Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00663

 

“Илчит металл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01198 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 614 дүгээр магадлалтай,

“Илчит металл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Асконт” ХХК-д холбогдох         

           Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 57.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн         

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, Э.Одонтунгалаг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүүгийн гаргасан тайлбарт: “Асконт” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00034 дүгээр гэрээний дагуу манай компаниас нүүрс худалдан авахаар тохирч нүүрс авсан. Компаниуд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд энэ тооцооноос үлдсэн 38 000 000 төгрөгийг төлөхөөр бичгээр зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд “Асконт” ХХК-иас үлдэгдэл төлбөр 38 000 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 19 000 000 төгрөг, нийт 57 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Илчит металл” ХХК болон “Асконт” ХХК нарын хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээний дагуу “Илчит металл” ХХК-ийн нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангахгүй байсан учир “Эрдэнэт үйлдвэр” ХХК хүлээн авах боломжгүй болж улмаар алданги болон хасалт хийж бидэнтэй тооцоо хийсэн. Ойролцоогоор 1.300 орчим тонн нүүрсний үнийн дүнтэй тэнцэх мөнгийг бид нүүрсний чанарын алдангиас хүлээсэн. Иймд тухайн алдагдлыг “Илчит металл” ХХК нэхэмжилж буй үнийн дүнгээс хасч тооцвол зөрүү мөнгийг бид төлөхөд бэлэн байна. Бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01198 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Асконт” ХХК-иас 57 000 000 төгрөг гаргуулж “Илчит металл” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Асконт” ХХК-иас 442 950 төгрөг гаргуулж “Илчит металл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 614 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. “Асконт” ХХК-ийн захирал Г.Нандинцог 2016 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариу тайлбараа өгсөн. Анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг гаргаж, шүүх хуралдааныг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11.00 цагт товлон шүүх хуралдаан хийсэн боловч шүүх хуралдаан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутанд хийхээр хойшилсон. Тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эхний шүүх хуралдаан хойшилж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутанд товлогдсон байхад шүүх хуралдааны товыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэл үйлдсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутын шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэн байна. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас хойш 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн товыг шүүх мэдэгдэх байсан. Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой бөгөөд энэ үүргийг шүүх хүлээдэг. Шүүх хуралдаан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутанд товлогдсон байхад шүүх хуралдааныг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 15 минутанд эхэлж, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эрхтэй байтал анхан шатны шүүх хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Илчит металл” ХХК нь хариуцагч “Асконт” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 19.000.000 төгрөг, нийт 57.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  Хариуцагч  “Асконт” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргахдаа, нэхэмжлэгчийн нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангаагүйгээс 1.300 орчим тонн нүүрсний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр хохирсон, үүнийг хасч тооцсон хэмжээнд зөрүүг төлнө гэж тайлбарлажээ.

Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нүүрс худалдах-худалдан авах гэрээг  байгуулж,  нэхэмжлэгч  буюу худалдагч нь 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 4000-аас доошгүй к/кал.кг, хувийн жин 1.23 тн/м3 шаардлагад тохирсон нүүрс нийлүүлэх, хариуцагч нь нүүрсний суурь үнийг 42.000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-6/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрээний хугацаанд худалдагч нь 10558,9 тонн нүүрс нийлүүлсэн,  2012 оны 01 сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн ба  хариуцагч нь  38 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг 2013 оны 10 сард багтааж төлөхөөр баримт үйлдсэн байна. /хх-5-7/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэж, гэрээний 5.1-т худалдан авагч нь алданги төлөх үүрэгтэй тухай тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаас “нийлүүлсэн нүүрсний чанарын доголдлоос үүссэн зөрүү төлбөрийг хасч тооцуулах” тухай тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад заасан алданги 17 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн алдангид хамаарах хуулийн заалт хэрэглээгүй алдаа гаргасан байхад шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Иймээс хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний нэмэлт оруулна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.        

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 614 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх, гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 дахь” гэж  нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Хариуцагч “Асконт” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 442.950 /дөрвөн зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБЯАР

                                                   ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН