| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/04359/И |
| Дугаар | 102/шш2023/00072 |
| Огноо | 2022-12-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 102/шш2023/00072
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 5Б байр, М ХХК /РД:20298***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, Ч гудамж, 2*/2 тоот, 0 давхарт байрлах, Б цэцэрлэг БСБ /РД:819****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 29,999,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай М ХХК нь Б цэцэрлэгтэй гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0-р хороо, 0 дугаар хороолол, Д гудамж, 5б тоот хаягт байршилтай 485,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлсэн. Б цэцэрлэг нь 2019 онд түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй. Урьд нь 2017, 2018 онуудын төлбөрийг шүүхийн журмаар шийдвэрлүүлсэн. 2019 оны түрээсийн төлбөрт нийт 45,407,675 төгрөгийг төлөх ёстойгоос манай компани ашиглалтын зардал хасах зэргээр хөнгөлөлт үзүүлж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 сарын 31-ний өдрийн түрээсийн төлбөрт 29,999,140 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, Тооцоо нийлсэн акт /хх-4-5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2022/09813 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-6/, Илтгэх хуудас /хх-7/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-8/, Түрээсийн гэрээ /хх-10-12/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-14,20/, Түрээсийн гэрээ /хх-36-38/,МХХК-ийн албан бичиг /хх-39/, Тооцоо нийлсэн акт /хх-40-46/, МХХК-ийн дүрэм /хх-47-53/, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-61/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч нь хэрэгт нотлох баримт гарган өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б цэцэрлэг БСБ-д холбогдуулан түрээсийн төлбөрт 29,999,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн боловч 2019 оны түрээсийн төлбөрт 45,407,675 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Уг төлбөрөөс манай компани ашиглалтын зардал хасах зэргээр хөнгөлөлт үзүүлж, 29,999,140 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүйгээс гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
4. Хэрэгт авагдсан талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ гэх баримт, тооцоо нийлсэн акт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч М ХХК нь Бдүүргийн 0-р хороо, 0 дугаар хороолол, Д гудамж, 5б тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн байна.
4.2.Талууд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ-г байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч тал нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттайгаар 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна.
4.3 Талууд дээрх түрээсийн гэрээний төлбөрийн талаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж акт үйлдсэн байх бөгөөд уг актаар хариуцагч нь түрээсийн төлбөрт 29,999,140 төгрөгийг М ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ.
5. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэж байсан байх бөгөөд түрээсийн төлбөрт 29,999,140 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээж, уг төлбөрөөс хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбар, нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
6.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.
Талууд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулан, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаас гадна тус гэрээ хэрэгжээд дуусгавар болсон байх боловч талууд энэхүү түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч талаас түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.
7.Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.
Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч хариуцагч тал нь уг үл хөдлөх хөрөнгийг ашиглан цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрт нийт 29,999,140 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байх тул хариуцагч Б цэцэрлэг БСБ-ыг 29,999,140 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б цэцэрлэг БСБ-аас 29,999,140 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б цэцэрлэг БСБ-аас 29,999,140 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б цэцэрлэг БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,946 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА