Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0128

 

2023 02 07 128/ШШ2023/0128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.А,

Хариуцагч: О*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Г.У,

Гуравдагч этгээд: М ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С нарын хоорондын зохиогчийн эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт, процессын түүх:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан бөгөөд нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч А.А нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа О*******т холбогдуулан Оюуны өмчийн газраас М ХХК-д олгосон *******, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, И-1.5, И-2 программуудыг Б ХХК-ийн өмч болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар тодорхойлсон.

2. Оюуны өмч, улсын бүрийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/451 дүгээр тушаалаар /1 хх-99-101/ М ХХК-ийн И ММ v 1.5 софтпэй компьютерын программыг бүртгэж, ******* дугаартай зохиогчийн гэрчилгээг /1 хх-107/, мөн Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар И ММ v.2.0 софтпэй компьютерын программыг бүртгэж, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг /хх-151/ тус тус М ХХК-д олгосон.

3. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б ХХК-ийн И программыг бүртгэж, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ /хх-11/-г Б ХХК-д олгосон байна.

4. Нэхэмжлэгч Б ХХК нь М ХХК-ийн зохиогчийн эрхийн гэрчилгээг цуцлуулах тухай гомдлыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр О*******т гомдол гаргасанд /1 хх-56, 1 хх-76/ Оюуны өмчийн газраас хариуг амаар өгсөн. /1 хх-55/

5. Нэхэмжлэгч Б ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

6. Нэхэмжлэгч Б ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь мэдээлэл технологи программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа компанитай хамтран Монгол Банкны төлбөр тооцооны систем төвийг байгуулах ажлаар эхэлж байсан ба түүнээс хойш олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай гүйцэтгэсэн. Манай компани 2006 оноос Верифоны /Verifone/ албан ёсны дистрибьютер болсон бөгөөд Монголын томоохон банкууд болон дэлхийн зарим банкуудад нийт 40,000 ширхэг Верифон ПОС борлуулсан. Манай компанийн ерөнхий захирал А.А*******ын И программыг олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж зохиогчийн эрхийн гэрчилгээг ММ system ХХК нэр дээр гаргуулж авсан байна. Тус компанийг 2016 онд манай компанид программистаар ажиллаж байсан Б******* овогтой Б******* 2017 онд байгуулсан бөгөөд компанийн эд хөрөнгөд хулгайгаар халдаж, үүд хаалгыг эвдэн компьютер, программ хангамжуудыг хулгайлж буцаан авчирч өгсөн. Манай компани тус программыг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-н Compass Plus байгууллагаар баталгаажуулж сертификат авсан болно. Иймд манай компанийн зохиогчийн жинхэнэ эзэмшигчийг баталгаажуулж, хууль бусаар хуулбарлан ашиглаж буй И-1, И-2 болон бусад холбоотой программуудыг Оюуны өмчийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

7.1. Тус газар нь Оюуны өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ, 6.2 Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд бүр шаардахгүй, 6.3 Зохиогч сайн дурын үндсэн дээр өөрийн бүтээлийн мэдээллийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж болно 6.4 Зохиогч өөрийн бүтээлийн зохиогч мөн болохоо нотлох үүрэг хүлээнэ, 12 дугаар зүйлийн 12.2.1 зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч, эсхүл түүнд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг бүртгэх, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, бүтээлийн сан бүрдүүлэх гэж тус тус заасныг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хайлт, шүүлт хийж давхардал шалгах процесс зохиогчийн эрхийн бүтээлд хийгддэггүй болно.

7.2. Б ХХК нь 2019 онд А.А******* зохиогчтой И программ хангамжийг сайн дурын үндсэн дээр бүртгүүлж гэрчилгээ авсан. Уг И программ нь Verix evo үйлдлийн системтэй посууд болох Vx675. Vx680. Vx520 пос терминалууд дээр ажиллах боломжтой CompassPlus мессеж форматтай ажилладаг программ юм. Харин М ХХК нь 2020 онд Ж.Гүен зохиогчтой И ММ v.2.0 Софтпэй программ хангамжийг сайн дурын үндсэн дээр бүртгүүлж гэрчилгээ авсан. Уг программ нь Верифоне брендийн шинэ гарсан VOS, VOS 2 үйлдлийн системтэй өндөр хүчин чадах бүхий пос төхөөрөмж дээр төлбөр тооцоог картаар хийхэд зориулсан программ хангамж юм. Дараагийн программ болох Б.Б******* зохиогчтой И ММ v.2.0 Андройд Софтпэй нь Андройд үйлдлийн системтэй Фужиан Ланди брэндийн шинэ гарсан өндөр хүчин чадал бүхий пос-төхөөрөмж дээр төлбөр тооцоог картаар хийхэд зориулсан программ хангамж юм. Иймд тус программуудыг бид сайн дурын үндсэн дээр бүртгэж, тухайн байгууллагуудаас ирүүлсэн гэрээ, нотлох баримтуудыг үндэслэн гэрчилгээг олгосон. Тиймээс манай байгууллага хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулан гэрчилгээ олгосон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байна гэжээ.

8. Гуравдагч этгээд М ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

8.1. М ХХК нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт мэдээллийн технологиор дагнан, Монгол улсын төлбөр тооцооны системийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй хамт олон ба төлбөрийн олон шийдлүүдийг Монголын арилжааны банкуудад хүргэснээс, ПОС терминал ашиглалтын программ хангамж нь зах зээлд амжилттай нэвтрэн, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж өгсөн.

8.2. Бид Б ХХК-н гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. М ХХК нь Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй буюу хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б ХХК-ийн ерөнхий захирал А.Аын 2013 оны И программын зохиогчийн эрхийн гэрчилгээг ММ Систем ХХК-ийн нэр дээр ашиглагдаагүй. Б ХХК-д программистаар ажиллаж байсан Б.Б******* нь ММ Систем ХХК-г үүсгэн байгуулаагүй ба тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь Алтангэрэл овогтой Азарсүрэн болно.

8.3. ММ Систем ХХК-ийн эзэмшил бүхий программ хангамж болох И ММ 1.5 нь 2017 онд, И ММ 2.0 нь 2020 онд тус тус Оюуны өмчийн гэрчилгээг хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлэн авсан ба тухайн онуудад дээрх программуудаа ОХУ-ын СompassPlus байгууллагаар баталгаажуулан, сертификат авсан.

8.4. ММ Систем ХХК-д программ зохиогч ажилтай Б.Б******* нь И ММ 1.5 программ хангамжийг зохион хөгжүүлсэн ба тухайн программ хангамжийг өөрийн хүүгийн нэрээр нэрлэсэн. И ММ 2.0 программ хангамж нь 2020 оноос хойш үйлдвэрлэгдэж буй Верифоны Engage посуудад зориулсан программ хангамж ба тус компанийн программист хөгжүүлсэн. Иймд Б ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримт, хүсэлт ирүүлээгүй тул тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. Б ХХК нь О*******т холбогдуулан Оюуны өмчийн газраас М ХХК-д олгосон *******, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, И-1.5, И-2 программуудыг Б ХХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай шаардлагыг гаргасан.

4. Нэг: Оюуны өмчийн газраас М ХХК-д олгосон *******, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А нь маргаан бүхий гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...зохиогчийн эрхийн гэрчилгээ авахдаа программ бичих сертификатгүй, иргэний үнэмлэхийн хуулбаргүй, 2016 онд манай компанид программистаар ажиллаж байсан Б.Б******* манай хөрөнгөд хулгайгаар халдаж, компьютер, программ хангамжуудыг хулгайлж буцаан авчирч өгч байсан. Манай компани тус программыг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Компасс плас байгууллагаар баталгаажуулж сертификат авсан болно... гэж,

6. Хариуцагчаас ...хайлт, шүүлт хийж давхардал шалгах процесс зохиогчийн эрхийн бүтээлд хийгддэггүй болно, ...тус программуудыг бид сайн дурын үндсэн дээр бүртгэж, тухайн байгууллагуудаас ирүүлсэн гэрээ, нотлох баримтуудыг үндэслэн гэрчилгээг олгосон гэж тус тус маргасан.

7. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлд зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлийг нэрлэн заасан бөгөөд 7.1.1-т зааснаар компьютерийн программ нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл байна.

8. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зохиогч гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг, 3.1.2-т эрх эзэмшигч гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно гэж заажээ.

9. Оюуны өмч, улсын бүрийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/249 дугаар тушаалаар баталсан Зохиогчийн эрхийн ба түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох журам-ын 2.3 дахь хэсэгт зааснаар бүтээлийг бүртгүүлэх өргөдөл гаргахад өргөдлийн маягт, эх бүтээл-2 хувь, бүтээлийн талаарх товч танилцуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж бол гэрчилгээний хуулбар, өргөдөл гаргагч нь эрх эзэмшигч хувь хүн, эсвэл хуулийн этгээд байгаа тохиолдолд зохиогчийн эрхийг шилжүүлэн авсан тухай нотлох баримт/гэрээ зэрэг материалыг бүрдүүлэхээр журамлажээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд М ХХК нь О*******т 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохиогчийн эрхийн гэрчилгээ авах өргөдөл /1 хх-102/-ийг компанийн улсын бүрийн гэрчилгээ /1 хх 108/, Б.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх-110/, Б.Б*******ы мэдээлэл /хх 111/, Б.Б******* программ хангамжийг зохиосон нь үнэн болно гэх компанийн тодорхойлолт /1 хх 112/ зэрэг материалыг хавсарган гаргасныг үндэслэн Оюуны өмч, улсын бүрийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/451 дүгээр тушаалаар /1 хх-99-101/ М ХХК-ийн И ММ v 1.5 софтпэй компьютерийн программыг бүртгэж, ******* дугаартай зохиогчийн гэрчилгээг /1 хх-107/ олгосон.

11. Мөн тус компанийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт, түүнд холбогдох баримтуудыг /2 хх 42-54/ хавсарган мэдүүлэг гаргасныг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар И ММ v.2.0 софтпэй компьютерын программыг бүртгэж, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг /хх-151/ олгосон.

12. Харин Б ХХК-ийн ******* дугаартай өргөдөл /хх-116/, түүнд хавсаргасан И программ танилцуулга /хх-120/, А.А*******ын иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүрийн гэрчилгээ /122/ сертификатын хуулбар /хх-119/ зэрэг баримтуудыг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б ХХК-ийн И программыг бүртгэж, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ /хх-11/ олгосон байна.

13. Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль аль нь уг журамд заасан хавсаргавал зохих материалын бүрдлийг хангаж өргөдөл гаргасны дагуу Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээг олгосон байна. Журамд эх бүтээлийн танилцуулгын талаарх материалыг өгөх болохоос албан ёсны болохыг нотолсон ямар нэг сертификат хавсаргах талаар нарийвчлан журамлаагүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...М ХХК нь ОХУ-ын Компасс плас сертификатгүй байсан... гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

14. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ. 9.2-т Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй, 9 дүгээр зүйлийн 9.5-т Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно гэж зааснаас үзвэл тухайн компьютерын программыг зохиогч нь зохиосноор зохиогчийн эрх эдэлж эхлэх бөгөөд зохиогч нь хүсвэл О*******т сайн дураараа бүртгүүлэх эрхтэй байна.

15. Энэ маргааны тохиолдолд тухайн компьютерын программыг зохиогч нь хэдийгээр нэхэмжлэгч Б ХХК-д ажиллаж байхдаа программыг зохиосон байж болох ч тухайн үед нэхэмжлэгч компани нь зохиогч, эрх эзэмшигч мөн болох талаар О*******т бүртгүүлж байгаагүй, харин дараа нь гуравдагч этгээд М ХХК нь зохиогч, эрх эзэмшигчийн эрхээ бүртгүүлж гэрчилгээ авсан нь нэхэмжлэгч Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.

16. Хариуцагч О******* нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгүүлсэн бүтээлийн сан байгуулах гэж зааснаар зохиогч, эрх эзэмшигчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримтын бүрдэл бүрэн тохиолдолд зохиогчийн эрхийг бүртгэж, гэрчилгээ олгох чиг үүрэгтэй учраас зохиогчийн эрхийн гэрчилгээг олгохдоо тус бүтээлийн зохиогч мөн эсэх, эрх эзэмшигч нь тухай компани мөн эсэхийг нягтлан шалгах үүрэг хүлээхгүй, иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн манай компанийн эзэмшил программыг бүртгүүлсэн нь хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

17. Иймд хариуцагч О******* нь тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д заасан чиг үүргийнхээ дагуу М ХХК-ийн өргөдөл, түүнд хавсаргасан материалыг үндэслэн зохиогчийн эрх, эрх эзэмшигчийг бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг олгосон нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээд М ХХК-г эрх эзэмшигчээр бүртгэж, гэрчилгээ олгосны улмаас нэхэмжлэгч Б ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул уг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

18. Хоёр: И-1.5, И-2 программуудыг Б ХХК-ийн өмчлөл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

20. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэнэ.

21. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ...И 1.5 программыг Б.Б******* Б ХХК-д ажиллаж байхдаа бүтээсэн, түүнийг манай компани гадаадад сургаж байсан, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Пос терминал /хайперком пос терминалыг солих/ нийлүүлэх гэрээ /хх 18-23/-ний хавсралтад дурдсанаар тус программ манай компанийн өмч зэргээр тайлбарлан маргаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн гол үндэслэл нь тухайн 2 компани хоорондын И компьютерын программын өмчлөл, эзэмшлийн маргаан байна.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Шүүх дараах үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно, 12.1.1-т эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл хэмээн заасны дагуу нэхэмжлэгч компанийн И-1.5, И-2.0 компьютерын программуудыг Б ХХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь 2 хуулийн этгээдийн хоорондын маргаан буюу Иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаан байна.

23. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

24. Тухайн компьютерын программын өмчлөгч, эзэмшигчийг тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч компани нь О*******т дахин хүсэлт гаргах, улмаар тус захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.5, 26 дугаар зүйлийн 26.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Оюуны өмчийн газраас М ХХК-д олгосон *******, ******* дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу И-1.5, И-2 программуудыг Б ХХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ