Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/02392

 

 

 

 

 

 

                             

                                       

2022     10        25  

181/ШШ2022/02392

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, Сүхбаатар дүүрэг ..... дугаар хороо, Оюутны гудамж, ..... дүгээр байр, .......... тоотод оршин суух, Г овогт Шын А /РД: /-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, Бээжингийн гудамж-2, Монгол Улсын Консерваторын хичээлийн 1 дүгээр байр, 101 тоотод оршин байрлах, Монгол Улсын Консерватори/РД:9087249/ УТҮГ-т холбогдох

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 181/ШШ2021/00194 шийдвэр гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 16,003,221 төгрөг

2. Монгол Улсын Консерватори /цаашид "МУК" гэх/-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Ш. А намайг Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалаас халсны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болон Сухбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00194 шийдвэрээр олгосон цалин хөлсний олговрын зөрүү 4.726.500 төгрөг,

3. 2019-2020 оны хичээлийн жилд "Диплом хамгаалалтын Комисс"-ын даргаар ажилласан цагийн хөлс 720,000 төгрөг.

4. Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Консерваторийн 7 хөтөлбөр, байгууллага магадлан итгэмжлэгдэх ажлыг удирдан зохион байгуулж бүх тайланг хянаж, боловсруулсан ажлын хөлс 15,120,000 төгрөг,

5. ажлаас хууль бусаар халсантай холбогдож гарсан бусад зардал, хохиролд 4,867,950 төгрөг, нийт 41,437,671 төгрөгийг гаргуулж,

6. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг зохих санд төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх даатгалын нөхөн төлбөрт 7,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Дашням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Монгол Улсын Консерваторид холбогдуулж ажилгүй байсан хугацааны нийт цалин хөлс 41,437,671 төгрөг, шүүхийн шийдвэрээр олгосон цалин хөлсний олговрын зөрүү 4.726.500 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилд "Диплом хамгаалалтын Комисс"-ын даргаар ажилласан цагийн хөлс 720,000 төгрөг, ажлын хөлс 15,120,000 төгрөг, ажлаас хууль бусаар халсантай холбогдож гарсан бусад зардал, хохиролд 4,867,950 төгрөг, нийт 41,437,671 төгрөгийг тус тус гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөр 7,520,000 төгрөгийг зохих санд төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт 33 дэх жилдээ ажиллаж байгаа, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, философич, философийн багш бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд Хөгжим бүжгийн коллежийн удирдлага, багш хамт олны хүсэлтээр Сургалт эрхэлсэн дэд захирлаар, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс МУК-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг хашиж, эрхэлсэн ажил, хүлээсэн үүргээ чин шударгаар, нэр төртэйгөөр биелүүлж ирсэн.

Гэтэл МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/52 тоот тушаал гаргаж, Ш.А намайг ажлаас чөлөөлснийг үл зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00194 шийдвэрээр уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаар магадлал, Улсын дээд шүүхээс "Гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх" 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан болно. Шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулснаар МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б/36 тоот тушаал гаргаж Ш.А намайг МУК-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар эгүүлэн ажиллуулж, шүүхийн шийдвэрт заасан 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн цалин хөлсний нөхөн олговор 11,102,280 төгрөгийг олгосон боловч 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг олгохгүйгээр намайг хохироож байна.

Мөн 2020 оны 5 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Диплом хамгаалалтын комиссын даргаар ажилласан цагийн хөлс болон Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр МУК-ийн 7 хөтөлбөр, байгууллагын (МУК-ийн) магадлан итгэмжлэгдэх ажлыг гүйцэтгэхэд хамт ажилласан бүх хүнд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №А/134 тушаалаар илүү цагийн урамшуулал олгосон атлаа уг ажлыг удирдан зохион байгуулж бүх тайланг бичиж, хянаж, боловсруулан, богино хугацаанд асар өндөр ачааллаар, үндсэн ажлаас гадуур, илүү цагаар ажилласан надад олгох ёстой ажлын хөлс, урамшууллыг олгоогүй болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дахь хэсгийн "а" заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

НЭГ. Намайг ажлаас буруу халагдсаныг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр биелэгдсэн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 16,003,221 төгрөгийн үндэслэл, нотолгоо нь:

1. МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш Ш.А намайг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орох талаар "Албан хүсэлт" гаргахад 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн албан цохолтоор "Хууль зүйн үндэслэлгүй" учир боломжгүй гэсэн хариулт өгсөн.

2. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд эцэслэн гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б/36 тоот тушаал гарган ажилд маань эгүүлэн тогтоосон.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрөө авахыг хүсч албан хүсэлт гаргахад захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №249 тоот албан бичгээр "Хууль зүйн үндэслэлгүй учир боломжгүй гэсэн хариу өгсөн.

4. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7а-д зааснаар тодорхойлсон сарын дундаж цалин хөлс 2,493,256.58 төгрөгөөр 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан нийт 6 сар ажлын 9 хоногоор тооцож 16,003,221 төгрөгийг,

ХОЁР. Ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрын зөрүү 4,726,500 төгрөг нэхэмжилсэн үндэслэл нь:

1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дахь хэсгийн "а" заалтад ... буруу халсан ... үеийн олговор олгох, ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр" тодорхойлохоор заасан.

2. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдреес 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 5 сap, 29 хоногийн цалин хөлсний олговрыг дээрх журмаар тодорхойлоход 15,829,280 төгрөг болж байгаа бөгөөд энэ талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн 181/ШШ2021/00194 шийдвэрт дурдсан байгаа. Ийнхүү холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон болон тухайн үед Ш.А миний үндсэн цалингаар тооцож нэхэмжилсэн дүнгээр шүүх шийдвэрлэж олгосон 11,102,780 төгрөгийн зөрүү 4,726,500 төгрөгийг,

ГУРАВ. МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь 2020 оны 7 дугаар сарын 10- ны өдөр А/52 тоот тушаал гаргаж, намайг хууль бусаар ажлаас халахаас өмнө хийж гүйцэтгэсэн дараах ажлын хөлс, нэмэгдлийг нэхэмжилж байна:

1. Диплом хамгаалалтын Комиссын даргаар ажилласан цагийн хөлс нийт 720,000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэл нь:

МУК нь 2017 онд Монголын боловсролын тогтолцооны "Дээд боловсролын сургалтын байгууллага" буюу "Консерватори"-хөгжим, урлагийн дээд сургууль гэсэн статус авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ахисан шатны сургалтыг эхлүүлж Магистрын шатны сургалтын 3 удаагийн төгсөлт хийгээд байгаа юм. Ш.А би 2020 онд МУК-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын хувиар Магистрын сургалтын Анхны төгсөлтийн үйл ажиллагааг МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн тушаалаар удирдан зохион байгуулж, Диплом хамгаалалтын комиссын даргаар 2020 оны 5 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд ажилласан. Энэ ажлын бэлтгэл, зохион байгуулалт, хамгаалалтын явц, дүгнэх, үнэлэх ажлын цагийг тодорхойлж, МУК-ийн "Удирдах зөвлөл"-өөр баталж, мөрдөж байгаа цагийн хөлс буюу "Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор цол хэргэмтэй хүний нэг цагийн хөлсний хэмжээг үндэслэн нэхэмжилж байна.

ДӨРӨВ. Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр МУК-ийн 7 хөтөлбөр, байгууллага магадлан итгэмжлэгдэх ажлыг удирдан зохион байгуулж бүх тайланг хянаж, боловсруулсан ажлын хөлс нийт 15,120,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэл нь:

Ш.А намайг МУК-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд ажиллаж эхлэхэд өмнө нь миний эхлүүлэн хийж байсан Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажил зогссон, Байгууллагын 2 дахь магадлан итгэмжлэлийн хугацаа болсон байхад ямар ч төлөвлөгөөгүй, "Өөрийн үнэлгээний тайлан" бичигдэж эхлээгүй байсан. МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн 2019 оны 11 дүгээр сард гаргасан Байгууллагын 2 дахь магадлан итгэмжлэл, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн тухай тушаалаар Ш.А би МУК-ийн 6 хөтөлбөр, байгууллагын магадлан итгэмжлэгдэх ажлыг удирдан зохион байгуулж, бүх тайланг хянаж, боловсруулсан. Эцэст нь Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Магадлан итгэжлэгдсэн гэрчилгээ авсан. Ш. А би маш богино хугацаанд асар өндөр ачааллаар ажиллаж, энэхүү ажилд зарцуулсан 7 сарын илүү цаг, хөдөлмөрийн хөлсний өчүүхэн хэсгийг цагаар тооцож нэхэмжилсэн. Энэ ажлыг үндсэн ажлаас гадуур, илүү цагаар ажиллаж хийсэн ба ямар нэгэн урамшуулал огт аваагүй болно. МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны едрийн № А/134 тушаалаар энэ ажилд надтай хамт ажилласан бүх хүнд илүү цагийн урамшуулал олгосон байсан.

Урьдчилсан магадлан итгэмжлэл авсанаар Жүжиглэх урлаг (Цирк)- 80 жилийн түүхтэй Циркийн урлаг, циркийн жүжигчид маань Бакалавр диплом авах эрхтэй болсон. Үндэсний язгуур урлаг- МУК-ийн түүхэнд анх удаа энэ анги нээгдэж, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдсэн. Хөгжмийн зохиомж- Магистрын сургалтыг шинээр эхлүүлж байна. Урлаг судлал- МУК-ийн түүхэнд анхны доктор (Ph.D) сургалтын элсэгчид орж ирсэн.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл: Дуулах урлаг хөтөлбөр МУК-ийн түүхэнд анх удаа магадлан итгэмжлүүлсэн. Үндэсний хөгжим хөтөлбөр- Мөн анх удаа магадлан итгэмжлүүлэв.

Байгууллагын магадлан итгэмжлэл: МУК нь БМИҮЗ-өөр Байгууллагын 2 дахь магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлүүлэх ажлыг миний бие гардан хийсэн.

ТАВ. Ш.А намайг ажлаас хууль бусаар халсантай холбогдож гарсан бусад зардлын хохиролд нийт 4,867,950 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэл нь:

МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/52 тоот тушаал гаргаж, Ш.А намайг хууль бусаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлан ажил, цалин хөлсгүй болгож эд материалын болон сэтгэл санааны хүнд хор хохирол учруулсан тэр цагаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулахын тулд би Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэргэжлийн Өмгөөлөгч хөлслөн шүүхэд хандсан. Одоо ч мөн хохирлоо арилгуулахаар шүүхэд хандахдаа мэргэжлийн өмгөөлөгч хөлслөн эрх зүйн туслалцаа авахаас аргагүй байдалд орж байна. Ийнхүү би өмгөөлөгч авч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад хүрч байгаа нь гагцхүү МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү намайг хууль бусаар ажлаас халж надад ноцтой хор хохирол учруулсны шууд үр дагавар байгаа болно. Иймд би МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас болж өөрт учирсан бүх хохирлыг нэхэмжлэн гаргуулах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан миний нар төр, алдар хүнд, албан хэргийн нэр хүндэд ноцтой хохирол учруулж, удаа дараа мөнгөн ба сэтгэл зүйн дарамт, хохирол амсаж байгаа учир 4,867,95 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг тус тус гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Монгол Улсын Консерватор УТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

1. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 16,003,221 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.А 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дээрх хугацааны буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацааны цалинг авах өргөдөл байгууллагын захиргаанд гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр олгох боломжгүй тухaй хариуг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч хуульд заасан энэ хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх гомдол гаргах хугацаа хэтрүүлэн гаргасан энэ шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Монгол улсын Консерваторын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Ш.А намайг Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалаас халсны улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр олгосон цалин хөлсний олговрын зөрүү 4,726,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.А Монгол улсын Консерваторын захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага өмнө шүүхэд гаргахдаа өөрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин олговрыг 11,102,780 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан 5 сар 29 хоногийн цалин олговорт 11,102,780 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд багасган дэмжсэн шаардлагын хэмжээгээр гаргуулах нь талуудын зарчимд нийцэх болохыг үндэслэл болгосныг заасан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Монгол улсын Консерваториос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,102,780 төгрөг гаргуулж Ш.Ад олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11.-д заасан үндэслэлгүй тул Монгол улсын Консерваториос 5,036,480 төгрөг гаргуулах Ш.Агийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаар магадлалд: "...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн., ...нэхэмжлэгчийн тайлбар нотолгоог хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй, улмаар шүүх хуралдаан дээр эсэргүүцсэн тайлбар гаргаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогддог..., "...шүүх Ш.Аг МУК-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,102,780 төгрөг гаргуулж түүнд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг үлдэгдэл ажлын хөлс 2,036,480 төгрөгийг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно." гэж тус тус дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн нөхцөл байдлыг бий болгож байна.

Нөгөө талаасаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчмыг үндэслэдэг болохыг шүүх шийдвэртээ тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах тодорхой эрхийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эдэлдэг, энэ эрхийнхээ хүрээнд ямар шаардлага гаргах, ямар шаардлагаа дэмжих эс дэмжих нь түүний эрх тул тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гаргасан бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсны дараа тухайн асуудлаар дахин шаардлага гаргахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарласан байна. Энэ хязгаарлалт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй гэж үздэг юм байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. 2019-2020 оны хичээлийн жилд "Диплом хамгаалалтын комисс"-ын даргаар ажилласан цагийн хөлс 720,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.Ад 2020 оны 12 дугаар сард бакалаврын 16 цаг 320,000 төгрөг, магистрын 88 цаг 2,640,000 нийт 2,960,000 төгрөгийн цалинг олгосон. Магистрын энэхүү 88 цагийн хөлс болох 2,640,000 төгрөгт Ш.Агийн судалгааны ажлын комиссын даргаар болон удирдагч багшаар ажилласан цагууд бүгд багтсан болно.

4. Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Консерваторийн 7 хөтөлбөр, байгууллага магадлан итгэмжлэгдэх ажлыг удирдан зохион байгуулж бүх тайланг хянаж, боловсруулсан ажлын хөлс 15,120,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Магадлан итгэмжлэлд ажилласан багш нарт 2020 оны 12 дугаар сард илүү цагийн хөлс /тус бүр 25 цаг/ олгосон бөгөөд энэхүү илүү цагийг зөвхөн багш нарт олгосон. Захиргааны ажилчдад олгогдоогүй. Өөрөөр хэлбэл Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ш.А болон захиргааны ажилчид нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэсэн учир илүү цагийн мөнгө олгогдох боломжгүй юм.

5. Ажлаас хууль бусаар халсантай холбогдож гарсан бусад зардал, хохиролд 4,867,950 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Энэ шаардлагын үндэслэл нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/52 тоот тушаалыг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч хөлсөлсөн, одоо мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч хөлсөлж хууль зүйн туслалцаа авсны зардал гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгч Ш.Аг ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрт: " ..Харин нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас түүнд учирсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан хохиролд шууд хамаарахгүй тул мөн зүйлийн 227.1.-д заасан үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зуйлийн 3.1.-д зааснаар эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд шүүх зөрчигдсөн эрхийг хамгаалахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т заасан хамгаалалтын аль нэг аргаар хэрэгжүүлдэг тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрхээ өөрөө, эсхүл өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хэлбэрээр хэрэгжүүлэх асуудал нь мэдүүлэгчийн сонголт учир мэдүүлэх эрхээ төлбөртэй хэрэгжүүлсний үндсэн дээр гарсан зардлыг хохиролд тооцох хууль зүйн боломжгүй юм. Иймд хариуцагчаас өмгөөлөгчийн 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ." гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад: "2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Монгол улсын консерваториос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,102,780 төгрөг гаргуулж Ш.Ад олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11.-д заасан үндэслэлгүй тул Монгол улсын консерваториос 5,036,480 төгрөг гаргуулах Ш.Агийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай." гэж заасан, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хэргийг хянасан Давж заалдах шатны шүүхийн магадлалд: ...Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг, үлдэгдэл ажлын хөлс 2,036,480 төгрөгийг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно." гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийм байдлаар өмнө нь шүүх шийдвэр гаргаж, шийдвэртээ тодорхой дүгнэлт хийж шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад тайлбар гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг зохих санд төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Дээрх хугацаанд Ш.Ад цалин олгогдоогүй байгаа учир нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж дэвтэрт бичилт хийх боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд:

Улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ32021/14304 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугар сарын 09-ний өдрийн 181/ГХ2021/00482 шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2021/07947 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00194 дугаар шийдвэрийн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21/8-709 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар срын 24 -ний өдрийн № 181/Ш32021/02365 тоот "Давж заалдах гомдол хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хуралдааны баримт, Монгол Улсын Консерваторын захирлын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай Ш.Аг ажилд авах тухай тушаал, Монгол Улсын Консерваторын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 249 дугаар албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гарагж өгсөн.

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд:

Б.Батболдод олгосон итгэмжлэл, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Консерваторын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/172 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/142 дугаар Магадлан итгэмжлэлд бэлдэх тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/143 дугаар Хөгжмийн зохиомжийн магистрын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлд орох ажлыг зохион байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/144 дугаар Дуулах урлагийн бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орох ажлыг зохион байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/35 дугаар Нэмэгдэл олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/110 дугаар Бакалаврын дипломын бичвэрийн ажил, Магистрын судалгааны ажлын албан ёсны удирдагч, шүүмжлэгчдэд цаг тооцох тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/134 дугаар Илүү цагийн хөлс олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар Монгол Улсын Консерваторын дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоол, тогтоолын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/49 дугаар Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/48 дугаар Урамшуулал олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/81 дугаар Монгол Улсын Консерваторын хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/15 дугаар Монгол Улсын Консерваторийн Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/109 дугаар Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт оруулах тухай тушаал, Монгол Улсын Консерваторын захирлын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/39 дугаар Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт оруулах тухай тушаал, Монгол Улсын Консерваторын захирлын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаар Ш.Аг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 5 хуудас гар бичмэлийн хуулбар, Монгол Улсын Консерваторын дүрэм журмын эмхэтгэл, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Монгол Улсын Консерваторын захирлын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/87 дугаар Захиргаа аж ахуйн ажилчдын ээлжийн амралт батлах тухай тушаал, тушаалын хавсралт зэргийг гаргаж өгсөн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ:

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Монгол Улсын Консерваторит холбогдуулж ажилгүй байсан хугацааны нийт цалин, хохиролд 41,437,671 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг зохих санд төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа хэтрүүлж гомдол гаргасан, шүүхээр шийдвэрлэсэн шаардлагыг дахин гаргасан, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан тул илүү цагийн хөлсийг олгохгүй гэж маргаж байна.

 

НЭГ: 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр биелэгдсэн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 16,003,221 төгрөг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг зохих санд төлүүлж, бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00194 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаартай магадлалаар Ш.Аг Монгол Улсын Консерварторийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,102,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалган шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 15-28, 32-39-р хуудас/

Улсын дээд шүүх уг хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс таталзсан талаар болон дээрх шийдвэрийн дагуу хариуцагч /ажил олгогч/ Монгол Улсын Консервартор нь нэхэмжлэгч /ажилтан/ Ш.Аг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажилд нь эгүүлэн авсан, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00194 дугаартай шийдвэрт заасан цалин олговрыг олгосон талаар талууд маргаагүй болно./1-р хх-ийн 28, 47-р хуудас/

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохыг хүссэн хүсэлтээ ажилд орсныхоо дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогч буюу Монгол Улсын Консерварторийн захиралд гаргаж 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 249 дугаартай албан бичгээр хариу авч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ. /1-р хх-ийн 8-10,48-52-р хуудас/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ш.Аруиунаагийн нэг өдрийн цалинг 115,965.43 төгрөг, нэг сарын цалинг 2,493,256,58 төгрөг гэж тооцжээ. /1-р хх-ийн 26-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заажээ. Гэтэл хариуцагч /ажил олгогч/ Монгол Улсын консерватор нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00194 дугаартай шийдвэрийг биелүүлэлгүй, уг шийдвэрт гомдол гаргах эрхээ эдлэж явсаар 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч /ажилтан/ Ш.Аг ажилд нь эгүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 15-44, 47-р хуудас/ Хариуцагч /ажил олгогч/ Монгол Улсын Консерватор нь шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ эдэлж, хугацаа алдсанаас гарсан үр дагаварыг нэхэмжлэгч /ажилтан/ Ш.А хариуцах үндэслэлгүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох нь зүйтэй.

Ажилтан Ш.Агийн 2021оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх /6 сар 9 хоног/ хугацааны цалинг тооцоолоход 16,003,221 төгрөг болж байна.

/2,493,256.58 төгрөг х 6 сар = 14,959,539.48 төгрөг, 115,965.43 төгрөг х 9 хоног = 1,043,688.87 төгрөг, 115,6965.43 төгрөг + 14,959,539.48 төгрөг =1 6,003,221 төгрөг/

Иймд хариуцагч Монгол Улсын Консерватор-иас ажилтан Ш.Ариуаагийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 48 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 16,003,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Хариуцагч /ажил олгогч/ Монгол Улсын Консерватор нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасны дагуу ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлөх, ажил олгогч зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.

ХОЁР: Ажлаас буруу халсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрын зөрүү 4,726,500 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч /ажилтан/ Ш.Аринаа нь хариуцагч Монгол Улсын консерватор-ийн захирлын үүрэг гүйцэтэгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож тус консерваторийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11,102,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Шүүх Ш.Агийн нэхэмжлэлтэй дээрх хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан шийдвэрлэж 00194 дугаартай шийдвэрийг гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаартай шийдвэрээр хэвээр үлдэж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт ... Ш.Агийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,829,280.1 төгрөг гарч байгаа боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шардлагаа багасган дэмжсэн шаардлагын хэмжээгээр гаргуулах нь талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэсэн байх тул ажилгүй байсан хугацааны цалин олговрын зөрүү гэж нэхэмжилж буй 4,726,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Тодруулбал: уг шаардлагыг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

 

ГУРАВ: 2019-2020 оны хичээлийн жилд Диплом хамгаалалтын комиссын даргаар ажилласан цагийн хөлс 720.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00194 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаартай магадлалд: нэхэмжлэгч Ш.А нь 2019-2020 оны хичээлийн жилийн магистрын судалгааны ажлыг удирдсан эрдэм шинжилгээний ажлын удирдагчийн хөлс 4,524,000 төгрөг шаардсанаас хариуцагчийн төлсөн 2,487,520 төгрөгийн үлдэгдэл буюу зөрүү 2,036,480 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанд уг шаардлагаа багасган 720.000 төгрөг гэж нэхэмжилж, үүнийгээ өмнө шийдвэрлэснээс өөр гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү шаардлагаа дэмжиж нотолсон хуулийн шаардлага хангасан бичгийн баримтыг гаргаж нотлоогүй бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд ажилласан хугацааны цагийн хөлсийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

ДӨРӨВ: Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Консерварторын 7 хөтөлбөр, байгууллага магадлан итгэмжлэгдэх ажлыг удирдан зохион байгуулж, бүх тайланг хянаж, боловсруулсан ажлын хөлс 15,120,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан захирлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/142 тоот тушаал болон зохигчдын тайлбараар Монгол Улсын Консерварторын 7 хөтөлбөр, байгууллага магадлан итгэмжлэлийг авсан гэж байгаа боловч энэхүү үйл баримтыг хөдөлбөргүй нотлох баримт байхгүй бөгөөд энэ ажлын хөлс урамшуулал олгогдохыг мэдэж байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар 3 сарын дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

ТАВ: Ажлаас буруу халсантай холбогдож гарсан бусад зардал, хохиролд 4.867.950 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Өмгөөлөгчийн зардал 4,5 сая төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд шууд тооцогдохгүй тул 227.1.-д заасанд хамаарахгүй юм.

Мөн шүүх зохигчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т заасан хамгаалалтын аль нэг аргаар хэрэгжүүлдэг тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхээ өөрөө, эсхүл өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хэлбэрээр хэрэгжүүлэх нь зохигчийн сонголт учир шүүхэд мэдүүлэх эрхээ төлбөртэй хэрэгжүүлсний үндсэн дээр гарсан зардлыг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Монгол Улсын Консерватор-иас нэхэмжлэгч Ш.Агийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 16,003,221 төгрөгийг гаргуулан түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд төлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,434,450 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлого болгож, хангахсан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан Монгол Улсын Консерваториос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,003,221 төгрөг гаргуулж Ш.Ад олгож, нэхэмжлэлээс 25,434,450 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ш.Агийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Улсын Консерваторийн удирдлагад үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 237,966 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ