| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/07352/И |
| Дугаар | 101/ШШ2023/00162 |
| Огноо | 2023-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2023/00162
2023 01 03 101/ШШ2023/00162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0дугаар хороо, Ж 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт Л-ийн Л /РД:000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоот хаягт байрлах, У ХХК /РД:00/,
Хариуцагч : Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0хороолол, Эрэл 0 байр, 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 0 хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт С.Т /РД:ХИ71101205/ нарт холбогдох,
3,721,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Л,
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би Эрдэнэт үйлдвэрээс очёс худалдан аван өөрийн дүүгийнхээ эсгийний үйлдвэрт нийлүүлдэг байсан юм. Очёс гэдэг нь ноосорхуу, эсгийний үйлдвэрт ашигладаг материал юм.
2022 оны 1 сард миний танил н.Хах надад н.У түүний эхнэр н.Тнарыг өөрийнхөө хуурай дүү нар гэж танилцуулаад, тэдэнд туслахыг хүссэн юм. Тэгэхэд тэд очёс авна гэж ярилцсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа С.Т-ын нөхөр У ирээд 28 боодол 1792 кг очёсыг 1 кг-ийг нь 1400 төгрөгөөр тооцож зээлээр худалдаж авсан. Тухайн үед Ууганбаяр машингүй ирсэн учир түүний зааж өгсөн хаягийн дагуу Хонхорт байдаг, өөрсдийнх нь үйлдвэр гэх Зулхайн үйлдвэрт хүргэж өгч байсан.
2022 оны 1 сарын сүүлээр Ууганбаяр өөрөө 1 жолоочийнхоо хамт дахин ирж 323 кг үзүүр утсыг 1 кг-ийг нь 1400 төгрөгөөр тооцож, 55 кг өнгийн үзүүр утсыг 1 кг-ийг нь 1000 төгрөгөөр тооцоод мөнгийг дараа өгнө гээд аваад явсан.
Цагаан сарын дараа У дахин ирж угаасан ноос олдохгүй байна гээд 735 кг угаасан ноосыг 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр тооцож авсан.
Ингээд эхний авсан барааны үнэ 2,508,800 төгрөг, сүүлд авсан барааны үнэ 2,712,200 төгрөг, нийт 5,221,000 төгрөгийг надад хэд хоногоос мөнгөтэй болохоороо өгье, удахгүй мөнгөтэй болно гэхээр нь итгээд өгөөд явуулсан.
Үүнээс хойш холбоогүй байж байгаад би утсаар залгаж мөнгөө авъя гэхэд ХААН банкны 00 тоот С.Т-ын данснаас urchilgaa tonog tohooromj uugansuvd hhk гэсэн гүйлгээний утгатай 1,500,000 төгрөгийг цагаан сарын үеэр дансаар шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл төлбөрийг огт өгөөгүй байна.
Надаас тоног төхөөрөмж авна гэж ярьж байсан боловч бидний хооронд гэрээ хэлцэл хийгдээгүй, эднийх мөнгөө бүрэн өгөөгүй, тоног төхөөрөмжийг өгөөгүй бөгөөд төлбөрөө төлөх боломжгүй болоод гэрээ цуцалж байгаа юм байна гэж ойлгосон. Тийм учраас би тоног төхөөрөмжийн урьдчилгаа гэж хийсэн мөнгийг нь өөрийн өгсөн барааны үнээс хасч тооцсон.
Тааран шуудайг эднийд би огт зараагүй, Эрдэнэт үйлдвэрээс таарыг ачиж ирэхэд ачааны төлбөр өндөр байдаг учир авчрах боломжгүй гэдгээ хэлэхэд авчраад үзүүлэх боломж байна уу гэхэд нь 1 ширхэг таар үнэгүй авчирч үзүүлж байсан. Тэгээд эднийх Эрдэнэт үйлдвэрийн борлуулалт хариуцсан захирал н.Ариунсувдтай утсаар холбогдоод таараа авч тэр хүний хэлсэн дансанд нь төлбөрийг төлсөн болохоос таарыг би эднийд зараагүй юм.
Таарыг авах хүн байвал үзүүлээд өгөөч гэхээр хүнд үзүүлэх зорилгоор нэг боодол буюу 67 кг таарыг авч явсан, үүний үнэ 53,600 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй.
12 тн очёсны үлдэгдэл 14 боодол буюу 840 кг очёс манай хашаанд байгаа, үүнийгээ авна гэж хэлээгүй учир байлгаж байгаа бөгөөд авна гэвэл аваачаад өгнө.
У ХХК-ийн захирал С.Т гэдгийг мэдээгүй байсан учир түүнийг хариуцагчаар татсан юм.
Иймд хариуцагч У ХХК-иас барааны үлдэгдэл мөнгө 3,721,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, С.Тд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч бөгөөд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Л.Л нь нэхэмжлэлдээ бодит байдлыг бүрэн тусгаагүй, худал тайлбар хийсэн байна. Манай компанийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 тонн очёс буюу хивсний хаягдлыг 1 кг-ийн үнийг 1,400 төгрөгөөр тохирч нийт 16,800,000 төгрөгийг Л.Лд төлсөн болно. Гэвч түүний зүгээс манай компанид нийт 11 тонн 23 кг очёс хүлээлгэн өгч 977 кг буюу 1,367,800 төгрөгийн барааг хүлээлгэн өгөөгүй болно.
Үүний дараа 2 дахь наймааг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5,749 кг таарыг 1 кг-ийг 800 төгрөгөөр тохирч нийт 4,599,200 төгрөгийг шууд төлсөн болно. Гэвч түүний нийлүүлсэн таар нь ашиглах боломжгүй, шороотой, бутлаагүй тул зулхай хийдэг машинд хийж ашиглах боломжгүй байсан болно. Энэ талаар түүнд мэдэгдэж бидний зүгээс наймаагаа цуцалж, бараагаа буцааж мөнгөө авахаар тохирч Л.Лын зүгээс мөнгийг чинь өөр хүнд зараад гаргаад өгье гэсэн.
Тэгээд тэр хүнд үзүүлэх зорилгоор нэг боодол буюу 67 кг таарыг авч явсан боловч өнөөдрийг хүртэл бусад бараагаа хүлээж аваагүй, манай мөнгийг буцааж өгөөгүй байна.
3 дах удаа 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 797 кг ноосыг 1 кг үнийг 3,000 төгрөгөөр нийт 2,391,000 төгрөгөөр тохирч авсан, үүний 1,500,000 төгрөгийг төлж ноосоо хүлээж авсан болно.
4 дэх удаа 1728 кг очёсыг 1 кг үнийг 1,400 төгрөг, нийт 2,419,200 төгрөгөөр тохирч бараагаа хүлээж авсан болно. Үүнд холбогдуулан төлбөр төлсөн зүйлгүй болно.
Дээд дурьдсан нийт 4 удаагийн наймаа хийсэн бөгөөд эхний наймаанаас 1,367,800 төгрөгийн авлагатай, хоёрдох наймаанаас 4,599,200 төгрөгийн авлагатай, гуравдах наймаанд 891,000 төгрөгийн өглөгтэй, дөрөв дэх наймааны төлбөрт 2,419,200 төгрөгийн өглөгтэй.
Нийт манай байгууллагын авлага 5,967,000 төгрөг, нийт өглөг 3,310,200 төгрөг бөгөөд харин ч манай байгууллага түүнээс 2,656,800 төгрөгийн авлагатай байгаа болно. У ХХК-иас тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн.
Манай үйлдвэр 323 кг болон 55 кг үзүүр утсыг падаанаар хүлээж аваагүй, өөрөө ч хүлээлгэж өгөөгүй, үйлдвэрийн хашаанд буулгасан байсныг буцаагаад ав гэдгийг түүнд хэлсэн. Түүний хэлсэн үнээр үзүүр утсыг тохирч худалдаж аваагүй болно. Нэхэмжлэгч нь өөрөө үнэнийг ярих ёстой, тэрээр 725 кг биш харин 797 кг угаасан ноос манайд худалдсан, мөн таарны талаар худлаа ярьж байна.
Тэрээр таар 1 ширхэгийг авчирч үзүүлсэн, тэгээд авахгүй гэтэл танай нөхөр авна гэсэн гээд өөрөө хашаанд авчраад буулгачихсан, нөхрөөсөө энэ талаар асуухад аргалаад юм хийе гэсэн боловч болохгүй байсан.
Ингээд Л.Лд манайхаас авах 1,888,800 төгрөгийн авлагад тооцож тэр таараа буцааж ав гэдгийг хэлсэн.
Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд мөн компанитай тохирч бараа өгсөн атал гүйцэтгэх удирдлагыг хувь хүнээр хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.Лын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Т 91915204 дугаарын утаснаас илгээсэн мессеж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Л.Л ын ХААН банк ХХК-ийн 5021687810 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 2-10,31/
Хариуцагчаас ирүүлсэн У ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, С.Тын ХААН банк ХХК-ийн 5013036301 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, У ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 464005522 тоот дансны хуулга, хариу тайлбар, Эрдэнэт хивс ХХК-ийн 2022.01.04, 2022.02.27-ны өдрийн орлогын баримт, 2022.01.04, 2022.01.10, 2022.01.17-ны өдрүүдийн зарлагын падаан/хх-ийн 18-23,27-30, 36-41/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч У ХХК болон С.Т нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,721,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь С.Тд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж, У ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 1792 кг /1 кг-1400 төгрөг/ очёсны үнэ 2,508,800 төгрөг, 326 кг /1 кг-1400 төгрөг/үзүүр утасны үнэ 456,400 төгрөг, 55 кг /1кг-1000 төгрөг/ үзүүр утасны үнэ 55,000 төгрөг, 725 кг /1кг-3000 төгрөг/ угаасан ноосны үнэ 2,116,000 төгрөг, нийт 5,136,200 төгрөгийн барааг У ХХК-д худалдсан, үүнээс төлсөн 1,500,000 төгрөгийг хасч, үлдэх 3,721,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ 12 тн очёс хүлээлгэж өгөхөөс 977 кг буюу 1,367,800 төгрөгийн барааг хүлээлгэж өгөөгүй, 5749 кг таар чанарын шаардлага хангахгүй, 326 кг болон 55 кг үзүүр утсыг хүлээлгэж өгөөгүй, 1 боодол буюу 67 кг таарыг өөрт нь буцааж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсантай маргаагүй болно.
Хэрэгт, авагдсан нэхэмжлэгч Л.Л-ын 5021687810 тоот дансанд 2022.01.31-ний өдөр 5013036301 тоот данснаас urchilgaa tonog tohooromj uugansuvd hhk гэх утгаар 1,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ,
Хариуцагч С.Тын 0000 тоот данснаас 2022.01.03-ны өдөр 000 тоот дансанд ochis uugansuvd hhk гэх утгаар 16,800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,
Хариуцагч У ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 000 тоот данснаас 2022.01.18-ны өдөр ХААН банк 000 тоот дансанд У ХХК-с очёсны үнэ ХААН банк 5094172848-Д.А гэх утгаар 4,599,200 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгджээ. /хх-ийн 8-10, 27-28/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орлогын баримт, талуудын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 тонн очёсыг 1 кг-ийн үнийг 1,400 төгрөг буюу 16,800,000 төгрөгөөр,
1,728 кг очёсыг 1 кг үнийг 1,400 төгрөг буюу 2,419,200 төгрөгөөр, 2022.02.27-ны өдөр 797 кг угаасан ноосыг 1 кг-ийн үнийг 3,000 төгрөг буюу 2,391,000 төгрөгөө худалдах, хариуцагч У ХХК нь дээрх барааг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Эдгээр барааны үнэнд нэхэмжлэгч нь 2022.01.31-ний өдөр 1,500,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан, хариуцагч нь 2022.01.03-ны өдөр 12 тонн очёсны үнэ 16,800,000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгчид төлсөн, гэвч нэхэмжлэгч нь 12 тонн очёсноос 840 кг-ийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх ба энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 27,36-37/
Нэхэмжлэгч нь 326 кг /1 кг-1400 төгрөг/үзүүр утасны үнэ 456,400 төгрөг, 55 кг /1кг-1000 төгрөг/ үзүүр утасны үнэ 55,000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч хариуцагч нь эдгээр хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй гэж маргаж байгаа тохиолдолд хүлээлгэн өгсөн гэх байдлаа нотлох үүрэг нэхэмжлэгчийнх байх ба тэрээр эдгээр барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.
Түүнээс гадна У ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтаар нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5749 кг таарыг 1 кг-ийг 800 төгрөг буюу 4,599,200 төгрөгөөр худалдах, хариуцагч У ХХК нь худалдан авч, үнийг төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь 53,600 төгрөгийн үнэ бүхий 67 кг таарыг бусдад үзүүлэх зорилгоор хариуцагчаас хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 326 кг болон 55 кг үзүүр утсыг хүлээлгэн өгсөн гэх, хариуцагч нь 5749 кг таарыг 4,599,200 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй нь тэднийг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх тогтоогдож буй үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь 12 тонн очёсны үнэ 16,800,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн авсан боловч 1,176,000 төгрөгийн үнэ бүхий 840 кг очёсыг хүлээлгэн өгөөгүй, 53,600 төгрөгийн үнэ бүхий 67 кг таарыг хариуцагчаас авсан,
Хариуцагч нь 1728 кг очёсны үнэ 2,419,200 төгрөг, 797 кг ноосны үнэ 2,391,000 төгрөг, нийт 4,810,200 төгрөг төлөхөөс 1,500,000 төгрөг төлж, үлдэх 3,310,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
Хариуцагчийн төлөх 3,310,200 төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээлгэж өгөөгүй 840 кг очёсны үнэ 1,176,000 төгрөг, 67 кг таарны үнэ 53,600 төгрөг, нийт 1,229,600 төгрөгийг хасч, үлдэх 2,080,600 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,640,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч У ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,080,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,640,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч С.Т д холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу хариуцагч У ХХК-иас 2,080,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48,240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 2,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,640,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч С.Тд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч Л.Л татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Л-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ