Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/шш2022/04130

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, д 00-р гудамж 0000тоот хаягт оршин суух, С овогтой Т /РД:ЦА*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, мебель 00-р байрны 00 тоот хаягт оршин суух, Б овогтой Ц /РД:ЧЛ*******/

 

Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол 000 тоот хаягт оршин суух, Б овогтой О/РД:УШ*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,534,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч С.Т,

хариуцагч Б.О, Б.Ц,

гэрч С.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Н.О, Н.О нар над руу яриад Н.О би БНСУ-ын Чежү арал руу хүнээр зуучлуулж явах гэж байна, эхнэрийн найз Б.О-ын ах Б.Ц гэх хүн намайг дагуулаад ажилд зуучилж оруулж өгнө гэсэн юм. Та Б.Ц-д онгоцны билетийн мөнгө 1,767,000 төгрөгийг зээлүүлэх боломж байна уу гэж надаас асуусан.

Миний бие Н.О д итгээд өөрийн төрсөн ах С.Аыг хамт явуулж болох уу, дагуулж явбал мөнгө зээлье гэж хэлсэн. Ингээд 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ах С.Аын онгоцны зардал 1,767,000 төгрөг, Б.Цд зээлүүлэх 1,767,000 төгрөгийг Н.Оын эхнэр Н.Оийн дансанд нийт 3,534,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Air Trans travel нэртэй газраас билетээ авах үед зуучлалын хөлс 500,000 төгрөг энэ дансанд хий гэж Б.Цын дүү Б.О хэлсний дагуу уг дансанд нь хийсэн. Ингээд би ах С.Аын зуучлалын мөнгө 500,000 төгрөг, Б.Цын 500,000 төгрөгтэй нийлүүлээд 1,000,000 төгрөгийг Н.Оийн дансанд шилжүүлсэн. Ингээд 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ах С.А, Н.О, Б.Ц нар Чежү арал руу ниссэн. 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ах С.А, Н.О, Б.Ц нар Монголд буцаад ирсэн. Б.Ц, Б.О нар Чежү арал руу дагуулж яваад ажилд зуучилж оруулж өгнө гээд зуучлалын хөлс 500,000 төгрөгийг авч зориудаар худлаа ярьж бид нарыг хохироосон. Хэрэв Солонгос улс руу гаргахгүй, хил дээрээс буцвал яах юм бэ гэхэд найдвартай гарна. Та нар санаа зовох зүйлгүй гэж хэлж байсан. Хил гаалийн ажилчид та нар ямар зорилгоор ирсэн бэ гэхэд ажиллахаар ирсэн гэж хэлэхэд Монгол руу буцаачихлаа гэж надад хэлсэн. Б.Ц, Б.О нарыг цагдаагийн байгууллагад өгсөн ч нэг жилийн хугацаанд шалгасан болгоод хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Б.О, Б.Ц нараас 4,534,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбараа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэгчээс онгоцны зардал болох 1,767,000 төгрөгийг зээлсэн нь үнэн учраас энэ мөнгийг буцааж төлөхөд татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэгчийн ах Н.Аын дагуулж явж, ажил олж өгнө гэж тохиролцоогүй. Хилээр гарч чадахгүй бол эрсдэлийг би хариуцах үүрэг хүлээгээгүй. Би зуучлалын мөнгө аваагүй. Манай солонгос Улсад байдаг хамаатны хүн орчуулгын зардал гэж 500,000 төгрөг төлөөрэй гэсэн. Миний ойлгосноор хилээр гарахад бөглөдөг бичгийг орчуулж өгөх юм байна гэж ойлгосон. Уг мөнгийг би аваагүй. Нэхэмжлэгчээс Оюунтөгс рүү шилжүүлээд О-оос шууд Солонгост байдаг хүний данс руу шилжүүлсэн. Би өөрийн 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөрэй гээд О рүү шилжүүлсэн. О өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Надад хэлэхдээ энэ 500,000 төгрөгийг чамаас авах авлагадаа тооцлоо шүү гэж байсан.

Иймд би Н.Аын онгоцны зардал болон орчуулгын зардлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбараа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Онь манай найз, би ахыгаа явуулмаар байна гэсэн чинь би ч бас нөхрөө хамт явуулчихмаар байна гэсэн. Манай талаас гаргах мөнгө байхгүй байна гэтэл надад мөнгө зээлэх хүн байгаа гэсэн. Очсоны дараа ажлаа хийгээд төлөх боломжтой гэж хэлсэн. Тэрнээс биш бид хариуцна гэсэн зүйл хэлээгүй. Бид нар тийм хэмжээний мөнгө төлөх боломжтой байсан бол энэ хүнээс мөнгө зээлэхгүй байсан. Хариуцагч Б.Цын хэлсэн зүйлтэй санал нэг байна гэв.

 

4.Нэхэмжлэгч тал нь хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх-5-7/, нислэгийн тийз /хх-22-25/, нэхэмжлэгчийн дансны хуулга /хх-26/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-49-51/,Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-52-53/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас хэрэгт хариу тайлбар /хх-27/, хариу тайлбар /хх-33/, хариуцагчБ.О-ын дансны хуулга /хх-34/, зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Б.О, Б.Ц нарт холбогдуулан 4,534,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нарт Солонгос улс руу зорчих онгоцны зардал болох 1,767,000 төгрөгийг зээлж, түүнтэй хамт өөрийн төрсөн ах С.Аыг Солонгос улс руу дагуулж явуулаад, Б.Ц нь түүнд ажил олж өгнө гэж тохиролцсон. Үүний дагуу миний бие ахынхаа онгоцны зардал болох 1,767,000 төгрөг, зуучлалын хөлс гэх 500,000 төгрөгийг төлж, Б.Цд онгоцны зардал болох 1,767,000 төгрөг болон зуучлалын хөлс болох 500,000 төгрөг, нийт 2,237,000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч нар нь манай ахыг дагуулж яваад найдвартай ажилд зуучилна, хэрвээ хил дээрээс буцвал мөнгийг буцааж төлнө гэж тохиролцсон. Гэтэл тэд хил очоод Солонгос улс руу орж чадахгүй буцаж ирсэн тул ахын онгоцны төлбөр 1,767,000 төгрөг, зуучлалын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг хариуцагч Б.Цд зээлүүлсэн онгоцны зардал болон зуучлалын хөлсний хамт нийт 4,534,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчийн ахыг ажилд найдвартай зуучилна, хил дээрээс буцвал зардлыг нь буцааж төлнө гэж тохиролцоогүй. Нэхэмжлэгчээс зээлсэн онгоцны зардлыг буцааж төлөхөд татгалзахгүй. Нэхэмжлэгчээс зуучлалын хөлс гэж 2 хүний нийт 1,000,000 төгрөг аваагүй. Хилээр гарахад бөглөдөг бичгийг орчуулах зардал гэж ойлгосон. Уг мөнгийг би аваагүй. 500,000 төгрөгийг Н.Оөөр дамжуулж буцааж өгсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3,534,000 төгрөгийг хариуцагч Б.О-ын найз гэх Н.Оийн данс руу шилжүүлж, уг мөнгөөр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б.Ц болон нэхэмжлэгчийн ах гэх С.А нарын Солонгос улс руу нисэх онгоцны билетийг худалдан авч, улмаар тэд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Солонгос улс руу явсан байна.

 

Б.Ц, С.А нарыг Солонгос улсын хилээр оруулаагүй учраас 2019 оны 01 дүгээр 11-ний өдөр буцаж иржээ.

 

Хариуцагч Б.Цын онгоцны зардал болох 1,737,000 төгрөг болох зуучлалын ажлын хөлс гэх 500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгчээс өөрийн онгоцны зардал болох 1,737,000 төгрөгийг болон орчуулгын зардал гэж 500,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд үүнээс онгоцны зардлаа буцааж төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Харин орчуулгын зардал гэж авсан 500,000 төгрөгийг Н.Оөөр дамжуулж өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зуучлалын хөлс болох 500,000 төгрөгийг надаас зээлж авсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч Б.Ц нь уг 500,000 төгрөгийг зуучлалын хөлс биш орчуулгын хөлс төлөх гэж нэхэмжлэгчээс 500,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлаж байна.

 

Талууд хэдийгээр тухайн 500,000 төгрөгийн зориулалтын талаар маргаантай байх боловч хариуцагч Б.Ц нь тухайн 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан талаараа маргаагүй тул тухайн 500,000 төгрөгийн зориулалт ямар байх нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэв.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч С.Таас онгоцны зардал болох 1,737,000 төгрөгийг 500,000 төгрөгийн хамт зээлж авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.Т, хариуцагч Б.Ц нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Ц нь онгоцны зардалд зээлж авсан 1,737,000 төгрөгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, харин 500,000 төгрөгийг Н.Оөөр дамжуулан өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Ц нь Н.Оөөр дамжуулан 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна түүний шүүх хуралдаанд гаргасан ...Н.Онь нэхэмжлэгчид өгөөрэй гэсэн мөнгийг чиний надад өгөх авлага гэж ойлголоо гэсэн гэх тайлбарлаас үзэхэд хариуцагч Б.Цыг нэхэмжлэгчээс зээлсэн 500,000 төгрөгийг буцааж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Цаас зээлийн гэрээний үүрэгт 2,267,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгох нь зүйтэй гэж үзэв.

С.Аын онгоцны зардал болох 1,737,000 төгрөг, зуучлалын хөлс 500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд С.Аыг Солонгос улс руу дагуулж яваад найдвартай ажилд зуучлах, хэрвээ хилээр гарч чадахгүй бол зардлыг нь төлнө гэж хариуцагч тал үүрэг хүлээсэн тохиролцоо байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь өөрийн ах С.Аын онгоцны зардал болох 1,737,000 төгрөгийг, зуучлалын хөлс болох 500,000 төгрөгийг тус тус н.Оын данс руу шилжүүлж, Н.Оын данснаас мөнгийг гарган ах С.Аын онгоцны билетийг худалдан авсан, мөн 500,000 төгрөгийг н.Оын данснаас Солонгос улсад амьдардаг Н.Ш гэдэг хүний данс руу шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн төрсөн ах С.Аыг Солонгос улсад зорчих албан ёсны зөвшөөрлийг аваагүй, тус улсад өмнө нь зорчиж байгаагүй болохыг мэдэж байснаас гадна хариуцагч Б.Ц нь гадаад улсад ажиллах хүч зуучлах эрх бүхий этгээд биш байх тул гэрч С.А, Ц.Г нарын шүүхэд гэрчээр асуугдсан тэмдэглэл болон Н.Оийн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн мэдүүлэг зэргийг үндэслэн хариуцагч Б.Цыг нэхэмжлэгчийн өмнө С.Аыг Солонгос улсын хилээр авч гараад ажилд оруулах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цыг С.Аын онгоцны зардал болох 1,737,000 төгрөг болон 500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцож, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Тын хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Цаас 2,267,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,267,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115,2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Цаас 2,267,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,267,000 төгрөгийн нэхэмжлэлийг болон нэхэмжлэгчийн хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 51,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА