| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2022/01215/И |
| Дугаар | 155/ШШ2023/00126 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2023/00126
| 2023 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2023/00126 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ----- дүгээр багт байрлах, **ХХК,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ---- дүгээр багийн ------ тоотод оршин суух, ********дугаар регистртэй, эрэгтэй, ******овогт Б******ийн Б.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2022/01215/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **ХХК-ийн захирал Н.Н.Бт, түүний өмгөөлөгч Н.Н.Б, хариуцагч Б.Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Б.Б.Нд холбогдуулан ажлын хөлс 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь худаг гаргах, цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах үйлчилгээ явуулдаг билээ. Мөрөн сумын 11 дүгээр багийн ********* тоотод оршин суух, иргэн Б.Б.Н нь манай компанитай амаар хэлцэл хийж, өөрийн хашаандаа 1 метрийг нь 220,000 төгрөгөөр худаг гаргах, цооног өрөмдлөгийн ажил хийлгэхээр тохиролцон, бичгээр гэрээ хийе гэхэд би баталгаатай, найдвартай гэрээ хийгээд байх зүйлгүй, найдвартай цооног ухаад ус гаргаад өгчих гэж гуйсаар худаг ус гаргах ажлыг эхлүүлсэн. Ингэж эхлүүлэхдээ цооног өрөмдөх өрөмдлөгийн ажлыг 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эхэлж, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 102м газар цооног өрөмдөж, ус гаргаж өгсөн. Гэтэл Б.Б.Н амаар хийсэн хэлцлээсээ буцаж бага хэмжээтэй буюу 1 татахад 0,8 тонн орчим ус гарч байна гэх шалтгаар тохиролцсоны дагуу хөлсөө өгөхөөс цааргалж өдийг хүрлээ. Манай компанийн 102м цооног өрөмдсөн ажлын хөлс нийт 22,440,000 төгрөг авах ёстой байснаас иргэн Б.Б.Наас ажлын хөлс 11,000,000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 11,440,000 төгрөг авах ёстойгоос 10,000,000 төгрөгийг иргэн Б.Б.Наас гаргуулж авахаар нэхэмжилж байна. Тохиролцсон хэлцлийн дагуу үлдэгдэл мөнгөө авахаар олон удаа нэхэж очсон. Үүнээс хойш үлдэгдэл мөнгийг огт өгөхгүй явсаар одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд***** **ХХК-ийн зүгээс Мөрөн сумын **** дүгээр багийн ********* тоотод оршин суух, иргэн Б.Б.Наас 10,000,000 (арван сая) төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. **********ХХК-ийн захирал Н.Н.Бт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.Б.Н нь **************аймгийн Мөрөн сумын **** дүгээр багийн ********** тоотод байрлах, хашаандаа авто угаалга, халуун ус ажиллуулах зорилгоор худаг ухуулна гэсэн саналыг манай компанид тавьсан. Би худаг гаргах, цооног өрөмдөхөд эрсдэл гарна, эрсдэл үүсэж болзошгүй, ус ямар хэмжээтэй гарахыг мэдэхгүй гэдгийг сануулан хэлж, 1 метр цооног өрөмдөхөд ажлын хөлс 210,000 төгрөг авахаар тохиролцсон. Б.Б.Н худаг ухах зөвшөөрлийг байгаль орчны байцаагчаас авсан байсан. Тус ажлыг 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эхэлж, бүтэн сар ажилласан. Тухайн газар хад, чулуу ихтэй байсан болохоор өрөмдөхөд хүндрэл гарч, машин техник эвдэрч байсан ч 102м гүн ухаж, усны түвшин 54 метрт хүрээд цааш ухах боломжгүй болсон. Манай компани байгаль дээр байгаа усыг нь гаргаж өгсөн. Тухай газар нь гүний ямар ундарга устай, хэдэн метр өрөмдөөд ямар хэмжээний ус гарахыг мэдэхгүй учир хэрэгцээ хангахаар ус гарна гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй тул бид усны хэмжээн дээр тохироогүй. Зөвхөн худаг гаргах цооног өрөмдөх талаар ярилцаж тохиролцсон. Хөвсгөл аймгийн төвд 50-80 метрийн гүн ухахад ус гардаг. Б.Б.Н дараа нь хангалттай хэмжээний ус гарахгүй байна гэсэн. Бид түүнээс илүү доош ухах техникийн боломж бололцоо байхгүй гэдгээ хэлсэн. Ажлын хөлсний урьдчилгаанд 11,000,000 төгрөг авсан. Б.Б.Н нь бага ус гарсан гэдэг шалтгаанаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг өгөхгүй өдий хүрсэн. Би ажлын хөлс 11,440,000 төгрөг авах ёстой байснаас 10,000,000 төгрөг авахаар нэхэмжилсэн боловч одоо уг мөнгөн дүнгээ багасгаж, 8,000,000 төгрөг гаргуулж авна гэв.
3. Хариуцагч Б.Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. **** **ХХК-ийн захирал Н.Н.Бттай өөрийн эзэмшлийн хашаан дотроо халуун ус, авто угаалгын газрын хэрэгцээг хангах хэмжээний ус гаргуулах чадалтай худаг ухуулахаар аман хэлцэл хийсэн. Н.Н.Бт хангалттай хангах хэмжээний ус гаргаж өгнө гээд 1 метр цооног өрөмдөхөд ажлын хөлс 210,000 төгрөг төлөхөөр тохиролцож, ажлын хөлсөнд 11,000,000 төгрөг авсан. Би худаг ухах зөвшөөрлийг байгаль орчны байцаагчаас авсан. Худаг өрөмдөх ажлыг нэг сар орчим хийж гаргасан ус нь 24 цагийн хугацаанд 800 литрээс 1 тонн орчим ус гарч, авто угаалгыг ч дангаар нь хангаж чадахгүй байгаа. Үүнээс болж манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд 3 ширхэг 1 тонны савыг тус бүрийг нь 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг, Isuzu маркийн ******* улсын дугаартай машиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Авто угаалгын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд машинаар ус зөөх жолоочид өдөрт 10,000 төгрөгийн буюу сард 300,000 төгрөгийн цалин өгдөг. Манайхаас 2 дугаар сургууль буюу Титэм сургуулийн арын худаг ороод ирэхэд 7км байдаг. Сард 220,000 төгрөгийн 50 орчим литр түлш зарцуулдаг, 3тонн усыг нэг удаа 9,000 төгрөг буюу сард 270,000 төгрөгөөр авна. Ажлын ачаалалаас шалтгааж өдөрт 1-2 удаа усанд явна. 1 сард нийт 790,000 төгрөг зарцуулж байгаа бөгөөд жилээр бодвол 9,480,000 төгрөгийн устай холбоотой зардал гарч байна. Халуун усны газрыг ашиглалтанд оруулж чадаагүй, машины граж болгон ашиглаж байгаа. Түүнд ашиглахаар 10,000,000 орчим төгрөгийн вакум цонх, хаалга хийлгэсэн. Цонхыг нь өөр зүйлд ашигласан, вакум хаалга ашиглах боломжгүй байгаа. Би ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгийн вакум хаалга өгч болно. Гэтэл Н.Н.Бт 8,000,000 төгрөг авна гэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс: **** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******дугаар усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ зэрэг баримтын хуулбар болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Б.Б.Ны эзэмшлийн Мөрөн сумын *** дүгээр багийн ***** тоотод байрлах авто угаалга, дулаан граж, халуун усны барилгын гэрэл зургууд, итгэмжлэл, Н.Б****ын ХААН банкны ***** тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, **** **ХХК-ийн сүүлийн 5 жилд Мөрөн суманд өрөмдсөн худгийн жагсаалт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-6, 46-47, 27, 48-50, 58 дахь тал)
5. Хариуцагчаас: вакум цонх, хаалга, ISUZU маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургууд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч **** **ХХК нь хариуцагч Б.Б.Нд холбогдох ажлын хөлс 10,000,000 (арван сая) төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажлын хөлс 10,000,000 (арван сая) төгрөг авахаар нэхэмжилсэн боловч одоо уг мөнгөн дүнгээс багасгаж, 8,000,000 (найман сая) төгрөг авна гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр багасгаж байна.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангах үндэслэлтэй гэж үзэв.
4. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б.Н нь ус аймгийн Мөрөн сумын **** дүгээр багийн ****тоотод байрлах, хашаандаа авто угаалга, халуун ус ажиллуулах зорилгоор худаг ухуулна гэсэн саналыг манай компанид тавьсан. Би худаг гаргах, цооног өрөмдөхөд эрсдэл үүсэж болзошгүй, ус ямар хэмжээтэй гарахыг мэдэхгүй гэдгийг сануулан хэлж, 1 метр цооног өрөмдөхөд ажлын хөлс 210,000 төгрөг авахаар тохиролцон аман гэрээ байгуулсан. Тус ажлыг 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эхэлж, бүтэн сар ажилласан бөгөөд 102м гүн ухаж, усны түвшин 54 метрт хүрээд цааш ухах боломжгүй болсон. Манай компани байгаль дээр байгаа усыг нь гаргаж өгсөн. Бид усны хэмжээн дээр тохироогүй. Зөвхөн худаг гаргах цооног өрөмдөх талаар ярилцаж тохирсон. Ажлын хөлсний урьдчилгаанд 11,000,000 төгрөг авсан. Ажлын хөлс 11,440,000 төгрөг авах ёстой байснаас 10,000,000 төгрөг авахаар нэхэмжилсэн боловч одоо уг мөнгөн дүнгээ багасгаж, 8,000,000 төгрөг гаргуулж авна гэж тайлбарлаж байна.
5. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: *****аймгийн **ХХК-ийн захирал Н.Н.Бттай өөрийн эзэмшлийн хашаан дотроо халуун ус, авто угаалгын газрын хэрэгцээг хангах хэмжээний ус гаргуулах чадалтай худаг ухуулахаар аман хэлцэл хийсэн. Н.Н.Бт хангалттай хангах хэмжээний ус гаргаж өгнө гээд 1 метр цооног өрөмдөхөд ажлын хөлс 210,000 төгрөг төлөхөөр тохиролцож, ажлын хөлсөнд 11,000,000 төгрөг авсан. Гаргасан ус нь 24 цагийн хугацаанд 800 литрээс 1 тонн орчим ус гарч, авто угаалгыг ч дангаар нь хангаж чадахгүй байгаа. Халуун усны газрыг ашиглалтанд оруулж чадаагүй, машины граж болгон ашиглаж байгаа. Надад маш их хохирол учирсан. Би ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгийн вакум хаалга өгч болно. Гэтэл Н.Н.Бт 8,000,000 төгрөг авна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.
6. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч ** **ХХК худаг гаргах засварлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах эртхэй болох нь зохигчийн тайлбар, **аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дахин олгосон бүртгэсэн он сар өдөр: 2018 оны 3 дугаар сарын 28, хувийн хэргийн дугаар: *****, регситрийн дугаар: *****, хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр: *****, хзгаарлагдмал хариуцлагатай компани, дүрэм: Үүсгэн байгуулах бичиг баримт, шийдвэрийн нэр: Шийдвэр, дугаар: 1, он сар өдөр: 2018 оны 3 дугаар сарын 28, код: ****, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Худаг гаргах, засварлах, код: ****, туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Дээр чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж сургалт явуулах, хугацаа: Хугацаагүй, гишүүдийн тоо: 1, өөрийн хөрөнгө хэмжээ, мянган төгрөгөөр: 45.050.0, хуулийн этгээдийн албан ёсны хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр баг... гэх бичилттэй ****** дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын -----тоот регистрийн дугаартай ***ХХК, байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/112 тоот тушаалыг үндэслэн цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар олгов гэх бичилттэй ***** дугаар Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 46-47 дахь тал)
Хариуцагч Б.Б.Н Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах, хашаанд авто угаалга, халуун ус ажиллуулах зорилгоор худаг гаргах цооног өрөмдөж, ус гаргуулах тухай саналыг нэхэмжлэгч **ХХК-д тавьсан байна. Тус саналыг хүлээн авч, **ХХК, Б.Б.Н нар ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох худаг гаргах цооног өрөмдөж, ус гаргах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс төлөх талаар амаар тохиролцжээ.
Тухайн газар 102 метр гүн цооног өрөмдөж ус гаргасан, 1 метр цооног өрөмдлөгийн ажлын хөлс 210,000 (хоёр зуун арван мянга) төгрөгөөр үнэлэхээр тохиролцсон, ажлын хөлсөнд 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг өгч авсан болох нь зохигчийн тайлбар, ...№148, гүйлгээний огноо: 05/12/2021...харьцсан данс: *****...хуулгын агуулга: худгийн урьдчилгаа, орлого: 10,000,000...харьцсан данс: ******, хуулгын агуулга: худаг, орлого: 1,000,000... гэх бичилттэй Н.Б*****ын ХААН банкны *********** тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй. (хавтаст хэргийн 49-50 дахь тал)
Харин нэхэмжлэгч нь худаг гаргах цооног өрөмдөж гаргах усны хэмжээн дээр тохиролцоогүй, байгальд байгаа хэмжээний ус гаргаж ажлаа гүйцэтгэсэн тул үлдэгдэл ажлын хөлсөө авна, хариуцагч нь хангалттай хэмжээний ус гаргана гэж тохиролцсон хэмжээнд хүрээгүй тул үлдэгдэл ажлын хөлсийг өгөхгүй гэж маргаж байна. Зохигч ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлийн талаар тохиролцохдоо худаг гаргах цооног өрөмдөх өрөмдлөгийн ажлын үр дүнд гарах усны хэмжээг тохиролцсон талаар нотлох баримт байхгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч худаг гаргах цооног өрөмдөж, ус гаргахаар тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.
7. Хариуцагч Б.Б.Н халуун ус, авто угаалгын газрын хэрэгцээг хангах хэмжээний ус гаргуулах чадалтай ус гараагүй тул үлдэгдэл ажлын хөлс 8,000,000 төгрөг өгөхгүй тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
8. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд нэхэмжлэгч **ХХК, Б.Б.Н нар ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох худаг гаргах цооног өрөмдөж, ус гаргах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс төлөх талаар тохиролцон, **ХХК цооног өрөмдлөгийн ажил хийж, Б.Б.Н түүнд ажлын хөлс шилжүүлж байсан тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө хариуцагчаас гаргуулахаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Б.Б.Наас ажлын хөлс 8.000.000 (найман сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **ХХК-д олгохоор шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олголоо.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн ***дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, **** дугаар усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ зэрэг баримтын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, Б.Б.Ны эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байрлах авто угаалга, дулаан граж, халуун усны барилгын гэрэл зургууд, ***ХХК-ийн сүүлийн 5 жилд Мөрөн суманд өрөмдсөн худгийн жагсаалт зэрэг баримтууд тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. 2. Хариуцагчаас ирүүлсэн вакум цонх, хаалга, ISUZU маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургууд тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байна. (хавтаст хэргийн 2-6, 58, 17-18 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б.Наас ажлын хөлс 8.000.000 (найман сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ** **ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.Наас улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ус *аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА