Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: Т.Баярмаа

Шүүгдэгч: С.Төртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан даавуу овогт Сонинболдын Төртогтоход холбогдох 201716010069 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Шинэ хотхон 3-р гудамж 10 тоотод оршин суух хаягтай, Улаан даавуу овогт Сонинболдын Төртогтох /РД: КБ95030331/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Төртогтох нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 23.00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Шинэ хотхоны 4-р гудамж 10 тоот хашаанаас БНХАУ-д үйлдвэрлэсэн Хайрхан Ява 150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Д.Батсүрэнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Төртогтох мэдүүлэхдээ:” 2017 оны 4 дүгээр сард манай эгч хөдөөнөөс утсаар яриад хүнс хийсэн ирж аваарай гэж хэлсэн. Би хөдөө явах гээд унаа хайсан чинь унаа олдоогүй. Тэгээд өдөр дэлгүүр рүү явж байхдаа урд гудамжны айлын хашаанд байсан мотоциклийг харснаа санаад тэр оройдоо очиж авсан. Мотоциклийг гэрийн гаднаас нь мэдэгдэхгүйгээр авч унаад хөдөө гэр рүүгээ явж байтал дугуй нь хагарсан. Би буцаж гэртээ алхаж ирээд түлхүүр, багаж аваад дугуйгаа янзлаад хөдөө гэртээ очиж хүнсээ аваад маргааш өдөр нь буцаад сум руу ирсэн. Тэгээд мотоциклоо авсан айлынхаа хашаанд буцаагаад тавихаар очтол нөгөө айлын гадаа цагдаа нар ирчихсэн байхаар нь айгаад сумаас зүүн тийш хөдөө байж байгаад буцаж ирсэн. Би урьд нь ял эдэлж байсан болохоор цагдаагаас айгаад тухайн үедээ мотоциклыг нь буцааж өгч чадаагүй. Хэдэн өдрийн дараа буюу 4 дүгээр сарын 25-нд Батсүрэн гуайд мотоциклыг нь өөрөө буцааж өгсөн. Уг нь хөдөө гэрээс хүнсээ авч ирчихээд тэр шөнөдөө буцаагаад тавьчихна гэж бодсон юм. Хүний эд зүйлийг хэлэлгүйгээр авсандаа их гэмшиж байна. Би нас өндөр эмээгээ асарч хамт амьдардаг.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батсүрэнгийн өгсөн:”....Төртогтох миний мотоциклийг хулгайлж авч явчихаад эргүүлээд надад авч ирж өгсөнд нь баярлаж байгаа. Өөрийнхөө хийсэн үйлдэлд их харамсаж байх шиг байна лээ. Зайлуул эмээтэйгээ хоёул амьдардаг гэсэн. Хүнсэнд явах унаа олдохгүй болохоор нь миний мотоциклийг хулгайлж унаж явсан гэж өөрөө надад ярьсан. Хулгайлсан мотоциклоо өөрөө авч ирж өгсөн болохоор гайгүй өнгөрөх байх гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Б.Отгондүүгийн өгсөн:”...Аав Батсүрэнд БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн ява мотоцикл байдаг. Тухайн мотоциклоо 2017 оны 4 дүгээр сарын 12-нд Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, Шинэ хотхоны 4-10 тоот хашаан дотроос хулгайд алдсан. Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний орой 20.00 цагаас ажилдаа яваад маргааш буюу 4 дүгээр сарын 12-ны өглөө 09.00 цагт ажлаасаа буугаад ирэхэд аавын мотоцикл гэрийн гадаа байхгүй байхаар нь гэртээ ороход аав гэртээ байж байсан. Тэгэхээр нь би “та мотоциклоо яасан юм бэ” гэж асуухад гэрийн гадаа алга уу гээд аав гэрээс гарч хараад, алга болчихож гээд цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Вендо Хөрөнгийн үнэлгээний компанийн 08/17 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Төртогтохын яллагдагчаар өгсөн:”...Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн шинэ хотхоны 3-10 тоотод байдаг гэрээсээ гараад урд талынхаа айлгүй хоосон хашаагаар дамжин дэлгүүр орохоор явж байхдаа манай хашааны урд талын айлгүй хоосон хашааны баруун талын хашаанд шинэвтэр цэнхэр өнгийн ява мотоцикл байсныг харсан. Тэгээд шөнийн 23 цагийн үед хөдөө явах ажил гараад явах унаа олдохгүй болохоор нь урд айлын хашаанд мотоцикл байсан санаанд ороод баруун талын банзгүй завсартай хэсгээр нь баруун хашаанд орж гэрийн үүдний амбаарын зүүн урд данхраадаатай байсан ява мотоциклийг түрж хашаанаас гаргаж урд гудамжаар түрж яваад зүүн урд буланд очоод тогны утсыг нь салгаж, дэвсэж асааж унаад сумын төвөөс зүүн урагш Сийрс баг руу унаж яваад 7 орчим км-т мотоциклийн дугуй хагарчихаар нь замаас түрж холдуулан жалганд орхисон. Тэгээд сум руу буцаж алхаж ирж гэртээ орж эмээд унаа олдсонгүй гэж хэлчихээд дугуй нөхөх багаж аваад буцаж алхан мотоцикл дээр очиж дугуйг нь нөхөж янзлаад 4 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед сумын ойролцоо ирээд мотоциклоо данхраадаж үлдээчихээд сумын төв рүү ороход мотоциклийг нь авсан айлын гадаа цагдаа нар ирчихсэн байхаар нь айгаад буцаж яваад мотоциклоо сумаас 4 км орчим зайтай газар нууж үлдээчихээд нэлээд хоног болсон. Би мотоциклийг нь унаж явахдаа шөнөдөө амжиж ирээд буцаагаад тавьчихая гэж бодсон чинь дугуй нь хагараад амжиж ирж чадаагүй. Тэгээд баригдаж байснаас өөрөө хэргээ хүлээчихэе гэж бодоод очих гэхээр цагдаад бариад өгчих байх гэсэн айдастай байсаар байгаад арав гаруй хоносоны дараа мотоциклийн эзэн ах дээр мотоциклийг унаж очиж уучлалт гуйж мотоциклийг нь хүлээлгэн өгөхөд мотоциклийн эзэн цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирж намайг гавлан гэрийн хаяг асууж өмсөж явсан пүүзэн гутлыг амбаараас хурааж авч цагдаагийн хэлтэст авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч П.Сосорбурамын өгсөн:”...Би Төртогтохыг мотоцикль хулгайлсаныг мэдээгүй. Орой гэрт байхдаа явж хүнс авч ирмээр байна хөдөө явах унаа олно гэж байсан. Би Төртогтохыг хүний мотоцикль хулгайлаад явчихна гэж бодоогүй. ...Төртогтох багаасаа өнчин, өвгөн бид хоёр дээр өссөн хүүхэд. Ээж нь 1995 онд төрөхийн хүндрэлээс болж хар залуугаараа нас барсан. Аав Сонинболд нь Төртогтохыг өвгөн бид хоёр дээр орхичихоод яваад өгсөн. ...Зээ хүү Төртогтох маань өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшин хэргээ өөрөө хүлээж хулгайлсан мотоциклоо эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, мөн хөгшин настай, хөл муутай эмээтэйгээ хамт байдгийг харгалзан үзэж хорих ял ногдуулахгүйгээр үлдээнэ гэдэгт итгэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Төртогтохын хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 36/, хохирол, төлбөр төлсөн баримт /хх-н 16/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Төртогтох нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 23.00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Шинэ хотхоны 4-р гудамж 10 тоот хашаанаас БНХАУ-д үйлдвэрлэсэн Хайрхан Ява 150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Д.Батсүрэнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч С.Төртогтохыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан даавуу овогт Сонинболдын Төртогтохыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сонинболдын Төртогтохыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар С.Төртогтох нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Шүүгдэгч С.Төртогтох нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Батсүрэнд БНХАУлсад үйлдвэрлэгдсэн Хайрхан ява-150 маркийн мотоциклийг хүлээлгэж өгсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Төртогтохын 1 ширхэг хос пүүзийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Төртогтохын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Төртогтоход урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Төртогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН