Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/04515

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 28 101/ШШ2022/04515

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:    ..... аймаг, ... сум, 00 дүгээр баг, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, И овогт Ц.Х /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 000 дугаар хороо, 0 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Тн овогт Ц-ийн Н /РД:0000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 45,388,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

Гэрч Ц.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Анар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ха нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Х.Хнь 2013 оны 12 сарын 10-ны өдөр Ц.Н-д өөрийнх нь хүсэлтээр барьцаагүйгээр зээлийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн 17,760,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 2013 оны 12 сарын 10-ны өдөр зээлдүүлсэн юм.

Гэвч Ц.Нл нь гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, улмаар 2014 оны 12 сарын 12-ны өдрөөс хойш гэнэт алга болж, 9 жил 6 сарын хугацаанд Дарханаас шөнө гэнэт нүүж холбоо тасарсан.

Шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргаж, эрэн сурвалжлуулахаар өгсөн боловч ямар ч үр дүн гараагүй юм. Түүнийг эрэн сурвалжилсаар 2022 оны 06 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 000 байрны 00 тоотод 9 жил амьдарч байгаа, 2 өрөө байртай, УБМ гэсэн машинтай, уг байрны 00 номерын машины зогсоолтой, 400,000 төгрөгийн тэтгэвэртэй сайхан амьдарч байгааг мэдсэн. Түүнтэй уулзаад шүүх, цагдаагаар явж байхаар хоорондоо учраа олъё гэхэд үгүй, элдэв зовлон ярьж, тохиролцохгүй гэсэн.

Уг нь Ц.Нл бид хоёр 10 гаруй жил хамт ажилласан юм. Тэгээд 1 удаа уулзах шаардлагатай байна гээд хүүхдээ Япон явуулах гэсэн,мөнгөний хэрэг гараад байна гээд мөнгө зээлдүүлээч гэсэн.

Ингээд түүнд 2010.03.30-нд 1,500,000 төгрөг, 2010.05.30-нд 1,600,000 төгрөг, 2010.06.04-нд 1,500,000 төгрөг, 2010.06.25-нд 1,800,000 төгрөг, 2010.07.15-нд 1,400,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөг зээлдүүлсэн. Ингэхдээ бид хоёр 6 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон.

Ц.Нл нь надад 2010.06.30-нд 200,000 төгрөг, 2010.07.30-нд 200,000 төгрөг, 2010.08.06-нд 200,000 төгрөг, 2010.08.29-нд 200,000 төгрөг, 2010.10.30-нд 360,000 төгрөг, 2010.12.15-нд 360,000 төгрөг, нийт 1,520,000 төгрөгийг хүүд өгсөн.

Үүнээс хойш Ц.Нлтэй уулзаж чадахгүй, түүнтэй холбогдож чадахгүй байж байснаа 1 тааралдахад тэрээр надтай тооцоогоо нийлж, нотариатаар батлуулан гэрээгээ хийсэн.

2012.12.20-ны өдөр нотариатоор орсноос хойш 1 сарын дараа Ц.Нлийн гэрт нь очиход охин Японоос ирэхэд нь мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Гэтэл энэ өдрийнхөө орой Дарханаас нүүгээд явсан байсан.

Түүний оршин суух хаягийг мэдэхгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж Цагдаагийн байгууллагад хандсан.

Гэтэл Ц.Ж гэдэг хүний ХААН банкны данснаас 2015.01.26-ны өдөр 1,600,000 төгрөг, 2015.04.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015.05.29-ний өдөр 500,000 төгрөг, 2015.08.28-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг шилжиж орж ирснийг Ц.Нлийн зээлийн хүүд тооцож авсан.

Ингээд бас сураггүй болсон бөгөөд 2022.06 сард гэрийнх нь хаягийг олж түүнтэй уулзаж учраа олъё гэхэд надтай уулзахгүй гэж маш муухай харьцсан.

Иймд хариуцагч Ц.Нлээс 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,760,000 төгрөг, түүний хүү 27,240,000 төгрөг, 3 удаа шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,350 төгрөг, нийт 45,388,627 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Ц.Нл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Цовогтой Н нь Ц.Х  гаргасан 45,388,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ц.Ха нь 2010 онд Д аймгийн Д сумын Шинэ хороололын Идэр СӨХ-ийн дарга хийдэг байсан. Би бас СӨХ-ийн дарга байсан учир бие биенээ мэддэг болсон.

Би өөрийн тэмдэглэл болгон бичиж байсан дэвтрээс харахад Ц.Х-агаас анх 2010.03.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2010.05.30-нд 1,600,000 төгрөг тус тус зээлж авсан.

Зээлсэн мөнгөнийхөө төлбөрт 2010.06.30-нд 200,000 төгрөг, 2010.07.30-нд 200,000 төгрөг, 2010.08.06-нд 200,000 төгрөг, 2010.08.29-нд 200,000 төгрөг, 2010.09.30-нд 360,000 төгрөг, 2010.10.30-нд 360,000 төгрөг, 2010.11,30-нд 360,000 төгрөг, 2010.12.15-нд 360,000 төгрөг, 2012.12.25-нд 130,000 төгрөг, 2012.01.25-нд 130,000 төгрөг, 2012.01.30-нд 360,000 төгрөг, 2012.02.25-нд 150,000 төгрөг, 2012.02.30-нд 360,000 төгрөг, 2012.03.25-нд 150,000 төгрөг, 2012.03.30-нд 360,000 төгрөг, 2012.04.25-нд 150,000 төгрөг, 2012.04.30-нд 360,000 төгрөг, 2014.12.05-нд 800,000 төгрөг, 2014.12.30-нд 600,000 төгрөг, 2015.01,26-нд 1,600,000 төгрөг, 2015.04.06-нд 1,000,000 төгрөг, 2015.05.29-нд 500,000 төгрөг, 2015.08.28-нд 2.000,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөгийг Ц.Х-ад өгсөн байна.

Ц.Ха хэлэхдээ: би чамд өгсөн мөнгөнүүдээ дам дам хүнээс зээлж өгсөн. Цаад хүмүүс нь мөнгөө нэхээд би өөрөө шүүх цагдаад дуудагдах гээд байна. Тиймээс нотариатаар орж гэрээ байгуулна гэсэн. Тэгээд надад өгсөн мөнгөнийхөө хүү алданги гэж өөрөө тооцоо гаргаад 2012 оны 6 сард зээлийн гэрээ хийсэн. Дахиж 2012.12.20-нд нотариатаар орж зээлийн гэрээ хийсэн.

Би Ц.Ха-гаас авсан болон өгсөн мөнгөнийхөө тооцоог гаргаж үзээд ер нь хангалттай төлсөн байна гэж бодоод орхисон байсан. Ийм их мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийнхөө хүүхдүүдийг Японд байгаа юм чинь учир нь олдох байлгүй гэж хэлсэн гэж, намайг хүүхдүүдээ Япон явуулах гэж зээл авсан гэж тус тус худлаа бичсэн байна.

Дээрх 10,890,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаарх баримт байхгүй. 2010.06.30-ны өдөр 5,790,000 төгрөгийг Сондор кафед бэлнээр хүлээлгэж өгсөн, 5,100,000 төгрөгийг Ц.Ж-ы дансаар өгсөн.

Ц.Ха нь 7,800,000 төгрөг өгсөн гэдэг боловч Ц.Нл нь 3,100,000 төгрөг авсан талаар тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь 2012.12.20-ны өдрийн 17,760,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч энэ өдөр дээрх мөнгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй, мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох учиртай. Гэтэл талуудын тайлбараар 2010 онд зээлдүүлсэн мөнгө дээр хүү тооцож 2012 онд зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдож байна.

Мөн үүнээс гадна зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

Иймд Ц.Н лээс зээлийн гэрээний үүрэгт 45,388,627 төгрөг гаргуулах Ц.Хагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Хагийн иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай Тахарын ерөнхий газар есдүгээр тойргийн тахарын албаны тойргийн албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн тухай баримтын хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1199 дугаартай Сум дундын 7 дугаар шүүхийн шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Ц.Хагийн ХААН банк ХХК-ийн дансны хуулга /2-8, 29-34/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: хариу тайлбар, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Э.О-т олгосон итгэмжлэл, /хх-ийн 21-22, 45/ зэрэг баримтыг тус тус ирүүлсэн.

Шүүхээс: ХААН банк ХХК-иас 5046...тоот дансны 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга /хх-ийн 36-40/-ийг бүрдүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Ц.Ж-ы мэдүүлэг, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ха нь хариуцагч Ц.Н лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,760,000 төгрөг, түүний хүү 27,240,000 төгрөг, 3 удаа шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,350 төгрөг, нийт 45,388,627 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2010.03.30-нд 1,500,000 төгрөг, 2010.05.30-нд 1,600,000 төгрөг, 2010.06.04-нд 1,500,000 төгрөг, 2010.06.25-нд 1,800,000 төгрөг, 2010.07.15-нд 1,400,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлсэн гэж,

Хариуцагч нь 3,100,000 төгрөгийг зээлэн авч, зээлийн үүрэгт 5,790,000 төгрөгийг бэлнээр, 5,100,000 төгрөгийг Ц.Ж-ны ХААН банкны дансаар, нийт 10,890,000 төгрөгийг нэхэмжлэгчид эргүүлэн төлсөн гэж тус тус тайлбарласан.

Талууд дээрх гэрээний үүргийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүгнэж, зээлдүүлэгч Ц.Ха нь 17,760,000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 12 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Зээлдэгч Ц.Нл нь гэрээнд заасан хугацаанд дурдсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй. /хх-ийн 4/

 

Дээрх гэрээний зээлдүүлэгч талд Ц.Ха, зээлдэгч талд Ц.Нл нар гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний 5-т талууд мөнгө хүлээлцэхдээ гарын үсгээр баталгаажуулан 2 оос доошгүй хувь баримт үйлдэж, тал тус бүр 1,1 хувийг авна гэжээ.

Хариуцагч Ц.Нл нь 2010 онд 7,800,000 төгрөг болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 17,760,000 төгрөгийг тус тус хүлээж аваагүй, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.

Тодруулбал талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Ха нь 2010.03.30-нд 1,500,000 төгрөг, 2010.05.30-нд 1,600,000 төгрөг, 2010.06.04-нд 1,500,000 төгрөг, 2010.06.25-нд 1,800,000 төгрөг, 2010.07.15-нд 1,400,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөгийг, мөн дээрх гэрээг дүгнэсэн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17,760,000 төгрөгийг хариуцагч Ц.Нлийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх байдал нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ха нь 2010 оны зээлийн гэрээний зүйл 7,800,000 төгрөг болон 17,760,000 төгрөгийг хариуцагч Ц.Нлийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх, мөн гэрээ дүгнэсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзнэ.

Нэгэнт зээлдүүлэгч нь зээлийн гэрээний зүйл мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн нь тогтоогдохгүй байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргийг эргүүлэн төлөх үүрэг үүсээгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцан арилгах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

 

Талууд 2010 оны зээлийн гэрээний үүргийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүгнэж зээлийн гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Нлийг эрэн сурвалжилсан Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1199 шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 791 шийдвэр зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.Нлээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,760,000 төгрөг, хүү 27,240,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 387,627 төгрөг, нийт 45,388,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Хагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Нлээс зээлийн гэрээний үүрэгт 45,388,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Х агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ