Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/00266

 
 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, Х овогт Г.Б /РД:ПП87****** /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт О.Э /РД:УЛ92040636/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б миний бие 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр О.Э-тэйзээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 03-аас 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч О.Э нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөө маргаашгүй төлнө гэж хойшлуулсаар өдий хүрч байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,300,000 төгрөг, мөн гэрээний 3.7-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний хүртэлх хугацааны хугацаа хэтрүүлсэн 142 хоногийн алдангид 7,150,000 төгрөг нийт 21,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад түүнийг зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, зээлийн гэрээ /хх-4/, итгэмжлэл /хх-17/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

4. Хариуцагч нь жолоодох эрхийн лавлагаа /хх-8/ зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч О.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

1.1.Хариуцагч О.Э-тэй2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн

1.2.Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч О.Э нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй.

1.3.Иймд хариуцагчаас үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,300,000 төгрөг, мөн гэрээний 3.7-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний хүртэлх хугацааны хугацаа хэтрүүлсэн 142 хоногийн алдангид 7,150,000 төгрөг нийт 21,450,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

 

2. Хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гардуулсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байхаас гадна түүнд шүүх хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түүний оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримт болох зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч О.Э-тэй 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан байна.

 

3.2 Уг зээлийн гэрээний эхний нүүр хэсэгт гар бичмэлээр О.Э миний бие 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г.Б-оос 13 сая төгрөг бэлнээр авсан нь үнэн болно. хүлээн авсан О.Э гэж бичсэн байх бөгөөд уг бичвэрийн доор үл уншигдах бүтэцтэй гарын үсэг зурагджээ.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад түүнийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй тул түүнийг дээрх үйл баримттай маргаагүй гэж үзнэ.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч О.Э нь 13,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г.Б-оос хүлээн авсан болох зээлийн гэрээний эхний нүүрт бичигдсэн гар бичвэрээр тогтоогдож байх бөгөөд уг зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

6.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т зээлийн сарын хүүг 10 хувь гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний хүүнд 1,300,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

7.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт ...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан нь дээрх хуульд нийцэж байна.

 

Гэрээний 3.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх тул хариуцагч О.Э нь нэхэмжлэгчээс зээлсэн 13,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,300,000 төгрөг, нийт 14,300,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч О.Эгийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 14,300,000 төгрөгөөс 1 хоногийн алдангийн хэмжээг тоовцол 71,500 төгрөг болох бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 10 дугаар сарын 24 хүртэл нийт 142 хоногоор нийт алдангийг тооцвол 10,153,000 төгрөг болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт гүйцэтгэвэл зохих үүргийн 50 хувиар тооцон хариуцагчаас алдангид 7,150,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

8.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Эгээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 13,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,300,000 төгрөг, алдангид 7,150,000 төгрөг, нийт 21,450,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Б-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Эгээс зээлийн гэрээний үүрэгт 21,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 265,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ЭНХЗАЯА