Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/227

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Б.Энхтулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota prius alpha XW” загварын ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн “А”, 12.3, 15.9-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад мал хайгаад явж байсан.  Мотоциклын бензин бага байсан болохоор бензин авах гээд орой 17 цаг өнгөрч байхад Ховд аймгийн төв орж ирсэн. Төв замаар явж байгаад Прогресс сургууль тал руугаа 3 замаар эргэтэл урдаас ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай гарч ирээд миний зүүн талаас ирж мөргөхөд миний мотоцикл баруун тал руугаа унасан юм. Би тухайн үед 30 км/цаг-ийн хурдтай явж байсан. Би эргэхдээ дохио өгч эргэсэн. Миний биед одоо зүүн талын хөл шагай хэсгээрээ өвдөж байна. Өөр ямар нэгэн өвдсөн газар байхгүй байна. Би мотоциклтой ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 7 дахь тал),

2.3.  Шинжээч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Цусны дээж шинжилгээнд авах үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх боломжтой. Тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, биеийн жингээс хамаараад харилцан адилгүй байна. Цусанд агуулагдаж байгаа нийт спиртийн хэмжээг тогтоох шинжилгээ хийсэн. Тухайн цуснаас 0.7 промиль спиртийн агууламж илэрсэн. Шинжилгээний үр дүн нь дээж авч байх үеийн үр дүнг илэрхийлдэг. Өмнөх өдрүүд ямар байсныг нөхөн тогтоох боломжгүй. 0.5 промилиэс дээш бол спиртийн агууламж илэрсэн гэж үзнэ. Спиртийн суурьтай эмийг эмчилгээний журмаар хэрэглэхэд согтолтын зэрэг тогтоогдох хэмжээний спиртийн агууламж цуснаас илрэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст 9 дэх тал),

2.4. Зам тээврийн ослын акт тогтоосон “Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт ойн ангийн 3 замын уулзварт зам тээврийн осол гарсан гэх хэрэг учралын газарт очиход ******* ХОЕ улсын дугаартай “Приус-41” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун хойд чиглэлд харсан байдалтай, “Даюун” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл ертөнцийн зүгээр зүүн урд чиглэлд харсан, баруун талаар унасан, жолооч нь хажууд суусан байдалтай тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгийг А үсгээр тэмдэглэж ******* ХОЕ улсын дугаартай “Приус-41” маркийн тээврийн хэрэгслийг 1-ийн тоогоор, улаан өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг 2-ын тоогоор, хүн сууж байсан цэгийг 3-ын тоогоор, үл хөдлөх цэгийг В үсгээр, зорчих хэсгийн эрэг 14,85 м, А=В цэг хүртэл 32,70м тус тус зайтай байв. ******* ХОЕ улсын дугаартай “Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Даюун маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклын жолооч *******а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 б-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй”, 3.4 в-д “мотоцикл, мопед жолоодохдоо жолооч малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх акт, ослын газарт хийсэн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

2.5. Хяналтын камерт үзлэг хийсэн “...Уг үзлэгээр Ховд аймгийн Цагдаагийн газрын камерын хяналтын төвийн 192-168-4-4 id D3 дугаарын камер 192-168-30-104-024 дугаартай камерын 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Улаанбаатарын цагаар 18 цаг 25 минут 22 секундээс 18 цаг 26 минут хүртэл нийт 1 минут 16 секундийн бичлэг тухайн зам тээврийн осол болсон газрыг төв замаар ирж байсан БНХАУ-д үйлдвэрлэсэнДаюун” загварын мотоцикл болон туслах замаар ирж байсан ******* ХОЕ улсын дугаарт хэрэгсэл зам тээврийн осол гаргасан хэсгийн бичлэгийг дискт хуулбарлаж бэхжүүлэн авав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

2.6. Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг Прогресс сургуулийн замд ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эмнэлэг талаас улсын дугааргүй мотоцикл нь бага гүүр талын замаар ирж прогресс сургууль тал руу эргэж мөргөлдсөн байсан. Уг газрын уртраг өргөргийн цэгийг “А23” маркийн утсаар авахад N46.39556 E92.52564 байсан. А үсгээр анх мөргөлдсөн газрыг 1 тоогоор ******* ХОЕ улсын дугаартай тээврийг хэрэгслийн зогсож байсан газрыг тэмдэглэж 2 тоогоор улсын дугааргүй мотоциклыг тэмдэглэж, 3 тоогоор мотоциклын жолооч унасан гэх хэсгийг 3 гэж тэмдэглэв. Тухайн хэрэг учрал болсон замын нийт өргөн нь 14,85 метр зам байсан ба ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун хойд чиглэлд харсан, харин улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ертөнцийн зүгээр зүүн урд чиглэлд харсан баруун талаараа унасан байв. ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйгаас замын ирмэг хүртэл 6,90 метр, хойд дугуйгаас 4,60 метр зүүн талын урд дугуйнаас замын ирмэг хүртэл 4,90 метр, зүүн талын хойд дугуйнаас замын ирмэг хүртэл 4,80 метр А цэгээс 3 хүртэл 3,35 метр, мотоциклын урд дугуйнаас замын зах хүртэл 70 см, хойд дугуйнаас 2,35 см байв. Уг хэргийн газраас 17 ширхэг зураг дарж үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал),

2.7. “Даюун” гэсэн нэртэй улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16, 19-20 дахь тал),

2.8. ******* ХОЕ улсын дугаартай хар өнгийн “Приус-41” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17, 21-22 дахь тал),

2.9. Жолооч *******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Багаж ашиглан шалгахад хэмжээ спиртийн агууламж 0,00% байсан” гэх тэмдэглэл  (хавтаст хэргийн 25 дахь тал),

2.10. Жолоочийн Ц.*******ын согтолтыг шалгахад “спиртийн агууламж 0,00 % байсан” гэх согтолтын зэргийг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал),

2.11. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ХОВ0725/290 дугаартай “1. *******ын биед гэмтэл учирсан байна. 2. *******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

2.12. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ0325/048 дугаартай "1. *******а ПЭ:71022716 гэж хаягласан хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн дээжид спиртийн агууламж илрээгүй. 3. Шинжилгээ хийх явцад ач холбогдол бүхий бусад зүйл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал),

2.13. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ0325/049 дугаартай "1. Ц.******* ПЭ79090871 гэж хаягласан хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусанд 0.7 промиль спиртийн агууламж илэрсэн. 3. Цусан дахь 0.7 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Шинжилгээ хийх явцад ач холбогдол бүхий бусад зүйл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

2.14. Хохирогч *******ын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Миний бие Сосор овогтой Гантулга нь 2025 оны 2 дугаар сарын 22-нд машинтай мөргөлдөж хөлөө хугалсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, сэтгэл санааны хохирол байхгүй. Эмчилгээний төлбөр болох 4.000.000 төгрөгийг дансаар авсан. Өөр гомдол, санал байхгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 49 дэх тал),

2.15. Хөрөнгө үнэлгээний "" ХХК-ийн үнэлгээчний 2025 оны 03 дугаар 20-ны өдрийн ХВЦ-25-66 дугаартай "Мотоциклд үнэлгээ  тогтоосон 2025 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 480.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

2.16. Хөрөнгө үнэлгээний "" ХХК-ийн үнэлгээчний 2025 оны 03 дугаар 20-ны өдрийн ХВЦ-25-67 дугаартай “Тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангид үнэлгээ тогтоосон 2025 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 800.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

2.17.  Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Р. Хуатбекийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “..."Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн 3 замын уулзварт ******* ХОЕ улсын дугаартай “Toyota Приус 40” маркийн авто машин, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” гэх нэртэй мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан" гэх Бүртгэлийн 0680 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” гэх нэртэй улсын дугааргүй, мотоциклийн жолооч *******а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “А” зүйлд зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл архи согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн байна.  

“Toyota Приус 40” маркийн ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Үүнд: 15.9 дүгээр зүйлд заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 3.7 дугаар зүйл “ жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,  12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

...Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь ******* ХОЕ улсын дугаартай “Приус 40” загварын автомашины жолооч Ц.******* нь гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх хөдөлгөөний хурдыг тохируулж чадаагүй буюу аюул саад тулгарахад зогcoox apгa хэмжээ авч самбаачилж чадаагүйн улмаас улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” гэх нэртэй мотоцикл мөргөж, зам тээврийн осол гаргасан байна” гэсэн магадалгаа, (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

2.18.  Хохирогч *******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний лавлагаа, (хавтаст хэргийн 76 дахь тал),

2.19. Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 79 дэх тал),

2.20. Иргэний нэхэмжлэгч гийн “... *******а нь 2025 оны 02 дугаар сарын 22-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 100,767 төгрөгийн тусламж үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Манай байгууллага хуулийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 100,767 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн түлүүлэх хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

2.21. 4258 ХОЕ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

2.22. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал),

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),

- Гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.23. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

-Хохирогч *******ын өгсөн “...Төв замаар явж байгаад Прогресс сургууль тал руугаа гурван замаар эргэтэл урдаас ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай гарч ирээд миний зүүн талаас ирж мөргөхөд миний мотоцикл баруун тал руугаа унасан юм....” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 7 дахь тал),

-Шинжээч ийн өгсөн “...Тухайн цуснаас 0.7 промиль спиртийн агууламж илэрсэн. Шинжилгээний үр дүн нь дээж авч байх үеийн үр дүнг илэрхийлдэг....” гэх мэдүүлэг (хавтаст 9 дэх тал),

-Зам тээврийн ослын акт, ослын газарт хийсэн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал),

-“Даюун” нэртэй, улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл болон ******* ХОЕ улсын дугаартай хар өнгийн “Приус-41” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16, 19-20 дахь тал),

-Шинжээч эмч, цагдаагийн хошууч ын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ХОВ0725/290 дугаартай “1. *******ын биед гэмтэл учирсан байна. ... 3. С. Гантулгын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо....” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

-Хохирогч *******ын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 49 дэх тал),

-Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  магадалгаа, (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

-4258 ХОЕ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Прогресс сургуулийн 4 замын уулзварт “Toyota prius alpha XW” загварын ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Даюун” нэртэй улсын дугааргүй, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч *******ыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд  зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.

Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ0325/049 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Ц.*******ын цуснаас 0.7 промиль спирт илэрсэн байна. (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

Шүүгдэгч Ц.******* “В” ангиллын жолоочийн үнэмлэхтэй, жолооч *******а нь мотоцикл жолоодох эрхийн А” ангиллын үнэмлэхгүй болох нь жолоочийн лавлагаа, мэдээллээр тус тус нотлогджээ. (хавтаст хэргийн 79, 77 дахь тал),

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч *******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

3.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч, “гэм буруугаа хүлээнэ” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс “улсын яллагчийн гэм буруутайд тооцох дүгнэлт үндэслэлтэй шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэсэн санал  дүгнэлт гаргаж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон.

4.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэхийг хөдөлгөөнд оролцож буй иргэнд үүрэг болгожээ.

       4.3. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оруулахгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохирсон арга хэмжээг авах нь түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.

       4.4. Шүүгдэгч Ц.******* нь ******* ХОЕ улсын дугаартай, “Тоёота приус-41” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,  15.9. “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гол замаар замын хөдөлгөөнд оролцсон жолооч *******ын тээврийн хэрэгсэлд нь зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гарч, хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь зам тээврийн ослын акт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          4.5. Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн хохиролд хамаардаг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ.

          4.6. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д зааснаар гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоодог. Мөн журмын 2.5-д зааснаар шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

          4.7. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Ц.*******ын замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг, түүний цуснаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс дээш буюу 0,7 промиль  спиртийн агууламж илэрсэн учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх бөгөөд энэ нь дээрх гэмт хэргийн “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус хангасан байна. 

          4.8. Жолооч Ц.******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гаргасан мөрдөгчийн магадалгаа нь үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцсэн байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

          4.9. Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн  хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид  олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч *******а нь хор уршиг нэхэмжлээгүй,  мөрдөн шалгах ажиллагааны үед “...эмчилгээний төлбөрт 4,000,000 төгрөг авсан хохирол, төлбөр, гомдол байхгүй” гэсэн хүсэлтээ гаргаж өгсөн байна. (хэргийн 49-50 дахь тал),

5.3. Мөн энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 100,767 төгрөгийг шүүгдэгч Ц.******* төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учраас шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь хувийн байдлын хувьд 46 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багт оршин суудаг, урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 66-67, 86 дахь тал),

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарал, болгоомжгүйгээс зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хохирогч *******ад учирсан хор уршгийг төлж барагдуулсныг мөн зүйлийн 1.2. “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай” гэсэн санал, дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан.

2.7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ц.*******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн буюу учруулсан хор уршгийг  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.  

2.8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Ц.*******д сануулж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн хор уршигт 4,000,000 төгрөгийг хохирогч *******ад, 100,767 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт төлсөн, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт  зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Ц.*******д хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид  даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 35.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхүүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

    6. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******ад 4,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт 100,767 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалсугай.

         8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Ц.*******д хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БАХЫТБЕК