Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/687

 

 

 

 

    2021          07            21                                         2021/ДШМ/687                                                                                                                     

Х.Б-д холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор Т.Мөнх-Амгалан,

            цагаатгагдсан этгээд Х.Б-гийн өмгөөлөгч Д.Очирваань, Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/613 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Х.Б-д холбогдох 1806077831354 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ын Б, Хэнтий аймагт 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн Баянгол уурхайд хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай гэх, ам бүл 3; хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;

Х.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 79-180 тоот Д.Ч-гийн гэрт түр оршин сууж байхдаа 7,975,100 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитоор хянан үзэхэд шүүгдэгч Х.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 79-180 тоотод оршин суух Д.Ч-гийн гэрээс эд зүйл авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл шүүхээс Х.Б-гийн зарим үйлдэл бус, бүхэлдээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзээд хэргийг тусгаарлах улсын яллагчийн саналыг хүлээж авсангүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.  

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийг 3 жил шалгахдаа Х.Б-г үйлдсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол прокурор, мөрдөгч нар нотлох үүргээ биелүүлэх ёстой. Энэ үүргээ хангалттай биелүүлж чадаагүйгээс анхан шатны шүүх цагаатгасан шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Хэрэг гарах үед хохирогч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийгээгүй. Тухайн байр камертай байсан. Камерын бичлэгийг шалгаагүй. Зөвхөн Х.Б-г түлхүүр авч явсан гэх үндэслэлээр хулгай хийсэн гэж үзэх юм бол хэт өрөөсгөл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг дээр нэмэлт ажиллагаа хийх ямар ч шаардлага байхгүй, бүх ажиллагаа хийгдсэн. Хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх бүхий л нотлох баримтууд цугларсан. Х.Б-д түлхүүр байсан гэж ярьдаг. Хохирогч Ч- “гурван түлхүүр байсан” гэж мэдүүлсэн. Дараа нь “4 байсан” гэж мэдүүлдэг. Хохирогч Ч-гийн мэдүүлэг маш тогтворгүй байдаг. “Гинжийг Х.Б- авсан” гэж Энхбат, Ч- хоёр хэлдэг. Гэтэл Х.Б-г тэр гэрт ирэхээс өмнө гинж алга болсон байсан нь тогтоогдсоны улмаас энэ гэмт хэргийн жинхэнэ нөхцөл байдал тогтоогдох боломж гарч ирсэн. Гинжийг хэн авсан болох нь тогтоогдсон байхад Х.Б-г авсан гэж ярьдаг. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн” гэв. 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Х.Б-г 2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 79-180 тоот Д.Ч-гийн гэрт түр оршин сууж байхдаа 7,975,100 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Х.Б-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэл болсон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, хохирогч Д.Ч-гийн “... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сейфнээс 700,000 орчим төгрөг алга болсныг мэдээд бусад эд зүйлээ шалгахад 7,8 грамм алтан бөгж, сваровский шигтгээтэй бөгж байхгүй байсан. Маргааш нь нөхрийн зүүдэг монетан гинжийг шалгаж үзэхэд алга байсан. Тэр үед гэрт амьдарч байсан төрсөн эгчийн хүү Х-, түүний эхнэр Х.Б- нарт манай гэрээс эд зүйл алга болсон талаар хэлээд, цагдаад мэдэгдэлгүй өнгөрсөн. Үүнээс хойш эд зүйлээ шалгаагүй. 23-ны өдөр 999 сорьцтой 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг манан хөөрөг, 1 ширхэг алтан бөгж, 1 монетан бөгж алга болсон. Маргааш нь нөхөр гэртээ ирээд 6 ширхэг эмээлийн мөнгөн даруулга алга болсон талаар мэдсэн ...” /1-р хх 18/,

“... Би гинж, 2 бөгжөө байнга сольж зүүдэг байсан. Б-, Х- нарыг ирсний дараа ч мөн зүүж байсан. Эхлээд миний 2 бөгж, гинж байхгүй болсныг мэдээд нөхөртөө хэлээд нөхөр өөрийнхөө эд зүйлсийг шалгахад бүрэн байсан гэсэн. Харин дараа нь буюу нөхөр, дүү Х- нарыг хөдөө явснаас 2-3 хоногийн дараа өөрийн мөнгөн аягандаа цай уух гэтэл алга байсан. Тэгээд нөхрийн 2 хөөрөг, алтан бөгж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг, сейфэнд байсан эмээлийн тоноглол, бэлэн мөнгө зэрэг байхгүй болсныг мэдсэн... эд зүйлээ алга болсныг мэдсэн цаг хугацаанд нэг ч хүн гэрээр орж гараагүй учраас Б-г сэжиглэх үндэслэл болж байгаа юм. Х-н хувьд манай гэрт байх хугацаанд миний 2 ширхэг бөгж, 1 гинж байхгүй байгааг өөрт нь хэлж байсан. Харин нөхрийн эд зүйл алдагдах үеэр гэрт Б-гаас өөр гарч, орсон хүн байхгүй... /1-р хх 152-153/ гэсэн,

хохирогчийн нөхөр гэрч Д.Э- “... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий явахын өмнө гэртээ цагаан алтан бөгж, хар өнгийн шигтгээтэй алтан бөгж, нэг шургуулганд байдаг ясан халбагатай, алтан нуухтай, мөнгөн хажтай, даваа толгойтой их гарын навчит манан хөөрөг, халтар манан жижиг хөөрөг, Батноров хийцийн дунд гарын мөнгөн чимэгний дөрвөн даруулга, Дарьганга хийцийн их гарын мөнгөн чимэгний хоёр даруулга, Зоос гоёлын 5-н хэмжээтэй мөнгөн аяга, алтан гольцоо бөгж зэргийг шалгахад байсан... эхнэр Ч-гээс асуухад гэрийн түлхүүрийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б-д өгсөн. Гэрт өөр хүн ирээгүй гэж байсан” /1-р хх 26-27/,

“... Нийслэлийн цагдаагийн газраас гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйл хураагдсан дотор миний монетан гинж байсан. Уг гинжийг Австрали улсаас 2008 онд худалдаж авсан. 375 сорьцтой...” /1-р хх 28-30/,

 “... 23-ны өдөр эхнэр залгаад “Хөөрөг, гинж, бөгж, сейфэнд байсан долларууд, мөнгө зэрэг алга байна” гэж хэлсэн...” /1-р хх 32/ гэсэн,

гэрч Ж.Х-н “... Манай хүргэн ах Д.Э-ыг хөдөө явахаас өмнө бөгж алга болсон байна гэсэн. Уг бөгж нь олдоогүй. Би хөдөө яваад 3 хоноод ирэхэд хүргэн ах Д.Э-ын гэрээс мөнгөн аяга алга болсон гэж хэлсэн...” /1-р хх 34-35/ гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Д.Ч-гийн гэрээс эд зүйл алдагдсан үйл баримт тогтоогджээ. Гэвч дээрх мэдүүлгүүдэд дурьдагдсан бөгж, хөөрөг, эмээлийн мөнгөн чимэг болон бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгүүдийг шүүгдэгч Х.Б- авсан гэж үзэх нотлох баримт хэрэгт алга байна. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч Д.Ч-гийн гэрийн түлхүүрийг Х.Б- эзэмшиж, гэрт нь түр оршин сууж байсан нь энэ хэрэгт сэжиглэх үндэслэл мөн боловч хангалттай баримт, нотолгоо болж чадахгүй юм.  

Нөгөө талаар, гэрч Д.Э- цагдаагийн байгууллагаас таниулсан эд зүйлс дотор өөрийнх нь гинж байсныг таньсан гэж мэдүүлсэн бол уг хөрөнгө 2018 оны 02 дугаар сард буюу гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө бусдын эзэмшилд байсан гэдгийг гэрч Н.Түмэнжаргалын “... Би уг гинжийг 2018 оны 02 дугаар сард алт мөнгөний дарханы газартаа үл таних 30 насны эрэгтэй хүнээс 1 граммийг нь 50,000 төгрөгөөр бодож 750,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 375 сорьцтой, эрэгтэй хүний, нохойн гинж хэлбэр, хийцтэй, 45 см орчим урттай...” /1-р хх 49-51/ гэсэн мэдүүлэг баталж байна. Хэрэв гэрч Д.Э- хулгайд алдагдсан гинжээ таньсан гэж үзвэл уг гинж гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас өмнө бусдын эзэмшилд орсон байх тул шүүгдэгч Х.Б-гийн гэм бурууд шууд эргэлзээ төрүүлэх үндэслэл болно.

Өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/2272 дугаар шүүгчийн захирамжаар гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацаа, хэн үйлдсэн, хохирлын хэр хэмжээг тогтоох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан боловч дорвитой ажиллагаа хийгдээгүй байна.

  Яллах дүгнэлтэд тусгагдаж, прокуророос яллах үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хүрэлцэхгүй, хангалттай бус, улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүний гэм бурууд нөлөөлөхүйц үр дүн гарахгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаахыг хүссэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21ий өдрийн 2021/ШЦТ/613 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН