| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/04495/И |
| Дугаар | 101/ШШ2022/03885 |
| Огноо | 2022-09-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/03885
2022 09 27 101/ШШ2022/03885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... ..., С дүүрэг, 0 дугаар хороо, ... гудамж, ..... байранд байрлах/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б. Э /РД:000000/
Хариуцагч: .... дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Д овогт Б.Ц /РД.000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 49,765,357.50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр,
Хариуцагч Б.Э, Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
...... нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1500027288 тоот зээлийн гэрээг Б.Э, Б.Ц нартай байгуулан 50,000,000 төгрөгийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн хөрөнгө зориулалттай зээлдүүлсэн. Зээлдүүлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 0000 тоот зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг Б.Э Хас банк дахь 0000 дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
1500027288 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Б.Э нь 1500027288-01 дугаартай барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 0 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн, хоёр өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
1 тоот зээлийн дансыг зээлдэгчийн хүүг төлөх боломжгүй байна гэх хүсэлт, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн дансыг 1 болгон, зээл төлөх хугацааг хойшлуулсан,
Мөн 2020 оны 12 дугаар болгон өөрчилж, гэрээний хугацааг 12 сараар сунгаж, хуримтлагдсан хүүг 8 сарын хугацаанд, 9 дэх сараас үндсэн зээлийг төлөхөөр өөрлөлт оруулсан.
Зээлдэгч нь 2018.12.14-ний өдрөөс 2020.01 сар хүртэлх хугацаанд 1500027288 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,560,900 төгрөг, зээлийн хүү 3,154,741.44 төгрөг, нийт 18,714,641.44 төгрөг төлсөн бөгөөд нэмэгдүүлсэн хүү төлөөгүй.
Зээлдэгч нь банктай байгуулсан 1500027288 тоот зээлийн эргэн төлбөр төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 511 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, 3.2.8-т зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү болог гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй юм.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал гарсан гэдэг нь гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй байдаг. Ийнхүү мөнгөн төлбөрийн үүрэг нь төрлийн шинжээр тодорхойлогдох үүрэг мөн тул хариуцагч нь үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэйгээс гадна өөрийн санхүүгийн асуудлыг бүрэн хариуцах ёстой юм.
Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн хүсэлтийн дагуу бизнесийн үйл ажиллагаанд нь тулгарсан хүндрэл бэрхшээл, эргэн төлөлтөө хэвийн төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг нь харгалзан үзэж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдөр тус тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Хариуцагч нараас 2020.03.26-ны өдрөөс 2022.06.15-ны өдөр хүртэлх ашигласан хугацааны хүү нэхэмжилсэн, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1500027288 тоот зээлийн гэрээг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон нэг талын санаачлагаар цуцлан гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 35,439,100.0 төгрөг, хүү 13,871,966.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,291.40 төгрөг, нийт 49,765,357.50 төгрөгийг Б.Э, Б.Ц нараас гаргуулж, хариуцагч нар сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87 дугаар байр, 44 тоот хаягт байрлах 86.8 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204026711 дугаарт бүртгэгдсэн, хоёр өрөө үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э, Б.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Э миний бие эхнэр Б.Цийн хамт 2018 оны 12 дугаар сард Хас банкнаас бизнесийн зээл 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан.
Банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд маргах зүйлгүй, зээлээ хуваарийн дагуу хэвийн төлж байтал цар тахал гарснаар 2020 оны 2 сараас төлөх боломжгүй болсон. Ингээд банкинд хүсэлт гаргаснаар үндсэн зээл төлөхгүй, хүүгээ төлөх нөхцөлтэйгөөр 2 удаа гэрээнд өөрчлөлт оруулсан. Ийнхүү өөрчлөлт оруулснаас хойш хүүгээ төлөх боломжгүй болчихсон, тэгээд шүүхэд өгөхийг хүссэн хүсэлтийг 2-3 удаа амаар, 1 удаа бичгээр өгснөөс хойш жилийн дараа нэхэмжлэл гаргасан байна.
Зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь манайх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хончин хошуунд байрлах Тал нутаг чуулганы баазад урлаг соёлын үйл ажиллагаа явуулдаг байсан ба зээл авахдаа ч энэ үйл ажиллагаагаа нотлон зээл авсан болно.
Зээлийн гэрээний үүрэгт 2018.12.14-ний өдрөөс 2020.01 сар хүртэлх хугацаанд үндсэн зээл 15,560,900 төгрөг, зээлийн хүү 3,154,741.44 төгрөг, нийт 18,714,641.44 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй.
Банкны нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 35,439,100 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин зээлийн хүүг БНХАУ хил гаалиа нээж, хилээр чөлөөтэй хүн нэвтрүүлдэг болсон хойно бүрэн төлөх боломж бүрдэнэ.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ......-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ......-ийн гүйцэтгэх захирлын 2021.04.06-ны өдрийн А-314 дугаар тушаал, ......-ийн хариуцсан захирлын 2020.11.02-ны өдрийн Б/1041 дугаар тушаал, ......-иас Г.Ганзориг, Б.Ц нарт олгосон итгэмжлэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, 2018.12.14-ний өдрийн 1500027288 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.12.14-ний өдрийн 1500027288-01 дугаартай барьцааны гэрээ, 2020.03.24-ний өдрийн 2018 оны 1500027288 тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020.12.23-ны өдрийн 2018 оны 1500027288 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт, дансны хуулгууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн өргөдөл, Б.Эын 2020.05.01-ний өдөр бичсэн гар бичмэл, Б.Эын ......-д гаргасан хүсэлт, шаардах хуудсууд, Б.Э, Б.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4-35/ зэрэг баримтыг,
Хариуцагч нараас: Хариу тайлбар /хх-ийн 46/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...... нь хариуцагч Б.Э, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 35,439,100.0 төгрөг, хүү 13,871,966.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,291.40 төгрөг, нийт 49,765,357.50 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
Хариуцагч нь үндсэн зээлийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зээлдүүлэгч ...... болон зээлдэгч Б.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ц нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №1500027288 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг, жилийн 21,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 10-14/
Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №1500027288-01 дугаартай барьцааны гэрээгээр Б.Эын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204026711 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, /13342/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 87 байр, 44 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай,86,8 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг дээр дурдсан зээлийн үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулжээ.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №1500027288-01 дугаартай барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 15-17/
Зээлийн гэрээнд талууд 2020.03.24, 2020.12.23-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, тухай бүр үндсэн зээлийн үлдэгдлийг баталгаажуулан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байх ба энэхүү нэмэлт, өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцжээ. /хх-ийн 18-26/
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл 50,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид олгосон, зээлдэгч нь 2018.12.14-ний өдрөөс 2020.01 сар хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,560,900 төгрөг, зээлийн хүү 3,154,741.44 төгрөг, нийт 18,714,641.44 төгрөг төлсөнтэй маргасангүй.
Зохигч нь зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.
Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч Б.Э, Б.Ц нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Нэхэмжлэгч ...... нь хариуцагч нарт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлдэгч нар 2018.12.14-ний өдрөөс 2020.01 сар хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,560,900 төгрөг, зээлийн хүү 3,154,741.44 төгрөг, нийт 18,714,641.44 төгрөг төлсөн талаар маргаагүй болно.
Талууд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 36 сар гэж тохирсон, зээл төлөх хугацааг 2020.03.24, 2020.12.23-ны өдөр тус тус зээл төлөх хугацааг хойшлуулж, гэрээний хугацааг 12 сараар сунгасан, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.
Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т банк санаачлан гэрээг цуцлах үндэслэлийг тохиролцсон, 5.1.4-т зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлийг заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан зээлийн эргэн төлөлт 2020 оны 01 сараас эхлэн зөрчигдсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг 2020.05.01, 2021.12.10-ны өдрүүдэд зээлдэгчид мэдэгдэж байсан, ийнхүү мэдэгдснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд зээлдүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 29, 32-33/
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байхаас гадна бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх зээлдэгчийн хүсэлтээр зээлийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй гэж үзнэ.
Зээлдэгч нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2020 оны 01 сараас гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар гэрээг цуцлах шаардлагыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-тЗээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Иймд хариуцагч Б.Э, Б.Ц нараас үндсэн зээлийн үлдэгдэл 35,439,100.0 төгрөг, хүү 13,871,966.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,291.40 төгрөг, нийт 49,765,357.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......-д олгож шийдвэрлэв.Bottom of Form
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Б.Эын өмчлөлийн,
Эрхийн улсын бүртгэлийн Y-2 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, /10/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 0 байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 0 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.Э, Б.Ц нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Э, Б.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 35,439,100.0 төгрөг, хүү 13,871,966.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 454,291.40 төгрөг, нийт 49,765,357.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Э, Б.Ц нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
Б.Эын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-20дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,0дугаар хороо, 15 хороолол, /13342/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 0 байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай,0 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Э, Б.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 476,977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ