Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/03953

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 30 101/ШШ2022/03953

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С. финанс ББСБ ХХК /УБД:9015003091, РД:00, Чингэлтэй дүүрэг, 00дүгээр хороо,00 дүгээр 0 мянгат гудамж, А4 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол,а дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Ө. С /РД:0000/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,278,054 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

Хариуцагч Ө.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С. финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч О.Гэрэлчимэг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд тодорхойлохдоо:

Зээлдэгч Ө.С нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай С. финанс ББСБ ХХК-иас ХЗГ-22/008 тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зориулалттай 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай гэрээнд заасны дагуу бэлэн бусаар буюу дансанд нь шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээл олголтын шимтгэл огт аваагүй.

Зээлийн гэрээний 2.4.1 хэсэгт заасны дагуу сар бүрийн 5, 20-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүгийн хамт эргэн төлөх хэдий ч зээл авснаас хойш төлөлт хийгдээгүй байна.

Зээлийн эдийн засагч зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй, зээлээ төлөхийг шаардахад утсаа авахгүй, утасны дугаараа дуудлага хүлээн авах боломжгүй болгосон байна.

Иймд иргэн Ө.Сээс үндсэн зээл болох 3,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 254,465.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,588.65 төгрөг, нийт 3,278,054 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,398.9 төгрөгийг тус тус гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С. финанс ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №ХЗГ-22/008 дугаатай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дансны хуулга, Ө.Сийн зээл хүссэн хүсэлтийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, Ө.Сийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2-13/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: Ө.Сийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 23/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С. финанс ББСБ ХХК нь хариуцагч Ө.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,278,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Тус шүүх хариуцагч Ө.Ст холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,278,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С. финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн 101/ШЗ2022/16802 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, шүүгчийн захирамжаар хариуцагч Ө.Сийг албадан ирүүлж, түүнд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 14, 20-25/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ө.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч Ө.Ст 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан байх ба тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 26, 28-29/

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Ө.С нь нэхэмжлэгч С. финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Ө.С нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрт эргэн төлөлт хийгээгүй, зээлээ эргүүлэн төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 254,465.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,588.65 төгрөг, нийт 3,278,054 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Зээлдүүлэгч С. финанс ББСБ ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №ХЗГ-22/008 дугаартай Зээлийн гэрээ-г зээлдэгч Ө.Стэй байгуулсан байх ба гэрээгээр 3,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сар буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаатай, хувийн хэрэглээний зориулалттай олгох,

зээлдэгч нь зээл болон хүүг тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, хэрэв зээл, түүний хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зээлийн олголт, эргэн төлөх хуваарь, бэлэн бус шилжүүлгийн мэдээлэл, зээл, хүүгийн тооцоолол, зээл хүссэн өргөдөл, зээл хүсэгчийн анкет зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-11/

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар маргаагүй, гэрээний оролцогчид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, зээл олгох хэлбэр зэргийг тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т: Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасантай нийцсэн байна.

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

Зохигчийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 3 сар, тодруулбал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.

Хариуцагч Ө.С нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3.2-т заасан хавсралт 1-ээр баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөөгүй зэргээс үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байгааг тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ө.Сээс үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 254,465.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,588.65 төгрөг, нийт 3,278,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С. финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Ө.Сээс зээлийн гэрээний үүрэгт 3,278,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С. финанс ББСБ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Ө.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 67,398.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С. финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,398.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ