Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/658

 

 

Б.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Ө,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Өын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006042790244 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бн Ө, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл хотхон, 73 дугаар байранд орцны жижүүр ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялыг багтаан нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Шгийн гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хуулъ бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Өт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Өын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр төлсөн 380.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 290.000 төгрөгийг, нийт 670.000 төгрөгийг уг данснаас гаргуулан хохирогч Х.Кд олгож, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Ө гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Н.Ш ахын гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг хүч хэрэглэхгүйгээр авч зугтан, дотор нь байсан 480.000 төгрөгийг авсан нь үнэн болно. Н.Ш ах анх мэдүүлэхдээ “500.000 төгрөг байсан” гэсэн бөгөөд дараа нь “андуурсан байна, 670.000 төгрөг байсан” гэж мэдүүлсэн. Би 480.000 төгрөг авсан мөртлөө хэлсэн 670.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би 190.000 төгрөг илүү өгчихөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэндээ их гомдолтой байна. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эхнэр маань төрж хүүтэй болсон. Эхнэр маань гэртээ ганцаараа байгаа тул ажил хийх боломжгүй. Би болон манай эхнэр бүтэн өнчин харж хандах хүн байхгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Шгийн гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхээс Б.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул шинж чанарт тохирсон ял оногдуулсан гэж гэж үзэж байна. Иймд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Шгийн гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Кгийн “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай байшинг засаж, хамт амьдарч байсан Ө нь шөнө манай гэрт байсан оёдлын машинтай 670.000 төгрөгийг аваад зугтаасан. Нөхөр бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй. ...Тэгээд оёдлын машинаа олоод задлаад үзсэн чинь дотор нь байсан мөнгө байгаагүй. ...Нийт 670.000 төгрөг байсныг 500.000 төгрөг гэж буруу хэлсэн байна. ...Оёдлын машин эвдэрч гэмтээгүй. ...” /хх 45-46/,

гэрч Б.Өы “...Би өөрийн дүү Б.Өыг Ш гуайн байшинг янзлуулахаар холбож өгсөн. ...Ш өвгөн надаас байшин барихад туслаад өгөх хүн байна уу гэж хэлэхээр нь би холбож өгсөн. Манай дүү Ө тэдний байшинд нь байрлаад ажиллаж байсан. ...” /хх 53-54/,

Б.Өын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 7 дугаар сарын үед эгч Өы найзын эцэг Ш гэх хүний байшингийн ажилд туслаад гэрт нь хамт амьдарч байсан. ...Нэг өдөр ажлаа дуусгаад найзуудтайгаа уулзаж 3 ширхэг пиво уусан. Орой 21 цаг өнгөрч байхад Ш ахынд ирээд ороо засаад хэвтэж байгаад ширээн доор байгаа оёдлын машинд мөнгөө хийдгийг нь санаад ... оёдлын машиныг аваад гэрээс гарч гүйсэн. Булан эргээд оёдлын машиныг газар тавьж үлдээгээд дотор нь байсан ойролцоогоор 500.000 орчим төгрөгийг аваад явсан. Тэр үед Ш ах, К эгч хоёр ... намайг оёдлын машинтай мөнгийг аваад гарах үед араас гүйж гарч ирээд “хулгайчийг бариад аваарай” гэж орилсон. ...” /хх 89-90/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ө нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хуулъ бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийн нөхцөл байдлаас харахад Х.К нь Б.Өыг мөнгө нуусан оёдлын машиныг гэрээс авч гарахыг мэдээд араас нь хөөсөн боловч гүйцээгүй, улмаар Б.Ө нь оёдлын машинд мөнгө нуусныг мэдэж байсан тул мөнгийг аваад зугтаасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.Өын 2019 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Шгийн гэрээс мөнгө нуусан оёдлын машиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Ө нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Өын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хэргүүдэд хамаарах боловч тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж зааснаар шүүгдэгч Б.Өыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Ө “...Миний бие ... 190.000 төгрөг илүү өгчихөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэндээ их гомдолтой байна. ...Би болон манай эхнэр бүтэн өнчин харж хандах хүн байхгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Өын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Өын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь нийт 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ