Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/04492

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 27 101/ШШ2022/04492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 000  дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Л-ийн Э /РД:000/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 00 дүүрэг,00 дугаар хороо, Төгөл хус хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт С.Б /РД:0000/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 11,662,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 000 дүгээр сарын 000ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Э,

Хариуцагч С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бү /Ү№2220/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Л.Э миний бие С.Бтой 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайт-д байрлах 8.4x10x4.6 хэмжээтэй 1.5 давхар нийт 164 м.кв зуслангийн байшинг 2021 оны 8 дугаар 22-нд дуусгаж өгөхөөр 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан.

Ажлын явцад захиалагч С.Б нь бороотой үед ажиллахгүй байна, хүнээ амраасан гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцалсан.

Гэрээ цуцлах үед миний бие хийсэн ажпын хөлсөө шаардтал хэд хоногоос бодоод өгье гэсэн. Ингээд 14 хоногийн дараа ажиллаж байсан хүмүүс маань надаас цалингаа авъя гээд нэхээд байхаар нь С.Бтой ярьтал чи миний байшингийн шалны ОСП хавтанг норгож намайг хохироосон учираас би чамд мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Тухайн үед би ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т зааснаар уур ус тусгаарлагч плёнк тавих ёстой гэж С.Бод хэлж байсан боловч тэрийг хийгээд хэрэггүй гээд хийлгээгүй тул би ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг нэхэмжилж байна.

С.Быг гэрээгээ цуцалсны маргааш өдөр шатаа авах гээд байшин дээр очиход борооны ус шалан дээр нь туначихсан байхаар нь усыг нь шавхаач гэж хэлэхэд Чамд хамаагүй гэсэн. Тэрээр 4 ширхэг гялгар уутаа авч өгсөн гэх боловч тэр нь цоорхой байсан. Байшингийн шувуу нуруу хийхээс өмнө хчинээн хэмжээний ус цоорхой хөндийгөөр орж байсныг мэдэхгүй, бид ажиллаж байхдаа шалан дээр тунасан усыг байнга шавхаж байсан.Барилгын ажилд эдний талаас талбайн инженер, хүүхдүүд нь харж хяналт тавьж байсан. Тэгээд ч тухайн үеийн хур тунадасны мэдээлэлийг Цаг уур, орчны шинжилгээний газраас авч хэрэгт өгсөн.

Үүнд: Дээврийн ажил: 8.9x10x1.35 хэмжээтэй дээврийн шувуун нурууны 80%- ийг хийж гүйцэтгэсэн тул 3,200,000 төгрөг, Гадна засвар: террасны 9.9x3.2 хэмжээтэй дээврийн шувуун нуруу болон тулгуур 3 ширхэг төмөр багана гагнаж хийсэн 30% буюу 1,200,000 төгрөг, мөн нэмэлт ажил 8.4x10 хэмжээтэй гадсан суурийн 3 талыг тэгшилж эвээс хийн ар талруугаа 17 см болсон зөрүү зуйванг янзлан гагнуулж, тэгшилгээ хийсний ажпын хөлс нь 1,000,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг болж байгаа юм.

Миний бие өөрийн хийсэн ажлыг гэрэл зургаар баталгаажуулаад хэрэгт өгсөн.

Иймд С.Боос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь нэхэмжлэгч Л.Этай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын зусланд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр 8.4x10x4.6 мкв хэмжээтэй, /дотор/ 5 давхар зуслангийн буюу Канад байшинг, 3.8x12х2.7 м хэмжээтэй угаалгын өрөө, болон грашийн хамт нийт 164 мкв талбайтай байшинг нэг сарын дотор барьж түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгүүлэхээр 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр №21/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Ингээд материалаа 2021.07.23-ны өдрөөс татаад ажил эхэлсэн. Түүний хүссэн бүх материалыг авч өгсөн.

Л.Э болон түүний ажилчдын ажлын гүйцэтгэл, зохион байгуулалт муу, барилгын ажлын явц удаан гэрээгээр тохирсон хугацаанд байшинг барьж дуусгаж чадахгүй нь тодорхой байсан, мөн шалны ОСП хавтанг норгож ашиглах боломжгүй болгон хохирол учруулсан зэргээс шалтгаалан түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д заасны дагуу цуцалсан.

Бидний хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсгээр ажлын хөлсний дүн, 3.2 дахь хэсгээр хийгдэх ажлын нэр, уг хийгдсэн ажилд төлөх төлбөрийн график, 4 дэх заалтаар хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, багцын ажилд багтах ажлын төрлүүд зэргийг тодорхой зааж харилцан тохиролцсон. Мөн хийж гүйцэтгэсэн ажлын үе шатаар хөлсийг төлөхөөр тохиролцсоны дагуу Үндсэн хийцийн ажлын хөлс 4,000,000 төгрөгийг 2 хувааж буюу 2021.08.03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2021.08.12-ны өдөр 3,500,000 төгрөгийг Д.Энхтайваны Хаан банкны 5028375508 тоот дансанд шилжүүлж төлсөн.

Гэрээг цуцлах хүртэл нэхэмжлэгч тал дараахи ажлуудыг хийсэн. Үүнд:

Гэрээний 4.1-д үндсэн хийцийн ажилд ямар ажлуудыг багтах талаар тодорхой заасан ба Д.Э үндсэн хийцийн ажлын 50 хувийг буюу барилгын 4 ханыг босгож, гадна ОСП, шалны суурь болон давхар ОСП-ний ажлуудыг хийж давхар хоорондын шал, хана, дотор ОСП-ны ажлууд огт хийгдээгүй.

Үндсэн хийцийн ажилд багтсан шалыг хамгийн сүүлд хийх ёстой байсныг эхэлж хийснээр бороо орох үед шалны ОСП хавтангуудын завсраар ус орж норгон, норсон хавтангууд хөөж задарч улмаар хавтангийн дор шахсан хөөс ч чийг цохиж норсоноор ан цав гарч дулаан хадгалах, цаашид шалыг ашиглах боломжгүй болгон хохирол учруулсан. Иймд үндсэн хийцийн ажилд илүү төлсөн 2,000,000 төгрөгийг дээврийн болон нэмэлт ажлын хөлсөнд тооцно.

Д.Э нь нэхэмжлэлдээ 8.9х10х1.35 хэмжээтэй дээврийн шувуу нурууны ажлын 80 хувийг хийсэн ажлын хөлс 3,200,000 төгрөг, террассын дээврийн шувуу нуруу болон тулгуур 3 ширхэг багана гагнаж хийсэн 30 хувийг хийсэн ажлын хөлс 1,200,000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь террассын дээврийн шувуу нуруу болон тулгуур 3 ширхэг багана зэргүүд нь дээврийн ажилд багтаж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал дээврийн ажлаас зөвхөн дээврийн рамыг зангидаж, чардакны банзыг болон А нурууны рамны суурийг тавих зэрэг ажлуудыг хийсэн бөгөөд уг ажлуудын зарим нь доголдолтой.

Тухайлбал: А нурууны хэмжээг буруу тооцож, хазгай хийснийг сүүлд ажилласан П.Болдбаатарын ажилчдаар чиг тавиулан бэхэлгээ, боолтуудыг хийлгэсэн, байшингийн үндсэн тулгуур баганыг 7 см далий суулгасаныг засуулах зэрэг ажлыг хийлгэсэн юм.

Нэхэмжлэгчийн хийсэн дээврийн ажил, нийт дээврийн ажлын 30 хувь тул үндсэн хийцийн хийгдээгүй ажилд илүү төлсөн 2,000,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг дээрхи 30 хувийн ажлын хөлсөнд тооцно. Иймд дээврийн ажпын хөлснөөс төлөх төлбөр байхгүй. Бид нэмэлт ажил түүний хөлсний талаар гэрээгээр тохироогүй ба газрын байршлаас шалтгаалан байшингийн суурийн 3 талыг тэгшилж эвээс тэгшилгээ зэрэг нэмэлт ажлыг Л.Э аар хийлгэсэн. Уг ажлын хөлсийг үндсэн хийцийн хийгдээгүй ажилд илүү төлсөн 800,000 төгрөгийг хөлсөнд суутгаж тооцно. Иймээс хариуцагчийн зүгээс Л.Эы хийсэн ажлуудад тохирох ажлын хөлсийг төлсөн юм.

Л.Э ы хийж гүйцэтгэсэн гээд хөлс нэхэмжилсэн ажлуудыг болон дутуу хийсэн ажлуудыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн П.Б-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан хийлгэсэн бөгөөд энэ гэрээгээр нэхэмжлэгч бидний хоорондын маргаантай хийсэн, хийгээгүй ажлын нэр, тоо хэмжээ нотлогдох болно.

Талбайн инженер байлгасан байтал Л.Э бүгдийг түүний эсрэг хийсэн. Үргэлж буруу хэмжээ авдаг, ажилчид нь хэд хоног ажиллаж байгаад ажлаа орхиж яваад 2-3 хоног ажилладаггүй, өөрөө араас нь явж хөөцөлдөж байж ажилчдаа олж ирдэг байсан. Шинэ гялгар уут авчирч өгөөд А нуруу дээгүүрээ хучаарай гэхэд шалан дээр хаячихсан байснаас болоод ус шалан дээр туначихсан байсан.

Л.Э нь 2021.08.24-нд өөрөө ажлаа орхиод яваад өгсөн, мөнгөө авна гэж утсаар залгасан, тэгээд 25-нд уулзсан байх, тэгэхэд нь шал өмхийрсөн байна гэдгийг хэлэхэд шүүхээр явна гэхээр буцаад ир гэтэл ирээгүй. Дай мод өмхийрснөөс болоод бүтэн шал солихоор болсон.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Л.Эы нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.Батхүүгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие, Сүхбаатар дүүргийн 00дугаар хороо, 000 зусланд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр 00м хэмжээтэй, /дотор/ 000 давхар зуслангийн буюу Канад хаус-ийг 000 м хэмжээтэй угаалгын өрөө, болон грашийн хамт нийт 00 мкв талбайтай байшинг нэг сарын дотор барьж түлхүүр гардан өгөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгүүлэхээр 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр №21/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хариуцагч Л.Этай байгуулсан.

Л.Э нь хамгийн сүүлд шалыг хийх байтал хамгийн түрүүнд хийснээс бүх асуудал үүссэн. Ингээд барилгын 4 ханыг босгож, дээврийн шувуу нурууг болон шалны суурийг хийгээд Д.Энхтайван шалны хөөсөө шахуулъя гэхэд нь шалны хөөс шахдаг компаниар хөөсийг шахуулж, хөөсний дээр ОСП хавтанг тавьж бэхэлгээ хийгдээгүй байсан үед бороо ороход байшинг бүхэлд нь борооноос хамгаалах хучлагаар хучихгүй зөвхөн шалыг хучсанаас борооны ус ОСП хавтангуудын завсраар орж норгон, норсон хавтангууд хөөж задарч улмаар хавтангийн дор шахсан хөөс чийг цохиж норсоноор ан цав гарч дулаан хадгалах, цаашид шалыг ашиглах боломжгүй болгосон.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4-д ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж шалны материалууд, шалыг дахин хийлгэхэд төлөх ажлын хөлс зэргээр хохироосон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хамгийн сүүлд хийгдэх байсан шалны ажлыг эхэлж хийгээд бороо орох үед байшинг бүхэлд нь борооноос хамгаалуулахаар егсөн гялгар хучлагаар зөвхөн шал хэсгийг хучсан нь хохирол үүсгэсэн юм.

Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар норгосоны улмаас ашиглах боломжгүй болсон шалны хөөсний үнэ 5,610,000 төгрөг, ОСП хавтангийн үнэ 4,552,000 төгрөг, ашиглах боломжгүй болсон шал болон хөөсийг хуулах, ховлох, тээвэрлэх, дахин хийлгэхэд төлөх ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 11,662,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь манай нэхэмжлэлийн үнээс илүү гарсан байсан.

Иймд Д.Э-с хохиролд 11,662,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Л.Э нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Канад байшинг технологийн дагуу барьж гүйцэтгэсэн. Технологийн дагуу уур ус тусгаарлагч тавих ёстой гэсэн шаардлагыг нэхэмжлэгч С.Б хэлсэн боловч хийлгэх хэрэггүй гэсэн татгалзсан хариулт өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т заасны дагуу бороо уснаас хамгаалах хуучин 2 ширхэг цагаан, 2 ширхэг хар гялгар цаас урагдаж цоорсон байсныг сольж өгөхийг удаа дараалан шаардаж байсан. Мөн бид бороо орсны дараа усыг байнга шахаж цэвэрлэдэг байсан.

Ажил гүйцэтгэх гэрээний 8.1-т зааснаар давагдашгүй хүчин зүйл. /Тухайлбал үер, байгалийн бусад аюулт үзэгдэл гэх мэт / гэсэн заалтын дагуу торгуулиас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан.

Мөн 5.2-т гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заачихсан байхад гомдол гаргаагүй. 5-ын банз тийм амархан өмхийрдөг зүйл биш, гэтэл 1 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулчихаад түүгээр өмхийрсөн гэдэг нь тогтоогдоно гэдгийг зөвшөөрөхгүй. Энэ хохирол нь захиалагчийн өөрийнх нь буруу, түүнээс биш надаас шалтгаалсан зүйл байхгүй. Мөн гэрээнд байшинг хадгалж хамгаална гэсэн заалт байхгүй болно.

Иймд иргэн С.Бын нэхэмжилсэн 11,662,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.Эы иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, 8,9х10х1,35 хэмжээтэй дээврийн шувуу нурууны хийж гүйцэтгэсэн ажлын зураг гэх тайлбартай гэрэл зураг, Террасны 9,9х3,2 хэмжээтэй дээврийн шувуу нуруу болон тулгуур 3 ширхэг баганын зураг гэх тайлбартай гэрэл зураг, 8,4х10 хэмжээтэй гадсан суурийн 3 талыг тэгшилж ивээс хийн гагнасан байдлын нэг хэсэг гэх тайлбартай гэрэл зураг, С.Б шалыг хийх явцыг өөрөө харж байсан гэх тайлбартай гэрэл зураг, намайг өөрийн шатыг авах гээд очих үед тэд өөрсдөө шалны борооны усыг цэвэрлээгүй байх үеийн гэрэл зураг, Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурын шинжилгээний Улаанбаатар өртөөний хур тунадасны мэдээлэл бүхий албан бичиг /хх-ийн 2-8, 45, 79-80 / зэрэг баримтыг,

Хариуцагчаас: С.Боос 2021.08.12-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2021.08.03-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус Л.Эд шилжүүлсэн гэх ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, Д.Э-ны хийсэн ажил гадна талаас гэх тайлбартай гэрэл зураг, үндсэн хийцийн ажлаас хийгдээгүй ажлууд гэх тайлбартай гэрэл зураг, дээврийн ажлаас хийгдээгүй гэх тайлбартай гэрэл зургууд, Л.Эы дараагийн ажил гүйцэтгүүлэгч П.Б-ын хийсэн ажлууд гэх тайлбартай гэрэл зургууд, шалны одоо байгаа байдал гэх тайлбартай гэрэл зураг, 2022.05.03-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Боос 2021.07.25-ны өдөр 5,610,000 төгрөгийг Б.Зохь, 2021.07.21-ний өдөр 4,552,000 төгрөгийг Ү.Баярмагнайд тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, С.Б болон П.Б- нарын хооронд 2021.08.24-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, норгож өмхийрсөн шалны хавтанг хуулж байгаа байдал гэх тайлбартай гэрэл зураг, дахин ашиглах боломжгүй хуулсан ОСП хавтан гэх тайлбартай гэрэл зураг, норгож муудсан хавтанг хуулах үед гэсэн тайлбартай гэрэл зураг, өмхийрч муудсан гэх тайлбартай гэрэл зураг, Л.Эы буруутай үйлдэлээс болж норгосон шал, давхарлан хадсан ОСП хавтанг н.Болдбаатар ажилчдын хамт хуулж байгаа үеийн фото зураг гэх тайлбартай гэрэл зураг, норгож өмхийрсөн шалыг тенээр халааж байх үеийн зураг гэх тайлбартай гэрэл зураг, хатуу хөөс норсоны улмаас улмаас ан цав гарсан байдал гэх тайлбартай гэрэл зураг, А нурууны хэмжээг буруу тооцсоноос хазгай хийснийг дараагийн ажил гүйцэтгэгчээр чиг тавиулан бэхэлгээ багажнуудыг дахин шинэчлэн хийх үеийн зураг гэх тайлбартай гэрэл зураг, С.Боос 2021.08.24-ний өдөр 6,000,000 төгрөгийг, 2021.09.03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2021.09.26-ны өдөр 2,900,000 төгрөгийг тус тус П.Б-т шилжүүлсэн, хэрэгт авагдсан гэрэл зургийг буулгасан сиди /хх-ийн 17-39, 48-49 / зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс: зохигчийн хүсэлтээр Мөнх Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /57-69/ баримтыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч С.Бод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 11,662,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

1.    Үндсэн нэхэмжлэлийн тухайд :

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтад байрлах, 8,4х10х4,6 м хэмжээтэй /дотор/ 1,5 давхар зуслангийн байшин ба 3,8х12х2,7 м хэмжээтэй /дотор/ угаалгын өрөө болон грашийн хамт барих ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 1 мкв-ын үнэ 150,000 төгрөг, нийт 150 мкв-аар тооцож, нийт 22,500,000 төгрөг төлөх, ажлын гүйцэтгэлийг графикаар төлөх, ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 202оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тус тус тохиролцжээ. /хх-ийн 4-6/

Гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, зохигч үүнтэй маргаагүй.

Хариуцагч нь гэрээний үүрэгт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. /хх-ийн 17-18/

  Нэхэмжлэгч нь 8,9x10x1,35 хэмжээтэй дээврийн шувуу нурууны 80%, террасны 9,9x3,2 хэмжээтэй дээврийн шувуу нуруу болон тулгуур 3 ширхэг төмөр баганыг гагнах ажлын 30%, нэмэлт ажлын хөлс зэрэг 5,400,000 төгрөгийг хийж гүйцэтгэсэн гэж шаардсан, хариуцагч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг, гэрээгээр тохирсон хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгээгүй, ажлын доголдолтой холбоотой гэрээг цуцалсан гэж маргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т :Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т:Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол уг ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ийнхүү хийж гүйцэтгэсэн бол үүнийгээ нотлох нь ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчид байна.

Нэхэмжлэгч нь хэргийн 7-8 талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Энэхүү гэрэл зургийн үзүүлэлтээр нэхэмжлэгчийг дээврийн шувуу нурууны 80 хувь, террасны дээврийн шувуу нуруу болон тулгуур 3 ширхэг төмөр баганыг гагнах ажлын 30 хувь, гадсан суурийн 3 талыг тэгшилж, 17 см зөрүүг засварлаж, тэгшилгээ хийсэн гэдгийг тодорхойлох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, ямар хэмжээгээр хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Боос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

С.Б нь гэрээнээс учирсан хохиролд 11,662,000 төгрөгийг Л.Эаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Талуудын хооронд  2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ажил гйүцэтгэх гэрээгээр Л.Э нь Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Хандгайтад байрлах, 00м хэмжээтэй /дотор/ 1,5 давхар зуслангийн байшин ба 3,8х12х2,7 м хэмжээтэй /дотор/ угаалгын өрөө болон грашийн хамт барих ажил гүйцэтгэх, С.Б нь ажлыг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцсон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ талаар зохигч маргаагүй.

С.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байшингийн шалыг хамгийн сүүлд хийх байтал хамгийн түрүүнд хийж, шалны хөөс шахуулсан, үүн дээр ОСП хавтан тавьж, байшинг бүхэлд нь бус зөвхөн шалыг хучсанаас борооны усанд норсон хавтангууд хөөсөн, хөөс нь чийг цохиж норсоноор цаашид ашиглах боломжгүй болсон тул шалны хөөсний үнэ 5,610,000 төгрөг, ОСП хавтангийн үнэ 4,552,000 төгрөг, ашиглах боломжгүй болсон шал болон хөөсийг хуулах, ховлох, тээвэрлэх, дахин хийлгэхэд төлөх ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 11,662,000 төгрөгийг шаардсан гэжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т:Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч Л.Эы ажлын гүйцэтгэл, зохион байгуулалт, барилгын ажлын явц, тохирсон хугацаанд байшинг барьж дуусгах боломжгүй болсон гэх үндэслэлээр захиалагч С.Бын санаачилгаар гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдож байна.

Л.Э нь гэрээний 5.2-т гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаж байгаагүй, учирсан хохирол нь захиалагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой, ажлын доголдлын талаар 1 жилийн дараа гаргасан шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т:Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5-т захиалагчийн эрх, үүргийг тусгасан, 5.2-т гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд ажлын үр дүнг хүлээлцсэн талаарх баримт үйлдээгүй байх боловч захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсанаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрээний зүйл болох байшинг С.Б хүлээн авсан, түүнчлэн ийнхүү ажлыг хүлээн авах үед байшингийн шал борооны усанд норсон байсан гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Үүнээс үзэхэд С.Б нь ажлын доголдолтой холбогдуулан доголдлыг арилгах хугацаа тогтоож өгөх, уг ажлыг чанарын шаардлага хангасан байдлаар үнэ төлбөргүй хийж гүйцэтгүүлэх, хэрэв боломжгүй бол доголдолтой ажлын үнийн дүнг гүйцэтгэгчид төлөх ажлын хөлснөөс хасаж тооцох, эсхүл доголдлыг арилгахтай холбогдуулан гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Тодруулбал, хүлээж авсан ажлын үр дүнг доголдолтой байсныг захиалагч нотлох үүрэг хүлээнэ.

 

С.Бын сөрөг нэхэмжлэлийг шүүх 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан байх ба тэрээр үүнээс өмнө шалны хөөс, ОСП хавтанг ашиглах боломжгүй болсон гэх доголдлын талаар Л.Эд шаардлага гаргаж байсан эсэх, уг доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоож өгсөн эсэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд доголдлыг арилгасан эсэх, энэхүү доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаж байсан эсэхтэй холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг тодорхойгүй болгожээ. /хх-ийн 24-26/

 

Түүнээс гадна С.Б нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хандгай шалны хөөсний ажил Б-с гэх утгатай 5,610,000 төгрөгийг Б.Зохь, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ОСП, хадаас, шруп, сээтэг үнэ Б-с гэх утгатай 4,552,000 төгрөгийг Ү.Б-д тус тус шилжүүлсэн ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн баримт ирүүлсэн. /хх-ийн 27-28/

 

Эдгээр баримтаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажлыг хүлээн авснаас хойших хугацаанд ажлын доголдлыг арилгахад гарсан зардал гэж үзэх боломжгүй байхаас гадна доголдол арилгахад ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй болно.

 

Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2022/13804 дугаар захирамжаар С.Б-ын хүсэлтийн дагуу шинжээчээр Мөнх-Эстимэйт ХХК-ийг томилсон, шинжээч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 0дугаар хороо, Хандгайтын зусланд байрлах, 006 буюу 00 м.кв талбайтай, 0 давхар0 зуслангийн буюу Канад загварын байрны 1 давхарт борооны ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн байдалд оруулахад гарах зардлын үнэлгээг 13,838,000 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан байна. /хх-ийн 53-72/

 

Дээрх байдлаас дүгнэхэд, С.Б нь ажлын үр дүнг хүлээн авсан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд заасны дагуу ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор ажил гүйцэтгэгчид гаргасан эсэх, түүнчлэн ажлын доголдлыг арилгахад зардал гаргасан, үүний улмаас зардлаа нэхэмжилсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Л.Эд холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 11,662,000 төгрөг гаргуулах тухай С.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус бүр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,350 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,902 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус заасныг баримтлан

Хариуцагч С.Б-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Эы үндсэн, нэхэмжлэгч Л.Эд холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 11,662,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Б-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,350 төгрөгийг, хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,902 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ