| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/04269/И |
| Дугаар | 102/шш2022/03473 |
| Огноо | 2022-10-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/шш2022/03473
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, 00-р хороо, 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Н овогт Г. А /РД:Ч********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Э гудамж, өөрийн байранд байрлах, ДЦС /РД:ЧИ******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,617,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.А нь 1983 онд ДЦС-д Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн хэмжүүрийн засварчнаар ажилд орж тасралтгүй 34 жил 1 сар ажиллаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны Б/77 тушаалын хавсралтад заасан тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох нөхцөлд ажилласан гэж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. ДЦС-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/284 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Г.Ат эрчим хүчний салбарт 34 жил 1 сар ажилласны 26,176,000 төгрөгийн тэтгэмж, ажлаас халагдсаны тэтгэмж 5,839,025 төгрөг тус тус олгохоор болсон. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь 47100**** тоот дансанд 29,397,425 төгрөг шилжүүлж, Хувь хүний орлогын албан татвар суутгасан байна. Эрчим хүчний салбарт тасралтгүй 34 жил 1 сар ажилласны тэтгэмж болох 26,176,000 төгрөг нь нэг удаагийн буцалтгүй тэтгэмж болохын хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна.
Иймд хариуцагчаас хууль зөрчиж суутгасан 2,617,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Г.А нь ДЦСС-0 ТӨХК-д нийт 34.01 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/284 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Компанийн хамтын гэрээний дагуу олгохоор шийдвэрлэсэн 26,176,000 төгрөгийн 10 хувийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлогод татвар ногдуулна гэж заасны дагуу суутган тооцож Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, итгэмжлэл /хх-4/, ДЦС-ийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/284 дугаар тушаал /хх-5/, ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж /хх-6/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга /хх-7/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-9/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-16-17/, Монголын татварын албаны тайлан /хх-18-19/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч ДЦС-д холбогдуулан 2,617,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г.А нь ДЦС-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн хэмжүүрийн засварчны ажлын байранд ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/284 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Ийнхүү нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан ДЦС-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Ат 26,176,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт тооцон 10 хувийг суутган авсан хариуцагч байгууллагын үйлдэл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ... нэхэмжлэгчид олгосон удаагийн мөнгөн тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар татвар ногдох орлогод хамаарна. ...Мөн хувь хүний орлогын албан татварт суутган авсан мөнгийг манай байгууллага татварын албанд шилжүүлсэн тул манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ...Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар тайлбарлан, маргаж байна.
5. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлогод татвар ногдуулна гэж заасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцааны явцад буюу ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхад ажилтан болон түүний гэр бүлд олгож байгаа тэтгэмжид татвар ногдуулах тухай заалт юм.
Нэхэмжлэгч Г.Аийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсны дараа буюу төрийн албанд ажилласан хугацаанаас хамаарч, ажил олгогчоороо дамжуулан төрөөс авч байгаа 1 удаагийн буцалтгүй тусламж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасны дагуу орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарна.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргаагүй, харин Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зөрчсөн үйлдлийн улмаас өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэхүү нэхэмжлэл гаргахад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзлээ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхээр байх тул хариуцагч ДЦС-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарт олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь үндэслэлгүй байна. .
Хариуцагчийн нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс суутган авсан 10 хувийн татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн гэх тайлбар хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
7.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ДЦС-аас 2,617,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ат олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦС-аас 2,617,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ат олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДЦС-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА