Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, жолооч, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сум 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******,

******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч ******* нь 2025 оны 02 дугаар дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн дөрвөлж” гэх газраас улсын дугааргүй Кросс загварын мотоциклийг ашиглан иргэн гэр гуяндаа нүдтэй загасан тамгатай сартай хүрэн морь, хээр гүүг хулгайлж хохирогч 2,102,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хоёр азарга авсан. Тэр адуу гэрийн урд байсан болохоор нь хөөж очоод хашаандаа хийсэн....гэв.

*******  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн: 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг "” гэх газар өвөлжиж байсан. Тус өдөр Кросс маркийн улаан өнгөтэй улсын дугааргүй тээврийн хэрэгслээр адуунд ганцаараа явж байхдаа тус багийн нутаг "Зүүн дөрвөлж” гэх газраас хээр үрээ, хүрэн халзан үрээ, хүрэн азарга, хээр гүү, сартай хүрэн зүсмийн ижил нүдтэй загасан тамгатай 5 тооны адуу явж байхаар нь гэрийнхээ гадаа хөөж ирээд ҳашаанд хашиж байгаад хээр гүү, сартай хүрэн морийг барьж үлдээд бусдыг нь хашаанаас гаргаад явуулсан. Тэгээд фейсбүүкээр аймгийн зарын групп дээр "Даага, сарвай авна” гэсэн зарын дагуу утсаар нь холбогдоод аваачиж өгөхөөр болоод аймгийн төвөөс хөлсний машин дуудаад аймгийн төв рүү ачсан. Уг хүнд хээр гүүг 900,000 төгрөгөөр, сартай хүрэн морийг “Баян тал" мах бэлтгэлийн газарт 1,100,000 төгрөгөөр худалсан. Миний унаж явсан Кросс маркийн улаан өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл гэх хүний эзэмшлийнх. Би адууг нь харж байхдаа унаж байсан...гэх мэдүүлэг /хэргийн  79-81 дугаар хуудас/,

 

хохирогч : 2025 оны 05 дугаар сарын 18-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд суманд орж ирээд хөдөө байдаг дүү утсаар ярьсан чинь "******* гэдэг хүн таны 2 адууг авсан гэж байна, нэг гүү нь амьд байгаа, унагалчихсан байгаа бөгөөд унагатай нь хамт авчирч өгнө гэж байна, нөгөө адууг нь зарчихсан гэж ярьж байна" гэж хэлсэн. Намайг ******* аймагт ирсний дараа манай дүү дахиж залгаад "Нөгөө ******* манай гүүг унагатай нь хамт аваад ирчихсэн байна, адуундаа нийлүүлчихлээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш 05 дугаар сарын 27-ны өдөр дүү Ганбаатар дахиж утсаар ярихдаа "******* нөгөө хүрэн зүсмийн морины оронд нь хээр, хүрэн халзан 2 гүү авч ирээд манай гэрийн гадаа уячихсан байна" гэж ярьж байсан. Ингээд ******* гэх хүн миний хээр гүүг унагатай нь хамт авч ирсэн, алдсан хүрэн зүсмийн морины оронд унагатай хээр гүү, унагатай хүрэн халзан гүү тус тус авч ирж өгсөн. Надтай 05 дугаар сарын 19-өөс 05 дугаар сарын 20-ны орчимд надтай утсаар яриад "Ахаа би хүрэн морины чинь оронд 2 унагатай гүү өгч болох уу, болно гэвэл би авч ирээд тавьчихъя гэж ярьж байсан. Тэр үедээ надаас уучлалт гуйгаад оронд нь гүү өгье гэж ярьсан. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй, миний зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би өөрийн алдсан хээр гүүгээ унагатай нь хамт хүлээж авсан. Нөгөө хүрэн мориныхоо оронд 2 тооны унагатай гүү авсан учраас надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

гэрч : Би энэ оны 02 дугаар сарын 20-ны орчимд фейсбүүк дээр "Даага, сарваа худалдаж авна" гэх зар байрлуулсан тэгсэн чинь дугаарын утаснаас хүн залгаад "2 даага өгье, аймгийн төв рүү аваад очъё" гэж ярьсан. Тэгээд надтай утсаар ярьсан хүн 2 даагаа аймгийн төв дээр Хайлаастын 26-24 тоотод байх хашаанд ачиж ирээд надад зарсан. Тэр үедээ "Хээр зүсмийн зөв талын гуя хэсэгтээ нүдтэй загасан тамгатай" гүүг хамт ачаад ирчихсэн байсан бөгөөд намайг тэр гүүг авчих гээд гуйгаад байхаар нь би тэр 2 дааганых нь хамтаар мөнгөөр нь худалдаад авчихсан юм. Тухайн үедээ би тэр хээр зүсмийн гүүг 900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би худалдаж авснаасаа хойш аймгийн төв дээр тэжээж байгаад 05 дугаар сарын эхээр хөдөө адуундаа тавьсан. Тэгсэн чинь саяхан 05 дугаар сарын 14-өөс 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нөгөө хүн буцаж над руу утсаар залгаад "Нөгөө хээр гүүгээ авъя" гээд байхаар нь би тэр хээр гүүг буцаагаад өгөөд явуулсан. Одоо яг хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна. Би гүү худалдаж авсан мөнгийг ******* гэх эзэмшигчтэй Хаан банкны тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 940.000 төгрөг шилжүүлж байсан. Тиймээ би гүүг нь өгөхдөө өөрийнхөө шилжүүлсэн 940.000 төгрөгийг эхнэрийнхээ данс руу шилжүүлж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

гэрч ын өгсөн “...Өнгөрсөн 2 дугаар сард манай ах 5 тооны адуу манай хуучин нутаглаж байсан "5 хонхор” гэх газарт оччихоод тэндээ бэлчээрлэдэг байсан юм. Тэр газарт нь манай хамаатны залуу ойрхон нутагладаг учраас би тэр залууг манай адууг харж байгаарай гэж хэлээд захиад үлдээчихсэн байсан юм. Тэгсэн чинь манай нөгөө дүү 02 дугаар сарын 20-ны орчимд аймгийн төв рүү яваад 2 хоночхоод ирсэн чинь "Сартай хүрэн морь, хээр зүсмийн гүү" зэрэг 2 тооны адуу нь байхгүй болсон талаар надад утсаар хэлсэн. Тэгээд би очоод нөгөө 2 адуугаа байж болох газраар нь хайгаад огт олохгүй байсан тул ах хэлээд манай ах цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тэрнээс хойш 2 адуугаа хайж байгаад цагдаад мэдэгдсэн болохоор шийдэгдэх байх гээд сүүлдээ хайхаа больчихсон байсан юм. Тэгсэн чинь өнгөрсөн 5 дугаар сард манайхтай ойрхон нутагладаг ******* гэх залуу манайд хүрч ирээд "Ахаа би танай 2 адууг авчихсан юм. Хээр гүү нь амьд байгаа, хүрэн морийг нь бойнд оруулаад зарчихсан, одоо хүрэн гүүг нь амьдаар нь өгөөд хүрэн мориных нь оронд 2 тооны унагатай гүү өгье" гэж ярьсан. Тэгэхээр нь би ах луу залгаад *******гийн ярьсан зүйлийг дамжуулж хэлэхэд ах зөвшөөрөөд хүрэн мориныхоо оронд 2 тооны унагатай гүү авахаар болсон. ******* манайд ирээд явсныхаа дараа 2 хоногийн дараа манай хээр гүүг амьдаар нь авч ирж өгсөн, тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа хүрэн морины оронд "Хүрэн халзан гүү, хүрэн халзан унагатай, Хээр зүсмийн гүү хээр унага"-ны хамтаар авч ирж манайд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

“Болор Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2502053 дугаартай “...1. 2025 оны 02 дугаар сарын байдлаар нас гүйцсэн үрээний зах зээлийн үнэ цэнийг 1,080,000 төгрөг, 2. Нас гүйцсэн гүүний зах зээлийн үнэ цэнийг 1,022,000 төгрөг, 3. Нийт 2 тооны адууны үнэ цэнийг 2,102,000 төгрөг гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-42-р хуудас/,

 

“Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн СБА-36 дугаартай “... Кросс мотоцикл 2,200,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-59-р хуудас/,

 

*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 84-р хуудас/,

 

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хэргийн 86-90-р хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг  болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* 2025 оны 02 дугаар дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн дөрвөлж” гэх газраас улсын дугааргүй Кросс загварын мотоциклийг ашиглан иргэн гэр гуяндаа нүдтэй загасан тамгатай сартай хүрэн морь, хээр гүүг буюу олон тооны адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 2,102,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “ 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Кросс маркийн улсын дугааргүй мотоциклоор адуунд явж байхад “Зүүн дөрвөлж” гэх газарт хээр үрээ, хүрэн халзан үрээ, хүрэн азарга, хээр гүү, сартай хүрэн зүсмийн ижил нүдтэй загасан тамгатай 5 тооны адуу явж байхаар нь гэрийнхээ гадаа хөөж ирээд ҳхашиж байгаад хээр гүү, сартай хүрэн морийг барьж үлдээд бусдыг нь хашаанаас гаргаад явуулсан. Аймгийн фейсбүүк зарын групп дээр "Даага, сарваа авна” гэсэн зар байхаар утсаар нь холбогдоод аваачиж өгөхөөр болсон. Уг хүнд хээр гүүг 900,000 төгрөгөөр, сартай хүрэн морийг “Баян тал" мах бэлтгэлийн газар 1,100,000 төгрөгөөр худалсан. Миний унаж явсан Кросс маркийн улаан өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл гэх хүний эзэмшлийнх. Би адууг нь харж байхдаа унаж байсан” гэх,

 

хохирогч “ 2025 оны 05 дугаар сарын 18-ны орой хөдөө байдаг дүү утсаар ярихад "******* гэдэг хүн таны 2 адууг авсан гэж байна, нэг гүү нь амьд байгаа, унагалчихсан, унагатай нь хамт авчирч өгнө, нөгөө адууг нь зарчихсан гэж ярьж байна" гэж хэлсэн. Намайг ******* аймагт ирсний дараа дүү залгаад "Нөгөө ******* манай гүүг унагатай нь хамт аваад ирчихсэн байна, адуундаа нийлүүлчихлээ” гэсэн. 05 дугаар сарын 27-ны өдөр дүү Ганбаатар дахиж ярихдаа "******* нөгөө хүрэн зүсмийн морины оронд нь хээр, хүрэн халзан 2 гүү авч ирээд гэрийн гадаа уячихсан байна" гэж ярьсан. Надтай 05 дугаар сарын 19-өөс 05 дугаар сарын 20-ны орчимд надтай утсаар яриад "Ахаа би хүрэн морины чинь оронд 2 унагатай гүү өгч болох уу, болно гэвэл би авч ирээд тавьчихъя гэж ярьж байсан. Тэр үедээ надаас уучлалт гуйгаад оронд нь гүү өгье гэж ярьсан” гэх,

 

гэрч “ Би 02 дугаар сарын 20-ны орчимд фейсбүүк дээр "Даага, сарваа худалдаж авна" гэх зар байрлуулсан чинь дугаарын утаснаас хүн залгаад "2 даага өгье, аймгийн төв рүү аваад очъё" гэж ярьсан. Уг хүн 2 даагаа аймгийн төв дээр Хайлаастын 26-24 тоотод байх хашаанд ачиж ирээд надад зарсан. Тэр үедээ хамт ачаад ирсэн "Хээр зүсмийн зөв талын гуя хэсэгтээ нүдтэй загасан тамгатай" гүүг авчих гээд гуйгаад байхаар нь би тэр 2 дааганых нь хамтаар мөнгөөр нь худалдаад авчихсан юм. Хээр зүсмийн гүүг 900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Саяхан 05 дугаар сарын 14- 20-ны хооронд нөгөө хүн буцаж над руу залгаад "Нөгөө хээр гүүгээ авъя" гээд байхаар нь би тэр хээр гүүг буцаагаад өгөөд явуулсан. Би гүү худалдаж авсан мөнгийг ******* гэх эзэмшигчтэй Хаан банкны тоот данс руу 940.000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх,

 

гэрч ын “ Өнгөрсөн 2 дугаар сард манай ах 5 адуу хуучин нутаглаж байсан "5 хонхор” гэх газарт очсон байсан. Манай хамаатны залуу ойрхон нутагладаг учраас би тэр залууг адууг харж байгаарай гэж захисан юм. Манай нөгөө дүү 02 дугаар сарын 20-ны орчимд аймгийн төв рүү яваад 2 хоночхоод ирсэн чинь "Сартай хүрэн морь, хээр зүсмийн гүү" зэрэг 2 тооны адуу нь алга болсон талаар надад хэлсэн. Би очоод байж болох газраар нь хайгаад огт олохгүй байсан тул ах хэлээд ах цагдаагийн байгууллагад хандсан. Өнгөрсөн 5 дугаар сард манайхтай ойрхон нутагладаг ******* гэх залуу манайд ирээд "Ахаа би танай 2 адууг авчихсан юм. Хээр гүү нь амьд байгаа, хүрэн морийг нь бойнд оруулаад зарчихсан, одоо хүрэн гүүг нь амьдаар нь өгөөд хүрэн мориных нь оронд 2 тооны унагатай гүү өгье" гэж ярьсан. Би ах луу залгаад *******гийн ярьсан зүйлийг дамжуулж хэлэхэд ах зөвшөөрөөд хүрэн мориныхоо оронд 2 тооны унагатай гүү авахаар болсон. ******* 2 хоногийн дараа манай хээр гүүг амьдаар нь, тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа хүрэн морины оронд "Хүрэн халзан гүү, хүрэн халзан унагатай, Хээр зүсмийн гүү хээр унага"-ны хамтаар авчирч өгсөн”  гэх мэдүүлгүүд,

 

“Болор Үнэлгээ” ХХК-ийн 2502053 дугаартай “1. 2025 оны 02 дугаар сарын байдлаар нас гүйцсэн үрээний зах зээлийн үнэ 1,080,000 төгрөг, 2. Нас гүйцсэн гүүний зах зээлийн үнэ 1,022,000 төгрөг, 3. Нийт 2 тооны адууны үнэ 2,102,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт,

 

“Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн СБА-36 дугаартай “Кросс мотоцикл 2,200,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

 

*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

*******гийн Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Улсын яллагчаас “ Шүүгдэгч *******г улсын дугааргүй, Кросс загварын мотоциклийг ашиглан, иргэн 2 тооны буюу олон тооны адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,102,000 төгрөгийн хохирол учируулан олон тооны малыг, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн

2.1,2.4-т заасан гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр үйлдсэн нь хэргийн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт  гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаан байхгүй. ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирлыг бүрэн төлсөн” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

3. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг.  

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, 5 хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******гийн, хохирогч 2 тооны адууг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

 

5. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туун өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч *******гийн хувьд тухайн цаг хугацаанд унаж явсан мотоциклийг ашиглан адууг бэлчээрээс хөөн, гэрийнхээ гадаа авчрах  зэргээр уг тээврийн хэрэгслийг ашигласан буюу олон тооны адууг тээврийн хэрэгсэлгүйгээр бэлчээрээс хөөж туун авчрахх боломжгүй байсан буюу уг тээврийн хэрэгсэл  зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байжээ.

 

 “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.

 

6. Шүүгдэгч *******  нь бусдын олон тооны малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Шүүгдэгч *******г дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа зарж борлуулан ашиг олох шунахайн сэдэлтээр бусдын олон тооны адууг хулгайлж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн түүний адууг хулгайлсан гэмт үйлуг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Улсын яллагчаас “Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. ******* нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох улаан өнгийн улсын дугааргүй Кросс мотоцикл буюу тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2,200,000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын орлого оруулах” дүгнэлтийг,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлыг биет байдлаар төлж хохирлыг барагдуулсан. Шүүгдэгч нь анх удаа энэ гэмт хэрэгт холбогдсон. Ам бүл дөрвүүл, 2 болон 5 насны хоёр хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. Мотоциклын үнэлгээ 2,200,000 төгрөгийг төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

 

 Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч 2,102,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь Болор Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2502053 дугаартай “1. 2025 оны 02 дугаар сарын байдлаар нас гүйцсэн үрээний зах зээлийн үнэ 1,080,000 төгрөг, 2. Нас гүйцсэн гүүний зах зээлийн үнэ 1,022,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон бөгөөд  энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч учруулсан 2,102,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид хээр гүүг биетээр, хүрэн морины оронд унагатай 2 гүү өгч хохирлыг бүрэн нөхөн төлжээ.

 

Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******гийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй  Кросс загварын улаан өнгийн мотоцикл нь иргэн ийн эзэмшлийнх болох нь шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр /хэргийн 79-81дүгээр хуудас/ тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг *******гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх тул шүүгдэгч *******гаас уг мотоциклын үнэ 2,200,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо. 

 

“Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн СБА-36 дугаартай “ Кросс мотоцикл 2,200,000 төгрөг”-өөр үнэлжээ.

 

2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.  

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 09 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Кросс загварын улаан өнгийн мотоциклын үнэ 2,200,000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч ******* нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн буюу шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН