Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Б.Мөнхсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав

Хохирогч Х.Ганбат

Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсуурийн Мөнхсүхэд холбогдох 201716010065 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “МЦУУ” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Бичигтийн 3-34 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овгийн Батсуурийн Мөнхсүх. /Регистрийн дугаар: пэ80102113/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Мөнхсүх нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын хашаанд иргэн Х.Ганбаттай маргах явцдаа эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхсүх мэдүүлэхдээ:“2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гашуун сухайтын боомт дээр болсон үйл явдал. Би Ганбаттай очер дарааллаас болж маргалдсан. Тухайн үед энэ хүн миний машины урдуур очер дайрч орсон. Би түргэн зангаасаа болж энэ хүнийг зодсон нь үнэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирогчоос нэхэмжилсэн мөнгөн дүнг бүгдийг төлж, бид хоорондоо эвлэрсэн. Энэ хүнийг зодсондоо маш их гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ганбат мэдүүлэхдээ: ”2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би Монголын штамбр буюу соёмботой хаалгаар машинтайгаа орох гээд явж байсан. Миний урд явж байсан машин урдаа байсан эвдэрсэнмашиныгтойроодорсон.Тэгэхээр нь би түүний араас ортол хажуугаас машин сигналдсан. Би эвдэрсэн байсан машины хажууд очиж зогсоод байж байтал Мөнхсүх гүйж ирээд “яагаад урдуур ороод байгаа юм бэ?” гэхэд нь би “Урд байгаа машин эвдэрсэн байна. Тэгээд тойроод орчихлоо. Урдуур чинь орсонд уучлаарай. Зай байгаа юм чинь чи миний хажуугаар яваад ор.” гэж хэлэхэд Мөнхсүх миний машины урдуур машинаа тавиад бууж ирснээ намайг заамдаж аваад “чи яасан баавартай юм бэ?” гээд миний хүзүүнд байсан гинжийг тастсан.Тэгээд би Мөнхсүхийг заамдаад, түлхсэн чинь Мөнхсүх машины кабины хаалга мөргөөд зүүн нүднийх нь хажуугаас цус гаргасан. Тэгтэл Мөнхсүх чи надаас цус гаргадаг хэн бэ? Гээд шалан дээр байсан алхыг аваад намайг нүүр нүдгүй цохиж эхэлсэн. Миний гараас цус их хэмжээгээр гоожиж байсан. Мөнхсүх машинууд урагшлахаар гүйж яваад машинаа урагшлуулсан. Би араас нь машинаа урагшлуулаад буутал Баянзул гэж өндөр залуу гарч ирээд “чи миний дүүг цустай нь хольдог хэн бэ?” гээд намайг цохисон. Би “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү” та нар яаж байгаа юм гээд цохих гэтэл Баянзул миний гарыг барьсан чинь Мөнхсүх гүйж ирээд намайг 2 цохисон. Би хохирол төлбөрт 2.640.000 төгрөг, 2400 юань Хятад улсад эмчид үзүүлэхэд гарсан зардал, 1000 юань нь цагдаагийн торгуулийн мөнгө, нийт 3400 юань авсан” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-7 дугаар хуудас/

Хураан авах тухай тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 17-18 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-н 19 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ганбатын мэдүүлэгт:“....Эхлээд Мөнхсүх намайг лантуу лопатикаар эхэлж зодсон. Тэр үед Баянзул бидний дэргэд байгаагүй. Дараа нь би машинаасаа буугаад манифестаа өгөхөөр явж байхад тэр Баянзул гэдэг залуу ирээд, “Чи миний дүүг цус нөжтэй нь хольдог хэн юм” гээд миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Би зөрүүлээд түүнийг цохих гэхэд Баянзул хориод миний хоёр гарыг бариад авсан. Тэр үед Мөнхсүх хаанаас ч юм гарч ирээд миний дал руу хоёр удаа цохьчихсон юм. Баянзул бол миний хоёр гарыг бариад санаатайгаар Мөнхсүхээр цохиулаагүй байх гэж боддог. Түүнийг л бүлэглэсэн гэж үздэггүй юм бол бусдаар хоёулаа нийлээд хамтраад намайг зодоод байгаагүй. ....Мөнхсүх сүүлд буюу араас ирж, нуруу руу лантуугаар цохих үед миний зүүн дал гэмтсэн байх гэж бодож байна. ....Надад гомдол, санал байхгүй....” /хх-н 23 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Мөнхсүхийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “....Гашуун сухайт боомтын хашаанд урагшаа орох гээд очерлож байтал нэг машин урдуур очер дайраад орсон. Би машин руу нь очиж уулзсан. Тэгээд хоорондоо маргалдсан. Заамдалцсан байхад Х.Ганбат ах намайг татаж кабин мөргүүлснээс болоод миний зүүн нүдний хажууд шалбарч, цус гоожсон. Надад бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй, ....гомдол, санал байхгүй....” /хх-н 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Баянзулын мэдүүлэгт: “....Би тэднийг салгаад холдуулсан. Тэр үед Мөнхсүх “энэ ах миний урдуур дайрч орсон тэгээд уулзахад чиний урдуур ороход яадаг юм гэж басамжилсан, тэгээд намайг заамдаж татахад нь би кабины дээд тал мөргөөд хөмсгөө сэтэлчихлээ” гэж хэлсэн. Мөнхсүхийн зүүн талын хөмсөг, нүдний орчмоос нь их цус гарч байсан. Тэр өвгөн болохоор “энэ шууд ирээд намайг цохиж зодсон” гэж хэлж байсан. Би тэр хоёрт битгий муудалцаад бай хол газраас ирчихээд нэгнийгээ цохиж зодоод хэрэггүй гэж хэлээд салгасан. ....Боомтын хашаанд ч гэсэн олон машинуудын дунд уг асуудал болсон тул нэг их олон хүн мэдээгүй байх. Уг асуудлыг ирж зохицуулсан албан тушаалтан байгаагүй....” /хх-н 26-28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Норжмоогийн мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баярмаагийн мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ганбаярын мэдүүлэгт: “....Машинууд урагшаа бага багаар зай шахаад эргээд зогстол нөгөө жижигхэн шар залуу өөрийнхөө машиныг хөдөлгөчихөөд машинаасаа бууж ирээд Ганбаа ахын машины зөв талын хаалгыг онгойлгож, кабин руу нь шагайгаад Ганбаа ах руу дайрч, хэрүүл өдөөд хэл амаар доромжлоод байсан. Машинууд урагшлахаар л гүйж очиж өөрийнхөө машиныг урагшлуулчихаад, буцаж ирээд хэрүүл өдөөд байсан. Тэр явдал 2-3 удаа давтагдсан. Тэр хүн Ганбаа ахыг хүзүүдэж аваад нүүрэнд нь хүрээд чи миний цусыг арилга гээд дайрч давшлаад байсан. Тэр залуугийн хөмсөгнийх нь тэндээс цус гарчихсан байсан. Тэр хүн өвчтэй галзуу хүн шиг Ганбаа ах руу дайрч давшлаад байсан. Тэгж байтал машинууд урагшаа хөдлөөд штамб руу явсан....” /хх-н 33-34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цэрэнпунцагийн мэдүүлэг /хх-н 43-44 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 75 дугаар “...Х.Ганбатын биед тархи доргилт, зүүн дал ясны шонтонгийн зөрөөгүй, сэлтэрсэн хугарал, зүүн мөр, бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 46 дугаар хуудас/

Эд мөрийн баримт /Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Мөнхсүхийн хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79/, Ховд аймгийн Жаргалант сумын бичигт багийн 3 дугаар гудамжны 34 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 80/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 85/, хохирол, төлбөр төлсөн баримт /хх-н 126/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Батсуурь овогтой Мөнхсүх нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын хашаанд иргэн Х.Ганбаттай маргах явцдаа эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнхсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнхсүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.640.000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хохирогч Х.Ганбат нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан бөгөөд бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Мөнхсүхэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр алх, 1 ширхэг төмөр лапатик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч Х.Ганбатын гэмтсэн байдлыг харуулсан 16 ширхэг фото зургийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсуурийн Мөнхсүхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсуурийн Мөнхсүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсүхэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхсүх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Мөнхсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Ганбатад 2,640,000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

6. Хохирогч Халтар овогтой Ганбат нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг гэрэл зургийг хэрэгт үлдээж, 1 ширхэг алх, 1 ширхэг лапатик төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Мөнхсүхийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мөнхсүхэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Мөнхсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН