Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/05375

 

2022.12.20 101/ШШ2022/05375

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Л-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

5,111, 059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Л

Хариуцагч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч М.О /Ү№000/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Л би Б.Бтай 2021 оны 12 сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан бэлэн мөнгөөр 100 хувь төлөлт хийж Хан-Уул дүүргийн 00 хороо, гудамж, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 00 мкв талбайтай 0 өрөө байрыг худалдан авсан. Ингээд худалдах, худалдан авах гэрээнд Б.Б бид гарын үсэг зурж, гэрээг нотариатаар батлуулсан.

Байрандаа ороход цонхоор д******* алддаг, 2 өрөөний салхивч онгойхгүй, 00-ын өрөөний агааржуулагч ажиллахгүй байхаар нь Б.Бд доголдолтой байр байна, байраа буцаая гэдгийг хэлсэн. Тэгэхэд тэрээр ипотекийн зээлээр авсан учир буцаан өгөх мөнгө байхгүй, зар оруулж өгье гэсэн. Тэгээд түүнийг 2022.12.13-ны өдөр хүртэл хүлээсэн,буцаах боломжгүй гээд доголдлыг арилгах 10,000,000 төгрөг өгье гэхээр нь байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэхгүйн тулд мөнгийг авсан. Тухайн үед Б.Баас ашиглалтын болон СӨХ-д төлөх төлбөр байгаа эсэхийг асуухад ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй гэж хэлсэн. Түүний буцаан өгсөн 10,000,000 төгрөг нь доголдолтой холбоотой болохоос биш ашиглалтын зардал тооцно гэж тохиролцоогүй.

Бидний хооронд байгуулагдсан гэрээний 4.8-т дагуу худалдагч тал нь худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой /ус,цахилгаан, д*******, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан.

БХ ОСНААК нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сар хүртэлх хугацааны ус, д*******ы төлбөр 3,489,939 төгрөгийг төлөхгүй бол ус, д*******аар хангахгүй гээд 2022.10 сард ус тасалсан. Манайх аргагүйн эрхэнд 2022.10.31-ний өдөр төлбөрийн тал хэсэг буюу 1,614,000 төгрөгийг төлсөн, ингэж байж усаа залгуулсан, гэхдээ ийнхүү төлсөн талаарх баримтыг авчраагүй.

Мөн Ж******* таун СӨХ-д хүсэлт тавиад төлбөрийг асуухад 2019 оны 5 сараас 12 сар, 2020, 2021 оны төлбөр 1,621,120 төгрөг төлөгдөөгүй гэдэг тодорхойлолт өгсөн, миний бие байр худалдаж авснаас хойших хугацааны зардлыг СӨХ-нд төлж байгаа болно.

Дээрх төлбөрийн талаар Б.Бд хэлэхэд манайд хамааралгүй гэсэн хариу өгсөн. Байрыг зарахдаа ийм хэмжээний төлбөртэй гэдгээ Б.Б надад хэлээгүй, түүнд итгээд би холбогдох газруудаас нь асууж тодруулаагүй юм. Гэтэл Б.Б нь ийм төлбөртэй гэдгийг надад хэлэлгүй нууж дарагдуулан зарсан байна. СӨХ нь надаас дээрх зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн зүйлгүй. огдуулж нэхэмжлэл гаргасан зүйлгүй.

Иймд Б.Баас 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд 3,489,939 төгрөг,

2019 оны 5 сараас 2021 оны 11 сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардалд 1,621,120 төгрөг, нийт 5,111,059 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өмгөөлөгч М.О-ын хамт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Лын 5,111,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь Б.Лд 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, гудамж,0 дугаар байр, 0 тоот 0м.кв 0 өрөө орон сууцыг нийт 147,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Орлогын 2 хувийн татвараа багасгахын тулд орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Б.Л зөвшөөрсөн тул энэ дүнгээр гэрээг байгуулсан.

Байрыг худалдан авахдаа Б.Л нь ээж, дүү нарынхаа хамт ирж үзээд худалдан авсан, энэхүү байр нь ипотекийн зээлтэй байсан тул ипотекийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 72,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 75,500,000 төгрөгийг 5 хувааж төлсөн болно. Байрыг үзэхээр хамт явж байхад нь СӨХ-ийн даргатай хажууд нь утсаар ярьж, СӨХ-ийн төлбөр худалдан авагчид хамааралгүй, өмнө биллиард ажиллуулж байсан аж ахуйн нэгжийн төлбөр болохыг нь тодруулаад түүнд хэлж байсан.

Худалдах, худалдан авах гэрээ хийсэн өдрөө бүх төлбөр төлөгдсөн тул байрны түлхүүрийг Б.Лд хүлээлгэн өгсөн, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээгээ өгснөөр бидний хоорондох үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагаа дуусгавар болсон.

Б.Л нь байранд орсноос хойш хэд хоногийн дараа утсаар залган, уулзах хэрэгтэй байна, байрны цонх сийгэж байна, салхивч онгойхгүй, агааржуулалт ажиллахгүй, гадагшаа хаалга гаргана гэм мэт цоо шинэ барилга хүлээж авсан мэт шаардлага гаргасан. Мөн өмнө төлөгдөөгүй байсан ус, д*******ы буюу ашиглалтын төлбөр болох 3,484,439.22 төгрөгийг зайлшгүй төлөх ёстой гэсэн. Ингээд бид 2021.12.14-ний өдөр уулзаж, дээрх нөхцөл байдлыг доголдол гэж үзэн 10,000,000 төгрөгийг Б.Лын данс болох 00 тоот ХААН банкны данс руу 2021.12.15-ны өдөр шилжүүлж, Б.Л нь дахин энэ асуудлаар хуулийн байгууллагад хандахгүй гэдэг баримт бичиж өгснийг нотариатаар гэрчлүүлсэн. Ер нь Б.Л 2016 онд ашиглалтад орсон байр худалдан авсан гэдгээ мэдсэн мөртлөө шинэ байранд орсон мэт шаардлага тавьсан.

Нхэмжлэлд дурдсан 5,111,059 төгрөгийн 3,484,439.22 төгрөг нь бидний үл хөдлөх хөрөнгийн доголдолд тооцон төлсөн төлбөр гэж үзэж байгаа бөгөөд харин үлдэх 1,626,619.78 төгрөгийн төлбөр нь тухайн айлын өөрийнх нь ашиглалтын төлбөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2021.12.08-ны өдрөөс уг байрандаа орсон учраас ашиглалтын төлбөр тухайн үеэс үүсэх ёстой болсон. Өөрөөр хэлбэл дээрх айлын 2021 он 12 дугаар сараас 2022.11.01-ний өдрийг хүртэлх хугацааны ус, д*******ы төлбөр нь 740,136.72 төгрөг гарсан байх бөгөөд өмнөх төлөгдөөгүй төлбөрийг нэмж тооцвол алдангийн хамт 4,766,740.24 төгрөг болсноос 3,025,802.30 төгрөгийг төлж нийт үлдэгдэл нь 1,740,937.94 төгрөг болсноос харахад нэхэмжлэгч нь 3,484,439.22 төгрөгийг төлөхөөр манайхтай тохирсны дагуу дээрх төлбөрөөсөө төлсөн харагдаж байгаа нь бидний хоорондын тохиролцооны үндсэн дээр хийгдсэн гэж үзэхээр байна. Харин цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөрийг яагаад нэхэх болсон шалтгааныг огт ойлгохгүй байна.

Түүний нэхэмжлээд байгаа төлбөр нь 3 жилийн өмнөх өр төлбөр байх ба эдгээр нь өмнөх өмчлөгч нарт хамааралтай бөгөөд ус, д*******, СӨХ-ийн төлбөрийг контор болон СӨХ нэхэмжлэх эрхтэй байтал Б.Л 2018 оны төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

Иймд Б.Лын 5,111,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* Д******* Хан ОСНААК-ын харилцагчийн гүйлгээ, Б.Лд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон Хан-Уул дүүргийн 11 хороо, *******, ******* гудамж, ******* байр, 2-2 тоот хаягт байршилтай, 68.2 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Ж******* таун Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэх, Б.Лын иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн 96047808 тоот утаснаас ирүүлсэн мессежийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Лд олгосон Хан-Уул дүүргийн 00 хороо, *******, ******* гудамж, 00 байр, 00тоот хаягт байршилтай, 0 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар нотариатч гэрчилсэн /хх-ийн 2-9, 31-34, 42/,

Хариуцагчаас ирүүлсэн Б.Бы иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Лын 2021.12.15-ны өдрийн Гомдолгүй тухай баталгаа гэх баримт, Б.Бы ХААН банк ХХК-ийн 00 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б******* Д******* Хан ОСНААК-ийн харилцагчийн гүйлгээ, талуудын хооронд 2021.12.08-ны өдө байгуулагдсан нотариатч гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээ, нотариатч гэрчилсэн Б.Бд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Хан-Уул дүүргийн 0 хороо, *******, ******* гудамж, 0 байр, 0тоот хаягт байршилтай, 0 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Б.Б болон Ө.Т******* нарын хооронд 2021.09.15-ны өдөр байгуулагдсан дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ, Ө.Т*******д 2020.11.24-ний өдөр олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ нотаритач гэрчилсэн /хх-ийн 13, 19-24, 28-29, 41, 43-44/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлтээр талуудын утасны мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 45-47/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Б.Бд холбогдуулан 5,111,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Б.Л болон Б.Б нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-0дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0дүгээр хороо, *******, Дүнжингарав гудамж, 0айр, 0 тоот хаягт байршилтай, 0м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. /хх-ийн 28/

 

Талууд бичгээр байгуулсан гэрээндээ орон сууцны үнийг 80,000,000 төгрөг гэж тусгасан боловч тэд үнийг 147,500,000 төгрөг байхаар аман байдлаар тохиролцсон гэдэгтэй маргаагүй болно.

 

Дээрхи гэрээ хэрэгжсэнээр Б.Лыг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, түүнд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 42/

 

Нэхэмжлэгч нь Б******* Д******* хан ОСНААК-ын харилцагчийн гүйлгээ гэх баримтаар 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд 3,489,939 төгрөг, Ж******* таун СӨХ-ийн нэхэмжлэх гэх баримтаар 2019 оны 5 сараас 12 сар, 2020, 2021 оны төлбөр 1,621,120 төгрөг төлөгдөөгүй 2019 оны 5 сараас 2021 оны 11 сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардалд 1,621,120 төгрөг, нийт 5,111,059 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь дээрх зардлыг нэхэмжлэх эрхтэй этгээд бус, байрны доголдолтой холбогдуулан дээрх зардалд тооцон 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Б.Бы ХААН банк ХХК-ийн ******* тоот дансны депозит дансны хуулгаар Б.Л нь 2021.12.08-ны өдөр 72,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус Б.Бд байрны мөнгө гэх утгаар,

Б.Б нь 2021.12.15-ны өдөр 10,000,000 төгрөгийг байрны хохирол барагдуулсан мөнгө гэх утгаар Б.Лд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 20-22/

 

Дээрх 10,000,000 төгрөгийг Б.Л нь байрны доголдолд тооцон хүлээн авсан гэж тайлбарласан байх ба тэрээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Гомдолгүй тухай баталгаа гэх баримт үйлдэж, энэхүү баримтын үнэн зөвийг наториатчаар гэрчлүүлсэн байх ба уг баримтад ...ХУД-ийн ..хороо, Жтаун хотхоны 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн доголдол илэрсэн учраас худалдагч, худалдан авагч талууд бид харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийн доголдолд худалдагч тал болох Баярсайхан нь 2021.12.15-ны өдөр 10,000,000 төгрөгийг буцаан өгч хохиролгүй болсон. Иймд цаашид уг асуудлаар гомдол саналгүй, гаргахгүй, шүүх цагдаагийн байгууллагад хандахгүй болохоо баталж байна гэжээ. /хх-ийн 19/

 

Энэхүү баримтын агуулгаас үзэхэд талууд үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг арилгах зардал 10,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэхээр байх ба мөн байрны доголдлын талаар ярилцсан нь тэдний хоорондох мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 45-47/

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 0 хороо, *******, ******* гудамж, 0 байр 0 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Л тус тус бүртгэгджээ. /хх-ийн 29, 42/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Худалдаж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, д*******, цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж тусгажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын зардал болох 3,489,939 төгрөгөөс 1,614,000 төгрөг төлсөн гэх боловч ийнхүү төлсөн талаарх болон мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал болох 1,621,120 төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Үүнээс үзэхэд орон сууцыг худалдан авсан нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.8-д заасан худалдагчийн төлөх зардал төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй нь тохиолдолд тэрээр уг төлбөрийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.

 

Харин дээрх орон сууц 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Бы өмчлөлд байсан байх ба хариуцагчаас ирүүлсэн Б******* Д******* Хан ОСНААК-ийн харилцагчийн гүйлгээ гэх баримтын төлсөн талд 2022.10.31-ний өдөр 1,614,216 төгрөг гэж тусгасан байгааг үндэслэн хариуцагчаас 2021 оны 9 сарын 5,500 төгрөг, 2021 оны 12 сарын 33,220 төгрөг, нийт 38,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,072,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /хх-ийн 24/

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Баас 38,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,072,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ