Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/686

 

 

 

 

    2021          07            21                                         2021/ДШМ/686                                                                                                                     

Ч.Г-т холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор Д.Ууганцэцэг,

            хохирогч С.Т-,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/433 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Г-т холбогдох 2108000000309 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Ч-гийн Г-, Завхан аймагт 1966 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тоосгоны нийтийн байрны 00-10 тоотод оршин сууж байсан, /регистрийн дугаар: 00000000/;

1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял шийтгүүлсэн;

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

Ч.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 20-10 тоот хаягт байрлах нийтийн байранд “Дуу, чимээ их гаргалаа” гэх шалтгаанаар С.Т-тай маргалдаж, улмаар баруун гарыг нь доош татан мушгиж, түлхэсний улмаас баруун шуу ясны битүү хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ч.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хохирогч С.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/433 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “С.Т-ын биед баруун шуу ясны битүү хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс баруун шууны ясны битүү хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн. Надад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Ковид-19 өвчний хөл хорионд байсан учир оролцож чадаагүй. Одоо эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Г-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан. Хэргийг хэлэлцэх үед хохирогчийн зүгээс ямар нэгэн эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй учраас шүүхээс хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, ндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч С.Т-ын “... 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А.Д-гийн гэрт очиж хоол хийж өгөөд, хамт архи ууцгаасан. Орой 22 цагийн үед хаалга нүдээд байхаар нь онгойлготол хажуу айлын өвгөн орж ирээд “Яасан их дуу чимээ гаргадаг юм” гээд миний баруун гарыг доош дарж мушгиад, түлхэж унагасан. Гэмтлийн эмч гар хугарсан талаар хэлсэн ...” /хх 7/ гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ийн “... хажуугийн 16 тоот Д-нд согтуу эмэгтэй орилоод байсан. Нөхөр маань гараад эргэж орж ирэхэд согтуу эмэгтэй араас нь ирээд “Гараад ир” гээд орилоод байсан. Согтуу эмэгтэй нөхрийн нүд рүү гараараа чичээд байсан болохоор манай нөхөр нөгөө эмэгтэйн баруун гарыг доошоо татаад хойш түлхтэл шалан дээр унаад “Гар хугалчихлаа” гээд орилсон...” /хх 11/ гэх мэдүүлэг, гэрч А.Д-гийн “...хөрш Ч.Г- хаалга эвдчих гээд нүдээд байсан. С.Т- хаалга онгойлгож өгөхөд “Чанга дуу гаргалаа” гээд түүний баруун гарыг доошоо дараад арагш түлхэж унагасан. С.Т- “Гар хугалчихлаа” гээд байсан...” /хх 13/ гэх мэдүүлэг, хохирогч С.Т-ын биед баруун шуу ясны битүү хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 1533 тоот шинжээчийн дүгнэлт /хх 21-22/, шүүгдэгч Ч.Г-ийн яллагдагчаар өгсөн “... 16 тоот өрөөнд согтуу эмэгтэй агсам тавиад орилоод байхаар нь тэвчээр алдаад хаалгыг нь нүдсэн. Тэр согтуу эмэгтэй гарч ирээд хэл амаар доромжлоод байсан. Би гэртээ ороод унтах гэтэл коридорт гарч ирчихээд “Хөөе чи муу гарч ирэхгүй яагаад байгаа юм” гээд орилоод байхаар нь гараад очсон. Тэрээр нүд рүү гараараа чичээд байхаар нь гарыг нь доош татаж байгаад түлхчихсэн юм. Эмэгтэй газар унаад “Гар хугарчихлаа” гээд орилоод байсан ...” /хх 32-33/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 20-10 тоот хаягт байрлах нийтийн байранд “Дуу, чимээ их гаргалаа” гэх шалтгаанаар С.Т-тай маргалдаж, улмаар баруун гарыг нь доош татан мушгиж, түлхэсний улмаас баруун шуу ясны битүү хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хохирогч С.Т- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан чимээ шуугиан гаргасны улмаас нийтийн байрны оршин суугчтай маргаан үүсгэж, улмаар шүүгдэгч Ч.Г- нь хохирогчийн гарыг мушгин түлхэж унагаснаар хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч Ч.Г-ийн үйлдэл хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн бөгөөд хохирогчийг гэмтээх нөхцөл байдлыг зориуд бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Хохирогч С.Т-ын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулахаар давж заалдсан гомдлын хувьд, хэрэгт хохиролтой холбоотой нэхэмжлэл, баримт гаргаж өгөөгүй улмаас шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүйд хүргэжээ. Гэсэн хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хохирогчийн өөрт учирсан гэм хорын хохирлоо нэмэмжлэх эрхийг хязгаарлахгүй бөгөөд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “... хохирогч С.Т- нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримт бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Ч.Г-өөс нэхэмжлэх эрхтэй ...” гэж тусгаснаар хохирогчийн хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж, хязгаарласан зөрчил гараагүй, шүүх хуралдааны товыг оролцогчдод хуульд заасны дагуу мэдэгдэж, хэргээ шүүлгэхэд биеэр оролцох эрхийг нь хангасан, хохирогч шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан нь хэргийг шийдвэрлэхэд саад болохооргүй байжээ.

Иймд хохирогчийн давж заалдсан гомдлыг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл, шүүгдэгч Ч.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэргүүдэд байхгүйн гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн шаардлага хангагдсан /хх 95/ байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Г-ийг шүүхээс оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/433 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
  2. Хохирогч С.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                                ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН