Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/00524

 

 

 

 

 

 

2023 01 20

101/ШШ2023/00524

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох

Гэм хорын хохирол 860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ч.Д,

Гэрч Г.Б,

Иргэдийн төлөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С миний бие 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 хороо, Нарны зам, Миний хапермаркет 125 дугаар салбараар үйлчлүүлсэн. Худалдан авалт хийгээд төлбөрөө төлөөд гарах гэтэл Мийн хяналтын камерийн ажилтан намайг дуудаж өрөөнд ороод ир гэсэн шаардлага тавьсан. Гэтэл миний бие ямар үндэслэлээр дуудсаныг тодруулахад та гартаа барьсан байсан 1500 төгрөгний үнэтэй үзгэн балаа бичүүлээгүй хулгайлсан байна гэсэн. Бодит байдал дээр миний бие балыг түрдэг сагсанд хийвэл унах нь ойлгомжтой байсан бөгөөд гартаа барьсан байсан балаа бичүүлээлэлгүй мартсан байсан. Миний бие бал бичигдээгүй үлдчиж гэсэн тайлбарыг өгсөн боловч Мийн ажилтан нь хулгай хийсэн гэж улмаар дайрч доромжилж, намайг чирсэн, чирэх үедээ биед гэмтэл учруулсан, мөн миний хувцас хунарыг урсан болно. Дээрх үйлдлийн улмаас миний зүүн баруун гарын булчинд хөхрөл няцралт үүссэн, хүзүү урагдаж зулгаралт үүссэн, гарын бээлий болон өмсөж явсан куртик дахин ашиглагдахааргүй урагдсан болно. миний биед болон эд зүйлсэд хохирол учруулсан асуудлаар миний бие Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан болно. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Цагдаагийн дэслэгч Х.Эгийн Хариу мэдэглэх хуудсаар М ХХК болон түүний ажилтан буруутай болох тогтоогдож Зөрчлийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь 2022 оны 01 сарын 16-ны өдөр шийдвэрлэгдсэн бөгөөд шийдвэр гарсанаас хойш 5 хоногийн дотор миний бие болон М ХХК болон тус газрын ажилтанаас ямар нэгэн гомдлыг Хэрэг бүртгэлийн удирдах албан тушаалтан болон прокурорт гомдол гаргаагүй болно. Иймд миний бие материаллаг хохирол болох гарын савхин бээлийний төлбөрт 80,000 төгрөг, сөдөн куртикний үнэ 780,000 төгрөг нийт 860,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. гэв.

 

2. Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б гэх ажилтан нь МД-125 салбар дэлгүүрийн хяналтын ажилтан бөгөөд дэлгүүрийн аюулгүй байдлыг хангаж, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин, санаатай болон санамсаргүй гэмт хэрэг, зөрчил өр дутагдал, алдаа эндэгдэл хулгай гарахаас урьдчилан сэргийлж өдөр тутмын аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй. Учир нь 2022 оны 1 дүгэзр сарын 22-ны өдрийн нөхцөл байдлыг тодруулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичиж байгаа тайлбар шиг дайрч, доромжилж чирч гэмтэл учруулан хувцас урсан гэж тайлбарлаж байгууллагын нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байгаа бөгөөд бид зөрүүлэн байгууллагын нэр хүндэд халдсан талаар гомдол гаргах болно гэдгээ мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэргийн тухайн үеийн нөхцөл байдлыг ярих юм бол нэхэмжлэгч нь 2022 оны 01 сарын 12-ны өдөр 17 цагийн орчим М 125 салбараас гартаа байсан балаа бичүүлээгүй аваад гарсныг манай хяналтын ажилтан Б харж, тухайн иргэний гарч явахад эргүүлж оруулж ирж, олон хүний нүдэн дээр хулгай хийсэн гэж огт хэлэлгүйгээр камерын өрөөнд дагуулан орж та авсан бараа бүтээгдэхүүний жагсаалтаа харуулна уу, та бал авсан уу гэж асуусан. Тухайн үед нэхэмжлэгч нь балаа бичүүлээгүй мартсан байна гэж хэлсэн. Тухайн үед зан харилцаанаасаа болж энэ хулгайн үйлдэл, бичүүлээгүй гарч байгаа нь хяналтын ажилтанд хулгай хийж байгаа үйлдэл шиг харагдаж байгаа. Хулгайн үйлдэл гэж маргаан болж, нэхэмжлэгч гарч явсны дараа орж ирээд чи намайг хулгайч гэж хэллээ гээд хэрүүл хийсэн. Би гурван хүүхдээ гэртээ үлдээсэн яараач байна гэсэн хэрнээ цагдаа дууд гэж хэлсээр байгаад цагдаа дуусан байгаа. Өмнө ийм зүйл гарахад хүнээ явуулахад хуурамч дуудлага өгсөн гэж 50,000 төгрөгөөр манай ажилтан торгуулсан байсан. Тэгээд түр саатуулсан байгаа. Тухайн үедээ шийдэх боломжтой байсан зүйл дээр компанийн нэр хүндэд халдаж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.гэв.

 

3. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 3-6 дугаар талд авагдсан баримтуудыг нэхэмжлэлд хавсарган өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 31-32, 47-48, 95-96 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх, хэргийн оролцогчийн хүсэлтээр хавтаст хэргийн 49-71, 83 дугаар талд авагдсан баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 860,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч Б.С 1 ширхэг балыг кассанд бичүүлээгүйн улмаас хяналтын ажилтан шаардлага тавьж явуулсан боловч өөрөө буцаж орж хэрүүл маргаан үүсгэн, цагдаа дууд гэж өөрөө дуудуулсан атлаа явах гэж оролдсон зэрэг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар манай байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх, мөн нэхэмжлэгч нь куртик, бээлийний үнийг нотлож чадаагүй, өөрийн өмсөж байсан хувцасны үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

3. М ХХК-ийн хяналтын камерын ажилтан Г.Б нь Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Мт худалдан авалт хийсэн иргэн Б.Бтэй маргаж хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан гэх зөрчлийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №0318865 дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Быг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хх-49-71 тал/

4. Иргэн Х овогт Б-ын Б нь өөрийн нэрийг Х овогт Б-ын С болгон өөрчилсөн бүртгэлийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогджээ. /хх-5 тал/

5. Хариуцагч М ХХК нь өөрийн ажилтан Г.Быг нэхэмжлэгч Б.Сгийн эд хөрөнгөнд хохирол учруулсан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч зөрчил гаргагч Г.Б нь дээрх торгох шийтгэлийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй, уг асуудлын улмаас байгууллагаас нь цалингийн хувийг хасуулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар Г.Б нь гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан.

6. Дээрх үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч Б.С нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Мт худалдан авалт хийхдээ 1500 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг балыг бичүүлээгүй гарснаас болж тус дэлгүүрийн хяналтын ажилтан Г.Бтай маргалдаж, улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгахад Г.Б нь хохирогч Б.Б /одоогийн нэр Б.С/-гийн биед хохирол учруулахгүйгээр халдсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсныг түүний гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзнэ.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 20 хуудас материалаас үзэхэд,

-Б.Б /одоогийн нэр Б.С/-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт ...Миний зүүн талын гар хэсэгт хөхөрсөн, миний гадна талаар өмсөж байсан куртик урагдсан, намайг хойшоо татахад миний хүзүү хэсэгт улаасан байгаа мөн миний гартаа өмсөж байсан бээлий урагдсан байгаа. Хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би өнгөрсөн жил савхин бээлийг 98000 мянга, куртикийг би Их Монгол гэх дэлгүүрээс 780000 орчим мянган төгрөгөөр худалдаж авч байсан... гэж,

-Холбогдогч Г.Бын өгсөн мэдүүлэгт ...Асуулт: Та тэр эмэгтэйн хөДийг саатуулсан гэж байна биед нь гар хүрсэн үү? Хариулт: Хажуугаар гараад явах гээд байхаар нь би гар хэсгээс нь татсан. Асуулт: Тэр эмэгтэй гадна талаараа ямар хувцас өмссөн байсан бэ? Хариулт: Шар өнгийн куртик өмссөн байсан. Асуулт: Гадуур хувцаснаас нь давхар татсан уу? Хариулт: Куртикнээс нь давхар татсан ... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.С нь зөрчил гарсан үед өөрийн өмсөж явсан куртик, бээлий урагдсан талаар мэдүүлж, Г.Бын үйлдлээс нэхэмжлэгчийн тухайн үед өмсөж явсан бээлий, куртик урагдсан байна.

Хариуцагч тал өмсөж явсан бээлий, куртикний үнийг бүтнээр нь нэхэмжлэх үндэслэлгүй гэх боловч нэхэмжлэгч нь сөдөн куртик, бээлий урагдсан тул дахин өмсөх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

7. Нэхэмжлэгч Б.С нь бээлий 80,000 төгрөгөөр, куртик 780,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан талаар зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, өгсөн боловч уг баримтуудад худалдан авагчийн нэр тодорхойгүй, худалдагч байгууллагын нэр, санхүүгийн тэмдэг дэх нэр зөрүүтэй, хэн авсан нь бичигдээгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй ба 860,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэх баримтгүй байна. Харин нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хувцасны үнэд 350,000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн данснаас зарлагдаж шилжүүлсэн баримтыг куртикний үнийн урьдчилгаанд өгсөн гэж тайлбарлаж байгаа ба уг баримт нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа куртик авсан цаг хугацаатай таарч байгаа, түүний данснаас зарлагын гүйлгээ гарсан тул куртикний үнэд 350,000 төгрөг төлөгдсөн гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Бы ...Аливаа байгууллагын ажилтнаас болсон бурууг тухайн компани үүрдэг талтай, ёс зүйгүй харьцсан сэтгэгдэл төрж байна. Яагаад тухайн үедээ уучлалт гуйж болоогүй юм бол, нэхэмжлэгчийн бууруулсан хэмжээгээр төлж, тэр хариуцлагаа ажилтандаа хариуцлага тооцох боломжтой... гэх дүгнэлт, хэргийн үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т жиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан тул М ХХК-ийн хяналтын ажилтан Г.Бын үйлдлээс нэхэмжлэгч Б.Сгийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч М ХХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч Б.Сгийн өөртөө үйлчлэх дэлгүүрээс авсан 1 ширхэг балыг бичүүлэхгүй мартаж гарснаас улбаалан дээрх зөрчлийн хэрэг үйлдэгдсэнийг харгалзан хариуцагчийн төлөх баримтаар тогтоогдсон 350,000 төгрөгийн гэм хорын хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, 175,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч М ХХК-иас гэм хорын хохиролд 175,000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлээс 685,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Т.ЭНХЖАРГАЛ