Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 74

 

Р.А-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга,

 Согоот багийн иргэдийн Нийтийн Хуралд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

Х.Батсүрэн,

Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:         П.Соёл-Эрдэнэ, 

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.А-д холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн Р.М-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,     

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0791 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ү.А,

Гуравдагч этгээд Р.М-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 04 дугаар тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.А-д холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн Р.М-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0791 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад:

3. Тус багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн бүртгэлээс 6 хүн гадны харьяалалтай хүн оролцсон болохыг анхан шатны шүүх дүгнэсэн. Энэхүү дүгнэсэн баримтыг үндэслэхдээ 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналд оролцох иргэдийн бүртгэл хийсэн иргэдийн бүртгэлээс тогтоосон. Уг ирцийн бүртгэлийг үнэн зөв нотлох баримт гэж үзсэн бөгөөд ирцийн бүртгэлд 289 хүн бүртгүүлж, хурал хүчин төгөлдөр эхэлж явагдсан. Засаг даргыг нэр дэвшүүлэн санал хураах үед 224 саналын хуудас тараагдсан нь саналын хайрцгаас гарсан. Энэ хуралд оролцохоор ирсэн хүнээс 60 гаруй хүн санал хураалтад оролцоогүй гарч явсан нь хэрэгт нотлогдсон. Энэ гарч явсан хүмүүс дотор 6 хүн байгаагүй, өөрөөр хэлбэл гараагүй санал хураалтад оролцсон гэж үзэх нотолгоо баримтгүй хирнээ шүүхээс оролцсон гэж үзсэн нь нэг талыг барьж шийдвэрлэсэн, үндэслэлгүй шийдвэр юм.

4. Багийн харьяалалгүй хүн санал өгөхөд оролцсон нь нотлогдоогүй байгаа талаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа “саналын зөрүү бага байгаа нь “нөлөөлсөн” гэж үзэх үндэслэл болоод байна” гэж хийсвэр дүгнэлт хийсэн.

5. Тухайн хурлын зохион байгуулалт ирц бүртгэх, иргэдийг оруулах, оруулахгүй зэрэг бүх процессыг тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Р.А болон түүний ажлын алба зохион байгуулсан бөгөөд багийн харьяалалгүй иргэн оруулсан нь зохион байгуулалттай гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хурлын хуралдааны дараагаар илт өөр зүйл ярьж, шинээр сонгогдсон багийн Засаг дарга миний нэр төрд халдаж, хүчингүй хурал болсон гэх мэт мэдээлэл олон нийтэд хүргэж, төрийн ажлыг саатуулж, шүүхэд дуудуулсан, хувийн эрх ашигт халдсан зэрэг нь нэхэмжлэгч Р.А зөвхөн өөрийн хувийн эрх ашгаа бодож шүүхийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн зэрэг нь харагдаж байна.

6. Хэрэгт саналын хуудсыг битүүмжлэлтэй чигээр нь анхан шатны шүүх хэрэгт судлахаар татан авсан гэх боловч хэрэгт судлаагүй атлаа санал өгсөн тоон дээр маргалдаад байгаа нь ойлгомжгүй юм. Хэрэв санал өгсөн гэж үзвэл багийн Засаг даргаар ажиллаж буй Р.М, нэхэмжлэгч Р.А-ийн алинд санал өгсөн нь мөн тодорхойгүй юм.

7. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд иргэдийг оруулахдаа иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, шилжин ирсэн нарийн хуудсыг шалган хуралдаанд оруулж хурал явагдсаар ирсний дагуу тус хуралд мөн адил шалгуураар иргэд хуралд оролцсон бөгөөд уг ажлыг удаа дараа тус багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Р.А болон түүний ажлын алба зохион байгуулж ирсэн нь өөр ямар нэгэн шалгуураар шалгаж, яг тухайн хуралд гадны харьяалалтай иргэн орсон үгүйг мэдэх боломжгүй, мөн гадны харьяалалтай гэх Р.Б нь тус багийн Ахмадын зөвлөлийн даргын ажил хийдэг хүн зэрэг нь нотлогдож байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 2 дахь заалтыг анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэгч нь сумын Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол, сумын Засаг даргаар томилсон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Засаг даргад нэр дэвшигч нь иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн санал аваагүй байхад түүнийг нэр дэвшүүлж, хууль зөрчсөн, өөр багийн иргэдийг хуралд оролцуулсан” гэж тодорхойлжээ.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар  хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Засаг даргаар томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох байна. Тухайн тохиолдолд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд нийт 289 иргэн ирснээр бүртгүүлсэн боловч зарим иргэд нь хуралдааныг дуусгалгүй орхиж явснаар, санал хураалтад нийт 224 иргэн оролцсон, үүнээс гуравдагч этгээд 108, нэхэмжлэгч 104 хүний санал авсан, хүчингүй санал 12 болох нь хэрэгт авагдсан Тооллогын комиссын тогтоол, ирцийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогджээ.

11. Эндээс тухайн санал хураалтад оролцсон 224 хүний олонхийн саналыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь авч чадаагүй болох нь тодорхой байх бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

12. Гуравдагч этгээдийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг бүрэн дүүрэн шийдвэрлэх боломжтой байна. Учир нь дээр дурдсанаар олонхийн саналыг тухайн санал хураалтад оролцсон нийт 224 хүнээс тооцоход нэр дэвшигч нараас хэн нь ч 113 хүний санал аваагүй учраас “өөр багийн 6 иргэн тухайн санал хураалтад орсон эсхүл санал хураалтад оролгүйгээр хуралдаанаас гарч явсан” гэдгийг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй юм.

13. Эдгээр 6 иргэн нь Согоот багийн харьяалалгүй болох нь иргэдийн Нийтийн хуралдаан болсон 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдээгүй, тухайн өдрийн хуралдаанд хэлэлцэгдээгүй, хожим шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бөгөөд шүүхээс маргаан бүхий тогтоолыг хянахдаа зөвхөн тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл баримтын хүрээнд дүгнэж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгах зарчимтай. Энэ зарчмын дагуу шалгахад тухайн өдрийн хуралдаанд Засаг даргад нэр дэвшигч нар нь хэн аль нь олонхийн санал авч чадаагүй, гуравдагч этгээдээс 48%-ийн санал авсан байхад, хүчингүй болсон 12 саналыг нийт саналаас хасч тооцсон алдаатай шийдвэр гаргасан, багийн иргэдийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг шалгаагүй буруутай талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

14. Иймээс гуравдагч этгээдийн гомдлын 5 болон 7 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нь өөрөө Засаг даргаар ажиллаж байхдаа шилжилт хөдөлгөөн хариуцаж байсан, зохион байгуулалттай өөр багийн иргэд оролцуулсан” гэх гомдол нь маргааны үйл баримтад чухал ач холбогдолгүй, гуравдагч этгээдийн хувьд мөн өдрийн хуралдааны үйл явц, ирцийн бүртгэлийг нягтлах, тайлбар гаргах эрх нь нээлттэй байсан.

15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хуралдааныг зохион байгуулахдаа зөвхөн тухайн багт харьяалагдах иргэнийг оролцуулах, холбогдох бичиг баримтыг тулган шалгах, хуралд оролцсон болон хурал дундуур гарч явсан иргэд, санал хураалтад орсон иргэдийн бүртгэлийг тодорхой бүртгэхийг цаашид анхаарах шаардлагатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

16. Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0791 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ      

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ