Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2017/0265

 

 

 

 

 

 

 

 

Д.Чимэддагвагын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Чимэддагва, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд Улаанбаатар хотын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Б.Анирмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Чимэддагвагын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр хотхоны 44а байрны 17 тоот, 128.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44а байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Чимэддагва миний нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Чимэддагвын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 17 тоотод байрлах, 4 өрөө орон сууц, 44-ийн А, Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолыг Д.Чимэддагвын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.Чимэддагвын нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блю-Скай хотхоны 44А байрны 17 тоот, 128.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44А байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Д.Чимэддагвыг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 084 тоот шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Капитрон банк эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч бүртгэлийн байгууллагыг буруутгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “энэ хуулийн 14.1-т зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан. Харин мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасан бөгөөд уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.9 хүртэл нийт 9 үндэслэлийн аль нэг нь байгаа нөхцөлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж болохоор хуульчилсан байхад шүүх уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг баримталж, “Мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана гэсэн үндэслэл тогтоохгүй байна” гэж дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол” 14.1.5 “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол 14.1.6 “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 14.1.9 “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” зэрэг хуулийн заалтуудыг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, өмчлөгчөөр бүртгэх боломжгүй тухай мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл уг хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар “Мфикскапитал” ХХК бүртгэлтэй, Капитрон банкны 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ” болон 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрх хүчинтэй байгаа учир барьцаалагч этгээдийн зөвшөөрөл авах болон уг 44А байрны 175 тоот автозогсоолын эрхийн улсын бүртгэлд хөдөлгөөнд нь хязгаарлалт хийсэн эрхийн акт бүртгэлтэй байгаа зэрэг үндэслэлүүдээр бүртгэхээс татгалзсан байхад эдгээр үндэслэлүүдийг хуулийн аль зохицуулалтаар буруутгаж, хууль бус байгааг тайлбарлахгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болсон байна.

2. Шүүх шийдвэртээ “Бүртгэлийн байгууллага нь Д.Чимэддагвыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Чимэддагвын мэдүүлгийг хүлээн авч, маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг Д.Чимэддагвын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгох хууль зүйн боломжтой байх баД.Чимэддагвын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцээгүй байна” гэжээ.

Иргэн Д.Чимэддагва нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/00776 тоот захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Ийнхүү өмчлөгчөөр тогтоогдсон шүүгчийн захирамжийг үндэслэн иргэн Д.Чимэддагва нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр xopoo, “Блю Скай” хотхоны 44А дугаар байрны зоорийн 175 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан болно. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг уг хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд гаргаж, хуульд заасан хавсаргавал зохих материалыг хавсаргах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.Чимэддагва мэдүүлэг гаргах үед тухайн орон сууц болон автозогсоолын улсын бүртгэлд Капитрон банкны барьцааны эрх 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүртгэлтэй байсан болно. Ийнхүү барьцааны эрх хууль ёсны дагуу бүртгэлтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны зохицуулалтын дагуу Д.Чимэддагва нь уг барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ хуульд заасан журмын дагуу барьцаалагч этгээд болох Капитрон банкны зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж, түүнийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх үүрэгтэй байна.

Нөгөө талаараа хуулийг хэлбэрлэлтгүй сахиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага болох бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу барьцаалагч этгээдээс зөвшөөрөл авч, мэдүүлэгт хавсаргаж өгөхийг шаардах үүрэгтэй юм.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн зүгээс уг асуудалд чухам ямар үндэслэлээр буруу тохож, хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гээд 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ”, 20.1.4-т “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан”, 20.5-т “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан байдаг.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох 44А байрны 175 тоот автомашины зогсоолын өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарч, хөдөлгөөнд нь хязгаарлалт хийх тусгай тэмдэглэл хийсэн учир бүртгэх боломжгүй хэмээн тайлбарлаж байхад уг асуудалд ямар ч дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Хуульд заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн байхад хөдөлгөөн хийсэн тохиолдолд бүртгэлийн байгууллага эргээд хууль зөрчсөн үндэслэлээр буруутгах боломжтой байхад шүүхийн зүгээс уг асуудалд огт дүгнэлт өгөхгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллагыг хууль зөрчиж бүртгэлд өөрчлөл хийхийг даалгаж буй нь буруу байна.

3. Шүүх шийдвэртээ “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн T07/141 тоот Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээгээр маргаан бүхий орон сууц, автомашины зогсоолыг Капитрон банк ХХК-д барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлснээс цаг хугацааны хувьд хойш, дараа нь нэхэмжлэгч Д.Чимэддагва нь Мфикс капитал ХХК-тай 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” дугаар 150 тоот гэрээг байгуулсан, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00776 дугаартай шүүхийн шийдвэр гарч хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бол барьцааны гэрээгээр барьцааны эрх үүсгэж буй явдал. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс иргэний өмчлөх эрхийг зөрчин барьцааны эрх үүсгэсэн мэт дүгнэсэн байна. Гуравдагч этгээд Капитрон банк Захиргааны хэргийн энэхүү шийдвэрийн улмаас хохирч зээлийн гэрээний барьцааны эрхээ хангуулах боломжгүй байдал үүсч байгааг Шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй буруутган тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 084 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр хотхоны 44а байрны 17 тоот, 128.4 м.кв талбай бүхий орон сууц, 44а байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Чимэддагва миний нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн “44а байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолтой холбогдох хэсгийг” хүчингүй болгуулах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Чимэддагва нь “Мфикскапитал” ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Blue sky хотхоны 44а байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашин зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн барагдуулсан байна.

Маргаж буй 175 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 776 дугаар шийдвэрээр Д.Чимэддагвыг тогтоосныг үндэслэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дээрх авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргахад хариуцагчаас 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр татгалзсан хариу өгсөн байна.

Учир нь “Мфикскапитал” ХХК нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Blue sky хотхоны 44А, Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашин зогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014142 дугаарт тус тус бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Улмаар “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаар зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйлд маргаан бүхий авто зогсоолыг “Капитрон банк” ХХК-д барьцаалсан байна.

Нэхэмжлэгчийг 2016 онд 175 тоот автозогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандах үед уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр 2010 оны 05 сард бүртгэгдсэн байсан бөгөөд уг өмчлөх эрхийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-д барьцаалсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 (түүнтэй холбоотой бусад эрх) дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ.

Тиймээс хариуцагчаас мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсныг захиргааны хууль бус үйлдэл гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар 175 тоот автозогсоолын өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө үүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “Капитрон банк” ХХК-аас зөвшөөрөл ирүүлсэн тохиолдолд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад хуулиар үүрэг болгосон байна.

175 тоот автозогсоолын өмчлөх эрх “Мфикс капитал” ХХК-аас Д.Чимэддагвад шилжих асуудлаарх эдгээр 2 этгээдүүд хоорондын иргэний эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-ийн зохицуулалт нь уг үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4-т заасны дагуу “барьцааны эрх үүсч”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу бүртгүүлсэн барьцааны бүртгэлийг зөрчиж, барьцаалагчийн зөвшөөрөлгүй улсын бүртгэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд иргэн Д.Чимэддагвын сүүлд гаргасан мэдүүлгийн дагуу уг бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийснээр эрх нь хөндөгдөх этгээдийн зөвшөөрөлгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулах нь хууль зүйн хувьд боломжгүй байгаа учир гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг” гэж өөрчилж, “44 А, Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолыг” гэсэн хэсгийг хасч, “2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 19 дүгээр зүйлийн 19.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр хотхоны 44а байрны зоорийн давхарт байрлах 175 тоот автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Чимэддагвагын улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн” давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ