| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/06714/И |
| Дугаар | 101/ШШ2022/05299 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/05299
2022 12 15 101/ШШ2022/05299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 00 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 00 тоот хаягт байрлах, В ХХК /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Саруул 000 тоот хаягт оршин суух, Ч овогт Ц. Ё/РД:0000/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,211,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Ц.Ё,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Ц.Ё-той зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид түүний өгсөн захиалгын дагуу зээлээр бараа нийлүүлж, тэрээр хүлээн авсан барааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээн хамтран ажилладаг байсан.
Ц.Ё нь 5 дугаар сард зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр болох 7,222,500 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй байснаас 8,9 сард цувуулан төлсөөр 6,207,500 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Тэрээр уг төлбөрийг 2022 оны 8 сар, 09 дүгээр сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлт гаргасан боловч бүрэн төлж барагдуулаагүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан зээлээр бараа нийлүүлэх гэрээний 6.1-д Харилцагч гэрээнд заасан хугацаанд зээлээр нийлүүлсэн барааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан.
Ц.Ё нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлээр авсан барааны төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор буюу падаанаас падааны хооронд төлөх ёстой байсан. Үүнээс хойш төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн 135 хоног бөгөөд ногдох алданги нь 4,290,062.5 төгрөг болох тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 3,103,750 төгрөг нэхэмжилсэн.
Ц.Ёаас барааны үлдэгдэл 6,207,500 төгрөг, алданги 3,103,750 төгрөг, нийт 9,311,250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр энэ хугацаанд 2,100,000 төгрөг төлсөн.
Иймд Ц.Ёаас барааны үлдэгдэл 4,107,500 төгрөг, алданги 3,103,750 төгрөг, нийт 7,211,250 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Ё шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 4,107,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин алданги болох 3,103,750 төгрөгийг зөвшөөрөхгүй. байна. Учир нь манай гэрт 4 сараас асуудал үүссэнээс болоод ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйгээс төлбөрийг төлөх боломжгүй болсон. Сарын өмнөөс ажил хөдөлмөр эрхлэх болсон.
Иймд үндсэн төлбөр 4,107,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, алданги 3,103,750 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдэлийн баталгаа, талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлээр бараа нийлүүлэх гэрээ, Ц.Ёын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр бараа бүтээгдэхүүн авах хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр барагдуулах хүсэлт, 2022 оны 05 дугаар сарын 04, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт, төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, авлагын товчоо тайлан /2-11, 29-32/,
Хариуцагчаас ирүүлсэн Ц.Ёын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар /хх-ийн 24-26/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ц.Ёад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,207,500 төгрөг, алданги 3,103,750 төгрөг, нийт 9,311,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас нэхэмжилсэн үндсэн төлбөрийн үлдэгдэл 6,207,500 төгрөгийн 2,100,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 4,107,500 төгрөг, алданги 3,103,750 төгрөг, нийт 7,211,250 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн ба хариуцагч нь алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЗБИГ/22-56 дугаартай зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр худалдагч В ХХК нь харилцагчаас өгсөн захиалгын дагуу барааг нийлүүлэх, Ц.Ё нь хүлээн авсан барааны үнийг гэрээнд заасан тодорхой хугацааны дотор төлөхөөр, гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай байхаар тохиролцжээ.
Гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурсан, гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохирсон хугацаанд барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул барааны үлдэгдэл төлбөр 4,107,500 төгрөгийг, гэрээний 6.1-т заасны дагуу тооцсон алданги 3,103,750 төгрөгийн хамт шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, авлагын товчоо тайлан зэргээс үзэхэд талууд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тооцоо нийлсэн баримт үйлдсэн, энэхүү баримтаар төлбөрийн үлдэгдэл 7,222,500 төгрөг болохыг баталгаажуулсан, ийнхүү баталгаажуулснаас хойших хугацааны үлдэгдэл 4,107,500 төгрөг болох нь тогтоогдож байна. /хх-ийн 2,32/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-т Харилцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлээр нийлүүлсэн барааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн хэмжээний алданги төлнө гэж тохиролцжээ.
Хариуцагч Ц.Ё нь алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаас үзэхэд талууд гэрээгээр барааны үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр бичгээр тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-тХууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдагчаас нийлүүлсэн барааг худалдан авагч хүлээн авсан, гэрээгээр тохирсон хугацаанд барааны үнийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх үүргээ худалдан авагч биелүүлээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний 6.1-т заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж үзнэ.
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч нь алданги төлөхгүй гэх татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Нэхэмжлэгч нь төлөгдөөгүй барааны үлдэгдэл төлбөрт хариуцагчаас 6,207,500 төгрөг шаардсан, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,100,000 төгрөгийг төлсөн байх тул тэрээр 4,107,500 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т :...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу шаардсан алданги 3,103,750 төгрөг, нийт 7,211,250 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Ёаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,107,500 төгрөг, алданги 3,103,750төгрөг, нийт 7,211,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ёаас 7,211,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ёаас улсын тэмдэгтийн хураамжид 163,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 163,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ