Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар  2021/ДШМ/681

 

 

 

 

 

 

   2021            7              20                                         2021/ДШМ/681                             

 

 

Ж.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч Х.М-Э, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх,   

яллагдагч Ж.Сын өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1318 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.Ст холбогдох эрүүгийн 1906 07505 0165 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овогт Жны С, ...... оны ... дугаар сарын ....-ний өдөр .................... хотод төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Э” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт .................... дүүргийн .... дугаар хороо, ................... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, /РД:......................../;

Яллагдагч Ж.С нь иргэн Х.М-Ээс “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэд станц барих гэж байгаа надад мөнгө зээлээч хэмээн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 15.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкинд эзэмшдэг 5003860592 тоот дансаар 30.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр бэлнээр 6.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг буюу нийт 100.000.000 төгрөгийг бэлнээр болон “ХААН” банкинд эзэмшдэг 5003860592 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, “Томобюлдинг” ХХК-тай байгуулсан гэрээний ажлын гүйцэтгэлийн төлбөр орж ирээгүй, төрийн сан хаагдсан гэх шалтгаанаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч хохирогч Х.М-Ээс 100.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ж.Сын өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4, 6.15 зааснаар хүсэлтүүдийг гаргаж байна. Шүүх хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Иймд дараах ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийх зүйтэй байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хийж нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх,

2. Мөрдөн шалгах ажиллагааг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байх тул энэ зөрчлөө арилгах,

3. Хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг эдлүүлж тэдгээрийн гаргасан хүсэлт гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэх ажиллагааг хийх,

4. Яллах дүгнэлтийн үг, үсэг, техникийн шинжтэй алдаагаа засах,

5. Яллагдагчийн мэдүүлгийг шалгах буюу түүний мэдүүлэгт дурдсан гэрчүүдийг асууж, залилах гэмт хэргийн шинж байх эсэхэд дүгнэлт хийн яллах дүгнэлт үйлдэх зэрэг ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй байна.

Яллагдагч Ж.Ст холбогдох хэрэгт эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хийж нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх гэж дурдсан байх ба мөрдөн шалгах ямар ажиллагааг хийлгэх талаар тодорхой тусгаагүй.

2. Мөрдөн шалгах ажиллагааг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа тул энэ зөрчлийг арилгах гэж дурдсан байна. Хохирогч Х.М-Э нь мэдүүлгийн тэмдэглэлийн нүүрэнд гарын үсэг зураагүй нь процессын хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй боловч прокуророос хэрэгт үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт хохирогч Х.М-Эийг оролцуулах талаар санал гаргасан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үед Х.М-Ээс түүний хуульд заасан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн талаар асууж тодруулах боломжтой байна.

3. Хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг эдлүүлж тэдгээрийн гаргасан хүсэлт, гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэх ажиллагааг хийх гэж дурдсан байгаа нь үндэслэлтэй боловч яллагдагч Ж.С нь мөрдөгчид гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй талаар хавтаст хэргийн материалтай танилцах явцдаа энэ талаарх гомдлыг прокурор болон мөрдөн шалгах албаны даргад гаргаж байсан тохиолдол гараагүй байна. Мөн яллагдагч Ж.Сын гэрчээр мэдүүлэг авахуулахаар дурдсан этгээдүүд нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ж.Сын хохирогч Х.М-Ээс зээлж авсан 100.000.000 төгрөгийг ямар учир шалтгааны улмаас хохирогчид буцаан төлж барагдуулахгүй байгаа нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгөх боломжгүй юм, тэднээс мэдүүлэг авах нь хэргийн нотолгоо, зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна гэж дүгнэсэн болно.

4. Яллагдах дүгнэлтийн үг, үсэг, техникийн шинжтэй алдаагаа засах гэж дурдсан. Прокуророос Ж.Ст холбогдох эрүүгийн 1906075050165 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 322 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Уг яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт хэргийн дугаар болон яллагдагчийн нэрийг “Б.Болормаад холбогдох 2006036650142” гэж ташааруулж бичсэн. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” гэж хуульчилсны дагуу хэлэлцүүлгийн явцад хавсралт хэсгийг зассан талаар тайлбарлаж, хавсралтыг яллагдагчид гардуулах талаар байр сууриа илэрхийлсэн болно.

5. Яллагдагчийн мэдүүлгийг шалгах буюу түүний мэдүүлэгт дурдсан гэрчүүдийг асууж, залилах гэмт хэргийн шинж байх эсэхэд дүгнэлт хийн яллах дүгнэлт үйлдэх зэрэг ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй байна. Ж.Ст холбогдох хэрэгт эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж дүгнэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллаж байгаа хэргийн үйл баримтын талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх хуралдаанд хохирогч Х.М-Э, гэрч М.О нарыг оролцуулах талаар саналыг яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан, яллагдагчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Х.М-Э, гэрч М.О нараас мэдүүлэг авах, бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох бүрэн боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэхээр байна.

Прокуророос Ж.Ст холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэхээр байна. Мөн шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах товыг хохирогч Х.М-Эд мэдэгдээгүй, хэлэлцүүлэгт оролцох боломжийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...урьдчилсан хэлэлцүүлэг... оролцох”, 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай” 2021/ШЗ/1318 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай захирамж”-ийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичлээ.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч О.Анхбаяр хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцэлд, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж бичжээ. Мөн эсэргүүцлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа хийж нотлох баримт цуглуулж бэхжүүлэх гэж дурдсан байх ба мөрдөн шалгах ямар ажиллагааг хийлгэх талаар тодорхой тусгаагүй” гэсэн байна.

Энэ хэсэгт прокурор нь ойлгомжтой зүйлийг албаар ойлгоогүй мэт зориуд мэдэн будлиж байна. Учир нь, анхан шатны шүүхийн захирамжийн 6 дугаар нүүрэнд “Яллагдагч Ж.Сын өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.15 дахь заалтад зааснаар хүсэлтүүд гаргаж байна. Шүүх хүсэлтүудийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.” гэсэн байдаг. Эндээс дүгнэвэл шүүх маш ойлгомжтой шийдвэр гаргаж буй харваас илт байна. Ерөөсөө өмгөөлөгч нарын яриад байгаа зүйлийг засаач гэсэн утга илэрхий байна. Өмгөөлөгч миний бие хавтаст хэргийн 12-18, 23-32, 37-59, 94-139, 174-178 дугаар хуудсанд байгаа нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэсэн бөгөөд шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, эдгээр баримтыг хуулийн шаардлагад нийцүүлж зөрчлөө зас гэсэн нь тун тодорхой байна. Шүүх, өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг хүлээн авлаа гэж маш ойлгомжтой бичээд байхад прокурор нь өөрийн гаргасан зөрчлөө заавал дахин давтаж нуршиж бичүүлэх гээд зүтгээд байгааг огтоос ойлгохгүй байна. Шүүх, өмгөөлөгчийн яриад байгаа зөрчлийг засуулах гээд байгаа нь захирамжийг уншсан хэн ч ойлгохоор байна.

Эсэргүүцлийн 2 дахь хэсэгт “...Хохирогч Х.М-Э нь мэдүүлгийн тэмдэглэлийн нүүрэнд гарын үсэг зуруулаагүй нь процессын хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй боловч...” гэж бичжээ. Прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад алдаа гарч, хууль зөрчигдсөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Уг хууль зөрчигдсөн нөхцөл байдлыг хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар шийдвэрлэж болох мэт агуулгатай зүйл бичжээ.

Хохирогч Х.М-Эн мэдүүлэг бол “нүүр бүрт гарын үсэг зуруулна” гэсэн хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж маш тодорхой заасан байдаг. Тэмдэглэлийн нүүр тус бүр дээр гарын үсгийг зуруулах ёстой гэдэг бол хуулийн шаардлага бас нотлох баримт бэхжүүлэх журам юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, үндэслэл журам зөрчиж авсан нотлох баримтыг дараа нь шүүх хурал дээр тухайн оролцогчийг биеэр нь оруулж байгаад алдаагаа засаад, зөвтгөж ойлгоод яваарай гэсэн нэг ч заалт байхгүй. Прокурорын үйл ажиллагаа, тэр дундаа яллах ажиллагаа зөвхөн хуульд үндэслэж, хуулийн дагуу явагдах ёстой болохоос, хурал дээрээ оролцогчийг өөрийг нь оруулж байгаад алдаагаа засчихаж болох мэтээр хуульд огт байхгүй дур зоргын шинжтэй, шинээр хууль зохиож буй мэт ийм практик хандлага, жишгийг шүүхээс хэрхэвч зөвшөөрч болохгүй юм.

Эсэргүүцлийн 3 дахь хэсэгт “...Хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг эдлүүлж, тэдгээрийн хүсэлт, гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэх ажиллагааг хийх гэж дурдсан байгаа нь үндэслэлтэй боловч...” гэжээ.

Прокурор нь, яллагдагчаас мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр гаргасан хүсэлтийг огт шийдвэрлээгүй талаарх өөрийн алдааг мөн л хүлээн зөвшөөрсөн байх боловч дээд шатанд гомдол гаргаагүй байна гэх мэтээр өөрийн хууль зөрчсөн эс үйлдлийг зөвтгөсөн байна. Энэ бол хоорондоо огт хамааралгүй, хоёр өөр ойлголтыг хольж хутгаж буй хэрэг юм. Хэргийн оролцогч дээд шатанд гомдол гаргаагүй байгаа нь яллагдагчийн эрхийг зөрчиж болно гэсэн үг биш юм. Яллагдагч Ж.Сын хүсэлтэд дурдагдсан, нягтлан бодогч, менежер нарыг гэрчээр асууснаар яллагдагч нь 100.000.000 төгрөгийг авахдаа анхнаасаа хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулж мөнгийг нь авсан эсэх, эсвэл үнэхээр дэд станц барих гэж байгаа үнэн бодит нөхцөл байдлаа тайлбарлаж хэлээд мөнгийг авсан байна уу гэдгийг тогтоох ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхийг давхар нотлох, бас яллагдагчийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Гэтэл прокурор хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэж буй нь хэт өрөөсгөл болжээ.

Эсэргүүцлийн 4 дэх хэсэгт “...хэлэлцүүлгийн явцад хавсралт хэсгийг зассан талаар тайлбарлаж, хавсралтыг яллагдагчид гардуулах талаар байр сууриа илэрхийлсэн болно.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлтийг шүүхийн шатанд дахин яллагдагчид гардуулж өгөх талаар ямар ч заалт байхгүй. Хууль тогтоогчоос яллах дүгнэлтийн алдааг засуулах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлуулж болохоор заасан боловч шүүхийн шатанд улсын яллагч яллах дүгнэлтээ засаад дахин яллагдагчид гардуулж өгөх талаар зохицуулалт байхгүй юм. Харин урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх гэсэн 3 төрлийн шийдвэр гарч болохыг л хуульчилсан. Эдгээр 3 төрлийн шийдвэр хэрхэн гарах зохицуулалт дотор мөн ялгаагүй яллах дүгнэлтээ засаад дахин гардуулах талаар үг үсэг байдаггүй.

Эсэргүүцлийн 5 дахь хэсгийн агуулга нь бүхэлдээ, хэргийг шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой, нотолбол зохих нөхцөл байдлуудыг тогтоогдсон гэсэн агуулгатай болжээ.

Яллагдагч Ж.С нь хохирогч Х.М-Ээс мөнгө авахдаа анхнаасаа үнэн бодит байдлаа хэлээд мөнгийг нь авсан байдаг. Өөрөөр хэлбэл, дэд станц барих гэж байгаагаа хэлээд 100.000.000 төгрөг авсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж заасан байдаг. Энэхүү заалтаас дүгнэхэд гэмт этгээд хөрөнгийг авахаас өмнө эхлээд хохирогчийг янз бүрийн арга, хэлбэрийг ашиглаж төөрөгдөлд оруулсны үндсэн хөрөнгийг нь авах ёстой болох нь тодорхой байна.

Харин Ж.Сын тухайд анхнаасаа хохирогч Х.М-Эг ямар нэгэн байдлаар хуурч, зохиомол байдал үүсгэж төөрөгдөлд оруулаагүй, харин эсрэгээрээ бүх үнэнээ хэлээд мөнгө авсан, ингээд мөнгө авснаар түүний бусдыг залилсан байж мэдэх үйлдэл төгссөн. Энэ үйл явдлын дараа, дэд станцыг барьсны эхний хөлс мөнгө орж ирэхэд Ж.С нь Х.М-Эд төлөх ёстой мөнгөө эргүүлж өгөөгүй. Гэтэл энэ мөнгөө өгөхгүй байгаа, үйлдэл нэгэнт төгссөний дараа өрнөж буй үйл явдлыг прокурор гэмт хэрэг хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл прокурор Б.Оюунцэцэг нь залилах гэмт хэргийн хохирогч төөрөгдөлд орсны улмаас хөрөнгөө алддаг болохыг, бас залилах гэмт хэрэг хэзээ төгсдөг вэ гэдгийг ойлголгүйгээр бусдыг яллаж байгаа юм. Хэргийн нөхцөл байдал ийм байгаа тул анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоо хэмээн хэргийг буцаах нь зүйд нийцсэн шийдвэр бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Учир нь, Ж.Сын зээлж авсан 100.000.000 төгрөгийг нягтлан болон хангамжийн менежер нар хүлээж авч зарцуулдаг болох нь хэргийн 137 дахь талд авагдсан мэдүүлгээс харагддаг. Үүний дагуу тухайн гэрчүүдийг асуулгах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан боловч эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Яллагдагч Ж.Сын хүсэлтэд дурдагдсан нягтлан бодогч, хангамжийн менежер нарыг асууснаар 100.000.000 төгрөгийг анхнаасаа хохирогчийг хуурч төөрөгдүүлж мөнгийг нь авсан уу, эсхүл дэд станц барих гэж авсан уу гэдгийг нотолж, миний үйлчлүүлэгчийн хэргийг цагаатгах гол баримт болох байсан. Мөн гэрч нараас мэдүүлэг авах нь яллагдагчийн мэдүүлгийг шалгаж байгаа давхар ажиллагаа болох бөгөөд яллагдагчийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Тиймээс прокурор хэргийн зүйлчлэлд ямар ч өөрчлөлт орохгүй мэтээр дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт юм. Хэрэгт гэрч М.От хууль сануулж мэдүүлэг авсан байхад худал мэдүүлэг өгсөн. Түүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах ёстой. М.О автомашин шилжүүлж өгсөн гэж мэдүүлсэн ч бодит байдал дээр ямар ч автомашин шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Тиймээс Ж.С, М.О нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, хэрэгт албан ёсоор цуглуулж бэхжүүлэх ёстой гэж үзэж байна. Прокурор хэлбэрийн шаардлага гаргасан алдаануудаа гэм буруугийн хуралдаанд засаж гардуулъя гэсэн байр суурийг урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугийн хуралдаанд яллах дүгнэлтийг засаж оруулж болно гэсэн заалт байхгүй болохыг шүүх анхаарч үзэх ёстой. Яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчийн нэр, хэргийн дугаарыг буруу бичсэн байснаа шүүхийн шатанд засъя гэсэн мөрдөгч, прокурорын алдааг хаацайлж шүүх засаж, хэргийг шийдвэрлэвэл цаашид олон хэрэг дээр оролцогчийн эрх зөрчигдөх болно. Үүнийг заавал мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Хохирогч Х.М-Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт намайг оролцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй явуулсанд гомдолтой байна. Процедурын үг, үсгийн алдаанд үндэслэж хэргийг буцаах нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх ёстой. Гэтэл шүүгчийн захирамжид “оролцогчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй байна” гэсэн боловч хийгдэх ажиллагааг бичээгүй. Өөрөөр хэлбэл, ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна гэсэн. Мөн “хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлж, хүсэлт гомдлыг шийдвэрлэх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл ямар эрх нь зөрчигдсөн талаар тодорхойлсон зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд үг, үсгийн шинжтэй алдаа гарсан байсныг прокурор шүүх хуралдаанд зөвтгөх талаар хэлсэн ч шүүх хүлээж аваагүй. Өмгөөлөгчийн үзэж байгаагаар шүүгчийн захирамж ерөнхий байдлаар бичигдсэнээс гадна хэт яллагдагчийн эрх ашгийг хамгаалсан байсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах Эрүүгийн хуулийн үндсэн зорилтын хүрээнд хэргийг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй. Яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан олон хүсэлт дотроос шүүх алийг нь хангасан, бүхэлд нь хангасан бол ямар ажиллагааг яаж хийх талаар тодорхой бус, биелүүлэхэд ойлгомжгүй захирамж гаргасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Ст холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ, прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ж.Ст холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Тухайн хэргийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.” гэж заасан бөгөөд хохирогчоор Х.М-Эг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь 1 хуудас /хх 7/ байх ба Х.М-Эд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, тэрээр ойлгосон болохоо илэрхийлж гарын үсгээ зурсан байх тул энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй юм.

Харин прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад “...яллагдагч Б.Болормаад холбогдох...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг хойшид анхаарвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1318 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Ст холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Ж.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.МӨНХӨӨ

               ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ