| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0141/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
Хохирогч В.*******,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Налайх дүүрэг, *******, *******, ******* тоотод оршин суух, урьд
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сар, мөн хуулийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, нийт 2 жил, 6 сарын хорих ялаар,
Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн 4 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял тус тус шийтгүүлсэн,
******* овогт *******н ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.******* нь Налайх дүүргийн тоотод 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч хохирогч В.*******той маргаан үүсгэн улмаар гар болон хөлөөр цохиж өшиглөж зодож биед нь баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч хохирогч В.*******той маргаан үүсгэн улмаар түүнийг гар болон хөлөөр толгой тус газарт цохиж өшиглөж зодож биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Жоншны уурхайд ажилладаг байсан юм. Ирж цалингаа ав гэхээр нь очиж аваад хамт ажилладаг хүмүүстэйгээ архи уучхаад ирээд эхнэртэйгээ маргалдсан...” гэв.
Хохирогч В.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөнгөний асуудлаас болоод маргасан. Би цагдаа дуудсан. Одоо бол гомдол саналгүй. Миний дүүг ад үзлээ гээд намайг цохисон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-07-10 дахь тал/,
Хохирогч В.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр ******* цалингаа авахаар яваад 12 өнгөрөөгөөд гэртээ ирэхдээ согтуу нэг шил архи бариад ирсэн. Тэгээд нэг шил архийг задлаад би хамт уусан байсан. Тухайн үед бэр ыг ирэхэд нөхөртэй мөнгөний асуудлаас болж цалингаа аваад архи уулаа гээд маргалдсан. Тэгээд би сандал дээр сууж байхад нөхөр ******* намайг татаад газар унагаасан. Тэгэхэд та болиоч гэж байсан. Тэгээд манай гэртээ ойрхон учир хүүхдээ авч ирэх гээд гарсан. Тэр хооронд нөхөр ******* намайг сандал дээр суугаад хэрэлдэж байтал миний хөл рүү 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд удалгүй хүүхэдтэйгээ орж ирээд намайг аваад явсан...намайг эхлээд гараараа цохиод дараа нь миний толгой руу хөлөөрөө өшиглөөд маш их цус алдсан. Тэгээд гаднаас манай хоёр охин орж ирээд эмнэлэг цагдаа дуудсан...Эхлээд миний нүд рүү дараа нь толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-15-6, 118-119 дэх тал/,
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг очиход эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаад байсан. Нөхөр нь нэлээн согтуу, эхнэр нь бага зэрэг халамцуу байсан. Ширээн дээр нь 0,75 литрийн архи талаас доогуур байсан. ******* нь эхнэрийнхээ хөл рүү 2-3 удаа өшиглөөд толгой, нүүр рүү нь гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохиход нь би салгах гээд дийлэхгүй, арай гэж болиулаад эхнэрийг нь аваад гэр рүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-126-127 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...*******той хамт гэртээ 1 шил архи хувааж уучхаад хүүхдийнхээ сургууль дээр очсон чинь урлагийн үзлэг нь эхлэх болоогүй байна гэхээр нь бид хоёр гэр рүүгээ буцаж харих замдаа дахиад 1 шил архи хувааж уугаад гэртээ орсон. Тэгээд гэртээ очоод би юу болсноо санахгүй байна, эхнэрийгээ зодож цохисон гэх асуудлыг огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-50-51 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 549 дугаартай “...В.*******гийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-25-26 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 220 дугаар “...В.*******гийн биед баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй...эхнэрийнхээ биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-136-137 дахь тал/,
2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-74-77 дахь тал/,
2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-111-113 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээ “...бага...”-ний тэмдэглэл /хх-155-157 дахь тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-158-161 дэх тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-04 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...******* нь Налайх дүүргийн 0 ийн тоотод 2024 оны 04 дүгээр сарын 24, 11 дүгээр сарын 8-ны өдөр гэр бүлийн хамааралтай хамтран амьдрагч *******той гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна....” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Н.******* нь Налайх дүүргийн тоотод 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч хохирогч В.*******той маргаан үүсгэн улмаар гар болон хөлөөр цохиж өшиглөж зодож биед нь баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч хохирогч В.*******той маргаан үүсгэн улмаар түүнийг гар болон хөлөөр толгой тус газарт цохиж өшиглөж зодож биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.*******, хохирогч В.*******, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.******* согтуурсан үедээ нь хохирогч В.*******г үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч Н.*******ын эхнэр хохирогч В.*******гийн эсрэг хийсэн дээрх үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ шийтгэх тогтоолд заасан хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч нь шүүхийн шатанд цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялаас дүйцүүлэн хасаж эдэлсэнд тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД