Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: А.Амгалан

Шүүгдэгч: Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Цэцэгжаргалын Бат-Эрдэнэ, Цагаан овогт Буянжаргалын Буянбат, Нарангийнхан овогт Отгоны Өсөхжаргал нарт холбогдох 201716010068 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөг, засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг, Шар довын 7-21 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Цэцэгжаргалын Бат-Эрдэнэ, /РД: КЖ91011610/

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан овогт Буянжаргалын Буянбат /РД: КБ91042914/

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Нарангийнхан овогт Отгоны Өсөхжаргал, /РД: ЗИ91011731/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахай зорилгоор иргэн Т.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 70-83 ӨМӨ улсын дугаартай УАЗ 22069033 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2017 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болон мөн сарын 18-наас 19-нд шилжих шөнө давтан үйлдлээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бидний Зам” ХХК-ийн эзэмшлийн контейнерийн цоожийг лопатик төмрөөр хөшиж эвдэн, дотроос нь Дүмпүү маркийн ус зөөдөг автомашины 3 ширхэг дугуй, 1 ширхэг компрессор, 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг гагнуурын аппарат, 200 литр гидрийн шингэн, 4 савтай техникийн масло зэргийг, мөн тус аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн Хяр хармагтай гэх газарт оршин суух иргэн С.Октябрийн эзэмшлийн худгийн байшингаас 8 вольтын хүчин чадалтай генератор 1 ширхэгийг, тус Могойт багийн Нүхэн хар овоо гэх газарт оршин суух иргэн Г.Жаргалын эзэмшлийн худгийн сендвичин байрнаас хагас автомат угаалгын машин 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг, 3 пазын кабель утас 12 метр, олон залгуур 1 ширхэг зэргийг хулгайлж, бусдад нийт 5.798.000 /таван сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөгийн шууд хохирол буюу “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ”2017 оны 3 дугаар сарын 08-нд Өсөхжаргал, Буянбат бид 3 хоорондоо ярилцаж байгаад С.Октябрийн худгийн байшингаас генераторыг аваад буцаад явж байхдаа “Бидний Зам” ХХК-ийн кемпээс 3 дугуй авсан. 3 дугаар сарын 09-ний өдөр дугуйнуудыг Болдсүх гэдэг хүнд 350,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 18-нд Жаргал гэж хүний худгийн сендвичин байрнаас хагас автомат угаалгын машин, цахилгаан таслагч, 3 пазын кабель утас 12 метр, олон залгуур аваад, цаашаа яваад “Бидний Зам” ХХК-ийн кемпээс компрессор, цахилгаан үүсгүүр, гагнуурын аппарат, 200 литр гидрийн шингэн, 4 савтай техникийн масло зэргийг аваад Уурхайн аман дээр очиж Оюунцэцэг гэдэг хүнд 1,450,000 төгрөгөөр зарсан. Бид гурав ингэж явахдаа Буянбатын аавын цагаан саарал өнгийн 70-83 ӨМӨ дугаартай фургон машинаар явж байсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Буянбат мэдүүлэхдээ:”2017 оны 3 дугаар сарын 08-нд Өсөхжаргал, Бат-Эрдэнэ бид 3 хоорондоо ярилцаж байгаад “Бидний Зам” ХХК-ийн кемпээс 3 дугуй аваад 09-ний өдөр Болдсүх гэдэг хүнд 350,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 18 нд “Бидний Зам” ХХК-ийн кемпээс компрессор, цахилгаан үүсгүүр, гагнуурын аппарат, 200 литр гидрийн шингэн, 4 савтай техникийн масло зэргийг аваад Цогтцэций суманд очоод Оюунцэцэг гэдэг хүнд 1,450,000 төгрөгөөр зарсан. Худгийн байшингаас генератор, худгийн сендвичин байрнаас хагас автомат угаалгын машин, цахилгаан таслагч, 3 пазын кабель утас 12 метр, олон залгуур аваад буцаад явж байхад миний машины мотор цохиод эвдэрсэн. 70-83 ӨМӨ дугаартай фургон машинаа Баян-Овоо сум руу авч очсон. Тэнд Баян-Овоогийн цагдаагийн төлөөлөгчид баригдаад, бид гурав Ханбогд суманд ирсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Өсөхжаргал мэдүүлэхдээ:” 2017 оны 3 дугаар сарын 08-нд Буянбат, Бат-Эрдэнэ бид 3 хоорондоо ярилцаж байгаад “Бидний Зам” ХХК-ийн кемпээс 3 дугуй, аваад 09-ний өдөр Болдсүхэд 350,000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 18-нд “Бидний Зам” ХХК-ийн кемпээс компрессор, цахилгаан үүсгүүр, гагнуурын аппарат, 200 литр гидрийн шингэн, 4 савтай техникийн масло авсан. Айлын худгийн байшингаас генератор, худгийн сендвичин байрнаас хагас автомат угаалгын машин, цахилгаан таслагч, 3 пазын кабель утас 12 метр, олон залгуур 1 ширхэгийг аваад Уурхай дээр очиж Оюунцэцэг гэдэг хүнд 1,450,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би Цогтцэций суманд дээр үлдсэн. Буянбат, Бат-Эрдэнэ 2 Ханбогд руу Буянбатын аавын фургон машинаар явсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цогтгэрэлийн мэдүүлэгт: “...Манай компани Баян-Овоо сумын нутагт баригдаж байсан төмөр замын далангийн суурь тавих ажлыг 2012-2014 оны хооронд хийж гүйцэтгэж байсан... кемп дээр 2 контейнор байдаг... кемп дээр байдаг техникүүдийн сэлбэг, тос, масло зэргийг хийсэн байсан контейнорын цоожийг эвдсэн байдалтай байсан, дотогш орж эд зүйлсийг бүртгэж үзэхэд компресор 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Дүмпүү маркийн ус зөөдөг автомашины 3 ширхэг шинэ дугуй, тог гаргагч мотор 1 ширхэг, 18 литрийн савтай масло 4 ширхэг, гидрийн шингэн 200 литр зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан... хулгайд алдагдсан эд зүйлсээ авсан тул одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснээр /Хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Жаргалын мэдүүлэгт: “...Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн Нүхэн хар овооны гүн өрмийн худгийн байшин дотроос 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр очиход угаалгын машин, дунд гарын цахилгаанаар ажилладаг тасдагч багаж, орос цахилгааны утас 12 метр, олон залгуур, 6 литр масло зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан...” гэснээр /Хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Октябрийн мэдүүлэгт: “...Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг Хяр хармагтай гэх газар байдаг гүн өрмийн худгийн 8 вольтын цахилгаан үүсгэгч моторыг 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хулгайд алдчихсан...” гэснээр /Хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Оюунцэцэгийн мэдүүлэгт: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна намайг уурхайн аман дээр гэртээ байхад гурван залуу орж ирээд юм худалдаж явна, та авах уу гэж асуухаар нь... гэрээс гараад үзсэн чинь 200 литрийн пошигтой гидрийн шингэн, 4 ширхэг масло, гагнуурын аппарат, компресор, тог гаргагч мотор зэрэг зүйлсийг саарал өнгийн фургон машинд аччихсан явж байсан... манай кемп нүүж байгаа гэж хэлээд бөөнөөр нь 1.450.000 төгрөгөөр авчих гээд байхаар нь авсан... би тэр гурван залуугаас 1.450.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй...” гэснээр /Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэний мэдүүлэгт: “...Манай хүү Б.Буянбат 2017 оны 02 дугаар сард надаас миний 70-83 ӨМӨ улсын дугаартай автомашиныг Замын-Үүд рүү хүн зөөж шинэлгээ хийнэ гэж аваад явсан бөгөөд түүнээс хойш хэрэгт орсон байсан. Би уг машиныг Гантулга гэх хүнээс 4 жилийн өмнө 10.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед нэрээ шилжүүлж авна гээд зав болохгүй өнөөдрийг хүрсэн юм...” гэснээр /Хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ганзоригийн мэдүүлэгт: “...Би 2017 оны 3 дугаар сарын сүүлээр компанийхаа механик инженер Цогтгэрэлийн хамтаар Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байх кемп дээр ирсэн... тэгээд очоод эд зүйлсээ бүртгээд үзсэн чинь цоожтой контейнорт байсан...эд зүйлс хулгайд алдагдсан байсан... 3 ширхэг дугуй шинэ, 4 ширхэг масло шинээрээ, поошигтой гидрийн шингэн шинээрээ байсан бусдыг нь хуучин ашиглаж байсан...” гэснээр /Хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгончулууны мэдүүлэгт: “...Би Бидний Зам ХХК-ийн Баян-Овоо сумын нутагт байх кемпийн манаачийн ажлыг хийдэг юм...2017 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед кемп дээр очиход машины мөр гарсан байхаар нь юун мөр байдаг билээ гэж бодоод кемп дээр байдаг 2 контейнороо шалгаж үзсэн чинь баруун талын контейнорын цоож нь байхгүй болчихсон, контейнорын хаалгыг хаачихсан байсан... тэгээд би өөрөө цоож олоод контейнорыг цоожилсон. Тэгээд дараа нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өглөө кемп дээр яваад очсон чинь 2 контейнорын цоожийг эвдсэн байхаар нь дахиад Цогтгэрэлд утсаар ярьж мэдэгдсэн...” гэснээр /Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гантулгын мэдүүлэгт: “...Би энэ машиныг 2013 онд Батхуяг гэж хүнээс худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан юм. Түүнээс хойш өөрөө жил гаран эзэмшиж байгаад 2014 онд нутгийн танил Т.Мөнх-Эрдэнэ гэж хүнд зарчихсан юм. Түүнээс хойш шилжүүлэг хийлгэх гээд амжихгүй зөрөлдөж явсаар өдий хүрч байна. Тэгэхээр энэ машиныг би зарчихсан учир одоо надад хамааралгүй болсон...” гэснээр /Хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Болдсүхийн мэдүүлэгт: “...2017 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 11.00 цагийн үед Буянбат миний дугаарлуу өөрийн утаснаас залгаж 10*20-той дугуй 3 ширхэг байна авах уу гэсэн. Би надад бол хэрэг байхгүй би хүнээс асуугаад өгье гэж хэлсэн... тэгээд 18 цаг өнгөрч байх үед 7083 ӨМА улсын дугаартай саарал өнгийн фургон машинтай хашаанд орж ирээд зогссон машинаас Буянбат мөн Өсөхөө бас нэг танихгүй залуу гурав бууж ирсэн би тэд нарт 350.000 төгрөгийг Амарболдын данснаас Өсөхбаярын дансруу шилжүүлээд дараа нь тэр гурав 3 ширхэг дугуйг машинаас буулгаж гражид хийгээд явцгаасан...” гэснээр /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

 “Хөрөнгө-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн №108/01 дугаартай “...Нийт дүн 458.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн №107/01 дугаартай “...Нийт дүн 4.760.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн №109/01 дугаартай “...Нийт дүн 580.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2-274 дугаартай “...2009 онд үйлдвэрлэгдсэн УАЗ 22069033 маркийн автомашин тус суманд 2017 оны 6 дугаар сарын байдлаар 1 ширхэг нь 8.000.000 төгрөгийн үнэтэй байсан болно...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ үгүйсгээгүй өгсөн мэдүүлгүүд /Хавтаст хэргийн 61-62, 64-66, 69-70, 87-89, 91-93, 95-97 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 71-85 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 115-121 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 112/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 100/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 102/, хохирол, төлбөр төлсөн баримт,

Шүүгдэгч Б.Буянбатын хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 113/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 99/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 104/, хохирол, төлбөр төлсөн баримт,

Шүүгдэгч О.Өсөхжаргалын хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 111/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 98/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 101/, хохирол, төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нар нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн Т.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 70-83 ӨМӨ улсын дугаартай УАЗ 22069033 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2017 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болон мөн сарын 18-наас 19-нд шилжих шөнө давтан үйлдлээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бидний Зам” ХХК-ийн эзэмшлийн контейнерын цоожийг лопатик төмрөөр хөшиж эвдэн, дотроос нь Дүмпүү маркийн ус зөөдөг автомашины 3 ширхэг дугуй, 1 ширхэг компрессар, 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг гагнуурын аппарат, 200 литр гидрийн шингэн, 4 савтай техникийн масло зэргийг, тус аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн Хяр хармагтай гэх газарт оршин суух иргэн С.Октябрийн эзэмшлийн худгийн байшингаас 8 вольтын хүчин чадалтай генератор 1 ширхэгийг, тус Могойт багийн Нүхэн хар овоо гэх газарт оршин суух иргэн Г.Жаргалын эзэмшлийн худгийн сендвичин байрнаас хагас автомат угаалгын машин 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг, 3 пазын кабель утас 12 метр, олон залгуур 1 ширхэг зэргийг хулгайлж, бусдад нийт 5.798.000 /таван сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Иймд шүүдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лопатик төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох 70-83 ӨМӨ улсын дугаартай УАЗ 22069033 Фургон маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Т.Мөнх-Эрдэнэд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Тайж овогт Цэцэгжаргалын Бат-Эрдэнийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Цагаан овогт Буянжаргалын Буянбатыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Нарангийнхан овогт Отгоны Өсөхжаргалыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

Шүүгдэгч Цэцэгжаргалын Бат-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх ялаар,

Шүүгдэгч Буянжаргалын Буянбатыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх ялаар,

Шүүгдэгч Отгоны Өсөхжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нар нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Бидний зам” ХХК-д 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогтгэрэлд гидрийн шингэн 200 литр, масло 4 сав, компрессор 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, тог гаргагч мотор 1 ширхэг,

Хохирогч Г.Жаргалд хагас автомат угаалгын машин 1 ширхэг, цахилгаан тасдагч буюу грендерь 1 ширхэг, гурван пазын кабель утас 12 метр, 5 метрийн урттай олон залгуур 1 ширхэг,

Хохирогч С.Октябрьт 800,000 /найман зуун мянга/ төгрөг,

Иргэний нэхэмжлэгч А.Оюунцэцэгт 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хүлээлгэж өгсөн, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 см урттай, автомашины дугуй задлах зориулалттай, муруй хэлбэртэй 1 ширхэг лопатик төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 70-83 ӨМӨ улсын дугаартай УАЗ 22069033 Фургон маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Т.Мөнх-Эрдэнэд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бат-Эрдэнэ, Б.Буянбат, О.Өсөхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН