Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/00710

 

 

 

 

 

 

 

 

                             2023        02          01

            101/ШШ2023/00710

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Э” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д.Д /рд:/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 5,560,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний “Kirby Sentria” төхөөрөмжийг худалдан борлуулдаг билээ. Иргэн Д.Д нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ“-г байгуулсан.Д.Д нь 5,500,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 500,000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 15 сарын туршид 333,333 төгрөгийг сар бүрийн 25-нд төлж дуусгах нөхцөлтэйгөөр тохиролцон гэрээ байгуулсан.

Үүний дараа Д.Д нь дараах байдлаар төлөлт хийсэн.Үүнд:

2013 оны 07 дугаар сарын 0З-нд 500.000 төгрөг

2013 оны 10 дугаар сарын 14-нд 335,000 төгрөг

2013 оны 11 дугаар сарын 29-нд 670,000 төгрөг

2013 оны 12дугаар сарын 24-нд 335,000 төгрөг

нийт 1,840,000 төгрөг төлсөн. Харин төлөөгүй үлдэгдэл 3,660,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй юм. Гэрээнд заасны дагуу /4.7 -д/ үнийн дүнгийн 0,1% -р алданги тооцохоор заасан ба алдангийг иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50%-с хэтрүүлэхгүйгээр тооцож 1,830,000 төгрөг, эрэн сурвалжлуулсны төлбөр 70200 нийт 5,560,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь цэвэрлэгээний тоног төхөөрөмж зардаг. Хариуцагчтай 2013.7.3-нд гэрээ байгуулсан. Тоног төхөөрөмж нь 5.5 саяын үнэтэй байсан. Нийт 15 сарын туршид төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч нь нийт 1 840 000 төгрөг төлсөн. Үлдэх 3 660 000 төгрөгийг 2013 оны 12 сараас хойш төлөөгүй. Гэрээнд зааснаар алдангийг 50 хувиар тооцож, мөн эрэн сурвалжилсан 70 200 төгрөгийг нэмээд нийт 5 560 200 төгрөг нэхнэ. Энэ хугацаанд хаяг тодорхойгүй байдлаар хугацаа алдсан. 2017.4.20-нд шүүхэд хандаж байсан. Цагдаагаас 2022.12.2-нд хаягийг  тодруулсан юм. Тухайн үед борлуулагч тоног төхөөрөмжийг танилцуулах байдлаар хивсийг цэвэрлэж өгдөг. Хуучин байгаагүй шинэ төхөөрөмж өгсөн гэв.

 

            Хариуцагч Д.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д. Д миний бие 2013 онд Э компаниас Kerby цэвэрлэгээний төхөөрөмж зээлээр авсан. Тухайн үед манайх нэлээд цайвар өнгөтэй 4*6 харьцаатай Эрдэнэт үйлдвэрийн хивсийг дөнгөж худалдаж авсан байсан ба хивсээ цэвэрхэн угааж арчлахаар энэхүү төхөөрөмжийг авсан. Ингээд борлуулалтын менежер залуутай гэрээ хийгээд төхөөрөмжөө авсан. Гэтэл төхөөрөмжөө авчрахад хайрцаг сав нь хуучирсан байсан. Энэ хуучин юм байна, шинэ төхөөрөмж авъя гэж тайлбарласан боловч энэ зүгээрээ, хайрцаг нь л ингэсэн байна. Манай төхөөрөмж 10 жилийн баталгаатай. Ер нь бол 100 жил хэрэглэдэг, асуудалгүй гээд өгсөн. Ингэхдээ манай хивсний 1/3-ийг угааж орхиод явсан. Гэтэл угаасан хэсэг нь халтар, цагаан цайвар хэсгүүд нь бор саарал болж хатсан. Тухайн байдлыг дахин хэлж тайлбарлаад дахин хүн ирж угаасан боловч мөн адил халтар болсон. Үүний зэрэгцээ паркетин шалан дээр дугуйн эргэхдээ шалыг маань зурж байсан. Бидний хувьд тухайн байдлыг олон удаа хэлж тайлбарлаж байсан ба сүүлдээ төлсөн мөнгөө буцааж аваад төхөөрөмжийг эргүүлэн өгье гэж мөн хэлсэн боловч нэгэнт танайх хэрэглэсэн учраас буцааж авахгүй гэсэн. Үүнд нь мөн л бид тайлбарласан. Тэгвэл бид мөнгөө төлж чадахгүйнээ. Анх ер нь хуучин төхөөрөмж байсан, та нар хуурсан байна гэхэд анх гэрээ хийсэн борлуулалтын менежер нь ажлаас гарсан бид мэдэхгүй гэсэн тайлбар өгснөөр өдий хүрсэн. Манайх ингээд уг төхөөрөмжийг ашиглах байтугай сүүлд Эрдэнэт болон Замын үүд сум уруу нүүхдээ агуулж хадгалах газар ч олдохгүй айлын амбаарт хадгалсан. Хивсээ угаах байтугай шинэхэн авсан байсан хивсээрээ хохирсон, паркетин шалаа бөөн зураас болгосон. Сүүлд Сүхбаатар дүүргийн цагдаагаас мэдүүлэг авахад энэ байдлыг мөн тайлбарласан. Гэтэл тэр тайлбар маань хаана байна вэ. Миний хувьд гомдолтой байна. Төхөөрөмжийг буцааж өгч мөнгөө эргүүлж авмаар байна. Та бүхэн шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд: 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээн, хавсралтын хуулбар /хх12-15/, бараа хүлээлгэн өгсөн актын хуулбар /хх16/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00701 дүгээр шийдвэр /хх18-19/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт /хх21/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,730,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,830,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,660,000 төгрөг, алданги 1,830,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 70,200 төгрөг, нийт 5,560,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Д.Д нь гэрээний зүйл нь биет байдлын доголдолтой гэж маргасан.

 

            Шүүх хариуцагчид 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдааны тов мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүсэлт, баримт ирүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

            Зохигчид 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5,500,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх12-15/

            Улмаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь бараа хүлээлгэж өгсөн актаар тогтоогдсон. /хх16/

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 1,840,000 төгрөгийн үнэ төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул 3,660,000 төгрөг төлөх үүрэг биелэгдээгүй гэж үзнэ.

 

            Хариуцагч нь гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой буюу бүрэн цэвэрлэгээ хийдэггүй, шал зурдаг гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийг дагуу нотлоогүй.

            Иймд хариуцагчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнийг төлөх үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь энэ хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл болох гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаанд байна. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн оршин суух хаяг тогтоогдсон тул гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдож эхэлжээ. /хх18-19, 21/

 

Гэрээний 6.2 болон 6.4-т зааснаас үзэхэд талууд алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардахаар нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй байснаас эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, 70,200 төгрөгийн хохирол учирсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00701 дүгээр шийдвэрээр тогтоогдсон. /хх18-19/

            Иймд 70,200 төгрөгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Дгээс 3,730,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,830,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,633 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД