэвийн ажиллах боломжгүй болсон. Осол нь нүүрс тээврийн замд болсон бөгөөд эвдэрсэн тээврийн хэрэгслийг цагаан хад руу хүргэж шаардлагатай болсон. Хий бүрэн хураагдахгүй байснаас тормос бүрэн тавигдахгүй байсныг тээврийн хэрэгслийн 2 дугуй чирэгдэж цоорсон. ...бидний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй. Тухайн үед манай тээврийн хэрэгслийг жолоодож осолд холбогдсон жолооч Ц.Энхсайхан нь өнчин өрөөсөн, амьдралын боломж бололцоо муутай, архи дарс уудаггүй, олон ам бүл тэжээж явж байгаад санамсар болгоомжгүйгээр энэ хэрэгт холбогдсон юм. Тиймээс жолоочид холбогдуулж хэлэх гомдол байхгүй...” /хх-ийн 47-48 дугаар хуудас/ гэснийг дурьдах нь зүйтэй юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Энхсайханы 911765 дугаартай BCE ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Энхсайханд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Цэнджавын Энхсайханыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.7 дугаар зүйлийн 1.3, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар Ц.Энхсайханыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Энхсайханд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц.Энхсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүүд 500,000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Насандэлгэрт 2,070,000 /хоёр сая далан мянга/, хохирогч У.Мягмардоржид 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн, иргэний хариуцагч “Эм Жи Өү Транс” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүүд 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг, хохирогч Б.Насандэлгэрт 3,000,000 /гурван сая/ төгрөг, хохирогч У.Мягмардоржид 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянхүү нь талийгаач Х.Цолмонтуяагийн хүү Б.Сайнбаярт ногдох хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэлгийн зөрүүтэй холбогдсон нэхэмжлэлийг, мөн хохирогч У.Мягмардорж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган тус тус шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ц.Энхсайханы 911765 дугаартай BCE ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Энхсайханы эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Энхсайханд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Энхсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН