Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 348

 

В.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, Д.Т, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Т.Ө нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалтай, В.Б-д холбогдох 1722001120009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.16, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгүүлсэн, Д овогт В-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч В.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч А.Н-ийн нэхэмжилсэн 35,470,000 төгрөг, мөн хохирогч Э.Д-ийн сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д, А.Н нар өөрт учирсан эрүүл мэндийн хохирол 6,463,000 төгрөгтэй холбогдох хэсэг, иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад өгсөн гэх 1,200,000 төгрөг, хохирогч Э.Д байрны түрээсийн төлбөртэй холбогдох хэсгээ нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-өөс 36,670,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н-т олгож, хохирогч Э.Д-ийн сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 7 дахь заалтаас “иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад төлсөн гэх 1,200,000 төгрөг” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч А.Н-ийн машины хохиролд 35,470,000 төгрөг, бусдад төлсөн гэх 1,200,000 төгрөгийг В.Б-өөс гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдолтой байна. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх А.Н нь тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн хувьд гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд бусдад учирсан эрүүл мэндийн хохиролд 1,200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогджээ гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн атлаа шийдвэр гаргахдаа уг шийдвэрээсээ зөрүүтэй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар В.Б-өөс тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч А.Н-т 35,470,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж” хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл нь гэм хор учруулсан этгээд болон гэм хор учруулсан үндэслэлийн талаар заасан ерөнхий заалт болохоос биш тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хохирол нөхөн төлүүлэх заалт биш юм. Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь бусдад тээврийн хэрэгслээ шилжүүлснээс учирсан гэм хорын хохирлыг төлөхөөр заасан бөгөөд А.Н нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо өөрөө төлөх нь зүйд нийцнэ гэсэн ойлголт гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т хэлсэн саналдаа “...А.Н нь тээврийн хэрэгслээ В.Б-ийн эзэмшилд шилжүүлснээрээ бусдад ямар нэгэн байдлаар гэм хор учирч болзошгүй гэдгийг мэдэж байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П хэлсэн саналдаа “...А.Н-ийн нэхэмжилж байгаа 35,470,000 төгрөг нь бусдад учирсан хохирол бус автомашины өмчлөгч А.Н-ийн өөрийнх нь эд хөрөнгөд учирсан хохирол юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б нь А.Н-ийн хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгийг өмгөөлөгч буруу ойлгож гомдолдоо дурдсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар А.Н нь тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хувьд гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн нь бусад хохирогчид учирсан 1,200,000 төгрөгийг төлснийг хэлсэн бөгөөд харин А.Н-т учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутагт 29 99 УНУ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Д, А.Н, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Э.Д, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

В.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” буюу 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд В.Б-ийг энэхүү гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулахад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй иргэний нэхэмжлэлийн асуудлыг талууд эд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан маргаантай, зайлшгүй эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх шаардлага, нөхцөл бүрдээгүй байхад анхан шатны шүүх “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох”, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийг хангах” байдлаар Иргэний хуулийн зохих заалтуудыг харилцан эсрэг байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас автомашинд учирсан гэм хорын асуудлыг эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамтатган шийдвэрлэх боломжгүй, зайлшгүй шаардлага үүсээгүй байх тул дээрх нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг зааж шийдвэрлэвэл зохино.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч А.Н-ийн нэхэмжилсэн 35,470,000 төгрөг...” гэснийг хасаж, 7 дахь заалтын “...иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад өгсөн гэх 1,200,000 төгрөг...” гэсний дараа “...автомашины эвдрэлтэй холбогдох 35,470,000 төгрөг,...” гэсэн нэмэлт оруулан өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН