| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/04954/И |
| Дугаар | 102/шш2023/00178 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 102/шш2023/00178
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Г-00, Э гудамж, 00 дугаар байр, ТЭСП ХХК/РД:654****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, КА ХХК РД:5558972/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,756,827 төгрөг 5 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, У.Э,
хариуцагчийн төлөөлөгч Ж.Б
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч ТЭСП ХХК нь хариуцагч КА ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЭХХГ-20/0** дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, Б дүүрэг, ** дугаар хороо, Г -16040, Э өргөн чөлөө 00 хаягт орших М худалдааны төвийн 0 давхрын 000 дугаартай 71.8 м.кв талбайг нэг сарын 3,733,600 төгрөг /НӨАТ-ыг оролцуулаад/-өөр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөлслүүлсэн.
1.2.Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтад заасны дагуу Хөлслөгч нь Түрээсийн талбайн 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын төлбөр гэх мэт менежментийн төлбөрт сар бүр нийт 250,000 төгрөгийн төлөх үүргийг хүлээсэн.
1.3.Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалтын дагуу Хөлслөгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож нэг сарын түрээсийн болон менежментийн төлбөр болох 3,983,600 төгрөгийн барьцааг Хөлслүүлэгчийн мэдэлд байршуулах үүрэг хүлээсэн боловч барьцаа огт байршуулаагүй.
1.4.Гэрээний харилцаа эхэлсний дараа Хөлслүүлэгчийн зүгээс Хөлслөгчид 2020 оны 04 сараас 07 сар хүртэл хугацаанд хамаарах түрээсийн төлбөрийн 30 хувийн хөнгөлөлт үзүүлж, нийт 3,434,912 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, үйл ажиллагааг нь дэмжсэн.
1.5.Гэтэл хөлслөгч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах Түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
1.6.Дээрх хугацаанд дэлхий нийтэд нүүрлэсэн коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөг харгалзан үзэж, Хөлслүүлэгчийн зүгээс нийт түрээслэгч нарынхаа түрээсийн төлбөрийг 2020 оны 11 сараас 2021 оны 02 сарыг дуустал хугацаанд 70 хувь чөлөөлсөн.
1.7. Өнөөдрийг хүртэл хугацаанд хөлслөгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх нэмэлт хугацаа олгож, түрээсийн болон менежментийн төлбөр төлөхийг амаар, мессежээр, албан бичгээр мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй болно.
1.8.Иймд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах түрээсийн төлбөрийн 30 хувь болох 5,478,756 төгрөг, мөн хугацаанд хамаарах менежментийн төлбөрт 1,016,129 төгрөг болон хугацаандаа төлөөгүй түрээсийн болон менежментийн төлбөрт хамаарах алданги 3,247,442.5 төгрөг болон шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан нотариатын зардал 14,500 төгрөг буюу нийт 9,756,827.5 төгрөгийг хариуцагч КА ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Харин хариуцагч менежментийн төлбөрт 516,129 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлснийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 516,129 төгрөгөөр багасгаж, одоо нийт 9,240,698 төгрөг, 5 мөнгийг нэхэмжилж байна.
1.9.Нэхэмжлэгчээс алдангийг тооцохдоо 2021 оны 2 сарын 25-аас 2022 оны 9 сарын 28-ны өдрийг хүртэл алдангийг нэхэмжилж байгаа бөгөөд хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч талтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаад гэрээний үүргээ биелүүлж, түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байсан.
2.2.Ковид19 цар тахал гарснаас болж Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж бид нар нийт 3 удаа үйл ажиллагаа явуулаагүй. Бид нар үйл ажиллагаа явуулж, орлого олоогүй тул тэр хугацааны түрээсийн төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байна.
2.3. Үйл ажиллагаа явуулаагүй хугацааны менежментийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин үйл ажиллагаа явуулж, орлого олоогүй тул бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч тал нь хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЭХХГ-20/090 дугаар эд хөрөнгө хөлслөх гэрээ /хх-8-27/, ЭХХГэрээний авлага болон алдагдлын тооцоолол /хх-28/,ТЭСП ХХК-ийн албан бичиг/хх-29/, нэхэмжлэх /хх-30/,ТЭСП ХХК-ийн албан бичиг /хх-31/, нэхэмжлэх /хх-33/, итгэмжлэл /хх-34/, Үл хөдлөх эд эд хөрөнгийн менежментийн гэрээ /хх-35-42/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-42/, зэрэг нотлох баримтыг өгсөн байна.
4. Хариуцагч тал нь хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-48/, КА ХХК-йн дүрэм /хх-49-51/, КА ХХК-ийн эхлэлийн тайлан /хх-52/, банкны гүйлгээний баримт /хх-55/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-56/, КАХХК-йн дүрмийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-57-58/, Ж.Бын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-59/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Засгийн газрын тогтоол /хх-60-62/, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаар Засгийн газрын тогтоол /хх-63/, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр Засгийн газрын тогтоол /хх-64-65/, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр Засгийн газрын тогтоол /хх-66/, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар Засгийн газрын тогтоол /хх-67/, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар Засгийн газрын тогтоол /хх-68/, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаар Засгийн газрын тогтоол /хх-69/, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар Засгийн газрын тогтоол /хх-70-71/, тооцооны баримтын жагсаалт /хх-78/, зэрэг нотлох баримтыг өгсөн байна.
5. Шүүхийн санаачилгаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-85-87/ нотлох баримтаар цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТЭСП ХХКнь хариуцагч КА ХХК-д холбогдуулан 9,756,827 төгрөг 5 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 516,129 төгрөгөөр багасгаж, нийт 9,240,698 төгрөг 5 мөнгийг нэхэмжилсэн.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагчтай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЭХХГ-20/090 дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, Б дүүрэг, 00 дугаар хороо, Г 16040 Э өргөн чөлөө 00 хаягт орших М худалдааны төвийн 0 давхрын 000 дугаартай 71.8 м.кв талбайг нэг сарын 3,733,600 төгрөг, менежментийн төлбөрт сард 250,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцож түрээслүүлсэн. Дэлхий даяар Ковид19 цар тахал гарч, бүх нийтийн хөл хорио тавигдсан хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу хөлслөгч нарын сард төлөх төлбөрийг 70 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлсээр байхад хариуцагч нь бүх нийтийн хөл хорионы үе буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийг төлөөгүй тул энэ хугацааны түрээсийн төлбөрт 5,478,756 төгрөгийг, менежментийн төлбөрт 500,000 төгрөг, алдангид 3,247,442 төгрөг 5 мөнгө, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 14,500 төгрөг, нийт 9,240,698 төгрөг 5 мөнгийг нэхэмжилж байна гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ... нэхэмжлэлийн шаардлагаас менежментийн төлбөр болох 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд Ковид19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олоогүй тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох эд хөрөнгө хөлслөх гэрээ, шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд зэрэг бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Бдүүрэг, 00 дугаар хороо, Г 16040, Эөргөн чөлөө 00 байр, 0-р давхрын 0 тоот хаягт байршилтай 2,653.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Худалдаа хөгжлийн банк ХХК бүртгэгдсэн байх бөгөөд Худалдаа хөгжлийн банк ХХК нь ТЭСП ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн гэрээ байгуулж, уг үл хөдлөх эд хөрөнгө байрших Макс молл худалдааны төвд 17,450 м.кв талбайд менежментийн үйлчилгээ явуулахыг ТЭСП ХХК-д зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлийн энэхүү хөрөнгийг бусдад түрээслэхтэй холбоотой эрхийг шилжүүлсэн авсан байна.
4.2.Талууд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЭХХГ-20/090 дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, хариуцагч нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандан 16040 Энхтайваны өргөн чөлөө 35 хаягт орших Макс Молл худалдааны төвийн 3 дахь давхрын 304 дугаартай 71.8 м.кв талбайг түрээслэж, түрээсийн төлбөрт нэг сарын 3,733,600 төгрөг, менежментийн төлбөрт сард 250,000 төгрөг тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцжээ.
4.3. Дэлхий нийтээр Ковид19 цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон байх бөгөөд энэхүү хугацааны талаар зохигч маргаагүй.
4.4 Нэхэмжлэгч нь дээрх гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд хариуцагчийн төлөх түрээсийн төлбөрийг 70 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.
4.5 Хариуцагч нь дээрх гэрээнд заасан үүргээ 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл биелүүлж байгаад хөл хорио тогтоосон хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байна.
5. Талууд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлөх эсэх талаар маргаж, өөр өөрийн үндэслэлээ заан, мэтгэлцэж байна.
6.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 318.3, 318.4-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.
7.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь бичгээр байгуулагдаж, талууд гарын үсэг баталгаажуулсан байх бөгөөд энэхүү гэрээний байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.
Харин талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл нь болох Б дүүрэг, 00 дугаар хороо, Г 16040 Э өргөн чөлөө 00 хаягт орших М худалдааны төвийн 0 давхрын 000 дугаартай 71.8 м.кв талбай нь улсын бүртгэлд бие даан бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш, харин Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлийн зүйлийн 1 хэсэг тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй бөгөөд энэ үндэслэлээр тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.
8.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 7.4-т давагдашгүй хүчин зүйл нь гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байх бөгөөд бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан талууд гэрээний энэхүү заалтад нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийн 30 хувь болох 5,478,756 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
9. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх хугацааны менежментийн төлбөрөөс дутуу төлсөн гэж нэхэмжилсэн 500,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
10.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.8-д хэрэв энэхүү гэрээний дагуу төлөх төлбөр, менежментийн төлбөр, бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хөлслөгч хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хөлслүүлэгчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт алдангид 3,247,442 төгрөг, 5 мөнгийг нэхэмжилж байх бөгөөд алдангийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд тооцон нэхэмжилсэн гэж тайлбарлаж байхаас гадна талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хэмжээгээр алдангийг тооцон хариуцагчаас нэхэмжилж байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг дуусгавар болох хүртэл хугацааны алдангийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн түрээсийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох төлөөгүй түрээсийн төлбөр болон менежментийн төлбөр нийт 5,978,756 төгрөгийн 1 хоногийн алдангийг хэмжээг тооцвол 29,893 төгрөг 78 мөнгө болох бөгөөд нэхэмжлэгчийн алданги тооцож эхэлсэн хугацаа болох 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон хугацаа болох 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 6 хоногийн алдангийн хэмжээ 179,363 төгрөг болно.
11.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэгч гаргахтай холбоотой зардалд 14,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэхүү зардлаа нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул энэхүү зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
12. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас түрээсийн төлбөрт 5,478,756, төгрөг, менежментийн төлбөрт 500,000 төгрөг, алдангид 179,363 төгрөг, нийт 6,158,119 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,082,579 төгрөг 5 мөнгөний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч КА ХХК-аас 6,158,119 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ТЭСП ХХК-д олгож, үлдэх 3,082,579 төгрөг, 5 мөнгөний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч КА ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 134,280 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчТЭСП ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА