| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/02687/И |
| Дугаар | 101/ШШ2022/04066 |
| Огноо | 2022-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/04066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 000 банк ХХК /УБД:*******, РД:*******, Сүхбаатар дүүрэг, *******,*******, Хас банкны төв байр хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоот хаягт оршин суух, Дархан овогт Ц*******ийн Э******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 45,237,209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нг нар оролцов.
Хариуцагч Ц.Энь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч 000 банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.Энь Хас банктай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1560015912 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 24 хувийн хүүтэй,
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1560017406 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,300,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 24 хувийн хүүтэйгээр тус тус авсан.
Ц.Э-тэй байгуулсан 1560015912 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 1560017406 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус дууссан. Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ зээлдэгч нь биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Зээлдэгч Ц.Э нь 1560015912 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 11,666,667 төгрөг, хүүд 6,778,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,299 төгрөг, нийт 18,449,614 төгрөг төлсөн бөгөөд хамгийн сүүлчийн эргэн төлөлт 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн, үүнээс хойш огт төлөлт хийгээгүй.
1560017406 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,150,000 төгрөг, хүүд 1,057,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772 төгрөг, нийт 3,209,792 төгрөг төлсөн, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй болно.
Зээлээ төлөхийг зээлдэгчээс шаардсан боловч биелүүлээгүй, тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд Ц.Э нь нэхэмжлэлийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн дүн дээр маргасан, түүнийг эс зөвшөөрсөн тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байгааг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Түүнчлэн түүнд холбогдох нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан бөгөөд түүний оршин суух хаягийг Цагдаагийн байгууллага тогтоож өгсний дагуу тогтоосон хаягийн дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Мөн Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ипотек болон өрхийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч нь хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэж байсан боловч Ц.э*******ийн хувьд ийм хүсэлт гаргаж байгаагүйгээс гадна түүнээс зээлийг ашигласан хугацааны хүү нэхэмжилж байна.
Иймд хариуцагч Ц.Э-ээс 1560015912 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 18,333,333 төгрөг, хүү 9,611,078 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,078,815 төгрөг, нийт 29,023,226 төгрөг,
1560017406 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,150,000 төгрөг, хүү 5,495,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568,513 төгрөг, нийт 16,213,984 төгрөг, нийтдээ 2 гэрээний үүрэгт 45,237,209 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын татварын албаны төлбөрийн даалгавар, 000 банк ХХК-иас Д.Б олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000 банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаар тушаал, талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №1560015912 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №1560017406 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №1560017406-1 дугаар барьцааны гэрээ, зээлийн мэдээллийн хуудас, зээлийн өргөдөл, №1560015912 дугаар зээлийн гэрээний дансны хуулга, №1560017406 дугаар зээлийн гэрээний дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00453 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 26IIII2/1402 дугаар албан бичиг /хх-ийн 3-26/,
Хариуцагчаас : иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч 000 банк ХХК нь хариуцагч Ц.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,237,209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Тус шүүх хариуцагч Ц.Э-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 45,237,209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч 000 банк ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Ц.Э-т 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 34-36/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц.Энь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн Ц.Э*******т 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан, шүүх хуралдааны товыг нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Х-Апартмент 0р байрны 0 блок 0 тоот хаягаар хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэдгийг, Ц.Э-ийн өөрийнх нь шүүхэд мэдэгдсэн 000 дүүрэг, 00 дугаар хороо, 00 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэдгийг дээрх хорооны Засаг дарга тус тус тодорхойлсон, шүүхээс Ц.Э-ийн 000 дугаарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн мессеж үлдээсэн, тэрээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 09:38, 09:41 цагт шүүхэд Би Сүхбаатар аймагт явж байна. Хурал болохоос өмнө энэ талаарх баримтаа өгнө, эсхүл эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт өгнө гэж мэдэгдсэн боловч энэ талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй зэргээс үзэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 37, 57-67/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-т:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан.
Үүний дагуу хариуцагч Ц.Энь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүний шүүхэд өгсөн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Ц.Энь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018.12.18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 18,333,333 төгрөг, хүү 9,611,078 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,078,815 төгрөг, нийт 29,023,226 төгрөг,
2019.08.21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,150,000 төгрөг, хүү 5,495,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568,513 төгрөг, нийт 16,213,984 төгрөг, дээрх 2 гэрээний үүрэгт 45,237,209 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
000 банк ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №1560015912 дугаартай зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, холимог зориулалттай,
2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №1560017406 дугаартай зээлийн гэрээгээр 12,300,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, үндсэн хөрөнгө зориулалттай тус тус Ц.Э- зээлдүүлэх,
зээлдэгч нь зээл болон хүүг тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, хэрвээ тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр тус тус тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, зээлийн мэдээллийн хуудас, зээлийн өргөдөл, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9, 16-21/
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар маргаагүй, гэрээний оролцогч харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, зээл олгох хэлбэр зэргийг тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т: Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасантай нийцсэн байна. /хх-ийн 18-19/
Дээрх байдлаас үзэхэд 000 банк ХХК болон Ц.Энарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар, тодруулбал 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай,
2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 30 сар, тодруулбал 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.
Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Хариуцагч Ц.Э нь эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2018.12.18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 11,666,667 төгрөг, хүүд 6,778,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,299 төгрөг, нийт 18,449,614 төгрөг төлсөн, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй,
2019.08.21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,150,000 төгрөг, хүүд 1,057,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772 төгрөг, нийт 3,209,792 төгрөг төлсөн, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, дурдсан өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, мөн өдрөөс эргэн төлөлт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцоолол баримтаар тогтоогдсон гэж үзнэ. /хх-ийн 18-21/
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т :Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ, 21 дүгээр зүйлийн 21.1-т:Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т:Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус дуусгавар болсон, эдгээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.8-т зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү болон Гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлнө, 4 дүгээр зүйлийн 4.1-т зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна, 4.4-т гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийн зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус тусгажээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ц.Э-ээс 2018.12.18-ны өдрийн 1560015912 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 18,333,333 төгрөг, хүү 9,611,078 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,078,815 төгрөг, нийт 29,023,226 төгрөг,
2019.08.21-ний өдрийн 1560017406 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,150,000 төгрөг, хүү 5,495,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568,513 төгрөг, нийт 16,213,984 төгрөг, нийтдээ дээрх 2 гэрээний үүрэгт 45,237,209 төгрөг гаргуулан нэхэмжлэгч 000 банк ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Ц.Э--с 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1560015912 дугаар зээлийн гэрээний үүрэгт 29,023,226 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1560017406 дугаар зээлийн гэрээний үүрэгт 16,213,984 төгрөг, нийт 45,237,209 төгрөг гаргуулан нэхэмжлэгч 000 банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 384,136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч 000 банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ