Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/04757

 

 

 

2022 11 10 101/ШШ2022/04757

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 00дугаар хороо, Өнөр хороолол, Москва 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Ө овогт Ц.У /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Б.Г /РД:000-т холбогдох,

 

Мэдэгдэх хуудас бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мэдэгдэх хуудас бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагч Б.Г,

Гэрч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Анар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ц.У нь Г.Г, Ж.Оюунчимэг нараас 4,530,000 төгрөг /дөрвөн сая таван зуун гучин мянган төгрөг/-ийн авлагатай байсан юм.

Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Б.Г №/233-аар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулж батлуулсан.

Тус төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр төлөгч Г.Г, Ж.Оюунчимэг нар нь дээр дурдсан төлбөрийг 2020.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна.

Ингээд Г.Г, Ж.О нар нь Төлбөр барагдуулах гэрээг биелүүлээгүй учраас нотариатч Б.Гт хандаж мэдэгдэх хуудас бичүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд эс үйлдэхүй гаргаад мэдэгдэх хуудас бичиж өгөөгүй.

Түүний энэ үйлдэлтэй холбогдуулан Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл болон Хууль зүй дотоод хэргийн сайдад хандсан. Түүнд Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй, гэтэл тэрээр татгалзалтай холбоотой баримт ирүүлээгүй байна. Түүнээс гадна тэрээр техникийн алдаа гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хуульч хүний тухайд зарчмын хувьд байж болохгүй зүйл гэж үзэж байна. Хууль тогтоогчийн үзэл санаа нь нотариатч мэдэгдэх хуудас бичиж өгөхөөр заасан нь иргэд хооронд өөрсдөө тохиролцоод маргаанаа шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх, ингэснээр шүүхийн ачаалал буууруулахад чиглэгдсэн.

Нотариатч гэдэг хүн хувийн бизнес эрхэлдэг иргэн биш бөгөөд төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа, төрийн тамга барьж байгаа албан тушаалтны хувьд хариуцлага гэж байдгийг ойлгуулах үүднээс нэхэмжлэл гаргасан.

Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ гэж заасан.

Иймд нотариатч Б.Гын дээрх хуульд заасан үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, мэдэгдэх хуудас бичихийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.Г нь 2020.03.11-ний өдрийн 236 дугаарт бүртгэгсэн төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн бөгөөд ингэхдээ мэдэгдэх хуудас бичих боломжгүйг тайлбарласны үндсэн дээр гэрээг гэрчилсэн. Учир нь төлбөр төлөх ёстой зээлийн гэрээнүүд нь нотариатаар гэрчлэгдээгүй байсан. Мэдэгдэх хуудас бичихгүй, зөвхөн төлбөр барагдуулах гэрээг гэрчилнэ гэж тохиролцож төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн талаар төлбөр төлөгч тал гэрчилнэ.

Харин гэрээнд нотариатын мэдэгдэх хуудас бичнэ гэсэн хэсэгт манай гэрээний загварт бичигдсэн шүүхээр, мэдэгдэх хуудсаар гэсэн сонголтод би техникийн алдаа гаргаж мэдэгдэх хуудсаар гэдгийг сонгосон байсан.

Мэдэгдэх хуудас бичих боломжгүй шалтгаан нь талуудын хооронд 2019 оны 9,10,11 сард тус тус байгуулагдсан зээлийн 3 ширхэг гэрээ байсан бөгөөд эхний зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал биелүүлээгүйн улмаас үндсэн зээлийн мөнгөнд хүү, алдангийг тооцон дахин нэмж гэрээ байгуулсан байсан юм.

Төлбөр авагч тал буюу Ц.Уыг мэдэгдэх хуудас бичиж өгөхийг хүсэхэд нь дээрх байдлыг тайлбарлан, 3 гэрээний аль дээр нь бичих нь тодорхойгүй байсан учир татгалзсан юм.

Энэ асуудлаар нэхэмжлэгч тал Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд сахилгын зөвлөл нотариатын мэдэгдэх хуудас бичихээс татгалзсан нь зөв, харин нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар эрх, үүргийг тайлбарлан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгч тал Сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч Хууль зүй Дотоод хэргийн сайдад гомдол гаргасан, сайд Сахилгын зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн ... төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас бичнэ гэж заасан. Төлбөрийг үл маргах журмаар төлөхөөр байгуулсан зээлийн гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй байсан, харин төлбөрийг нотолсон төлбөр барагдуулах гэрээг л гэрчилсэн.

Мөн хуулийн 45.2.1-д баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг гэдгийг нотолж байгаа эсэхийг мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч харгалзана, 45.3.2-д мөн хуулийн 45.2.1-д баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг гэдгийг нотолж байгаа эсэхийг мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч харгалзана , 45.3.2-д ямар баримт бичгийг үндэслэж нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж байгааг заана гэж заасан бөгөөд зээлийн 3 гэрээний аль гэрээг үндэслэж мэдэгдэх хуудас бичих нь тодорхойгүй байсан учир мэдэгдэх хуудас бичих боломжгүй, энэ маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийг тайлбарлаж өгсөн. Зөвхөн төлбөрийг нотолсон баримт бичиг болох төлбөр барагдуулах гэрээг талууд харилцан тохиролцсоны дагуу гэрчилсэн.

Ийм алдаа гаргасан үйлдэлд нь Сахилгын зөвлөлөөс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нотариатын тухай хуулийн 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол улсын олон улсын гэрээнд харшилж байвал нотариатын үйлдэл эс үйлдэхүйгээс татгалзана гэж заасны дагуу миний бие мэдэгдэх хуудас бичихээс татгалзсан болно.

Иймд Ц.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан :

Нэхэмжлэгчээс ирүүлсэн Н.Б олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төлбөр авагч Ц.У болон төлбөр төлөгч Г.Г, Ж.Оюунчимэг нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Монголын нотариатчдын холбооны дэргэдэх сахилгын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 тоот тогтоол, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/301 дугаартай албан бичиг /хх-ийн 2-9/,

Хариуцагчаас ирүүлсэн Хариу тайлбар, 2022.07.08-ны өдрийн гэрч асуулгах тухай хүсэлт, хур системээс авсан Г.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.Гийн Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлд гаргасан тодорхойлолт, /хх-ийн 19-24/ зэрэг баримтуудыг,

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Гийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Б.Г т холбогдуулан

Мэдэгдэх хуудас бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мэдэгдэх хуудас бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нотариатчийн мэдэгдэх хуудас бичих боломжгүйг талуудад тайлбарласан, гэрээг гэрчлэхдээ техникийн алдаа гаргасан, гэрээний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэн сахилгын арга хэмжээ авагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Төлбөр авагч Ц.У, төлбөр төлөгч Г.Г, Ж.О нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан, уг гэрээг нотариатч Б.Г гэрчилсэн байна.

 

Гэрээний төлбөр төлөх хэлбэр хэсэгт ...Талуудын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд нотариатчийн мэдэгдэх хуудас бичүүлнэ гэж тусгажээ.

 

Нэхэмжлэгч Ц.У нь энэхүү гэрээнд тусгагдсаны дагуу нотариатчийн мэдэгдэх хуудас бичүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч Б.Г нь мэдэгдэх хуудас бичиж өгөхөөс татгалзсан, ийнхүү татгалзсанд нь Монголын Нотариатчдын танхимын Сахилгын зөвлөлд гомдол гаргасан үйл баримт тогтоогдсон.

 

Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 тоот тогтоолоор Нийслэлийн тойргийн нотариатч хариуцагч Б.Гт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн Ц.Уын гомдолд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/301 тоот албан бичгээр хариу өгчээ. /хх-ийн 5-9/

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тогтоолд Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1-д:баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэхийг мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч нь харгалзана, 45 дугаар зүйлийн 45.3.2-т ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгааг нотариатын мэдэгдэх хуудаст заана гэж заасны дагуу талуудын байгуулсан гэрээнд гэрээнд заасан хугацаанд төлбөрийг үл маргах журмаар төлнө гэж заасан ч төлбөр төлөгч дээрхи гэрээний үүргийг төлөх тухай хангалттай нотлох баримт байхгүй тохиолдолд нотариатч Б.Г нотариатын мэдэгдэх хуудас үйлдээгүй татгалзсан нь зөв байна гэжээ.

 

Харин нотариатын мэдэгдэх хуудас бичүүлнэ гэсэн хэсгийг техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй, эрх зүйн үр дагавартай буюу мэдэгдэх хуудас үйлдүүлэх итгэл найдварыг иргэн Ц.Уд төрүүлсэн нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх, 21.2.5-т:нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Нийслэлийн тойргийн нотариатч, хариуцагч Б.Гт Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч Ц.Уын гомдолд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариу өгсөн, дээрх шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Үүнээс үзэхэд нотариатч буюу хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, түүний энэхүү үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдож байна.

 

Нэгэнт хуульд заасан шаардлага хангаагүй буюу хариуцагч нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтад заасан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх, нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Б.Гт холбогдох, мэдэгдэх хуудас бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мэдэгдэх хуудас бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гт холбогдох, мэдэгдэх хуудас бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мэдэгдэх хуудас бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ