Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч Т.Баярмаа,

Шүүгдэгч, хохирогч Б.Баатарцэнд

Шүүгдэгч, хохирогч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Батаагийн Баатарцэнд, Туслагч овогт Батсуурийн Эрдэнэбат нарт холбогдох 201716010103 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа нүүрс тээврийн жолоочийн ажил эрхэлж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюутын 10-26 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Жинчин овгийн Батаагийн Баатарцэнд /РД: КН80101475/

Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа нүүрс тээврийн жолоочийн ажил эрхэлдэг, ам бүл 1, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг Далай усанд орших хаягтай, хэрэг хариуцах чадвартай Туслагч овогт Батсуурийн Эрдэнэбат /РД:КН83030576/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

Шүүгдэгч Б.Баатарцэнд, Б.Эрдэнэбат нар нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг нүүрс тээвэрлэлтийн засмал замын 10 дахь км-т байрлах авто зогсоол дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие биендээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баатарцэнд мэдүүлэхдээ: Би Таван толгойгоос нүүрс ачуулж аваад Цогтцэций сумын Сийрст багийн нутагт засмал замын 10 км-т явж байхад миний машин эвдэрсэн. Тэгээд засварчин дуудчихаад машинаа засуулж байхдаа Эрдэнэбат бид хоёр нэг шил архи хувааж уусан. Бид хоёр согтчихоод түлхүүрээс болоод маргалдаж, би Эрдэнэбатын гарыг лоомоор цохисон. Харин Эрдэнэбат миний цээж хавьцаа хутгаар зүссэн. Уг нь бид хоёр худ ургийн холбоотой хүмүүс юм. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Цаашдаа дахиж ийм үйлдэл гаргахгүй, өөртөө их дүгнэлт хийсэн.“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбат мэдүүлэхдээ: ”Би Таван толгойгоос нүүрс ачуулж аваад Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, засмал замын 10 км явж байхад манай найз Баатарцэндийн машины мотор эвдэрсэн, машинаа зогсоолд зогсоосон байсан. Ингээд засварчин дуудчихаад машинаа засуулж байх хооронд бид хоёр нэг шил архи хувааж уусан. Бид хоёр нэлээд согтсон байсан ба түлхүүрээс болоод маргалдаж, би Баатарцэндийн цээжин хэсэгт хутгаар зүсээд, хөнгөн гэмтэл учруулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Бид хоёрын хувьд өмнө нь ямар нэгэн өшөө, хонзонгийн зүйл байхгүй, найзууд байгаа юм.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-н 3 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-10 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 19 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Б.Баатарцэндийн хохирогчоор өгсөн:”...Би Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэл шалаанз маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явдаг ба 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нүүрс ачуулаад Гашуун сухайт хилийн боомт руу С.Эрдэнэбатын хамтаар явж байтал нүүрс тээврийн 10 дахь км-т миний унаж явсан машин эвдрээд тэндээ зогссон. Тэгээд бид хоёр машины эзэн болох хятад хүн рүү утсаар эвдэрсэн сэлбэгийг захиалсан, мөн машин засдаг гэх Нямсүрэн гэх найз руугаа залгаад машины сэлбэг ирж байгаа ирээд засаад өг гэтэл зөвшөөрсөн ба мөн өөрийн найз болох Наранбаатар гэх залуу руу хаана явж байгаа талаар утсаар асуутал уурхай руу явж байна гэхээр нь би 10 дахь км-т машин эвдэрсэн зогсож байна, замаараа хүрээд ир гэж хэлсэн ба ойролцоогоор 3 цагийн дараа Наранбаатар нь Эрдэнэбат бид хоёрын байж байгаа газар ирсэн. Тэгээд бид 3 ярилцаж байгаад /одоо утасны дугаар болон машины тээврийн хэрэгслийн дугаарыг санахгүй байна/ Цогтцэций сумын нэг таксины дугаар луу залгаад адууны мах болон 2 шил архи 1 том пиво захисан. Тухайн такси нь 30-40 минутын дараа бид нарын байж байгаа газар дээр ирээд бид хэд тухайн адууны махыг чанаж идэнгээ авсан архиа хувааж уугаад сууж байтал машины сэлбэг болон Нямсүрэн гэх засварчин найз нь зэрэг шахуу ирэхээр нь би өөрийнхөө машины эвдэрсэн хэсгийг зааж өгөөд тухайн 2 залуугаар засвар үйлчилгээ хийлгэсэн. Тэр хугацаанд Эрдэнэбат болон Наранбаатар бид гурав авсан архиа хувааж уугаад байж байтал Эрдэнэбат нь архи ууж байх үедээ над руу сонин сонин юм яриад байхаар нь миний уур хүрээд бид хоёр зодолдох тухай юм ярьж байсан санагдаж байна. Тухайн үед би архи уусан байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-н 22 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Эрдэнэбатын хохирогчоор өгсөн:”....Би Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэл шалаанз маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явдаг ба 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нүүрс ачуулаад Гашуун сухайт боомт руу явж байтал хамт явж байсан Баатарцэндийн 28-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги нь эвдэрч улмаар нүүрс тээврийн 10 км-т зогссон. Тэгээд Баатарцэнд нь машины эзэн болох хятад эзэн рүүгээ утсаар залгаад зам дагуу явж байгаа машин сэлбэгийг нь захисан ба өөрийн таньдаг нэг засварчин залуу руу залгаад машины сэлбэг ирж байгаа ирээд засаад өг гэсэн, нөгөө хүн нь зөвшөөрсөн юм ярьж байсан. Дахин Наранбаатар гэх залуу руу залгаад зам дагуу миний машин эвдэрсэн байгаа, хүрээд ир гээд ярьж байсан. Тэгээд байж байтал ойролцоогоор 2-3 цагийн дараа ирсэн ба бид гурав уулзаад хэсэг юм ярьж байгаад өлсөөд Цогтцэций сумын төвөөс нэр утасны дугаарыг нь мэдэхгүй таксины жолоочид 2 шил 750 граммын архи, адууны махны хамт захитал удалгүй ирсэн. Тэгээд бид 3 мах чанаад шилтэй архи хувааж уугаад сууж байтал нилээд согтоод байж байтал машины сэлбэг болон Цогтцэций сумаас дуудсан засварчид зэрэг шахуу ирсэн. Тэгээд тэр засварчдаар машинаа янзлуулж байх хугацаанд бид гурав авчирсан архиа тойруулаад уугаад сууж байтал Баатарцэнд бид хоёр маргалдах шиг болсон. Тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй маш их согтолттой байсан ба нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн эмчилгээ хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд М.Үүрдмандахын гэрчээр өгсөн:”...миний санаж байгаагаар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нүүрс тээврийн Гашуун сухайт авто замын Ухаа худаг уурхайгаас урагш 57 дахь км-т зам тээврийн ослын дуудлаганд явж байтал тус замын 10 дахь км-т явж байтал /улсын дугаарыг нь санахгүй байна/ хар өнгийн жижиг суудлын автомашин өөдөөс буюу урдаас хойш чиглэлтэй явж байснаа гэнэт зогсож жолооч нь гараа өргөхөөр нь зогсч юу болсон талаар асуухад “хоёр согтуу жолооч маргалдаад бие биедээ гэмтэл учруулсан байна, үүний нэг нь миний машины хойд суудал дээр суугаад явж байна” гэхээр нь очоод хартал нэг согтуу махлаг залуу тээврийн хэрэгслийн хойд суудал дээр баруун мөрөн тус газраас нь цус гарсан, түүнийгээ зүүн гараараа дараад сууж байсан. Тэгээд би жижүүрийн шуурхай албанд мэдэгдчихээд тухайн хэрэг болсон газар очтол ертөнцийн зүгээр баруун талд зогсож байсан норд бенз маркийн тээврийн хэрэгслийн кабины баруун талд нэг туранхайвтар согтуу залуу завилаад толгойноос нь цус мэт зүйл гарсан сууж байсан” гэх мэдүүлэг /хх-н 26 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд М.Нямсүрэнгийн гэрчээр өгсөн:”...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баатарцэнд гэх таньдаг ах залгаад “миний машины турбин эвдэрсэн чи хүрч ирээд засаад өгөөч” гэхээр нь би Мандахнаран гэх найзтайгаа хамт нүүрс тээврийн 10 дахь км-т очтол Баатарцэнд ах болон 2 танихгүй залуугийн хамт байж байсан. Тэгээд бид 2 энэ хэдтэй уулзчихаад шууд машины эд анги засах гээд ажилдаа гарсан. Тухайн үед тэр гурав архи уусан сууж байсан. Улмаар бид хоёр засвар хийж байх үед Баатарцэнд ах хүрч ирээд нэлээн халамцуу “та хоёр машинд масло нэмээрэй нэлээн дундуур байгаа шүү ажлаа дуусгачихаад ахдаа хэлээрэй” гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Тэгтэл удалгүй 20-30 минутын дараа /цаг хугацааг нь сайн санахгүй байна/ Баатарцэнд ахын цээжнээс цус гарсан ба түүнийгээ гараараа дарсан зогсож байсан. Тэгээд бид хоёр цаана нь байсан хүнийг хартал нэг залуу доошоо харсан газар хэвтэж байхаар нь за юу ч гэсэн хутгалуулсан хүнийг нь яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй гэж бодоод Баатарцэнд ахыг аваад өөрсдийн ирсэн машиндаа суулгаад явтал замд цагдаа явж байхаар нь зогсоож мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-н 27 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Ц.Мандахнарангийн гэрчээр өгсөн: ”2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед манай найз Нямаад “турбин янзалж өгнө үү” гэсэн дуудлага ирэхээр нь бид хоёр нүүрс тээврийн 10 дахь км-т очтол үл таних 3 залуу архи уусан машины кабинд сууж байсан. Тэгээд бид хоёр шууд хажуу талд нь зогсож байсан машинд засвар хийгээд байж байтал тарган махлаг ах ирээд “туслах юм байна уу, ойр зуурын хийх юм байна уу, та хоёр наад машиндаа масло нэмээрэй” гэж хэлчихээд буцаад машин руугаа орсон. Удалгүй 30 минутын дараа тухайн ах гарч ирээд “Нямаа” гэж орилохоор нь очоод хартал цээжээ дарсан “намайг хутгалчихлаа” гэхээр нь сайн хартал цээжнээс нь цус гарч байхаар нь даавуугаар дараад шууд өөрсдийн ирсэн машиндаа суулгаад Цогтцэций сум руу явж байтал замд цагдаагийн машин явж байхаар нь зогсоож мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-н 28 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Наранбаатарын гэрчээр өгсөн:”...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагийн үед намайг Цагаан хаднаас Цогтцэций сум руу нүүрс тээврийн замаар явж байх үед Баатарцэнд гэх манай найз над руу залгаад “миний машин эвдэрсэн замд чинь 10 км-т байгаа чи хүрээд ир” гэхээр нь би тэр чигээрээ явсаар байгаад очиж уулзсан. Тухайн үед Баатарцэнд болон Эрдэнэбат гэх хоёр залуу эвдэрсэн тээврийн хэрэгслийн турбин гэх эд ангийг тайлаад зогсож байсан. Улмаар бид хэд уулзаад байж байтал тэр хоёр “Цэцийгээс таксинд адууны мах болон 2 шил архи, газ, ус, тамхи захисан байгаа, харин эвдэрсэн эд анги урд хятадаас хүнд захисан, удалгүй ирэх байх” гээд ярьж байсан. Тэгээд ойролцоогоор 1-2 цагийн дараа сэлбэг болон Цэцийгээс захьсан зүйлүүд ирээд бид гурав миний 31-81 УНН улсын дугаартай машинд суугаад мах чанаад шилтэй архиа гаргаж уусан. Гэтэл Баатарцэнд нь найдвартай нь дээр өөрийн эвдэрсэн машины эд ангийг засварчинаар янзлуулна гээд нэг таньдаг засварчинаа дуудсан чинь хоёр залуу ирж машиныг нь засаж байсан. Тухайн үед бид гурав машинд мах идээд архиа уугаад сууж байтал Баатарцэнд Эрдэнэбат хоёр урьд нь болсон асуудлаа яриад маргалдаад байхаар нь би та хоёр битгий жижиг сажиг зүйлээс болоод маргалдаад бай” гээд би машины хойд талын орон дээр сууж байсан. Удалгүй Баатарцэнд “би засварчинаа харчаад ирье” гэж хэлээд машинаас буугаад явтал Эрдэнэбат нь “би унтлаа гээд хойд орон дээр гараад хэвтээд 30 гаруй минут болсоны дараа Баатарцэнд машинд орж ирээд Эрдэнэбатыг босготол Эрдэнэбат нь машины голд суухаар нь би зөрөөд орон дээр гараад утсаар тоглоод байж байтал Баатарцэнд нь “хэдүүлээ машинаа засуулж дуусгаад сум явъя” гэж ярьж байсан. Яг энэ үед би утсаараа тоглоом тоглоод сууж байгаад нэг хартал тэр хоёр хоорондоо зодолдох юм ярьж байгаад Баатарцэнд машинаас буугаад Эрдэнэбатын талаар ирээд “чи буугаад ир хоёулаа зодолдоё” гэхэд Эрдэнэбат нь “би мах идчээд гаръя” гэж хэлээд торон дотор байсан мах иддэг хутга аваад эргэж хартал Баатарцэнд нь машины буруу талын хаалганаас барьсан зогсож байгаад машин дотор байсан урт цул төмрийг авсан. Ингээд Эрдэнэбат баруун гараараа далайтал тэр хоёр зэрэг шахуу машинаас бууцгаасан. Улмаар би юу болсон талаар араас нь гараад хартал Эрдэнэбат газар доошоо хараад хэвтсэн, Баатарцэнд нь “намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь Баатарцэндийг хартал баруун талын цээжин тус газраа гараараа дарсан түүнээс нь цус гарсан харагдаж байсан. Тэгхээр нь би Эрдэнэбатын хөлний ороолт машины толин дээр байхаар нь аваад Баатарцэндийн цээжин дээр нь дарж “битгий хөдлөөрэй” гэж хэлээд байж байтал цаанаас нь хоёр засварчин ирээд “яаралтай авч явах хэрэгтэй” гэхээр нь тэр хэдийг засварчны унаж ирсэн машинд суулгаж явуулчихаад буцаж Эрдэнэбат дээр очсон. Эрдэнэбат нь доошоо харсан хэвтэж байхаар нь цээжнээс нь өргөөд суулгатал толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би Эрдэнэбатын өрөөсөн гутлыг тайлаад хөлийн ороолтоор нь цус гарч байсан газраар нь боож өгсөн. Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/

Шинжээчийн 116 дугаартай: “Б.Баатрцэндийн биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 31 дүгээр хуудас/

Шинжээчийн 117 дугаартай:“Б.Эрдэнэбатын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 37 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Эрдэнэбатын яллагдагчаар өгсөн: “...Баатарцэнд бид хоёр урьд болсон асуудлын талаар ярьж байгаад маргалдах шиг болсон. Тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй байгаа ба маш их согтолттой байсан. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн эмчилгээ хийлгэж байсан. Баатарцэнд бид хоёрын төрсөн дүү нар гэр бүл болсон ба бид хоёр худ ургийн харилцаатай, харин хэрэг гарах болсон шалтгаан нь бид хоёр хэтэрхий их архи ууж нэг нэгэндээ томрох гэж байгаад ийм зүйл болсон. Баатарцэнд бид хоёр бие биендээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг. /хх-н 50 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Баатарцэндийн яллагдагчаар өгсөн: ”Эрдэнэбат бид хоёрын төрсөн дүү нар гэр бүл болсон ба бид хоёр худ ургийн харилцаатай, бид хоёр архи ууснаас л болж энэ хэрэг гарах болсон. Тэрнээс бид хоёрт нэг нэгэндээ буруу санасан зүйл байхгүй. Бид хоёроос өөр хүн хэрэлдэж муудалцаагүй. Бид хоёр одоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болж эвлэрсэн.” Гэх мэдүүлэг /хх-н 52 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Баатарцэндийн хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 54/, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 3-р багийн 7 дугаар гудамжны 23 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 78/, хохирогч Б.Эрдэнэбаттай эвлэрсэн тухай баримт /хх-н 84/

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 79/, хохирогч Б.Баатарцэндтэй эвлэрсэн тухай баримт /хх-н 85/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Батаагийн Баатарцэнд, Батсуурийн Эрдэнэбат нар нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18.00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг нүүрс тээвэрлэлтийн засмал замын 10 дахь км-т байрлах авто зогсоол дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие биендээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Баатарцэнд, Б.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй, хоорондоо эвлэрсэн бөгөөд бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг хохирогчтой эвлэрсэн буюу гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, 140 см урттай лоомон төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жинчин овогт Батаагийн Баатарцэндийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Туслагч овогт Батсуурийн Эрдэнэбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батаагийн Баатарцэндийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар

Шүүгдэгч Батсуурийн Эрдэнэбатыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарцэндэд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд, тус бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр

Шүүгдэгч Б.Эрдэнбатад оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд, тус бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Баатарцэнд, Б.Эрдэнэбат нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Баатарцэнд, Б.Эрдэнэбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэн хэндээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, 140 см урттай 1 ширхэг лоомон төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Баатарцэнд, Б.Эрдэнэбат нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Баатарцэнд, Б.Эрдэнэбат нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Баатарцэнд, Б.Эрдэнэбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН